Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч З.Алтансолонго,

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Улаан соён овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2136000000017 дугаартай, 178/2021/0038/Э/ индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  ******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 13-10 тоотод оршин суух,  ******* регистрийн дугаартай,  Улаан соён овогт *******гийн *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч П.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  заасан  гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч Ноён цорс овогт *******гийн *******ийн / ******* оны 01 сарын 01-нд төрсөн, ******* настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... П.******* архи уучихаад надтай хэрэлдээд байхаар нь би хүргэн ах Чукагийнд орж эгчид “ П.******* дахиад архи уугаад ирсэн байна” гэж хэлтэл эгч ” та нарын маргаан надад хамаагүй” гэхээр нь би “ та эгч нь юм чинь дүүдээ хэлж болдоггүй юм уу” гээд уйлахад эгч намайг ” эргүү авгай минь зайл “гээд пийшингийн доороос үнс авч цацаад намайг хөөж гарч ирээд үснээс татаж унагаасан. Би П.******* дээр очоод “ эгч чинь намайг ингэж зодлоо” гээд үзүүлэхэд П.******* гараараа миний зүүн талын хацар, баруун зүүн талын шанаа руу цохисон... гэх мэдүүлэг/ хэргийн 10-11-р хуудас/

Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* миний үснээс татахаар нь би зөрүүлээд дарахад газар мөргөж нүүр нь жаахан шалбарсан. Тэгээд Д.******* П.******* лүү очиж орилоод юм ярьж байхад нь манай дүү П.******* нүүрэн тус газар нь гараараа цохиход Д.******* дээшээ хараад унаж байсан.Тэгээд П.******* босгож машиндаа суулгаж аваад явсан. Энэ хоёр гэр бүл болоод 9 жил болж байгаа.... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаартай шинжээчийн ...Д.*******ийн биед 2 нүдний доод зовхинд тус бүр цус хуралтууд, 2 нүдний дээд болон доод зовхинууд, 2 талын хацар, шанааг хамарсан хаван хавдар, дух болон хамрын зүүн хэсэгт өнгөц зулгаралт, духны зүүн хэсэг болон зүүн мөрний урд хэсэгт цус хуралт  гэмтлүүд тогтоогдлоо. Д.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 22-р хуудас/

Шинжээч эмч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.*******ийн биед учирсан 2 нүдний доод зовхинд тус бүр цус хуралт, 2 нүдний дээд болон доод зовхинууд, 2 талын хацар шанааг хамарсан хаван хавдар гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа.Дух болон хамрын зүүн хэсэгт өнгөц зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг / хэргийн 26-р хуудас/

Шүүгдэгч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр Д.******* бид хоёр хэрүүл маргаан болоод байж байтал манай хадам эгч ирээд бид хоёрыг дагуулаад манай эгч П.гийн гэрт очсон. Манай эхнэр Д.******* П. эгчийн гэр лүү ороод жаахан байж байгаад тэр хоёр нэг нэгнийгээ үсдэлцээд гараад ирсэн.Тэгээд манай эхнэр миний урдаас гүйж ирээд дух нь жаахан шалбараад цус гарчихсан” чиний ах дүү нар намайг зодлоо” гээд уйлаад дайраад байхаар нь би нэг удаа нүүр лүү нь цохичихоод машиндаа суулгаад гэртээ харьсан ... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ бага” гэх үнэлгээ / хэргийн 51-53-р хуудас/, зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох  баримтаас үзэхэд: Шүүгдэгч П.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт эхнэр Д.******* нь “танай эгч намайг зодлоо“ гээд нөхөр лүүгээ орилж хашгирснаас үүдэн П.******* түүний хацар, шанаа хэсэгт цохиж биед нь “...2 нүдний доод зовхинд тус бүр цус хуралтууд, 2 нүдний дээд болон доод зовхинууд, 2 талын хацар, шанааг хамарсан хаван хавдар, дух болон хамрын зүүн хэсэгт өнгөц зулгаралт, духны зүүн хэсэг болон зүүн мөрний урд хэсэгт цус хуралт  ...” гэх хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Мөн хохирогч Д.*******, хадам эгч  П. нар нь хоорондоо маргалдаж зодолдсон болох нь Д.*******ийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100000 төгрөгөөр торгосон  0650746 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

Хохирогч Д.******* нь шүүгдэгч П.*******тэй гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр болох нь гэрч П.гийн... П.*******, Д.******* нар нь гэр бүл болоод 9 жил болж байна... гэх мэдүүлэг /хх-14/ шүүгдэгч П.*******ийн “... Д.******* бид хоёр албан ёсоор гэр бүл болоод 10 жил болж байна, бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Д.*******ийн “... П.******* бид хоёр албан ёсоор гэр бүл болоод 10 жил болж байна. Манайх охин хүү хоёртой. П. нь манай хадам эгч юм...” гэх мэдүүлгүүдээр  тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...” гэж заасан ба шүүгдэгч П.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Д.*******ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцов. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д.*******ийн...надад учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 150000 төгрөг гарсныг П.******* төлсөн байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлгээр шүүгдэгч П.*******ийг  бусдад  төлөх  хохирол төлбөргүй гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 39 дүгээр хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.*******ийн хувийн байдлын талаар гэрч П.Оролмаагийн өгсөн...бид нар эцэг эхээс 6-уулаа, П.******* айлын бага хүүхэд. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, зан ааш нь өөрчлөгдөөд байддаггүй, урьд хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, бага наснаасаа мал маллаж байгаад Ховд аймагт ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/, П.Батдэлгэийн байнга оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 -т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч П.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  төлөх хохирол төлбөргүйг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч П.*******ийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ...  гэх дүгнэлт,тайлбар,

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргасан.   

Шүүхээс: Шүүгдэгч П.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч П.*******ийг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2136000000017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл 4, 36.6 - 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Улаан соён овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Улаан соён овогт *******гийн *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******т тайлбарласугай.

4.Эрүүгийн 2136000000017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч П.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС