Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овгийн Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02224 1552 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч овгийн Э.Э, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эдэлж дуусгавар болгосон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-ны өдөр шилжих шөнө 2020 оны 06 дугаар сарын 10-аас 11-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төвийн урд талд иргэн Г.Д-ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг завшиж, улмаар тухайн виза картыг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Өлзийт Хайрхан Трейд” ХХК-ын байранд байрлах бэлэн мөнгөний машинд ашиглан 703,000 төгрөг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурдан Хүлэг” төвийн пос машинд ашиглан 30.000 төгрөгийн гүйлгээг тус тус хийж, бусдад нийт 733,450 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ч овгийн Э.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төвийн урд хохирогч Г.Д-ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг олж, улмаар тухайн виза картыг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Өлзийт Хайрхан Трейд” ХХК-ын байранд байрлах бэлэн мөнгөний машинд ашиглан 703,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурдан Хүлэг” төвийн пос машинд ашиглан 30,000 төгрөгийн гүйлгээг тус тус хийж, нийт 733,350.0 төгрөгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үеэс эхлэн жолооч Бо, Бэ, Ш, Боо нартай хамт 4 шил архи хувааж уугаад 19 цагийн үед дууссан. Бид дахиад 1 шил архи хувааж уусны дараа би тасарчихсан. Цаашаа юун болсныг санахгүй байна. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр машиндаа сэрэхэд миний куртик, түрийвч, гар утас зэрэг эд зүйлс байхгүй байхаар нь автобусаар зуслан руу яваад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буцаж хотод ирээд найз Бэ руу залгахад чиний утас, түрийвч чинь Ш-т байгаа гэхээр нь очиж эд зүйлсээ авсан. Тэгээд харих гээд явж байгаад хүүхдэдээ мөнгө авч өгөх гээд АТМ ороод картаа үзэхэд байхгүй байхаар нь банкнаас дансны хуулгаа авч үзэхэд миний дансанд байсан 700,000 төгрөг дууссан байсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);

- Хохирогч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...би Хаан банкны картаа хулгайд алдсан асуудал байхгүй, өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хаясан...надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);

3. Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 50/7790 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD (хх-ийн 9 дүгээр хуудас), хохирогч Г.Д-ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 10 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 11 дүгээр хуудас);

4. Шүүгдэгч Э.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 50-55 дугаар хуудас), 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1359 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлж дууссан тухай албан бичиг (хх-ийн 57 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед танил Т-тай хамт Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудал дээр явж байхад урдаас нэг согтуу ах ирэхээр нь Т-ыг цаашаа явж бай гээд явуулсан. Тэр ахтай юм яриад зогсож байхад тэр ах түцнээс хоёр ширхэг жижиг ус аваад төлбөрөө карт уншуулж хийсэн. Би тэр үед нууц кодыг нь харсан. Тэр ахтай хамт яваад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн урд талын сааданд ирж суугаад юм ярьж байхад тэр хүн халааснаасаа ногоон өнгийн Хаан банкны картаа унагахаар нь би авсан. Тэгээд юм ярьж байгаад салаад явсан. Картыг АТМ-д уншуулаад 700,000 төгрөг авсан, маргааш нь дахиад гэрийнхээ тэр хавьд байдаг хүнсний дэлгүүрт уншуулж, бууз ундаа авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 733,350.0 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Э-ыг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэргийн улмаас нийт 733,350.0 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон ба хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байсан боловч шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед “би Э-ыг мөнгө өгч чадахгүй байх гэж бодоод нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байсан. Гэхдээ одоо бол хохирлоо гаргуулж авмаар байна, шүүгдэгч надад огт мөнгө өгөөгүй байгаа” гэж мэдэгдсэн тул шүүгдэгч Э.Э-оос 733,350.0 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Д-т олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргах саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн талаар маргахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Иймд шүүх улсын яллагчийн болон өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ч овгийн Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаналдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-оос 733,350.0 (долоон зуун гучин мянга гурван зуун тавь) төгрөгийг зургаан сарын дотор гаргуулан хохирогч Г.Д-т олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА