| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/110 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/110
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Г.Яндаг, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн төлөөлөгч Г.У, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01804 1051 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овгийн Д.М, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “***” констракшн ХХК-д нярав ажилтай, ам бүл гурав, 11 настай, 3 нас 7 сартай хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн борлуулалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн бүтээгдэхүүн борлуулалтын орлогоос 11,884,450 төгрөгийг хувьдаа завшсан,
- Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Х-ээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 906,000 төгрөгийн үнэ бүхий монет ээмэг 6,0 грамм, монет бөгж 4,8 граммыг “найздаа түр хэрэглүүлчих” гэж, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “манай дүү гал тогооны тавилга, материал авах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэж бэлнээр, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 840,000 төгрөгийг “ээж хувийн эмнэлэгт байгаа, эмнэлгийн төлбөрт мөнгө хэрэг болоод байна 3 хоногийн дараа өгье” гэж дансаар, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөгийг "бизнес хийе 5,000,000 төгрөг хүүтэй зээлж, хүүд нь 500,000 төгрөг авах юм ашгаа хувааж авъя” гэж өөрийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авч нийт 2,946,000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцээний тэгш эрхийн үндсэн дээр талуудаас шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Д.М нь:
- 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн борлуулалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн бүтээгдэхүүн борлуулалтын орлогоос 11,884,450.0 төгрөгийг завшсан,
- Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Х-ээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 906,000 төгрөгийн үнэ бүхий монет ээмэг 6,0 грамм, монет бөгж 4,8 граммыг “найздаа түр хэрэглүүлчих” гэж, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “манай дүү гал тогооны тавилга, материал авах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэж бэлнээр, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 840,000 төгрөгийг “ээж хувийн эмнэлэгт байгаа, эмнэлгийн төлбөрт мөнгө хэрэг болоод байна 3 хоногийн дараа өгье” гэж дансаар, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөгийг "бизнес хийе 5,000,000 төгрөг хүүтэй зээлж, хүүд нь 500,000 төгрөг авах юм ашгаа хувааж авъя” гэж өөрийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авч, нийт 2,946,000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хууль бусаар шилжүүлэн авч залилсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.М-ыг шүүх хуралдаанд өгсөн: “....Би “***” ХХК-д ажиллаж байхдаа хөдөө дэлгүүрүүдэд зээлээр бараа өгдөг байсан. Тэр орлогоос хүнд өгөх ёстой байсан 3,000,000 төгрөгийг өгсөн. Анх 2014 онд ээжийн бие өвдөөд хүнээс хүүтэй мөнгө зээлээд, хүүг нь төлнө гэж зээл авсаар байгаад их хэмжээний өрөнд орсон. Х-ээс ээмэг, бөгжийг нь аваад зөвшөөрөлгүй барьцаалан зээлүүлэх газарт тавьсан нь миний буруу. 700,000 төгрөгөөр нь байрныхаа түрээсийг төлсөн. “***” ХХК-д 11,884,450 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дансаар орж гарсан мөнгө 9,000,000 төгрөг байсан. Тухайн мөнгөөр зээл төлөөд, охины эмчилгээний зардалд зарцуулсан. Хохирогч Х-тэй 2015 оноос хойш найзалж байгаа. Ээмэг бөгжийг зүүж хэрэглээд өгье гэж хэлж авсан, ганц л өдөр хэрэглэсэн. Тэгээд мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьсан. Дараа нь 840,000 төгрөгийг авч ээжийнхээ эмчилгээний төлбөрт хагас мөнгийг нь өгсөн. Хүнд мөнгө өгөх болоод дүүдээ тавилга авч өгнө гэж хэлж 500.000 төгрөг авсан. 700,000 төгрөгийн хувьд гоо сайхны бараа авна гэж ярьсан боловч хэрэгжүүлж чадаагүй...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн: “...М нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “***” ХХК-ний салбар Өргөө салбараас 330,000 төгрөгийн зээл, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Тумбааш дэлгүүрийн салбараас 300,000 төгрөгийн зээл тус тус авсан. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрлөөр барьцааг хураан авсан. Дээрх зээлийн хүү 73,830 төгрөг, нийт 703,830 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
3. Хохирогч “***” ХХК-ийн төлөөлөгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай борлуулагч нарын хувьд дэлгүүрүүдэд бараагаа тараахдаа зээл өгч болдог. Гэхдээ өгсөн зээлээ тухайн сардаа багтаагаад шийддэг. М 8 дугаар сар хүртэл гайгүй ажиллаж байсан. Харин 9 дүгээр сараас зээлээр өгсөн барааных нь мөнгө орж ирэхгүй байхаар нь асуухад нөгөө хүмүүс нь өгөхгүй байна, дараа сарын 5, 10-ны дотор өгнө гэж байна гэж хэлээд яваад байсан. Ингэж яваад 10 дугаар сарыг хүргээд би нэрийн дэлгүүрүүдээс өр зээлтэй дэлгүүр байгаа талаар асуухад байхгүй байсан. М нийт 12,652,216 төгрөгийн хохирол үүсгээд сүүлийн 10 дугаар сарын цалин 430,000 төгрөг хавьцаа мөнгө хасагдаад 12,200,000 орчим төгрөг үлдсэн. М манай байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй. Эдийн засгийн шинжилгээгээр манай байгууллагад 11,884,450 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас 11-14 дүгээр хуудас);
4. Гэрч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Иргэн Д.М 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “***” ХХК-нд борлуулагчаар ажилд орсон. 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдөр борлуулалтын тайлан авахад тооцооны үлдэгдэл нь 531,750 төгрөг болсон. Өөрөөс нь асуухад дэлгүүрүүдэд зээлээр бүтээгдэхүүн өгсөн гэсэн хариуг өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр борлуулалтын тайлан гарахад Д.М мөн 3,404,280 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гарсан. Үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр борлуулалтын тайлан гарахад 9,022,510 төгрөгийн үлдэгдэл Д.М дээр гарсан. Өөрөөс нь яагаад ийм их үлдэгдэлтэй байгаа гэдгийг асуухад дэлгүүрүүдэд бүтээгдэхүүн зээлээр өгсөн, дэлгүүрүүд тооцоогоо хийхгүй байна, 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор тооцоогоо хийх ёстой гэж тайлбарлаж байсан. Ингээд мөнгө орж ирэхгүй явсаар байгаад 2019 оны 10 сарын 31-ний борлуулалтын тайланг гаргахад Д.М-ын үлдэгдэл нь 12,112,017 төгрөг болсон. Үүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн борлуулалтын тайлангаар мөн 12,652,216 төгрөгийн тооцооны үлдэгдэл байсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 137-138,143 дугаар хуудас);
5. Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 08 дугаар сарын 26-ны даваа гаригт зах ажилладаггүй өдөр байсан учраас М-тай холбогдож 290,900 төгрөгийн бараа авч, сумын хүн тээврийн машинд хүргүүлж авсан ба тэр өдөрт нь мөнгийг *** дугаарын дансанд нь мобайл банкаар шилжүүлсэн. Үүнээс хойш М-аас бараа бүтээгдэхүүн худалдаж аваагүй. Одоо би *** ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 156-157 дугаар хуудас);
6. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 193 дугаартай: “..*** ХХК-д нийт 11,884,450 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтас 18-21-р хуудас)
7. Хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 хос монетан ээмэг, 1 ширхэг монетан бөгжөө өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгт байхдаа өөрийн Хаан банкны *** гэсэн дугаартай 1,200,000 төгрөгтэй виза картаа Д.М-д өгч банкны 360,000 төгрөгийн зээл төлчих гэж явуулсан. Тэгтэл тухайн өдөр Д.М миний 360,000 төгрөгийн зээлийг төлчхөөд дансанд үлдсэн байсан 840,000 төгрөгийг авлаа шүү, ээж хувийн эмнэлэгт хэвтэж байгаа эмнэлгийн төлбөрт мөнгө хэрэг болоод байна, найз нь түр хэрэглэчхээд 2-3 хоногийн дараа өгье гэхээр нь би зөвшөөрсөн. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.М манай гэрт хүрч ирээд манай дүү гал тогооны тавилга, материал авах гэсэн чинь 500,000 төгрөг хэрэг болоод байна, чи найздаа түр зээлчих найз нь өмнө авсан 840,000 төгрөгтэйгөө нийлүүлээд өгье гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлээд 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр гэртээ байж байхад Д.М миний *** гэсэн дугаар луу өөрийнхөө *** гэсэн дугаарын утсаар залгаж найзаа хоёулаа бизнес хийе хүнд 5,000,000 төгрөг хүүтэй зээлж хүүнд нь 500,000 төгрөг авах юм аа чи найздаа гялс 700,000 төгрөг шилжүүлчих, мөнгө дутаад байна, ашгаа хоёулаа хувааж авна гэж хэлэхээр нь өөрийнхөө Хаан банкны *** дугаартай данснаас Д.М-ын *** данс руу 700,000 төгрөгийг Баянхошууны Жанцанд байхдаа шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш Д.М ор сураггүй алга болж миний гар утсыг блоколж надтай холбогдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 17-21-р хуудас)
8. Б овогтой Х-ийн Хаан банкны *** дугаартай дансны хуулга (хх-ийн 7дугаар хуудас);
9. Иргэний нэхэмжлэгч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай “***” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын Өргөө салбарт Д.М рд: *** гэх эмэгтэй 6 граммтай, дөрвөлжин, хоёр тал нь цаг нь хэлбэртэй солонгос улсад үйлдвэрлэсэн монетан бөгжийг 330,000 төгрөгөөр 4 сарын хугацаатай барьцаалсан байсан. Мөн тухайн эмэгтэй 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай *** ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын 3 дугаар хорооллын Тумбааш дэлгүүр дотор байрлах салбарт 4.8 граммтай ромб хэлбэртэй голоороо талсттай унжлагатай монетан 1 хос ээмгийг 300,000 төгрөгөөр 4 сарын хугацаатай барьцаалсан. Нийт 733,830 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);
10. Насанд хүрээгүй гэрч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн 2 дугаар гудамж 11а тоот гэртээ ээж Х, дүү Дөлгөөн нарын хамт байж байхад манай ээжийн найз М эгч ирсэн. Манай ээж Х зурагтын хажуу талын шүүгээнээс цаасаар боосон мөнгө гаргаж ирээд тоолж, яг 500,000 төгрөг байгаа шүү гэж хэлээд М-д өгсөн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 38 дугаар хуудас);
11. Мастер үнэлгээ ХХК-ны үнэлгээний: “...монетан бөгж 570,000 төгрөг, монетан ээмэг 336,000 төгрөг, нийт 906,000 төгрөг” гэсэн тайлан (хх-ийн 41-42 дугаар хуудас);
12. Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...2020 оны 03 дугаар сарын 25-ний өдөр найз Х-ийн Баянхошуунд байх гэрт нь очиход эмнэлэгт хэвтэх гээд байж байхаар нь чи эмнэлгээс гартлаа найздаа түр монетан ээмэг, бөгжөө хэрэглүүлчих, найз нь хүнтэй уулзах гэсэн юм гэж хэлэхэд Х зөвшөөрч өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад байхаар Х-ээс зөвшөөрөл авалгүйгээр тухайн өдрөө 3 дугаар хорооллын Өргөө кино театрын ойролцоо байх “***” ломбардад бөгжийг 330,000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар 30 хоногийн хугацаатай барьцаалсан. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Х эмнэлгээс гарч ирээд ээмэг бөгжөө нэхэхээр нь айлд орхичихсон байна гээд худлаа хэлчихсэн. Тэгээд дахин мөнгөний хэрэг гараад байхаар нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр 3 дугаар хорооллын Номин их дэлгүүрийн хажуугийн “***” ломбардад ээмгийг нь Х-т хэлэхгүйгээр 300,000 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай өөрийнхөө бичиг баримтаар барьцаалсан. Мөн Х-ийг эмнэлэгт хэвтэж байхад нь очиход чи найзынхаа банкны зээлийг төлөөд өгчхөөч найз нь гарч чадахгүй байна гэхээр нь Хаан банкны картыг нь аваад 360,000 төгрөгийн зээлийг төлчхөөд дансанд нь үлдсэн 840,000 төгрөгийн өөрт нь хэлж зээлж аваад хувьдаа хэрэглэсэн. Хэд хоногийн дараа дахин мөнгөний хэрэг гараад байхаар нь Х рүү утсаар ярьж найздаа 500,000 төгрөг зээлчих дүүгийнхээ гэрт тавилга авах гэсэн юм гэж худлаа хэлээд гэрт нь очиж 500,000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа хэрэглэж дуусгасан. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х-т хоёулаа бизнес хийе хүнд 5,000,000 төгрөг зээлээд хүүнд нь 500,000 төгрөг авах юмаа, чи найздаа яаралтай 700,000 төгрөг шилжүүлчих гэж өөрийнхөө Хаан банкны *** дугаартай данс руу хийлгэж хувьдаа хэрэглэж дуусгасан. Х-ээс нийт 2,040,000 төгрөгийг авч хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 83-85 дугаар хуудас);
13. Шүүгдэгч Д.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 58 дугаар хуудас), эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (1хх-ийн 102-103 дугаар хуудас), Д.М-ыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ (1хх-ийн 163-170 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “....Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Иргэний нэхэмжлэгч, хохирогч Х-т нарт учирсан хохиролтой маргах зүйлгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр гарсан 11,884,450 төгрөгийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь аудитын дүгнэлтээр 15,000,000 төгрөгийн хохирол гарсан гээд гарын үсэг зуруулсан байсан. Үүнээс хасаад 12,652,216 төгрөг болгосон боловч зээлтэй байгууллагуудаас авах тооцоог нягтлаагүй байсан, 3,652,216 төгрөгийн зөрүү гарч байна. Дансаар өгсөн орлого 9,011,850 төгрөг байхад, тухайн дэлгүүрүүдтэй тооцоо нийлсэн акт үйлдээгүй байж яагаад миний үйлчлүүлэгч төлүүлэхээр гаргаж байна вэ? Дэлгүүрүүдээс авсан тооцоог нягталсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэгт тухайн дэлгүүрүүдийн эзэн, худалдагч гэсэн хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Дэлгүүрийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг. Гэтэл тухайн дэлгүүрийн эзэн мөн эсэхийг тодорхойлох баримт авагдаагүй. Өргүй, авлагагүй, авч байгаагүй гэсэн тодорхой бус мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Н 430,000 төгрөгийг цалингаас нь хасаж тооцсон гэх боловч хасагдаагүй, хэрэв хасагдсан бол 12,022,216 төгрөг байх ёстой. Үүгээр М-ын төлөх ёстой хохирлын асуудал бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, тооцоо нийлсэн актыг хууль ёсны шаардлага хангасан байдлаар гаргуулж, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийг гэрчээр дахин байцаалгах нь зүйтэй гэсэн саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах байр суурьтай мэтгэлцсэн боловч шүүхээс түүний дүгнэлтэд дурдсан ажиллагаа нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, мөрдөн байцаалтаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, тогтоосон байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.М хууль бус болох нь илэрхий атал өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан байх тул түүнийг завших болон залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” шинжийг тус бүр бүрэн хангасан байх тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт үйлдсэн прокурорын зүйлчлэл үндэслэл бүхий болжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.М-ыг “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд, “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд хохирогч Б.Х-т 906,000.0 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч Д.М-аас 11,884,450.0 төгрөгийг гаргуулан “***” ХХК-д, 2,040,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч Х-т, 703,830.0 төгрөгийг гаргуулан “***” ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан ба энэ хугацаанд тэрээр хохирогч Х-т 440,000.0 төгрөг төлж, үлдсэн 1,600,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн, “***” ХХК-д 131,000 төгрөгийг төлж, үлдсэн 572,830 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлөхөө бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.М-аас 11,884,450.0 төгрөгийг гурван жилийн дотор гаргуулан хохирогч “***” ХХК-д олгохоор, 1,600,000.0 төгрөгийг найман сарын дотор гаргуулан хохирогч Б.Х-т олгохоор, 572,830.0 төгрөгийг гурван сарын дотор гаргуулан иргэний нэхэмжлэгч “***” ХХК-д олгохоор тогтоолд тусгалаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс 1,560,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х-т, 572,830 төгрөгийг гаргуулан “***” ХХК-д, 11,884,450 төгрөгийг гаргуулан хохирогч Н-д тус тус олгуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гэрээг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэм буруугийн талаар маргахгүй. Харин хохирлын хэмжээнд өмгөөлөгчийн зүгээс эргэлзэж байсан асуудал байсан. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд бага насны 2 охинтой, өвчтэй ээждээ эм, тариа өгч явуулдаг, түрээсийн байран амьдардаг, бага охин нь байнгын эмчийн хяналтад байдаг, цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд байгаа ч хохирол төлөхөө илэрхийлж байгаа тул улсын яллагчийн гаргасан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналыг дэмжиж байна...” гэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-ын бага насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг хувийн байдал, мөн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг найман зуун тавин цагаар тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх болон хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын үндсэн хэмжээ нь 240 цагаас 720 цаг байхаар хуульчилсан нь нэг гэмт хэрэгт тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимтай уялдана. Харин хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан хэд хэдэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх хэмжээ хязгаар нь мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн холбогдох хэсгээр тусгайлан зохицуулагдана.
Залилах болон хөрөнгө завших гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долоодугаар бүлэгт хамаарч байх бөгөөд мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” хэмээн хуульчилсан байх тул ямар ч төрлийн ялыг нэмж нэгтгэхэд гагцхүү тухайн бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээгээр жишин хязгаарлалт тогтоосон байна.
Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь 720 цагаар хязгаарлагдахгүй бөгөөд шүүхээс нэмж нэгтгэн тогтоосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 850 цагаар тогтоох боломжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг барьцаат зээлийн гэрээг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овгийн Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн хугацаагаар, мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг найман зуун тавин цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын эдлэх найман зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.
5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М-д сануулсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 11,884,450.0 төгрөгийг гурван жилийн дотор гаргуулан хохирогч “***” ХХК-д, 1,600,000.0 төгрөгийг найман сарын дотор гаргуулан хохирогч Б.Х-т, 572,830.0 төгрөгийг гурван сарын дотор гаргуулан иргэний нэхэмжлэгч “***” ХХК-д тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг барьцаат зээлийн гэрээг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА