Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 719

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “П” ХХК 

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “П” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” ******* дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоох, 

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамнаас зарласан “XIII.5.1.9 Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх ”******* дугаартай тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтанд “П” ХХК-ийг шалгарсанд тооцохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлэн өөрчилсөн шаардлагадаа: “...Манай компани бүх төрлийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, мэргэжлийн тоног төхөөрөмжийг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн албан байгууллагуудад найдвартай, чанартай үйлчилгээгээр үйлчлэн ажиллаж байна. 

Манай компани нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан XIII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” БСШУСЯ/******* дугаартай тендерт холбогдох материалыг хуульд заасны дагуу бүрдүүлж оролцсон. Энэ тендер шалгаруулалтад “П” ХХК болон манай “П” ХХК оролцсон билээ. 

Тус тендерт шалгарсан “П” ХХК нь 2017 онд X.1.3.10 “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” тендерийн шаардлага хангаагүй шалтгаанаар шалгарч байсныг мэдсээр байж Боловсрол, соёл шинжлэх ухааны яам нь дахин тендерийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ. 16 дугаар зүйл. Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх зэрэг заалтуудыг зөрчин 2018 оны БСШУСЯ/******* дугаар бүхий XIII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерт уг компанийг дахин шалгаруулсан нь бусад тендерт оролцогч болон манай компанийн тендерт шударгаар оролцох эрх ашгийг зөрчиж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалтад шалгарсан “П” ХХК нь 2017 онд X.1.3.10 “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” тендерийн шаардлага хангаагүй байхад шалгарсан, мөн 2018 онд БСШУСЯ нь дахин уг компанийг шалгаруулсан нь бидэнд эргэлзээ төрүүлсэн болно. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримттай танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Өөрөөр хэлбэл “П” ХХК нь тендер шалгаруулалтад тавигдах шаардлагыг дараах байдлаар хангаагүй гэж үзэж байна.

 

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1 (ё)-д “Сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлнэ” гэж заасны дагуу “П” ХХК-ийг түрээсийн гэрээний үүрэгт 85’899’215 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан болохыг тодорхойлсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн Төрөлжсөн архивын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9305 албан тоотыг ирүүлсэн байна. Гэтэл энэхүү шаардлагыг хангахгүй байхад хууль бусаар шалгаруулсан байна.

ТОӨЗ-ын 18.1 (а)-д Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлнэ гэсэн шаардлагыг мөн хангаагүй гэж үзэж байна. Тухайн нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмжийн брэнд загвар заагдаагүй учир үйлдвэрлэгчийн зөвшөөрөл мөн эсэх нь тодорхой бус байна. 

ТОӨЗ-ийн 18.1 (г)-д Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо “Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх” гэсэн шаардлагыг мөн хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “П” ХХК нь зөвхөн 2017 онд л ижил төстэй ажлын гэрээний хуулбар илгээсэн ба 2015, 2016 онуудад хийсэн ажлын туршлагагүй байна.

 ТОӨЗ-ийн 19.1 (в) -д “Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолтыг ирүүлэх”. Үүнд нийлүүлэх гэж байгаа барааныхаа загварыг тодорхой байлгах ёстой. Гэтэл “П” ХХК ямар модел загвартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй, тус компани нь зөвхөн нийлүүлэх тоног төхөөрөмжийн зургийг хавсаргасан үйлдвэрлэгчийн каталоги ирүүлээгүй байна. Энэ нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийг тодорхойлж чадахгүй юм. 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх зэрэг заалтуудыг зөрчин үнэлсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдсоор байхад хууль бусаар тендер шалгаруулалтыг явуулсанд гомдолтой байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12-р зүйлийн 12.3-т зааснаар “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ."гэж хуульчилсаар байхад “П” ХХК-ийг хууль бусаар уг тендерт шапгаруулсан нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. 

 

Мөн манай компани уг асуудлаар 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сангийн яам, БСШУСЯ-нд гомдол гаргасан. Сангийн яамны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/5452 тоот албан бичгийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан ба захиалагчийн хууль бус үйлдлээс болж манай компани тендерт эрх тэгш оролцож шударгаар үнэлүүлэх эрх зөрчигдөж байх тул өмнө гаргасан “2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас зарласан ХIII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” БСШУСЯ/******* дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус явагдсаныг тогтоож, хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан ХIII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” БСШУСЯ/******* дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болсныг тогтоож, үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтад “П” ХХК-ийг шалгарсанд тооцохыг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлж байна. 

Мөн манай компани энэхүү тендер шалгаруулалтыг явуулж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрүүдийг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татаж байна” гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлэн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 

 

“...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/122 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо БСШУСЯ/******* дугаар бүхий ХIII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарлаж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цаг хүртэл тендер хүлээн авч, 11:20 цагт нээсэн.

 

Тус төсөл, арга хэмжээний сонгон шалгаруултад “П” ХХК болон “П” ХХК гэсэн компаниуд тендер ирүүлснээс “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоор “П” ХХК-ийг шалгаруулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасны дагуу “П” ХХК-тай 249,777,600.0 /Хоёр зуун дөчин есөн сая долоон зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэн. 

Тендерт оролцогч “П” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас гомдлыг хянан үзсэний дагуу захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу цааш үргэлжлүүлэх тухай 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/5452 тоот албан бичгээр ирүүлсэн.

 Мөн “П” ХХК-ийн зүгээс Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргасан байсан бөгөөд тус газрын мөрдөн байцаагч н.Цогтгэрэл 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуудаж байцаалт авсан бөгөөд ямар нэгэн ашиг сонирхол үүссэн гэж үзээгүй тул тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх тухай утсаар мэдэгдсэн болно. 

ТОӨЗ-ийн 12.1 (ё) “Сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн төрөлжсөн архивийн лавлагаа ирүүлнэ” гэсний дагуу Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9305 тоот лавлагаагаар “П” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 85,9 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан тухай ирүүлсэн бөгөөд энэ нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.4. “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон” гэж заасан бөгөөд дээрх асуудал нь худалдан авах ажиллагаатай холбогдолгүй болно. 

18.1(а) “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Үйлдвэрлэгчийн болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлнэ” гэж заасны дагуу гэрээт борлуулагчийн итгэмжлэл ирүүлсэн. 

ТОӨЗ-ийн 18.1 (г) “Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа 200,000,000.0 /Хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааны нийлүүлэгчээр ажилласан байна. Гэрээ болон хүлээлгэж өгсөн комиссын актыг нотариатаар гэрчлүүлэн захиалагчийн тодорхойлолтын хамт хавсаргана” гэж заасан бөгөөд энэ нь 2017 онд тус яаманд 236,5 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа нь шаардлагад нийцэж байгаа болно. 

 ТОӨЗ-ийн 19.(в) “Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн  тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдэл болон харьцуулсан хүснэгт гаргаж баталгаажуулан ирүүлнэ” гэж заасны дагуу нийлүүлэгдэх барааны жагсаалтыг захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын дагуу харьцуулсан хүснэгтээр гаргаж ирүүлсэн байна. 

Мөн “П” ХХК-ийн зүгээс Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээр хэргийг хянан үзсэний дагуу Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний  өдрийн 268 тоот тогтоолоор хэрэгт хохирогч, иргэний нэхэмжпэгчээр тогтоодсон этгээд байхгүй тухай дурдсан байна.

 Иймд дээрх нэхэмжлэлд авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд “П” ХХК нэхэмжлэл болон өөрчилсөн, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “...БСШУСЯамнаас 2018 онд зохион байгуулсан XIII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх”, БСШУСЯ/******* дугаартай тендер шалгаруултад “П” ХХК оролцож өөрсдийн тендерээ цахимаар ирүүлж оролцсон болно. Тус тендер шалгаруулалтад 2 компани оролцож “П” ХХК нь шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээр шалгарч гэрээ байгуулсан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4. Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон. 14.1.7. Сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон. 

Захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны: 4.2.4. Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон. 4.2.7. Сүүлийн 3 жилийн хугацаанд Авлигын эсрэг хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан авлигын, залилан мэхлэх, зохиомол тохиролцоо хийх, айлган сүрдүүлэх үйлдлийн аль нэгэнд холбогдсон болохыг шүүх тогтоосон гэж тус тус заасан байдаг.

“П” ХХК-ийн ирүүлсэн тендерт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн Төрөлжсөн архивын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9305 тоот албан бичигт сүүлийн 3 жилийн байдлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5084 дугаар шүүгчийн захирамжтай "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй "П*******" ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 85,899,215 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан болохыг тодорхойлов.'’ гэсэн нь хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлагуудын алинд нь ч хамаарахгүй байгаа болно. 

Өөрөөр хэлбэл “П” ХХК-ийн “Т*******” ХХК-тай үүсгэсэн шүүхийн маргаан нь Иргэний хуульд заасан түрээслэгч, түрээслүүлэгч нарын хоорондын түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан бөгөөд хууль болон тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны холбогдох заалтуудад хамааралгүй юм. Мөн “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Цаас Авилгатай тэмцэх газарт гаргасан "... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа тус яамны эрх бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “П” ХХК-ийг сонгон шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж өгнө үү” гэх мэдээлэл хүргүүлснийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаад хэрэг бүртгэлтийн явцад  БСШУСЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд нь тендерийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдоогүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдээгүй үндэслэл тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн ******* дугаартай хэргийг хаасан тухай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 268 тоот тогтоол гарсан.

Захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (а)-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Үйлдвэрлэгчийн болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлнэ.” гэсэн шаардлагын дагуу П ХХК нь:

WINZZ ба Lexington брэндийн соло ба басс гитар”- ын үйлдвэрлэгч Э ХХК-ийн гэрээт борлуулагчийн итгэмжлэл, “С" брэндийн чанга яригчийн иж бүрдэл, шингэн чанга яригч, басс чанга яригч, чадлын өсгөгчтэй пульт, чанга яригчийн кабел, гитар болон цахилгаан даралтат хөгжмийн өсгөгч, цахилгаан бөмбөр, цахилгаан бөмбөрийн өсгөгч, микрофон болон микрофоны хөл, чанга яригчийн кабел”-ын үйлдвэрлэгч “С” ХХК-ийн гэрээт борлуулагчийн итгэмжлэл, “М брэндийн цахилгаан даралтат хөгжим”-ийн үйлдвэрлэгч  “М” ХХК-ийн гэрээт борлуулагчийн итгэмжлэлүүдийг тус тус баталгаат орчуулгын хамт тендерийн материалдаа хүргүүлсэн болно.

 БСШУСЯ-аас зарласан Захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (г)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд /2015, 2016, 2017 он/ доод тал нь нэг удаа 200,000,000.0 /Хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааны нийлүүлэгчээр ажилласан байна. Гэрээ болон хүлээлгэж өгсөн комиссын актыг нотариатаар гэрчлүүлэн захиалагчийн тодорхойлолтын хамт хавсаргана” гэсэн шаардлагын дагуу “П” ХХК нь: 

1. БСШУСЯ-тай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ГЭРЭЭ **-****/*,*.** дугаартай 236,577,250.0 төгрөгийн “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг нийлүүлэх” гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан,

2. БСШУСЯ-тай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ГЭРЭЭ **-****/*,*.**-1 дугаартай 47,313,750.0 төгрөгийн “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг нийлүүлэх” нэмэлт гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан,

3. Гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тодорхойлсон БСШУСЯамны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11/7132 тоот тодорхойлолтын хамт өөрсдийн тендертээ хавсарган илгээсэн болно. 

Мөн “П” ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн тендер шалгаруулалтад илгээгээгүй боловч БСШУСЯ-тай 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээ **-****-** дугаартай 469,100,000.00 төгрөгийн “Ерөнхий боловсролын байгууллагуудад ухаалаг самбар, хөгжмийн зэмсэг нийлүүлэх” гэрээ зэргийг байгуулан ажиллаж байсан нь олон жилийн туршлагатай компани болохыг харуулж байна.

Захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн: 

ТОӨЗ 19.1 (а)-д “Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолт: Шаардлагатай. Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ.” 

ТОӨЗ 19. (в)-д “Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдэл болон харьцуулсан хүснэгт гаргаж баталгаажуулан ирүүлнэ” гэж тус тус заасны дагуу “П” ХХК нь захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан өөрсдийн тендертээ хавсарган хүргүүлсэн болно. Мөн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд үйлдвэрлэгчийн каталоги ирүүлэхийг шаардсан шаардлага байхгүй байгаа болно. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4.-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан байдаг. 

ХIII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх”, БСШУСЯ/******* дугаартай тендерийн нээлтийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11:20 цагт БСШУСЯ-ны 401 тоотод хийсэн бөгөөд энэхүү тендерийн нээлтэд ирүүлсэн үнийн саналын хувьд “П” ХХК нь 312,090,499.00 төгрөг, “П*******” ХХК нь 249,777,600.00 төгрөг буюу “П” ХХК нь “П” ХХК-иас даруй 62,312,899.00 төгрөг /19,96 хувь/-өөр бага үнийн санал өгсөн байна.

Иймд “П” ХХК-ийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “П” ХХК-иас холбогдуулан “Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамнаас зарласан “XIII.5.1.9 ”Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” ******* дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоох, 

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамнаас зарласан “XIII.5.1.9 Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх ”******* дугаартай тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтанд “П” ХХК-ийг шалгарсанд тооцохыг даалгах”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэжээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/******* дугаар  Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Боловсрол шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 124 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны зарласан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тендер шалгаруулалтад нэр бүхий  компаниуд оролцсон боловч “П” ХХК-ийн ирүүлсэн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарчээ.

Уг шийдвэрийг үндэслэн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзаж байна...”  гэх хариуг “П” ХХК-д, харин “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “П” ХХК-д хүргүүлжээ .

“П” ХХК-иас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Сангийн яаманд болон Авилгатай тэмцэх газарт тус тус гомдол гаргасан байна.

Дээрх байгууллагууд гомдлыг хянан үзээд “....Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу “П” ХХК-ийн ирүүлсэн материалыг хянан үзэхэд холбогдох шаардлагуудыг хангаж байх тул захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна...” , “...хэрэг бүртгэлтийн явцад Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны эрх бүхий албан тушаалтнууд нь “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” тендер сонгон шалгаруулалтыг явуулахдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоодоогүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авилгын гэмт хэргийн шинжгүй байна...”  гэх хариуг “П” ХХК-д хүргүүлжээ.

Гэвч “П” ХХК-иас “...Тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгтийн 12.1(ё)-д “сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлнэ”, Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /Цаашид ТОӨЗ гэх/ 18.1 (а)-д “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлнэ гэсэн шаардлагыг мөн хангаагүй...”, ТОӨЗ  18.1 (г)-д “Ижил төстэй ажил гэрээгээр  гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо” Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх...”, ТОӨЗ 19.1 (в)-д “Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлтыг ирүүлэх...” гэх  үндэслэлээр шүүхэд хандан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий БСШУСЯ “XIII.5.1.9 ”Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “П” ХХК-иас 312.090.499.0 төгрөг, харин гуравдагч этгээд “П” ХХК 249.777.600.0 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн  байх бөгөөд энэ нь хариуцагчаас “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “П” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн шийдвэр  нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно; 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасантай нийцсэн байна. Тодруулбал, 

1.Тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгтийн 12.1(ё)-д “сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлнэ” гэж заасны дагуу Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9305 дугаар лавлагаагаар “2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5084 дугаар шүүгчийн захирамжтай “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 85.899.215 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагчаар оролцож байсан болохыг тодорхойлжээ. 

Гэвч тус компаниас 2018 онд дээрх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан , энэ нь ТОӨЗ 4.2.4 “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон“  заасантай нийцэхгүй буюу худалдан авах ажиллагаатай холбоотой алдаа гаргасан гэж үзэх боломжгүй байх тул “П” ХХК-д эрх бүхий бус гэж буруутгах боломжгүй байна.

2.Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа 18.1 (а)-д “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлнэ” гэж заасны дагуу  “П”ХХК-иас “С” /ХК/ХХК, “М” ХХК, “Э” ХХК зэрэг нэр бүхий  брэндийн цахилгаан хөгжим, түүний дагалдах хэрэгсэл, зэмсэгийг чанарын гэрчилгээ болон тэдгээрийг худалдах гэрээт борлуулагчийн тусгай зөвшөөрлүүдийг гадаад хэл дээр болон  баталгаат орчуулгаар орчуулсан байдлаар тендерийн баримтад хавсаргасан  ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “...тухайн нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмжийн брэнд загвар заагдаагүй учир үйлдвэрлэгчийн зөвшөөрөл мөн эсэх нь тодорхой бус гэх таамаг үндэслэлгүй байна.

3. Нэхэжлэгчээс хариуцагч тендерийн үнэлгээний хороог Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа 18.1 (г)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо” Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх гэснийг зөрчсөн гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-н 18.1 (г)-д “...2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд доод тал нь 200.000.000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааны нийлүүлэгчээр ажилласан байна...” гэж тодорхойлсон байна. 

Үүнтэй уялдуулан “П” ХХК-иас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хийсэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ **-****/*,*.**” дугаартай 236,577,250 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэрээ **-****/*,*.**-1” дугаартай 47.313.750.00 төгрөгийн хөгжмийн зэмсэг нийлүүлэх гэрээнүүдийг, гэрээг дүгнэсэн акттай нь нотариатаар баталгаажуулж илгээсэн  байх бөгөөд энэхүү баримт нь бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл “П” ХХК нь дээрх шаардлагыг бүрэн хангасан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байхын сацуу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмнөх хэргийн шүүх хуралдаанд ийм асуудал яригдсан. Үүнийг би андуурч бичсэн байна”  гэж энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн үндэслэлийг буруу ойлгосон болохыг хүлээн зөвшөөрсөн болно.

4. Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа 19.1 (в)-д “Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлтыг ирүүлэх” гэснийг нэхэмжлэгчээс “нийлүүлэх гэж байгаа барааныхаа загварыг тодорхой заасан” байхыг ойлгоно гэж тайлбарлах бөгөөд “П” ХХК-г “ямар модель загвартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй, захиалагчийн техникийн тодорхойлтод заасан үзүүлэлтийг тодорхойлж чадаагүй” гэж буруутгажээ.

 Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна”, 11.1.1-д “тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох”, 11.1.3-д “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” гэжээ.

 “П” ХХК-иас маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтад захиалагчийн шаардсан тоног төхөөрөмжийн нэр, түүний техникийн тодорхойлолт зэргийг өөрийн компанийн зүгээс санал болгож буй  бараа, бүтээгдэхүүнийхээ техникийн тодорхойлтыг зургийн хамт хавсаргасан  байх бөгөөд энэ нь хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 “нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг” үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно” 16.1.7.барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл” заалттай нийцэж байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан нээлттэй тендер шалгаруулалтын журамд нийцсэн, үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нөгөөтээгүүр хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам маргаан бүхий тендертэй холбоотой худалдан авах ажиллагааг зохих хуульд нийцүүлэн явуулж дууссан  болохыг дурьдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-иас Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан “Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамнаас зарласан “XIII.5.1.9 ”Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” ******* дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоох, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамнаас зарласан “XIII.5.1.9 ”Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх ”******* дугаартай тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтанд “П” ХХК-ийг шалгарсанд тооцохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.БАТБААТАР