Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

2021        02               01                          2021/ШЦТ/87                                           

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0059/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч М.Отгонбаатар,

өсвөр насны шүүгдэгч М.Т, түүний хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяа, өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр   насны шүүгдэгч   М.Т-д холбогдох эрүүгийн “2009025511521” дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн дунд боловсролтой, Үйлдвэрлэл урлалын Политехникийн коллежийн авто засварын 1а дамжаанд суралцдаг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар баг, Талын ус гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн 42-19 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй М.Т /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 27, 29 дүгээр байрны дунд талын авто машины зогсоол дээр Б.Буяндэлгэртэй “ангийн хүүхэдтэй зүй бус харьцлаа” гэх зүйлээр шалтаглан хоорондоо маргаан өдүүлэн зодолдож, цаасны хутга мэт зүйлээр уг үйлдлийг таслан зогсоох гэсэн Э.Баттөгөлдөрийн биед хүндэвтэр гэмтэл, мөн Л.Хүсэлбатын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр охидуудын урд нь тоглоомоор суугаад боссон. Би тэр охидуудын хамаагүй газарт нь хүрээгүй.” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М. Оюунтуяа: “...Хохирогч нарын хохирол төлбөрийг нь би төлж барагдуулсан. Хүсэлбатыг хагалгаанд ороход нь очиж эмчилгээ эм тарианы мөнгө болох 80.000 төгрөг, мөн нэхэмжилсэн мөнгө болох 300.000 төгрөг өгсөн, хохирогч Баттөгөлдөрт бэлнээр 1.200.000 төгрөг, 100.000 төгрөг дансаар нийт 1.300.000 төгрөг өгсөн. Би цаашид дүүгээ нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх тал дээр анхаарч, хараа хяналтаа тавьж ажиллана, сургуульд нь үргэлжлүүлж явуулна.” гэв

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Э.Баттөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сургуулийн их завсарлагаан болоод ангийнхантайгаа гадаа юм яриад байж байсан чинь манай ангийн М.Т-г дээд ангийн эрэгтэй хүүхэд цохисон, зодолдох гэж байна гэхээр нь би цуг явж очсон чинь М.Т хутга гэнэт гаргаад ирсэн. Тэгэхээр нь би наад цаасны хутгаа далд хий гээд хэлсэн чинь нэг улаан цамцтай эрэгтэй хүүхэд М.Т-г цохисон. Тэгэхээр нь би М.Т-н цаасны хутганд өртөж магадгүй гэж бодоод тэр хүүхдийг өшиглөөд цохиод холдуулсан. Тэгсэн чинь тэр улаан цамцтай хүүхэд надтай зууралдаад М.Т тэр хүүхдийг хутгаар зүсэх гэхээр нь би болиулах гээд М.Т миний зүүн гарны дотор талд хутга нь зоогдоод зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 33 тал/,

Гэрч Д.Батчулууны өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би гэртээ байж байхад манай байрны гадна талд хүмүүс шуугилдаж, зодолдож эхэлсэн юм. Тэгээд гараад болиулах гэтэл тухайн зодолдож байсан хүмүүс зугтаахаар нь би зодолдож байсан хүмүүсийн нэгийг нь бариад авсан юм. ...Тэгтэл тухайн зодолдож байсан хүүхдүүдийн нэг нь хутгалуулсан байдалтай цус алдаж байсан болохоор нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэрч А.Бямбажавын өгсөн: “...хоёр охин явж байхаар нь М.Т тэр хоёр охины урд нь очоод явган суучхаад босоод буцаад бид хэд дээр ирсэн. Тэгтэл тэр хоёр охин ангийнхаа хар цамцтай, хар өнгийн шулуун үстэй эрэгтэй хүүхдийн хамт ирээд буцаж явснаа бид хэдийг дуудсан. ...Тэр эрэгтэй М.Т-г зүүн гараараа баруун хацар дээр нь нэг удаа алгадаад ангийн охин оролдоод байгаарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр буцаж бид хэд дээр ирсэн. Тэр үед манай ангийн хүүхдүүд бас ирж таарсан. ...М.Т тэр алгадсан хүүхдийг үзэх үү гэж хэлээд... сургуулийн зүүн урд талд байрнуудын дунд ...Баттөгөлдөр,М.Т, Баска нар зодолдсон. ...нэг хартал Баттөгөлдөр зүүн гараа барьчихсан, гарны булчин хэсгээс нь цус гоожоод зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

Гэрч Б.Буяндэлгэрийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ...над дээр Алтансолонго, Ууганчимэг хоёр ирээд сургуулийн хашаан дотор 14-15 настай 3 хүүхэд тэд нарын болохгүй газар хүрсэн гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт та хоёрыг оролдсон хүүхдүүдийг заагаад өг гэж хэлээд, заалгуулан аваад манай ангийн хоёр охиныг оролдсон гэсэн 3 хүүхэд дээр очин битгий манай ангийн охидын болохгүй газар хүрээд бай гэж хэлсэн. Тэгээд тэд нартай ярьчихаад цааш яван найзуудтайгаа юм ярьж сууж байтал хичээл орох цаг болоод сургууль орох гэсэн чинь миний алгадсан хүүхэд 20 орчим хүн дагуулан ирээд над руу зодолдьё гэхээр нь би сургуулийн өмнө зодолдохгүй, зодолдмоор байвал өөр газар очьё гээд Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 27, 29 дүгээр байрнуудын дунд байдаг авто зогсоол дээр очсон. Тийшээ очсоноо алгадсан хүүхэд цамцаа тайлаад цаасны хутга гарган одоо зодолдьё гэхээр нь би за наадах чинь тоглоом биш шүү, би чамайг алгадсан нь буруу, би уучлалт гуйгаад найзуудаа аваад явья гэхэд тэр хүүхэд надад алдах зүйл байхгүй, чамаас би айхгүй гэж хэлсэн... удалгүй бид нар зодолдоод унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

Гэрч О.Ууганчимэгийн өгсөн: “...1-р курсийн гурван эрэгтэй ирээд Алтансолонгын хойноос үл таних эрэгтэй нь бөгснөөс нь базаж цочоогоод, хамт явж байсан эрэгтэй нь миний биед хүрэхээр нь би хашхирсан. ...Болсон зүйлээ хэлсэн чинь манай ангийн Буяндэлгэр уурлаад тэр гурван банди дээр очоод эмэгтэй хүний биед яагаад дураараа хүрээд байгаа юм, зүгээр байлгаарай гээд хэлсэн чинь өндөр шар царайтай нь наад 2 гичийгээр чинь оролдож яадаг юм гэж хэлэхээр нь манай ангийн Буяндэлгэр алгадсан чинь цаашаа юу ч хэлэлгүй яваад өгсөн. ...хэдэн минутын дараа тэр хүүхдүүд 15-20 орчим эрэгтэй хүүхдүүд дагуулж ирээд намхан нуруутай, шар царайтай эрэгтэй хүүхэд Буяндэлгэр рүү хоёулаа зодолдьё гэсэн. ...тэр шар банди хувцсаа тайлаад өмднийхөө халааснаас цаасны хутга гаргаж ирээд Буяндэлгэр рүү дайрсан чинь Алтансолонго урдуур нь ороод боль гээд хэлсэн чинь хол бай, тэгэхгүй бол би чамайг бүлчихнэ шүү, чамд хамаагүй гичий минь гээд Алтансолонгын нүүр рүү хутгагүй гараараа цохих гэж байсан чинь манай ангийн Хүсэлбат намхан шар залууг өшиглөж унагаасан чинь ангийхан нь Хүсэлбат руу дайраад бөөнөөрөө зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Э.Баттөгөлдөрийн биед зүүн гарын бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганы тараагуур судасны тасрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан...” гэх №1309 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-91 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Л.Хүсэлбатын биед хэвлийн зүүн дээд сорви, зүүн бугалганд нөсөө бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” гэх -1223 дугаартай дүгнэлт /хх-ийн 94-95 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-25 тал/,

М.Т-н яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ...сургуулийн үүдэнд хоёр охин зогсож байхаар нь би тоглоод нөгөө 2 охины урд нь очиж суугаад босоход тэр хоёр охин цочсондоо хашхираад инээлдээд өнгөрсөн. ...Тэгээд Тэмүүлэн, Баттөгөлдөр, бид гурав сургууль руу орох гэж байхад дээд курсийн нэг ах хөөе нааш ир та 3 гэж дуудахаар нь бид гурав гүйгээд очиход саарал өнгийн цамцтай залуу “пизда минь, ангийн охин дээрэлхээд байна уу” гээд шууд миний толгойны хойд дагз хэсэг рүү зүүн гараараа атгаж байгаад 1 удаа чанга цохисон. Тэр үед жаахан хажуу тийшээ болоод газар хоёр хөл дээрээ суугаад толгойгоо барьж байгаад боссон. ...Тэгтэл хажуу талаас Баттөгөлдөр “одоо эд нарт дээрэлхүүлнэ гэж юу байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд би ангийнхандаа намайг дээд курсийн залуу толгой руу цохисон, одоо ингэж дээрэлхэж байгаа юм чинь дараа бид нарыг бүгдийг нь дээрэлхэх болно, одоо бид нар тэмцэх хэрэгтэй” гэж хэлсэн. Би ганцаараа нөгөө дээд курсийн анги дээр очоод “намайг цохисон банди хаана байна” гэж асуухад би байна гээд саарал өнгийн цамцтай залуу босож ирсэн. ...Би зодолдох гэж байхдаа өмдний халааснаас төмөр иштэй, нарийхан цаасны хутгыг гаргаж ирээд “би чамайг ална шүү, над руу дайрвал” гэж хэлсэн. Тэр үед улаан өнгийн өмдтэй банди над руу гүйж ирээд миний цээж рүү 1 удаа хөлөөрөө өшиглөөд миний толгой дээрээс дарахаар нь би сандарсандаа улаан өнгийн өмдтэй эрэгтэйн гэдсэнд нь цаасны хутгаараа 1 удаа хутгалсан. ...Тэгээд манай ангийн хүүхдүүд намайг салгах гээд орж ирэхэд нь ангийнхаа Баттөгөлдөрийг санаандгүй зүүн гарын булчинг зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Өсвөр насны шүүгдэгч М.Т нь 2020.09.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехникийн коллежийн хичээлийн байранд тус коллежийн оюутнууд болох О. Ууганчимэг, О. Алтансолонго нарын охидыг хичээлийн завсарлагаанаар олон оюутнуудын нүдэн дээр  юбкыг нь сөхөх, өгзгийг нь базах зэргээр хэт эрээ цээргүй бүдүүлэг авирлаж, энэ балмад үйлдлийг нь “эмэгтэй хүний эмзэг газар хамаагүй хүрлээ, ангийн охидуудыг  дээрэлхлээ” гэж зүй ёсны шаардлага тавьж эсэргүүцсэн оюутан Б.Буяндэлгэр болон түүний ангийн оюутнуудтай коллежийн урд талын 7 дугаар хорооллын 27, 29 дүгээр байрнуудын дунд талын авто машины зогсоол дээр ангийнхаа олон оюутнуудыг “зүгээр байж байхад дээд ангийнхан намайг зодлоо дарамталлаа, эдэнтэй үзье, босьё тэмцье  гэж ухуулан дагуулж очиж хэрүүл маргаан, зодоон цохион үүсгэж энэ үедээ  биедээ авч явсан цаасны хутгаар насанд хүрээгүй хохирогч Энхтулгын Баттөгөлдөрийн зүүн гарын бугалган тус газар хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалганы тараагуур судасны тасрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн насанд хүрээгүй хохирогч Лхагвагэрэлийн Хүсэлбатын хэвлий, зүүн бугалган тус газарт  хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд охид эмэгтэйчүүдэд хэтэрхий ичгүүр сонжуургүй, бүдүүлэг үйлдлээр тэдний эрх, эрх чөлөөнд халдаж үүнээс улбаалсан олныг хамарч даамжирсан хэрүүл маргаан, зодоон цохион үүсгэж асуудлыг хурцатгасан түүний ухамсаргүй зан төрх, ёс суртахууны наад захын хэм хэмжээ дутагдсан байдал нь шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Т-н хохирогч нарыг зодооны явцад хутгалж эрүүл мэндэд нь санаатайгаар хүндэвтэр болон хөнгөн зэргийн гэмтэл учруулсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул хуулийн дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хуульд заасан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Э.Баттөгөлдөр, Л.Хүсэлбат нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчдөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...эмчилгээний зардал авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгчид нийт 580 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд нь шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргажээ.

Шүүгдэгч М.Т-д ял шийтгэлийг оногдуулахад тэрбээр Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод түр оршин суудаг бөгөөд дээрх байдал нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад саад болохуйц байна.          

Аливаа ял, эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд М.Т-н хувьд түүний насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, одоо мэргэжил эзэмшихээр коллежид сурч байгаа оюутан, түүний хичээл сурлагын байдал,  хувийн байдал зэргийг нь харгалзан  М.Т-д анги хамт олон, найз нөхөд, гэр бүл дундаа хүмүүжих, нийгэмших боломжийг олгож, түүнд ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, түүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Т-г хянан хүмүүжүүлэхийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд хариуцуулж, өсвөр насны шүүгдэгч М.Т-г хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхийг түүний эгч, хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяагийн шүүхэд гаргасан хүсэлтийг нь харгалзан түүнд даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, өсвөр насны шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч М.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Т-д ял оногдуулахыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Т-г хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Т-г хянан хүмүүжүүлэхийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд хариуцуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Т-г хянан хүмүүжүүлэх 3 жилийн хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхийг түүний эгч, хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл өсвөр насны шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР