Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 03

 

“Шунхлай говь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

“Дарьганга өртөө” хоршоонд холбогдох 

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч, “Шунхлай говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэнжав 

Хариуцагч, “Дарьганга өртөө” хоршооны өмгөөлөгч Б.Баярмаа нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч байгууллагыг төлөөлж Ц.Болорын давж заалдах гомдлоор “Шунхлай говь” ХХК-ийн “Зээлээр авсан шатахууны үлдэгдэл үнэ болон алданги нийт 10350000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй хариуцагч “Дарьганга өртөө” хоршоонд холбогдох иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэнжав шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь Дарьганга Өртөө хоршоотой 2016.03.18-ны өдөр Г/42 тоот Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба худалдан авагч талын захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн билээ. Бидний хооронд тохиролцсон гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д “Худалдан авагч нь талоныг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна” гэсэн боловч гэрээний дагуу үүссэн төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй биднийг хохироож байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д Худалдагч нь худалдан авагчаас талоны үнийг шаардах эрхтэй, 3.3.5-д Худалдан авагч тал талоны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тохиролцсон. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.12-д Худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй, төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулаагүйгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн д үнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө, нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрт тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан. Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 6.900.000, алданги гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 3.450.000 төгрөг, нийт 10.350.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Дарьганга өртөө” хоршоог төлөөлж Ц.Болор  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхөд хэцүү, эвлэрэхэд ч хэцүү байна. 2016.06.13-нд үлдэгдэл 3,5 сая төгрөгийн талон байсан. Түүнийг жолооч нарт тараагаад өгсөн. Энэ мөнгө буцаад төлөгдсөн. Эд нарын нэхэмжлээд байгаа талон манай дансанд байхгүй байна. Гэрээнд Дашням ня-бо Жавзандулам нар гарын үсэг зурсан байсан. Гэтэл инженер Оюунбат бензины талоныг тараасан байсан. Ня-бо Жавзандулам 1200000 төгрөгийн талон авсан. Энэ хүмүүс хоорондоо ярихдаа үхэр өгье гэж байхыг би өөрөө сонссон. Албаны зүйлийг хувийн зүйл шиг ингэж ярьж болохгүй. Манай албанд 9000000 төгрөгийн талон хэрэглэдэг. Гэтэл хэн нэг нь дураараа очоод шатахууны мөнгөн талоныг увуулан цувуулаад авдаг байж болохгүй. Тортой мөнгө авч ирээд хагасыг нь буцаагаад аваад явж байсан гэж түгээгч нар ярьцгааж байсан. Дашням сонгуулийн ажлаар ажлаасаа гараад буцаж ажилдаа ороогүй. Намайг өмнө нь Шунхлай говь шатахуун түгээх газарт очиход үлдэгдэл 8000000 төгрөгийн талоноо авахгүй ингээд тооцоогоо дуусгая гэсэн. Гэтэл энэ мөнгөний асуудал сүүлд гарч ирсэн. Өмнө нь хэлж байгаагүй. Мэдээж бензины талон авсан учраас төлбөрийг төлөх учиртай боловч буруутай этгээд төлнө гэж үзэж байна. Шинээр мөрдөн байцаалт явуулж шалгуулах хүсэлтэй байгаа. Шунхлай говь ХХК нь 10.350.000 төгрөг нэхэмжилж байна. Би буруутай бол үүнээс ч ихийг төлөхөд бэлэн байна. Би энэ оноос Сод монгол ХХК гэрээ байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 1 төгрөгийн ч алдагдалгүй ажиллаж байна. Тэр үед Жавзандулам бүх тооцоог хариуцаж байсан. Дашнямыг шалгаж өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэв.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаар шийдвэрт:  Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1-д заасныг баримтлан “Дарьганга Өртөө” хоршооноос 10350000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 180550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дарьганга Өртөө” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжинд 180550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлж Ц.Болор давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигчид шатахууны талоны үлдэгдэл 6900000 төгрөгийн талаар маргахгүй байгаа ба энэ гэрээний дагуу талон нийлүүлж байсан нь нотлогдож байна иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна” гэжээ. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна.” “эд нарын нэхэмжлээд байгаа талон манай дансанд байхгүй байна.”, “үлдэгдэл 8000000 төгрөгийн талоноо авахгүй ингээд тооцоогоо дуусгая гэсэн. Гэтэл энэ мөнгөний асуудал сүүлд гарч ирсэн. Өмнө нь хэлж байгааүй” гэх зэргээр шатахууны мөнгөн талоны үлдэгдэл төлбөрийн талаар зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа илэрхийлжээ. Гэтэл шүүх “6900000 төгрөгийн талаар маргахгүй байгаа” гэж дүгнэжээ. 

2. Хэдэн төгрөгний талон хэзээ, хэдэн удаа, хэн өгсөн авсан тухай талуудын гарын үсэг зурсан тооцоо нийлсэн акт буюу нотлох баримт байхгүй. Гэтэл гэрээний дагуу талон нийлүүлж байсан нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна гэж шүүх үзлээ гэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-д заасныг тус тус зөрчиж байна. 

3. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр талуудын байгуулсан шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээний шатахууны мөнгөн талон нийлүүлэх нөхцөл буюу 2.1-д “худалдагч нь өөрийн салбарын ШТС-уудаас шатахуун худалдан авах эрх бүхий нууцлалтай мөнгөн талон худалдан авагчид нийлүүлнэ.” гэж заасан. Харин хэргийн материалд авагдсан худалдагч талын санхүүгийн анхан шатны баримт болон 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн “Дарьганга өртөө хоршоонд нийлүүлсэн шатахууны тооцоо”-нд 38600000 төгрөгийн талон зээлээр авч 36200000 төгрөгийг төлсөн гэжээ. Дээрх дурдсан “Дарьганга өртөө хоршоонд нийлүүлсэн шатахууны тооцоо”-оос үзвэл 38600000 төгрөгийн талон зээлээр 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Хангамж материалын бусад зарлага 4500000 төгрөг” нийт дүн 43100000 төгрөгийн төлвөл зохих дүнгээс 36200000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6900000 төгрөг гэж тооцоо гаргажээ. Энэ тооцооны баримтад тусгасан хангамж материалын бусад зардал 4500000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад тусгаж нэхэмжлээгүй. Шүүх дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, “мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийг бий болгож байна.    

Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХК нь “ Дарьганга өртөө” хоршооноос зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл үнэ болон алданги бүгд 10350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Болор маргаж байгаа үйл баримтын талаар “ 2016 оны шатахууны үнэ болох 6900000 төгрөгийн тооцоог манай жолооч нар тухайн үеийн дарга байсан Ш.Дашням, нябо Ё.Жавзандулам нартай хийж дуусгасан, намайг тус компани дээр очиход энэ мөнгөний талаар хэлээгүй байж, сүүлд энэ асуудлыг гаргаж ирсэн. Төлбөрийг буруутай этгээд төлөх ёстой, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ” гэж  маргасан байна.

Зохигч хэргийн үйл баримтын талаар маргаж байхад шүүх “талуудыг  маргахгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ. 

Мөн шүүх нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн “Дарьганга өртөө” хоршоонд нийлүүлсэн шатахууны тооцооны баримтанд тус хоршооны төлөөлөгчийн гарын үсэг байхгүй байхад тухайн баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна.  /хх-10х/

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагаас  шатахууны үнийн үлдэгдлийг шаардаж байсан гэх 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн д/32, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдрийн д/35 дугаартай албан бичгүүдийг хуулбарлан ирүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэснийг зөрчсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. /хх-13,14/

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 182950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.БААТАРСҮХ

                                              ШҮҮГЧИД                                Я.АЛТАННАВЧ

                                                                                               Д.БАЙГАЛМАА