| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0003/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/07 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/07
2020 12 25 2020/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Эт холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *** байрны 02-07-112 тоот гэрээс хамт байсан Д.Б-н Самсунг А 51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн *** дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:
“Ч.Э 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр над руу залгаж “танай гэрт очъё” гэж хэлэхээр нь би гэрээ зааж өгсөн. Манай гэрт 11 цагийн үед ирсэн ба бид хоёр 0.5 литрийн Хараа архийг 1 шилийг хувааж уусан. Тухайн үед би ариун цэврийн өрөө ороод гарч ирэхэд Э явсан байсан ба ширээн дээр байсан Самсунг А 51 загварын гар утсыг аваад явсан байсан. Би Эийн араас гарахад байхгүй байсан. Байрны цэвэрлэгчээс асуухад “сая нэг согтуу хүүхэн хаалгаа олохгүй, шатаар машины зогсоол руу бууж байхаар нь би хаалга зааж өгөхөд гартаа том гар утас барьсан байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06/,
Гэрч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн таксинд явж байсан ба нэг эмэгтэй суусан. Тэр эмэгтэй “найз нь барьцаалан зээлдүүлэх газар утсаа тавиад таксины мөнгийг чинь өгнө, би бичиг баримтаа үлдээсэн байна, таньдаг газар байна уу” гэж хэлсэн. Тэгээд *** худалдааны төвийн хажуу талын барьцаалан зээлдүүлэх газарт нөгөө эмэгтэйн хамт орсон. Гар утсыг 150.000 төгрөгт тавиад мөнгийг нь нөгөө эмэгтэйд өгөхөд надад таксины мөнгө гэж 10.000 төгрөгийг өгсөн. Барьцаалан зээлдүүлэх газрын хажуудах цайны газраас дүүдээ хоол авсан ба баруун дөрвөн замын орчим очиж дүү охиндоо 25.000 төгрөгийг хоолныхоо хамт өгсөн. Тэгээд нөгөө хүүхнийг Ботаникт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
“Ашид Билгүүн” компанийн хохирлын үнэлгээний 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-120/020 дугаартай:
Самсунг А 51 загварын гар утсыг нийт үнэлгээгээр 900.000 төгрөгөөр үнэлэв гэх тайлан /хх-ийн 09-11/,
- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 01/,
- Барьцаат зээлийн 4966 дугаартай гэрээний хуулбар /хх-ийн 24/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25/,
Шүүгдэгч Ч.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Тухайн өдөр Б бид хоёр хоёр шил архи авч түүний гэрт хувааж уусан. Би нүүрээ будаж байсан чинь нэг мэдсэн литфийн учрыг ололгүй байрны шатаар буусан. Такси барьж жолоочид “цайз оръё” гэж хэлээд унтсан. Таксины мөнгийг өгөх гэхэд надад мөнгө байхгүй байхаар нь тул ** төв дотор байрлах барьцаат зээлийн газарт жолоочийн бичиг баримтыг ашиглан Б-ийн гэрээс авч гарч ирсэн гар утсыг 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 48-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээг тухайн хэрэгт хамааралгүй хувийн сонирхолгүй этгээд хууль зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч Ч.Э нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *** байрны 02-07-112 тоот гэрээс хамт байсан Д.Б-н Самсунг А 51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ч.Э нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Ч.Э-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ч.Э-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Хохирогчийн алдсан эд зүйлийн төлбөр буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчид буцаан төлсөн. Хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч Ч.Э-ийг үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С овогт Чгийн Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Эт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ