| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/95 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/95
2021 02 03 2021/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0086/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,
улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-д холбогдох эрүүгийн 1909024901368 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг 14-р хороо, Хандгайтын 32-329 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ж.Э /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Э нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батцойл” ХХК-ийн эзэмшлийн /барьцаанд тавьсан/ 44-50 УБИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашиныг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хуурамч баримт бичиг ашиглаж, эзэмшигчийн нэр шилжүүлэн бусдад худалдаж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э-н өгсөн: “...Хуурамч баримт бичиг үйлдэж, тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талаас 3.800.000 төгрөг үлдсэн гэж байгаа. Би үндсэн хохирлыг барагдуулсан. Надад төлөх боломж байхгүй.” гэх мэдүүлэг,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнийн өгсөн: “2017 оны 8 дугаар сард анх зээлийн гэрээ байгуулж манай компаниас 4.500.000 төгрөгийг зээлсэн. Үүнээс хойш зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөр гэрээний дагуу хийгдээгүй байсан. Ингээд бид нар араас нь залгаад холбогдож чадаагүй байсан. Манайхаас сар бүр Авто тээврийн үндэсний төвөөс зээлийн барьцаанд компанийн нэр дээр шилжүүлсэн авто машины лавлагааг авдаг. Үүний дагуу лавлагаа автал тухайн манай нэр дээр шилжүүлсэн авто машиныг бусдад шилжүүлсэн байсан. Бид нар энэ талаар мэдээд араас нь судлахад хуурамч бичиг баримт үйлдэж машиныг бусдад зарсан болохыг мэдсэн. Өнөөдрийн байдлаар болон мөрдөн байцаалтын шатанд манай зүгээс үлдсэн төлбөр 4.500.000 төгрөг, үүнээс үүсэх хүү алданги төлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Сүүлд Ж.Э надаас болон Норжин гэж хүнээс хэдэн төгрөг төлөх вэ? гэж асууж байсан. Би үндсэн зээл болон хүү тооцох байх гэж хэлж байсан. Бид нар хүүг харьцангуй бага хугацаагаар тооцоод 4.725.000 төгрөг, үүнээс 925.000 төгрөгийг хасаад 3.800.000 төгрөгийг хүүг нэхэмжилж байгаа. Үүнээс шүүгдэгчийн боломжийг бодоод 1.900.000 төгрөг болгосон. Одоо энэ мөнгийг Ж.Э-с нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Ган-Эрдэнийн өгсөн: “Анх 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 4.500.000 төгрөгийг Ж.Эд 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Тухайн зээлийн үүргийг гүйцэтгэлийн баталгаа болгож түүний эзэмшлийн 44-50 УБИ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг Батцойл ХХК-ийн нэр дээр шилжүүлж байсан. Түүнээс хойш Ж.Э нь зээлийн гэрээнд заасны дагуу төлөлтөө төлөөгүй. Иймд зээлийн барьцаанд тавьсан автомашины лавлагааг Авто тээврийн газраас авахад уг 44-50 УБИ улсын дугаартай автомашин нь Ананд гэх хүний нэр дээр шилжсэн байсан. Авто тээврийн газраас энэ талаар лавлагаа авахад манай албан бланкийг хуурамчаар үйлдэж Авто тээврийн төвд гаргаж өгсөн байсан. Тухайн хуурамчаар үйлдсэн бланк дээр “Манай компанийн эзэмшилд байх 44-50 УБИ улсын дугаартай автомашиныг Алтангэрэл овогтой Анандын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн бичиг байсан. Энэ бичгийн дагуу Автотээврийн газраас Ананд гэх хүний нэр рүү автомашиныг шилжүүлсэн байсан. Энэ хэргээс болж манай компанид үндсэн учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Л.Буяннэмэхийн өгсөн: “...2017 онд Жамбал овогтой Ж.Э гэх хүн Батцойл ХХК-д 44-50 УБИ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгийн зээл авч барьцаанд тавьсан, зээлийг огт төлж байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг анх барьцаанд тавих үед Батцойл ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэвч 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрийн Автотээврийн үндэсний төвд Батцойл ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Жамбал овогтой Ж.Э хуурамч материал бүрдүүлж бусдад зарж шилжүүлсэн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч Д.Норжингийн өгсөн: “...Би Батцойл ХХК-д нягтлан бодогчоор 2017 оны 02 дугаар сард үүсгэн байгуулагдсанаас нь хойш одоог хүртэл ажиллаж байна. Ж.Э нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 44-50 УБИ улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл болон барьцааны гэрээ байгуулан 4.500.000 төгрөгийг 150 хоног, 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тэгээд зээлийн гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 225.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, нийт 925.000 төгрөг төлснөөс өөр мөнгө төлөөгүй. Манайд тавьсан автомашиныг манай байгууллагын албан тоотыг хуурамчаар үйлдэн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр УЗ88111477 регистрийн дугаартай Алтангэрэл овогтой Ананд гэдэг хүний эзэмшилд шилжүүлсэн байна. Одоо автомашин хаана байгаа талаар мэдэхгүй байна. Манай байгууллагын зүгээс автомашин өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэдгийг мэдээд Ж.Э-н гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй, гэрийн хаягаар нь очиход байхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Иргэн Л.Буяннэмэхээс гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 14 тал/,
“Батцойл” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 16 тал/,
Ж.Э-н яллагдагчаар өгсөн: “Би 2017 онд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Батцойл ХХК-д өөрийн эзэмшлийн 44-50 УБИ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж, 4.000.000 төгрөгийн зээл авсан юм. Тухайн үед би хүүг нь төлж байсан бөгөөд би өөрийн хадам ахаас авлагатай байсан ба хадам ахыг машины төлбөрийг төлж байхаар тохиролцсон. Гэтэл манай хадам ах төлбөрийг нь төлөөгүй байсан. Надад яаралтай мөнгөний хэрэг болж өөрийн машинаа зарж төлөхөөс өөр аргагүй болж Батцойл ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №018 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж А.Ананд гэх хүнд 7.300.000 төгрөгт зарж борлуулсан юм” гэх мэдүүлэг,
Батцойл ХХК, Ж.Э нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ /хх-ийн 36-39 тал/,
Шүүгдэгч Ж.Э-н хуурамчаар үйлдсэн Батцойл ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №18 дугаартай “Авто тээврийн үндэсний төв”-д Тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай албан бичиг /хх-ийн 43 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Шүүгдэгч Ж.Э нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Жуулчны гудамж 38 Монгол Тайванийн Соёлын төвийн 416 тоотод байрлан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг Батцойл ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/-ний барьцааны зүйл болгож тус Батцойл ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 44-50 УБИ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг 2018.08.23-ны өдөр Батцойл ХХК-ийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг, захирлын гарын үсэг зэргийг хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглан Автотээврийн үндэсний төвөөс тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн нэрийг А. Ананд гэгчид шилжүүлэн автомашиныг худалдаж Батцойл ХХК-д 4.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Э-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ж.Э нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Э-н хувьд амар хялбар аргаар мөнгө төгрөг, ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй бөгөөд шууд санаатай, шунахай зан байдал нь нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт “бидний хувьд хүүг харьцангуй бага хугацаагаар тооцоод 4.725.000 төгрөг, үүнээс 925.000 төгрөгийг хасаад 3.800.000 төгрөгийг хүүг нэхэмжилж байгаа. Үүнээс шүүгдэгчийн боломжийг бодоод 1.900.000 төгрөг болгосон. Одоо энэ мөнгийг Ж.Э-с нэхэмжилж байна” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т: Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно....2.5 дугаар зүйлийн 5-д: шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заажээ.
Иймд шүүгдэгчийн 2018 онд үйлдсэн гэмт хэргийн улмаас Батцойл ХХК-д учирсан хор уршигт тооцон шүүгдэгч Ж.Э-с дээрх 1.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Батцойл ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Э нь хохирогчтой дээрх 1.900.000 төгрөгийг “4 сарын хугацаанд сар бүр 475.000 төгрөгийг Батцойл ХХК-ийн 5077421300 дансанд төлж, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэхэд бүрэн төлж дуусгана” гэж тохиролцсон бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Э-н хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүхээс шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.Э-г хуурч, баримт бичиг ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Э-с 1 900 000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Батцойл ХХК-д олгосугай.
6. Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 1 900 000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Батцойл ХХК-д 4 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгааг шүүхэд гаргасан болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР