| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 20.16.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Н.Ундрах, хохирогч Э.Л, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд, шүүгдэгч Ц.Э-ыг мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд, шүүгдэгч Г.Г-ыг мөн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулсан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1808 04646 0760 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Ш, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын *** оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар: ***, урьд
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
- Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан.
2. Монгол Улсын иргэн, Б овгийн Ц.Э, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын *** багт оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар: ***, урьд:
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан.
3. Монгол Улсын иргэн, Б овгийн Г.Г, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ** түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Э.Л-ын зүүн нүдэн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимын агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн П.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны зөрүүтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч Ц.Э, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Ж.Ж-ыг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Мөн шүүгдэгч Б.Ш, Ц.Э, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн П.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны зөрүүтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
- шүүгдэгч Ц.Э, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Ж.Ж-ыг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргүүдийг тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 370 дугаартай шүүгчийн захирамжаар тусгаарлан түдгэлзүүлсэн болохыг дурдах нь зүйн хэрэг.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04646 0760 дугаартай хэргээс шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн хүрээнд шүүх хуралдаан явагдсан болно.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б.Ш нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд хохирогч Э.Л-ын зүүн нүд рүү чулуугаар цохиж, бие махбодод нь “зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимын агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,
- шүүгдэгч Б овгийн Б.Ш, Б овгийн Ц.Э, Б овгийн Г.Г нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Э, Б.Ш, Г.Г нарын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирлын талаар маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Э.Л-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ц ахыг эргэх гэж гэрт нь очсон юм. Ц ахын эхнэр нь гарч яваад орж ирэхдээ “манай хүүхэд хүмүүстэй зодолдоод байх шиг байна” гэхээр нь гараад очсон. Тэгэхэд шүүгдэгч гурван залуу согтуу байсан бөгөөд хоорондоо зодолдож байсан. Тэр дунд манай дүү байхгүй болохоор нь “та нар больцгоо, цагдаад хэлнэ шүү” гэж хэлээд эргээд явахад нэг нь араас ирээд зууралдсан. Манай эгчийг түлхсэн үү, цохисон уу гэдгийг хараагүй газар унасан байсан. Эргэж хараад эгчийгээ татаж босгохын хооронд чулуугаар нүд рүү цохисон. Би эмчилгээний төлбөрт баримтаар 2,580,760 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс орлого гэж 6,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа бөгөөд эмчилгээний зардалд нийт 1,200,000 төгрөг хүлээн авсныг хасаж тооцно. Би дахиад хагалгаанд орох ёстой, даралт буухгүй, нүд байнга нуухтаж байгаа. Өмнөх шүүх хуралдаанаас хойш нэмж авсан мөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Э.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н эгч миний урд алхаж байгаад түрүүлж очоод “дүү чинь биш байна, урд айлын залуучууд байна” гээд бид хоёр буцаад гэр лүү явж байхад нэг залуу араас гүйж ирээд эгч Н-г татаад унагаасан. Би эгчийг татаж босгох гэж байхад нүүр лүү хатуу зүйлээр цохисон. Би их чанга хашхираад “нүд сохорчихлоо” гэж орилоод газар хэвтсэн. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Их өвдөж байсан болохоор ухаан санаа орж гараад байсан юм. Миний нүднээс шингэн зүйл гоожсон бөгөөд эмч надад “эмчилгээ байхгүй, удах юм бол баруун нүдэндээ нөлөөлнө, яаралтай хагалгаанд ор” гэснээр би хагалгаанд орж, зүүн нүдээ авхуулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Миний биед учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг би хараагүй. Харин дараа нь ах Ц надад “Н эгчийг чинь татаж унагаасан пиджактай залуу болох Ш нь чулуу авч чамайг цохисон” гэж хэлсэн. Харин нөгөө хоёр залуу нь намайг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1хх-ийн 13-14, 22, 29 дүгээр хуудас);
4. Гэрч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ** тоотод гэртээ нөхөр Ц, дүү Л, Ж болон 4 хүүхдийн хамт байсан. Оройн 21 цагийн үед бие засах гээд гэрээс гарахад хашааны гадна хүмүүс маргалдах чимээ гараад байхаар нь гар чийдэн аваад гарахдаа дүү Л-т “цуг гаръя” гэж хэлээд дагуулж гарсан. Хашааны гадна гарахад 3 хүн маргалдаад байж байсан бөгөөд би “юу болоод байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд эргэж байхад хөх пиджактай залуу намайг татаж унагаасан. Дүү Л намайг босгох гээд ирж байхад намайг татаж унагаасан залуу газраас чулуу хайгаад байсан. Харин дараа нь Л “нүд сохолчихлоо” гэж хашхирсан. Гэрээс Ц, Ж 2 гарч ирээд “цагдаа дуудлаа шүү” гэхэд нөгөө 2 залуу нь Ц, Ж хоёртой зодолдоод байсан. Би юу болж байгааг харж чадаагүй. Удалгүй том хүү Б ирээд цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 38 дугаар хуудас);
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12030 дугаартай: “...Э.Л-ын биед зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимын агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 49 дүгээр хуудас);
6. Шүүгдэгч Б.Ш-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Г хашаанаас гарч байхаар нь би араас нь очоод бид хоёр гудамжинд маргалдаад чанга чанга дуугараад заамдалцсан, Э бид хоёрыг салгах гээд байж байтал хойд талын гудамжнаас гар чийдэнгийн гэрэл тусгаад байсан. Би гэрлийг нь холдуулах гээд гэрэл барьж байсан хүнийг түлхэхэд гар чийдэн барьж байсан эмэгтэй газар унасан. Тэр үед хамт явж байсан эрэгтэй нь миний нүүр лүү цохих гэхээр нь би бултаад газар суусан. Тэгээд тэр эрэгтэй хажуу тийшээ нөгөө эгч рүү харсан байхаар нь газраас чулуу аваад шидсэн. Чулуу тэр хүнийг оночих шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 174-178 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Хашаан дотор Ш-тэй барьцалдаж аваад муудалцахад Ш миний цамцыг урчихсан. Бид хоорондоо зодолдож байтал Э салгасан. Тэгээд байж байтал хойноос эрэгтэй эмэгтэй хоёр хүн гар чийдэн тусгаад “юу болоод байгаа юм бэ“ гээд гэрлээ нүүр лүү тусгаад байсан. Ш “гэрлээ битгий нүүр лүү тусгаад бай” гэсэн. Тэр эмэгтэйтэй хамт байсан ах “яаж байна аа” гээд Ш-ийг бариад авсан. Тэгж байтал манай эхнэр намайг татаад хашаа руу оруулсан. Удалгүй хашааны гадна нэг хүн “миний нүдийг сохолчихлоо” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 198-202 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...тэр үед Г Ш-ийг хашааны гадна байхад араас нь гарч очоод маргалдаад хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад байж байтал хойд хашаанаас үл таних эгч, ах хоёр гар чийдэн барьчихсан гарч ирээд бидэн рүү гэрэл тусгаад “юу болоод байна, больцгоо” гэж хэлсэн. Ш “наад гэрлээ болиоч, нүд рүү тусгаад байна” гэж байснаа тэр эгчийн гар чийдэнтэй гараас нь бариад татаад унагаачихсан. Тэгтэл тэр эгчтэй хамт явсан ах “яаж байна аа” гээд Ш-ийг бариад авсан. Тэгтэл дахиад нэг ах ирээд нөгөө эгчийг босгосон. Тэр эгч “аллаа” гээд орилоод байсан. Ш-ийг барьж авсан ах газар уначхаад босож ирэхгүй байсан. Тэгтэл нэг өндөр ах над дээр ирээд “наадуулаа бариад ав, хүний нүд сохолчихлоо” гээд миний цамцнаас бариад авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 186-190 дүгээр хуудас);
9. Шүүгдэгч Б.Ш-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 128 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 108 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (1хх-ийн 113-124 дүгээр хуудас), шүүгдэгч Ц.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 88 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 92 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1хх-ийн 94-99 дүгээр хуудас), шүүгдэгч Г.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 137 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 136 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Л биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэх, эсхүл эд хөрөнгө устгах, гэмтээх, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулах, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчих байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг, эсхүл олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гарах идэвхтэй үйлдэл хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Шүүгдэгч Б.Ш, Г.Г, Ц.Э нарын үйлдэл гудамж талбай буюу олон нийтийн газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, бусдад хүч хэрэглэсэн, улмаар ойр орчныхоо амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Ц.Э, Б.Ш, Г.Г нарын үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, мөн шүүгдэгч Б.Ш нь хохирогч Э.Л-ын биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Ш, Ц.Э, Г.Г нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаангүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ш-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ш, Ц.Э, Г.Г нарыг “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах“ гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ш, Ц.Э, Г.Г нарт тус бүрд нь тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Л-ын эрүүл мэндэд нөхөн сэргээгдэхгүй хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд баримтаар 2,580,760.0 төгрөг нэхэмжилснээс 1,200,000.0 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Иймд үлдэгдэл 1,380,760.0 төгрөгийг шүүгдэгч Б.Ш-өөс гаргуулахаар шийдвэрлэв. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс орлогод нэхэмжилсэн 6,000,000.0 төгрөгийн хувьд нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. Харин сэтгэл санааны хохирлын тухайд Иргэний хуульд эдийн бус гэм хорыг хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд мөнгөн дүнгээр тооцохыг хориглосон бөгөөд манай улс одоогоор сэтгэл санааны гэм хорыг мөнгөөр илэрхийлэх хуулийн зохицуулалтгүй байгаа тул хохирогчийн 30.000.000.0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-өөс 1,380,760 (нэг сая гурван зуун наян мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулан хохирогч Э.Л-т олгохоор шийдвэрлэж, хохирогч Э.Л-ын сэтгэл санааны хохиролд тооцсон 30,000,000.0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан хорин ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар тогтоож, 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгч Ц.Э, Г.Г нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ц.Э, Г.Г нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ш 488 хоног, шүүгдэгч Ц.Э 179 хоног, шүүгдэгч Г.Г 177 хоног тус бүр цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Г-ын холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлд оногдуулах ял шийтгэлийн хувьд сонгох санкцтай. Үүнд зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүй байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хохирол төлбөр төлсөн, хувийн байдлын хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэрэгт холбогдохоос өмнө ажил эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж байсан. Иймд түүнд оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жилээр тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 488 хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргах зүйлгүй, хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хувийн байдлын хувьд ам бүл 5, 0-4 насны 3 хүүхэдтэй, гэрээсээ ганцаараа ажил эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дан ганц цээрлүүлэх биш тухайн этгээдийг нийгэмшүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх үүднээс 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон 179 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ш-д эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Ц.Э, Г.Г нар бусдад төлөх төлбөргүй байгааг, шүүгдэгч Г.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тус тус хорих ял, шүүгдэгч Ц.Э, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус бүр шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 жил 6 сараар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ц.Э, Г.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр зорчих үүргийг хүлээлгэх нь үр нөлөөтэй гэж үзэв.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Э-ыг оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Г.Г түр оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг тус бүр хориглож байгаа бөгөөд хэрэв тэд хөдөлмөр эрхлэх зорилгоор зорчих хөдөлгөөн хийх бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авч байх үүрэгтэй.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ш-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, Г.Г нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овгийн Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах“ гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж үйлдсэн гэм буруутайд,
- Б овгийн Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах“ гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж үйлдсэн гэм буруутайд,
- Б овгийн Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах“ гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тус тус хорих ял, шүүгдэгч Ц.Э, Г.Г нарт мөн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус бүр шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Г.Г түр оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглож, шүүхээс гарахыг хориглож тогтоосон газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрлөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Ц.Э, Г.Г нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг дөрвөн жил зургаан сараар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ийн цагдан хоригдсон 488 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Э-ын цагдан хоригдсон 179 хоног, Г.Г-ын цагдан хоригдсон 177 хоногийг тэдний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас хасаж шүүгдэгч Ц.Э-ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг нэг жил зургаан сар нэг хоногоор, шүүгдэгч Г.Г-ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг нэг жил зургаан сар гурав хоногоор тус бүр тогтоосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-өөс 1,380,760.0 (нэг сая гурван зуун наян мянга долоон зуун жар) төгрөг гаргуулан хохирогч Э.Л-т олгож, хохирогч Э.Л-ын сэтгэл санааны хохиролд тооцсон 30,000,000.0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ш-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Э, Г.Г нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА