Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/00602

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.С-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Ш.У- -д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Мөнхзул, хариуцагч Ш.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.С- шүүхэд болон түүний төлөөлөгч Х.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.С- нь Ш.У-д 2012 оны 04 сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2012 оны 08 сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг хугацаагүй зээлдүүлсэн. Анх талууд тохиролцохдоо сар бүр 60.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зөвхөн үндсэн зээл 2.500.000 төгрөгөөс Ш.У-ын 2012 оны 9 сараас 60.000 төгрөгөөр 17 удаа, 50.000 төгрөгөөр 4 удаа шилжүүлгээр төлсөн нийт 1.220.000 төгрөгийг хасч үлдэх 1.280.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ш.У- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 08 сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, 4 хувийн хүү төлөхөөр зээлж авсан. 2013 оны 10 сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг бэлнээр, дансаар 2.140.000 төгрөгийг нийт 2.640.000 төгрөгийг төлөөд байна. С.С-д дахин төлбөр хийх хүсэлгүй байна. 2012 оны 04 сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийн зээл аваагүй гэв.  

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Ш.У-д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Ш.У- зээлийн гэрээний үүрэгт төлөх 1,500.000 төгрөгийг төлсөн бөгөөд 2012 оны 04 сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг зээлээгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Ш.У-тай 2012 оны 04 сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн болох нь мөнгө хүлээн авсан баримт, Хаан  банкны дипозит дансны хуулга /хх-ийн 23 талд/, 2012 оны 08 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийг хугацаагүй зээлдүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 4 талд/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулсан байна.

         Хариуцагч Ш.У-ын 2013 оны 10 сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийг бэлнээр С.С-д төлсөн гэх тайлбар нь гэрч М.Хосбаяр, Ш.Наранцэцэг нарын “Ш.У-ыг С.С-д мөнгө өгч байхыг хараагүй” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

Хариуцагч Ш.У- 2012 оны 10 сарын 17-ны өдөр 60,000 төгрөг, 2012 оны 11 сарын 23-ны өдөр 60,000 төгрөг, 2013 оны 02 сарын 26-ны өдөр 60,000 төгрөг, 2013 оны 03 сарын 20-ны өдөр 60,000 төгрөг, 2013 оны 04 сарын 19-ний өдөр 60,000 төгрөг, 2013 оны 06 сарын 21-ний өдөр 60,000 төгрөг, 2013 оны 09 сарын 20-ны өдөр 180,000 төгрөг, 2012 оны 10 сарын 04-ний  өдөр 25,000 төгрөг, 2013 оны 11 сарын 01-ний  өдөр 60,000 төгрөг, 2013 оны 11 сарын 22-ны өдөр 60,000 төгрөг, 2014 оны 02 сарын 26-ны өдөр 60,000 төгрөг, 2014 оны 03 сарын 21-ний өдөр 60,000 төгрөг, 2014 оны 05 сарын 08-ны өдөр 60,000 төгрөг, 2014 оны 05 сарын 16-ны өдөр 50,000 төгрөг, 2014 оны 06 сарын 06-ны өдөр 120,000 төгрөг, 2014 оны 06 сарын 13-ний өдөр 250,000 төгрөг, 2014 оны 07 сарын 24-ний өдөр 60,000 төгрөг, 2014 оны 08 сарын 19-ний өдөр 40,000 төгрөг, 2014 оны 09 сарын 19-ний өдөр 40,000 төгрөг, 2014 оны 10 сарын 01-ний өдөр 50,000 төгрөг, 2014 оны 11 сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2014 оны 12 сарын 05-ны өдөр 50,000 төгрөг, 2014 оны 12 сарын 17-ны өдөр 340,000 төгрөг, 2015 оны 01 сарын 16-ны өдөр 50,000 төгрөг, 2015 оны 04 сарын 28-ны өдөр 25,000 төгрөг, 2015 оны 05 сарын 21-ний өдөр 25,000 төгрөг, 2015 оны 07 сарын 23-ны өдөр 25,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг төлсөн болох нь Хаан  банкны дипозит дансны хуулгаар /хх-ийн 54-66 талд/ тогтоогдож байх тул 2,500,000 төгрөгөөс хасч тооцож үлдэх 400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч тал өөр Жаргалаас мөнгө шилжүүлж байсан гэх үйл баримтаа, хариуцагч тал 2013 оны 10 сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийг бэлнээр төлсөн баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ НЬ:    

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.У-аас 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.У-аас 12,650 төгрөгийг  гаргуулж  С.С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ