Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1166

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

хохирогч Б.Н,

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Р.Бт холбогдох 2008024571212 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, оператор мэргэжилтэй, арьс ширний үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хангайн ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянтуруун ... тоотод түр оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1-2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн 309 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоногийг хорих ялаас 6 сарыг нэмж 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 72 дугаартай захирамжаар Р.Бын эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 319 дугаартай шүүгчийн захирамжаар 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 08 хоногийн хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлж, 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт Р.Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р овогт Б нь 2020 оны 8 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаанд байрлах иргэн Б.Нгийн эзэмшлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, эрэгтэй эмэгтэй лоовуузон булган малгай 2 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй булган малгай 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Нд нийт 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өглөө 08-09 цагийн хооронд гэрээс гараад явахдаа хохирогчийн хашааны хажуугаар өнгөрөхөд нохойн гөлөг хуцаад байдаг тул орой буцахдаа авна даа гэж бодоод явсан. Тэгээд орой буцаад очиход хашааны хаалга нь цоожтой байхаар нь цоожийг нь чулуугаар цохиод эвдээд орсон. Тэгээд нохойн гөлөгийг авах гэхэд цаашаа гэрийн тийшээ гүйгээд явчхаар нь араас хөөхөд гэр тойроод гүйгээд байсан. Тэгж байтал гэрийн хойно байсан хүлэмжийн тэндээс том нохой гараад ирэхээр нь би тэр айлын гэрийн цоожны даруулгыг гараараа босгоод хаалгыг нь онгойлгоод орсон. Тэгээд хөргөгчөөс нь нохойг холдуулах зорилгоор юм авч шидэхэд явахгүй байсан тул тэр айлд хэсэг хугацаанд байх шаардлага гарсан. Тэгээд тэнд байж байхдаа хулгай хийх санаа төрж эд зүйл хулгайлсан. Анх бол айлд орохдоо нохойноос айгаад орсон, хулгай хийх гэж ороогүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 8 сард манайх бараг гэртээ байгаагүй, зуслан дээр байсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирэхэд хашааны болон гэрийн хаалга онгорхой, гэрийн хамаг юм ундуй сундуй болсон байсан. Манай хашааны хаалга болон гэрийн хаалга нь ил цоожтой. Хашааны хаалганы цоожийг эвдсэн байсан, харин гэрийн хаалганы цоожийг эвдэлгүйгээр даруулгын хөшөөд онгойлгоод орсон байсан. Шүүгдэгч нь нохойн гөлөгийг авах гэж орсон гэж байна, тэр гөлөгийг ч гэсэн манайх тодорхой хэмжээний мөнгө төлж худалдаж авсан. Манай хашаанд 2 нохой байдаг, 1 нь гөлөг, нөгөө нь том нохой юм. Манайд нэг их хүмүүс ирдэггүй тул нохой дайрдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Манай гэрийн бүх л эд зүйлийг онгойлгож, гаргаж хаясан байсан.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Нгийн мэдүүлэг /хх-ийн 20-21х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 04/556 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11х, 14х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2284 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-50х/, шүүгдэгч Р.Бын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 53х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 60х, 63х, 64х, 65х, 66х-67х, 68-71х/, шүүгдэгч Р.Бын мэдүүлэг /хх-ийн 104-106х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Б нь 2020 оны 8 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... ХХК-ийн хашаанд байрлах иргэн Б.Нгийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, эрэгтэй эмэгтэй лоовуузон булган малгай 2 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй булган малгай 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Б.Нд 710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Нгийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... энгэрт байрлах ... ХХК-ийн хашаанд монгол гэр барин амьдарч байгаа. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад 8 дугаар сарын 03-ны өдөр ирээд хартал хашааны хаалганы цоож эвдэрсэн, монгол гэрийн даруулга тахийлгаад орсон, хаалга онгорхой байсан. Тэгээд би гэртээ орж үзэхэд гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрийн хойморт байрлах авдарт байсан эрэгтэй эмэгтэй хүний булган лоовуузан хос малгай, бас нэг ширхэг эрэгтэй хүний булган малгай, гэрийн мөн хойд хэсэгт байрлах толины урд байсан эрэгтэй эмэгтэй хүний хоёр бугуйн цаг, мөн нөгөө талын авдар дээр байсан хайрцагтай мөнгөн хундага, зэс дунд гарын аяга, мөн гутлын цаасан хайрцаг дээр байсан миний саарал өнгийн хуучин цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрийн бүх л эд зүйлийг онгойлгож гаргаж хаясан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 04/556 дугаартай криминалистикийн шинжээчийн:

“Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... ХХК-ийн хашаанд байрлах 5 ханатай Монгол гэрээс ...эд зүйлс хулгайд алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №2,4,5,6,8,9,10,11 гэж дугаарласан 8 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн “№4- CD-ний хайрцаг дээрээс” гэж дугаарласан гарын мөрүүд нь Р овогт Бын баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 37-39х/,

Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: Р.Баас “...Эрэгтэй эмэгтэй лоовуузан булган хос малгай, эрэгтэй булган малгай, эрэгтэй эмэгтэй бугуйн цаг, зэс аяга, мөнгөн хундага, саарал өнгийн цүнх” зэрэг эд зүйлийг хураан авч, хохирогч Б.Нд хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /хх-ийн 11,14х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2284 дугаартай: “...Эрэгтэй эмэгтэй лоовуузан булган хос малгай-400.000 төгрөг, эрэгтэй бугуйн цаг-150.000 төгрөг, эмэгтэй бугуйн цаг-20.000 төгрөг, эрэгтэй булган малгай-75.000 төгрөг, мөнгөн хундага-50.000 төгрөг, зэс аяга-15.000 төгрөг, нийт-710.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 49-50х/,

Шүүгдэгч Р.Бын: “...2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын ... буудлаас гэр лүүгээ явж байх замд блокон хашаатай, бор өнгийн төмөр хаалгатай айл байдаг ба уг хашаан урдуур алхангуут хашааны сараалжин төмрийн доогуур монгол банхарын гөлөг хуцаад байдаг юм. Тэгэхээр нь би уг гөлгийг авах санаатай хаалганы цоожийг чулуугаар цохиж эвдээд хашаан дотор ортол уг банхарын гөлөг цаашаа зугтаагаад Монгол гэрийн үүдэнд очсон. Би араас нь хөөгөөд гэрийн үүдэнд очтол монгол гэр түгжээтэй байсан ба цоожны даруулгыг бага зэрэг эргүүлтэл гэрийн хаалга нээгдэх боломжтой болж хаалгыг онгойлгосон. Тэгсэн уг хашаанд том монгол банхар нохой сул байсан над руу дайраад ирэхээр нь би гэр лүү орсон. Гэр лүү ороод хөргөгчөөс нохойн хоол мэт зүйл аваад гэрээс хол шидтэл гэрээс явахгүй байсан. Тэгээд би гэрт байх хугацаанд гэрийн хойморт байрлах толины урд 2 ширхэг бугуйн цаг, авдар дотроос гурван ширхэг малгай авсан, хоёр малгай нь булган малгай байсан харин нөгөө малгайг булга мөн эсэхийг би мэдэхгүй байна. Тэгээд авдар дээр байсан хайрцагтай мөнгөн хундага 1 ширхэг, гялгар уутанд хийсэн байсан зэс аяга зэргийг авч уг гэрт саарал өнгийн эмэгтэй хүний гар цүнх байхыг хараад авсан эд зүйлсээ хийж авч явсан. Тэгээд би гэрээс гарах санаатай хаалга шагайтал нохой холдсон байсан тул гэрээс гарч хашаа давж гэртээ очоод айлаас авсан эд зүйлсээ хашаандаа байдаг амбаарт хийгээд гэртээ ороод амарсан. Би Монгол банхарын гөлөгийг авах зорилгоор орсон. Тэгсэн гэрийн хаалгын цоожны даруулгыг эргүүлэн гэр лүү орох санаа зорилго өөрчлөгдсөн. Айлаас авсан эд зүйлүүдийг бүгдийг нь бүрэн бүтэн эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...айл руу хулгай хийх  зорилгоор ороогүй, зөвхөн нохойн гөлөг авах гэж орсон, тэгээд том нохойноос айгаад гэр лүү орсон” гэж мэдүүлж байгаа боловч  шүүгдэгч Р.Б нь тухайн айл руу ямар ч хэлбэрээр нэвтрэн орох эрхгүй этгээд байх бөгөөд тэрбээр эд зүйл авах зорилгоор /нохойн гөлөг эсхүл эд хөрөнгө авах зорилгоор алингаар ч орсон/ айлын хашаа руу хууль бусаар нэвтэрсэн үеэс гэмт санаа зорилго үүссэн шинжтэй, улмаар  хохирогчийн гэр лүү нэвтэрч эд зүйл хулгайлан өөрийн эзэмшилд шилжүүлсэн идэвхитэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шинжийг агуулсан  байх тул шүүгдэгч Р.Быг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Иймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан “...хулгай хийх гэмт санаа нь айлд орсны дараа гэнэт үүссэн шинжтэй тул энэ эргэлзээтэй байдлыг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү “ гэсэн санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй, хуульзүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс Р.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг, В.Мы гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тус тус үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Нд тус гэмт хэргийн улмаас 710.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Р.Б нь уг эд зүйлсийг биет байдлаар нь хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-ийн 14х/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Бт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч нь хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хэргийн зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй байгаа тул хорих ял оногдуулах боломжгүй байна. Шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүй байх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх, хорих ялыг доод хэмжээг нь оногдуулах гэсэн зохицуулалт байгаа. Энэ байдлыг харгалзан үзэх боломжтой ” гэж,

Шүүгдэгч нь “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Р.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь  хоёр жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай, сонгох санкцгүй, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглэх, мөн хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тэдгээрийн хүсэлт саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлж барагдуулсан байдал, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 5 удаа ял шийтгэгдэж байсан ч засарч хүмүүжээгүй, нийгэмшээгүй/ зэрэг байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Бт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Х овогт Р.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Бт 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Р.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ