Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 31

 

Ш.Тогтохбуянд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогч Б.Болормаагийн давж заалдах гомдолоор Ш.Тогтохбуянд холбогдох 1729000970009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 1983 онд төрсөн, 35 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Говьсүмбэр аймаг, Сүмбэр баг, Ахмадын хорооны 2-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Жамъянгончиг овгийн Шагдарсүрэнгийн Тогтохбуян /регистрийн дугаар: ЕН83060735/

          Ш.Тогтохбуян нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс “Ван-Үрс” ХХК-ийн эзэмшлийн 2105 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 560000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газраас Ш.Тогтохбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Тогтохбуянг цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдаагүй бөгөөд, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Тогтохбуян нь хохирогчид 560000 төлснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч “Ван Үрс” ХХК хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Ш.Тогтохбуянгийн холбогдсон хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх хэргийг нотлох баримтад тулгуурлахгүй, хэт субъектив байдлаар дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн цагаатгах үндэслэл болгож буй нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, түүнчлэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг зааж, хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгах хуулийн заалттай.

           Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг “....өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол...” гэж тодорхойлон заажээ.

           Ш.Тогтохбуянгийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 32-33х/, гэрч О.Санчирбал /хх-ийн 37х/, яллагдагч Ш.Тогтохбуян нарын мэдүүлэг /хх-ийн 45-47х/, тээврийн хэрэгслийн №0039 дугаартай лавлагаа /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Мэдүүлэг нь дээрх гэмт хэргийн шинж, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хөдөлбөргүй нотолдог.

            Гэтэл шүүх нь шийдвэртээ хэрэгт хамааралтай ямар нэгэн цагаатгах нотлох баримт, түүний агуулгыг дурдахгүйгээр, хэрэгт авагдсан яллах талын болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлохгүй, үйл баримтыг зөвхөн иргэний эрх зүйн гэрээний харилцааг ашиглан тайлбарлаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

           Жолооч Ш.Тогтохбуян нь “Ван Үрс” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс тухайн үед эд хөрөнгийг өөрийн мэдэлдээ байлгаж байгаа ч өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглах, захиран зарцуулах эрхгүй.

            Тэрээр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр улс хоорондын ачаа тээвэрлэх маршрутаас гарч тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч яван Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт эвдэж орхисон байсныг “Ван Үрс" ХХК болон тус аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, улмаар 2017 оны 10 сарын 13-ны өдөр буюу 12 хоногийн дараа иргэдийн мэдээллийн үндсэн дээр тээврийн хэрэгслийн байгаа газрыг олж тогтоосон үйл явдал нь хэргийн талаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

          “Ван Үрс” ХХК-ийн захирал нь БНХАУ-ын иргэн байх боловч хавтаст хэрэгт түүнийг монгол хэл, бичиг мэддэг эсхүл огт мэддэггүй талаар ямар нэгэн баримт байхгүй атал шүүх нь “монгол хэл мэдэхгүй” гэж хийсвэрээр шууд дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т “оролцогч” гэдгийг, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна..." гэж тус тус заасан.

           “Ван Үрс” ХХК-ийн захирал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш, харин хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдээр Монгол улсын харьяат иргэн Б.Болормааг томилсон итгэмжлэлийг төрийн албан ёсны хэл болох монгол хэлээр үйлдэж ирүүлснээр түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгосон нь хууль зөрчөөгүй.

            Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлээр бүрдэл төгсөх тул энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт нь нотолгооны ач холбогдолгүй болохыг шүүх анхаараагүй нь шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болохгүй.  

          Гэтэл шүүх нь энэ талаар заахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн” байх хуулийн шаардлага бүхий “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээлэл”-тэй холбон тайлбарлаж, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах” талаархи заалтыг зөрчсөн гэж бичин, хуулийг буруу тайлбарлаж, дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

          Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлснөөр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

          Хохирогч Б.Болормаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 89.3 дахь заалтын дагуу шүүгдэгч Ш.Тогтохбуян 21-05 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодон нүүрс тээвэрлэсний үндсэн дээр цалин авах эрхийг авч, нүүрс тээвэрлэх үүргийг хүлээснээрээ шууд эзэмшигч байна”, ’’...прокурорын зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэсэн гэмт хэргийн шинжгүй байна” гэж үзсэн. Үүнийг байдлаар дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Юуны өмнө Ш.Тогтохбуянд тус тээврийн хэрэгслийг эзэмших эрх үүсээгүй. Монгол улсын Иргэний хуулийн 89.2 дахь зүйлд “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.” гэж заасан байна. Учир нь “Ван-Үрс” ХХК нь улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг хуулийн этгээд бөгөөд 21-05 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн автомашин нь тус компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг ба хууль ёсны эзэмшил нь “Ван-үрс” ХХК-д хадгалагдана. Жолооч нь компаниас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зохих газраас нүүрс ачиж, буулгах ажпыг гүйцэтгэдэг. Зөвхөн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн, тэдний ашиг сонирхлын үүднээс ажиллаж байгаа болохоос биш жолооч нь тухайн машиныг өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглах эрх байхгүй.

          Хуулийг буруу тайлбарлан Ш.Тогтохбуянд тухайн автомашиныг эзэмших эрх үүссэн гэж үзэн түүнийг холбогдох этгээдийн зөвшөөрөлгүй автомашиныг авч явсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна. Мөн Ш.Тогтохбуянд холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулсан ажиллагаа холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх үүрэг болон тус хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байсан зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд учир дутагдалтай үйл баримтууд, хэд хэдэн зөрчлүүд илэрч байхад тэдгээрийг бүрэн бодитой хянаж үзэлгүй шийдвэрлэсэн байдалд нь хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн хувьд үндэслэл бүхий болсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 26 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтанд үндэслэж хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэлт хийж хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

         Иргэн, хуулийн этгээдийн хоорондын үүргийн харилцаанд үүссэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Тогтохбуян 21-05 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодон нүүрс тээвэрлэсний үндсэн дээр цалин авах эрхийг авч, нүүрс тээвэрлэх үүргийг хүлээснээрээ шууд эзэмшигч байсан гэж үзнэ хэмээн анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцэж байгаа юм.

Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Өмнөговь аймаг дахь Сум дунын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5/04 дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Анхан шатны шүүхээс “хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.Тогтохбуянг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Ван үрс” ХХК-ийн эзэмшлийн 21-05 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус компанид жолоочоор ажиллаж байх хугацаандаа жолоодон авч явж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орхин явсан үйлдэл нь тогтоогдсон ба энэхүү үйлдэл нь прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-т “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжгүй байна”, “иргэн, хуулийн этгээдийн хоорондын үүргийн харилцаанд эзэмшил үүссэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Тогтохбуян 21-05 ӨМӨ улсын дугаартай авто машиныг жолоодон нүүрс тээвэрлэсний үндсэн дээр цалин авах эрхийг авч, нүүрс тээвэрлэх үүргийг хүлээснээрээ шууд эзэмшигч байсан” гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

          Хохирогч, гэрч Б.Болормаагийн ...тухайн 21-05 ӨМӨ улсын дугаартай авто машиныг БНХАУ-ын ганц модны хил дээр машины эзэн болох хятад иргэн жолооч Ш.Тогтохбуянд хүлээлгэж өгсөн /хх-32, 36/ гэж мэдүүлснээс үзэхэд 21-05 ӨМӨ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг “Ван-Үрс” ХХК-ийн эзэмшилд 2011 оны 08 дугаар сарын 11-нд бүртгэгдсэн гэж лавлагаа /хх-55/-г гаргасан боловч уг тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь хятад иргэн байж болохоор, хөтөч гэх Насан нь Ш.Тогтохбуянд нэг удаагийн тээврийн 2000 юанийн хөлсөөр тохирч урьдчилгаа хөлс болгон 2000 юань болон түлш зэргийг өгсөн талаар яллагдагч Ш.Тогтохбуян /хх-47/, хохирогч Б.Болормаа /хх-33/ нараас мэдүүлсэн бөгөөд хөтөч Насангаас Ганц модны боомт дээр урьдчилгаа болгон өгсөн 2000 юанийг “Ван үрс” ХХК-ийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон Б.Болормаа нь яллагдагчаас нэхэмжилсэн зэрэг эргэлзээтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан.

          Өөрөөр хэлбэл дээрх тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч, эзэмшигчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй байна.

         Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн УХАТГ 2017/087 тоот гэрээний 3 дахь болон 4.2.8, 4.2.16 дугаар заалтуудыг “Ван үрс” ХХК зөрчиж Монгол улсад улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулсан гэж үзэхээр байна.

          Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

          Хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлүүд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь Сум дунын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5/04 дугаартай “цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА