Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

2021        02           05                        2021/ШЦТ/101                                   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Хэргийн индекс: 185/2021/0096/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Г.Баярмаа,

Нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

Шүүгдэгч Ц.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2009026211457 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, эмэгтэй, 57 настай, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 16-р байрны 53 тоотод оршин суух хаягтай Ц.А /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос 3 дугаар сургуулийн замын эсрэг талын гражны үүдэнд байсан 71-64 УБҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг нарийн үзүүртэй зүйлээр зурж хууль бусаар гэмтээсний утмаас хохирогч Б.Батхүүд 440.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А-н өгсөн: “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс: 

Хохирогч Б.Батхүүгийн өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос 3 дугаар сургуулийн баруун талын зам дагуу граж байдаг ба би өөрийн Тоёота Приус-20 маркийн 71-64 УБҮ улсын дугаартай авто машиныг 10 цаг 30 минутанд тухайн гражийн хаалгыг хааж байрлуулсан. Над руу үл мэдэх 99190713 дугаараас 12 цаг 11 минутанд залгасан боловч хуралд сууж байсан болохоор утсаа авч чадаагүй, над руу “машинаа аваад зайл” гэж мессеж бичсэн байсныг уншаад гарч ирээд 12 цаг 55 минутанд сургуулиас гарч өөрийн машин дээр иртэл миний машины баруун урьд талын копут, крыло дээр “зайл” гэж нарийн үзүүртэй зүйлээр зурсан, баруун хойд талын хаалган дээр цагаан өнгийн үл мэдэх зүйлээр сараачсан байсан. Ингээд би 12 цагийн орчим залгасан байсан 99117856 дугаар руу холбогдоход эрэгтэй хүн “миний утаснаас өөр хүн ярьсан, та гражийн хаалга хаагаад өөрийн машинаа байрлуулсан байна, таны машины ард талд байрлуулсан машин хөдлөөд тэр хүмүүс машинаа гаргасан” гэж хэлсэн. Би 99190713 дугаар руу олон удаа залгасан боловч хариу өгөхгүй байгаа. Би гражийн эзний талаар мэдэхгүй, хүүхдүүдийнхээ сургуулийн нээлттэй хичээлд суух зорилгоор явж байсан. Зогсоол олдохгүй байсан учир тухайн байрлалд байрлуулсан. ...хохирол нөхөн барагдуулсан зүйл байхгүй, хохирлын мөнгийг гаргуулж авмаар байна" гэх мэдүүлэг /хх-ийн 12, 30 тал/,

Гэрч Ч.Сэлэнгийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Орос 3-р сургуулийн хажууд байрлах баруун тийшээ харсан тоосгон гражнаас эхнэр Ц.А машинаа гаргах гэсэн боловч машин таглаад тавьсан утсаа авахгүй байна, чи залгаад хэлээд өг гэхээр нь би 2 удаа залгасан ба эхнийх дээр нь утсаа аваагүй, 2 дахь удаагаа залгахад утсаа салгасан байсан болохоор “машинаа ав, авахгүй бол ачуулна шүү” гэдэг утгатай мессеж бичсэн. 30 минутаас 1 цагийн дараа надруу залгасан байна гэж 99180963 дугаараас залгахад граж хааж машин тавьсан талаар хэлэх гэж байсан юм аа гэж хэлж байсан. Би тухайн үед гэртээ байсан. Учир зүйг нь олоод уг асуудлыг дуусгамаар байна. Уг асуудалд энэ хоёр хүний хоёулангийнх нь буруутай үйлдэл байгаа тул эвийг нь олж өгнө үү, манайх 99180963 дугаар эзэмшигчийн машинд учирсан хохирлыг барагдуулж засварлаж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн СБ1-20-1365 дугаартай: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 440.800 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 23-26 тал/,

Шинжээч Ш.Батмөнхийн өгсөн: “...уг автомашин нь 4-р зэрэглэлийн автомашинд тооцогдоно, энгийн авто засварын газруудын дундаж үнийн тарифыг тооцож гаргасан. Тухайн үнэлгээ нь эд ангийг засварлагдах зардлыг тооцож гаргасан, шинэ эд ангийн үнэ болно. “400 гр буд тус мат лак” гэсэн 60.800 төгрөг нь 400 грамм будаг, туслах материал, лак гэсэн утгатай мөнгөн дүн. Үнэлгээний хөлс ороогүй, үнэлгээ үйлчилгээний хөлс нь тусдаа журмаар төлөгддөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,

Ц.А-н яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эмчилгээндээ явахаар гэрээсээ гарахад 72-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний гражийг хааж зогссон байсан. Тэгэхээр нь тухайн машины шилэн дээр байсан 99086844, 99180963 гэсэн хоёр дугаар руу өөрийн дугаар болон нөхөр Сэлэнгийн 99117856 дугаараас мэссэж бичих болон залгасан боловч 99086844 дугаар холбогдохгүй, нөгөө дугаар нь холбогдож байсан боловч авахгүй байж байгаад гар утсаа унтраачихсан. ...тухайн машины эзэн ирэхгүй байсан учир газар байсан хадаас аваад тухайн машиныг зураад гэртээ орсон юм. ...хадаасыг тэнд нь хаячихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Ц.А нь 2020.10.10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос 3 дугаар сургуулийн өмнөх замын баруун хойд талд орших гаражийн хаалгыг хааж  байршуулаад орхисон байсан 71-64 УБҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “гараж хааж тавилаа, зам чөлөөлж машин гаргуулсангүй, утсаа авсангүй” гэх шалтгаанаар уурсан бухимдаж улмаар хадаасаар тухайн автомашиныг зурж хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч  Батлайн Батхүүд 440.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд асуудалд хүлээцгүй хандаж бусдын эд хөрөнгөнд халдаж гэмтээж байгаа ухамсар муутай зан байдал нь нөлөөлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.А-н хувьд санаатайгаар хохирогч Б.Батхүүгийн автомашины урд талын копуд, крыло дээр  хадаасаар зурж гэмтээн хараалын үг бичиж эд хөрөнгийн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Б.Батхүү нь “...харилцан тохиролцож хохирлыг 350.000 төгрөгөөр барагдуулсан бөгөөд миний бие гомдолгүй” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 76 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг түүний хувийн байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг санал гомдолгүй гэсэн санал хүсэлт зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Мөн шүүгдэгч Ц.А-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.А-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгосон торгох ялаас чөлөөлсүгэй.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР