| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/1129/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1165 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1165
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001374 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Э /РД:..../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... задгай тоотод “хадам ээжийгээ хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар иргэн Х.Эын толгой хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “духанд няцарсан шарх, зовхи хамрын нуруунд цус хуралт, ар нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1х/, шуурхай удирдлагын тасгийн лавлагааны хуудас /хх-ийн 2х/, хохирогч Х.Эын мэдүүлэг /хх-ийн 12х, 14х/, гэрч Л.Бийн мэдүүлэг /хх-ийн 16х/, гэрч Х.Эгийн мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч Ж.Бы мэдүүлэг /хх-ийн 20х/, гэрч Ж.Угийн мэдүүлэг /хх-ийн 24х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10272 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30х/, шүүгдэгч Б.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51х/, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгөтэй эсэх албан тоот /хх-ийн 56х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 60х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 63х/, шүүгдэгч Б.Эын мэдүүлэг /хх-ийн 40-41х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... задгай тоотод “хадам ээжийгээ хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар иргэн Х.Эын толгой хэсэгт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Эын: “...2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг 42 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... задгай тоотод нэг хашаанд байдаг төрсөн дүү Эгийн монгол гэрийг буулгаж барьж дуусаад гэртээ ороод амарч байхад хадам ээж Б ажлын газрын 4 эмэгтэйтэй ирсэн. Миний таних нь Э, доголон У, хадам ээжийн дүү Б болон нэг танихгүй махлаг эмэгтэй байсан. Би гэртээ байж байхад тэд нар орж ирээд 3 хоногийн өмнө болсон манай эхнэр Хгийн төрсөн өдрийн асуудлыг яриад хадам ээж төрсөн өдөртөө дагуулж яваагүй гэх шалтгаанаар уурлаад Хтай маргалдсан. Э нь хадам ээжийг өмөөрөөд хэрүүл маргаан хийсэн. Э нь “чи яахаараа ээжийгээ боддоггүй юм бэ” гээд над руу дайраад байсан. Нөгөө танихгүй махлаг эмэгтэй нь манай эхнэр Х руу бас ээжийгээ яагаад боддоггүй юм бэ гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод та нар яагаад хүн лүү дайраад байгаа юм бэ гэхэд бүгдээрээ над руу дайраад байхаар нь би уурлаад гэрээс гарахад Э газраас чулуу аваад миний толгой руу цохиод толгой хагалчихсан. Тэгээд Э цагдаад дуудлага өгөхөд тэд нар зугтаад яваад өгсөн. Тухайн үед тэд нар согтуу явж байсан ба пиво барьсан явж байсан. ...Би Эас эмчилгээний зардал болох 100.000 төгрөгийг гаргуулж авсан цаашид нэхэмжлэх эд зүйл байхгүй тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х, 14х/,
Гэрч Л.Бийн: “...2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн төрсөн дүү охин Бы гэрт нь төрсөн өдрийг нь тэмдэглэх гэж ороход ажлын газрын Э, У, Эын найз хүүхэн Д нар ирчихсэн байсан. Бид нар нэг нэг лаазтай пиво уугаад юм яриад сууж байхдаа би “манай хүргэн “Э болон дүү Э нар намайг 2020 оны 6 дугаар сард манай охин Хгийн төрсөн өдрөөр зодсон, хэдүүлээ гэрт очоод уулзаад ирье” гээд Э, дүү Б, У, Д нарыг дагуулаад очсон. Э, Д, У, Б бид нар Эын гэрт нь ороход Э Х хоёр байсан ба Э Эод хандаж нэг юм хэлсэн, би тухайн үед юу гэж хэлснийг нь сонсоогүй, тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би гэрээс гараад хашааны гадна зогсож байхад гэрээс Э, Э хоёр маргалдаад гараад ирсэн. Тэгээд хашааны хаалгаар хараад зогсож байхад Эын толгойг Э чулуугаар цохиод хагалчихсан гээд хүмүүс яриад байсан ба Эын толгойноос цус гарсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
Гэрч Х.Эгийн: “...Э ахын хадам ээж Б ажлын газрын хэдэн хүүхнүүдтэй ирсэн, ахтай маргалдаж байхаар нь би “та нар яагаад хүнтэй маргалдаад байгаа юм бэ” гэхэд Эын найз нь гэх махлаг биетэй хүүхэн над руу дайраад чи их шөрмөстэй залуу гэл үү гээд дайраад байхаар нь ахын гэр лүү яваад ороход Э ахтай маргалдаад ахыг орон дээр дарсан байдалтай байсан. Би гараад цагдаад дуудлага өгөөд буцаад ороод ирэхэд ах гэрээсээ гараад ирсэн. Толгой нь хагарсан байхаар нь хэн толгойг чинь хагалсан юм бэ гэхэд Э над руу дайраад байхаар нь би гэрээсээ гарахад араас гарч ирээд газраас чулуу аваад чулуутай гараараа толгой руу цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
Гэрч Ж.Бы: “...Би ... аймгийн ... суманд хөдөө мал дээр ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирээд найз Эгийн гэрт түр амьдарч байгаа юм. 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Эгийн ах, Эын гэрт 5 эмэгтэй орж ирээд Э руу дайраад байсан. Тэр 5 эмэгтэйгийн хоёр эмэгтэй түлхүү дайраад байсан ба тэр хоёр эмэгтэйгийн нэгийг Э гэсэн, нөгөө эмэгтэйгийн нэрийг нь мэдэхгүй, Эын найз гэсэн. Тэгээд тэд нар Эын гэрээс гараад хашаан дотор Э нь Э руу дайраад хэрүүл хийж байгаад газраас чулуу аваад чулуутай гараараа толгойг нь хагалчихсан. Тэгээд Э ирээд цагдаад дуудлага өгсөн гэсэн чинь тэд нар зугтаад явсан. ...Э газраас чулуу аваад гараараа цохиж толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
Гэрч Ж.Угийн: “...Б эгчийн гэрт очиход Э, Б, Эын найз Д нар Б эгчийн төрсөн өдрийг тэмдэглээд пиво уугаад сууж байгаад бүгдээрээ Б эгчийн хүргэн Эын гэр лүү явахаар болсон. Эын машинтай Эын гэрт очоод гэр лүү нь Э, Д, Б эгч, Б эгч нар орсон бөгөөд би нойл орох гээд цаашаа явсан. Бие засаад буцаад хүрээд ирэхэд тэд нар гэрээс гараад ирсэн, Эын толгой нь хагарчихсан, нүүр ам нь цус болсон байдалтай гэрийнхээ үүдэнд байсан. Тэгээд Э бид нар машинд суугаад буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10272 дугаартай: “...Х.Эын биед духанд няцарсан шарх, зовхи, хамрын нуруунд цус хуралт, ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30х/,
Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/,
Шүүгдэгч Б.Эын: “...Бид нар төрсөн өдөр тэмдэглээд пиво уугаад сууж байхад Б эгч хүргэн Э намайг тоохгүй дүү Этай нийлж дарамтлаад байна. Очоод хэлээд өгөөч гэхээр нь бид нар Эын гэр болох Хамбын задгай тоот гэрт нь очоод Эын гэрт нь ороод яагаад хадам ээжийгээ хүндлэхгүй байгаа юм гээд хэрүүл маргаан хийхэд Э над руу дайраад бид хоёр заамдалцаад орон дээр унахад манай найз Д салгасан. Тэгээд гэрт маргалдаж байгаад гэрээс гарахад Э “та нар яагаад гэрт ирээд хүн дарамтлаад байгаа юм, би гэрээ шатаана” гээд мотоциклоосоо бензин авах гээд байхаар нь би газраас чулуу аваад Э руу шидэхэд толгой нь буюу дух хэсгийг нь оноод хагалчихсан. Тэр үед Эын дүү Э нь цагдаад дуудлага өгчихсөн байхаар нь бид нар яваад өгсөн. Би шүүх эмнэлгийн №10272 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эын биед учирсан духанд няцарсан шарх гэмтэл рүү гэрээс гарч ирээд чулуу шидэж учруулсан. Бусад гэмтлүүдийг нь маргалдаж зууралдаж байхдаа учруулсан байх. Би дээрх гэмтлүүдийг Эын биед учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Э нь хохирогч Х.Этой хадам ээжийгээ хүндэлсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, хохирогчтой зууралдаж, нүүрэн тус газар нь чулуугаар цохисноос хохирогчийн духанд няцарсан шарх, зовхи, хамрын нуруунд цус хуралт, ар нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм бурУн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Х.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан нотлох баримтын шаардлага хангасан 104.290 төгрөгийн баримтыг гаргаж өгснөөс шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн /хх-ийн 69х, 70х/, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Эыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулсан, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу тэрбээр ... ХХК-нд борлуулалтын ажил хийдэг, орлоготой, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс орлогын байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ