Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч: Г.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс Аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШ3 дугаартай актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.О

Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 124/2022/0010/З           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О  нь Увс Аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШ3 дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: “...нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Г.О Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШ3 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар 2021 оны 01 дүгээр сард томилогдсон. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох гэж заасныг үндэслэн. Ажлын зайлшгүй шаардлагаар жолооч, нярав ажиллуулах шаардлагатай болсон тул аймгийн Засаг даргатай зөвшилцөөд байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Мөн тухайн оны цалингийн сандаа багтаан гэрээт ажилтан авч ажиллуулсан байхад төрд хохирол учруулсан гэж үзэх нь үндэслэлгүй.

3.2 Ийм байхад хариуцагч Увс аймаг дахь төрийн аудитын газрын аудитын дарга Тэргүүлэх аудитор М.Б , аудитор Т.А нар нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/20-А/207473УВА-2022/Э7/НА-СТА-ТШЗ дугаар актаар 8.170.291 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

3.3 Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г.О  миний Увс аймаг дахь төрийн аудитын газрын аудитын газрын дарга М.Б  аудитор Т.Анарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргаанд хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШЗ дугаар “Төлбөр барагдуулах тухай актаар “Батлагдсан бүтэц, орон тоог хэтрүүлж, цалин олгосон нь Төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын холбогдох заалтуудад нийцээгүй, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалын 18 дугаар хавсралтыг хэрэгжүүлэн ажиллаагүй” гэсэн агуулга, үндэслэлээр Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О оор 8.170.291 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч “... төсвийн шууд захирагчид олгосон эрхийн хүрээнд батлагдсан орон тоо, цалингийн санд багтаан ажлын байрны өөрчлөлтийг хийж, цалингийн санг хэтрүүлээгүй байхад Төрийн аудитын байгууллагаас акт тавих үндэслэл байхгүй, тус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх үндэслэлээр Увс Аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШ3 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

4. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2“Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь эрх хэмжээтэй байна” гэж, 23.2.6“Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах” гэж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэж, 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж заасан байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/123 дугаар Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай тушаалын 18 дугаар хавсралтаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийн жагсаалтыг  баталж барилгын лабораторийн шинжээч 1 гэрээт ажилтан, төрийн үйлчилгээний 2 гэрээт ажилтан /нийт 3 гэрээт ажилтан/, нийт 39 ажилтантай байх”-аар орон тоог баталсан байна.

6. Гэтэл Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар  бүтэц, орон тоог даргын орон тоог оролцуулахгүйгээр 39 гэж баталсны дотор үйлчлэгч 1, барилгын лабораторын шинжээч 1, жолооч 1 байхаас гадна нярав-жолооч 1-ийг нэмэгдүүлж /нийт 4 гэрээт ажилтан/ ажиллуулахаар тогтоож, жолооч Ц.Б 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, нярав-жолооч Ч.Х 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.

7. Иймд хариуцагч нараас Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/123 дугаар “аймгуудйн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай” 18 дугаар тушаалын хавсралтаар баталсан орон тооноос нярав-жолооч гэх орон тоог хэтрүүлэн ажиллуулж, цалин олгосон нь Төсвийн тухай хуулийн “санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, төсвийн асуудлыг өөрийн харьяа дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх зарчимд нийцээгүй, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, цалин хөлсийг тогтоох гэж заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон  албаны эрхээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглох зохицуулалтыг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолоор баталсан “шинээр ажлын чиг үүрэг албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, цалингийн зардлыг хэмнэх” заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, шинээр нэмж 1 нярав-жолооч томилсноор төрд хохирол учруулсан гэж үзэж, уг орон тооны цалинд олгосон 8.170.291 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Г.О оор төлүүлэхээр шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв байна.

8. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д “Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах”-аар хуульчилсан байх тул Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргыг байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах эрх бүхий этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдийн баталсан орон тооноос нэмж орон тоо баталсан, улмаар нэмсэн орон тоонд ажилтан авч, цалинжуулсан нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү асуудлыг өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлээгүй, мөн орон тоо, бүтэц батлах эрх бүхий этгээд болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас “нэмж орон тоо баталсан”-ыг нотлох холбогдох  баримтыг шүүхэд гаргаагүй, хэрэгт үүнтэй холбоотой баримт, нотолгоо авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

9. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ... Ажлын зайлшгүй шаардлагаар жолооч, нярав ажиллуулах шаардлагатай болсон тул аймгийн Засаг даргатай зөвшилцөөд байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Мөн тухайн оны цалингийн сандаа багтаан гэрээт ажилтан авч ажиллуулсан байхад төрд хохирол учруулсан гэж үзэх нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.О  миний нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

10. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                                      Т.ЭНХМАА

 

                  ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ