Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1189

 

Б.Баттулгын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00700 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баттулга,

Хариуцагч Д.Шараад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 37 200 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд,

Хариуцагч Д.Шараа,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Санжаажамц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Шараатай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, барьцаанд нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байрны 11 тоот 44 м.кв талбайтай Ү-2205059108 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг барьцаалж зээлдүүлсэн. Гэвч Д.Шараа нь зээл анх авсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүргээ үл биелүүлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Д.Шарааг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хоёр тал нотариатад уулзаж, тооцоо нийлж акт үйлдаж баталгаажуулсан. Д.Шараа нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгана гээд баталгаа бичиж өгсөн. Гэтэл энэ хугацаа өнгөрсөн ч мөн л үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Д.Шараагаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, 3 сарын хүүн 4 800 000 төгрөг, алдангид 12 400 000 төгрөг, нийт 37 200 000 төгрөгийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, өмгөөлөгч С.Санжаажамц нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Шараа болон Б.Баттулга нар нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд хуульд зааснаар алданги тооцох нөхцөлтэйгөөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдэгч тал нь өөрийн өмчлөлийн 44 м.кв бүхий хоёр өрөө байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг зээлдүүлэгч талд барьцаалуулан зээл гаргуулан авахаар тохиролцжээ.

Талууд зээлийн гэрээг анх байгуулахдаа хуулийн хүрээнд чөлөөтэй, шударгаар, бодитоор байгуулах зарчмыг удирдлага болгон хэрэгжүүлэн баримталж зээлдүүлэгч Б.Баттулга болон зээлдэгч нь зээлийн гэрээнийхээ агуулга, нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгуулсан байдаг. Гэрээний заалтуудаас иш татан авч үзэхэд зээлдүүлэгч Б.Баттулга болон зээлдэгч Д.Шараа нарын хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний зорилго, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлэхээр харилцан тохиролцсоны зэрэгцээ гагцхүү зөвхөн зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулан өгснөөр хүчин төгөлдөр үйлчлэхээр харилцан тохиролцсон байдаг. Иймд зээлдүүлэгч Б.Баттулга нь зээлдэгч Д.Шараад бодитоор зээлийн төлбөрийг шилжүүлж өгөөгүй, харин гуравдагч этгээд буюу Д.Эрдэнэбаатарт зээлдүүлсэн байдаг. Иймд Д.Шараа энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, өмгөөлөгч С.Санжаажамц нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Энэ гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр гэрээ биш байна. Гагцхүү зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр гэрээ болох байсан. Б.Баттулга нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр халхавчлан Д.Шараагийн хуульд зааснаар шударгаар олж авсан эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдаж, түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг дордуулж байгаа нь Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенц, Иргэний хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Баттулга, Д.Шараа нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Талууд зээлийн гэрээг хуулийн дагуу байгуулсан. Б.Баттулга нь гэрээнийхээ үүргийг бодитоор биелүүлээгүй бол шаардах эрх байсан ч хоёр жилийн дараа шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ байгуулснаас хойш хоёр тал уулзаж тооцоо нийлж, Д.Шараа баталгаа гаргаж өгснөөс харахад үүргээ биелүүлсэн байна. Гэрээнд хэрхэн яаж зээлийг зарцуулах талаар дурдаагүй байдаг. Зээлдэгч нь зээлсэн мөнгөө яаж ашиглах, юунд зарцуулах нь зээлдэгчид хамаагүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Шараагаас 32 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 400 000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Шараагийн өмчлөлийн нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байрны 11 тоот 44 м.кв талбайтай, Ү-2205059108 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Шараагаас 321 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баттулгад олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, процессын алдаа гаргасан, Иргэний хууль тогтоомжийг буруу хэрэглэж, нэхэмжлэгч талын нотлох баримтыг илүү баримтлах, түүнд ашигтайгаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тухай хуулийн заалтыг зөрчсөн тул гомдол гаргаж байна.

Шүүх зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор түүний өмчлөл рүү шилжүүлсэн нь тогтоогдохгүй байхад гэрээний 1.1-т, 3.2 дахь заалт болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчсөн. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаанд оролцогчид гагцхүү Б.Баттулга буюу зээлдүүлэгч, Д.Шараа буюу зээлдэг гэсэн үндсэн хоёр субъектийн хооронд хийгдсэн зээлийн гэрээ байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Б.Баттулга нь зээлдэгч Д.Шараад бодитоор зээлийн мөнгөө шилжүүлэн өгөөгүй харин Д.Эрдэнэбаатарт зээлдүүлсэн...”, “...мөнгийг хүлээн авах эрхийг Д.Эрдэнэбаатарт олгосон...” тул хариуцагч нь зээлийн төлбөрийг эгүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлдэгч зээлдүүлэгчээс олгосон мөнгийг дамжуулан Д.Эрдэнэбаатарт хуульд заасан хэлбэр шаардлагын дагуу бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэх үндсэн зорилготой байсан. Зээлдэгч Д.Шараа Д.Эрдэнэбаатарт зээлдүүлэгч Б.Баттулгаас мөнгө хүлээн авах зөвшөөрөл өгөөгүй.

Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд тайлбартаа зээлдүүлэгч Б.Баттулга нь зээлдэгч Д.Шараагийн өмчлөл рүү мөнгийг бэлнээр шилжүүлэн өгсөн хэмээн тайлбарлан хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шүүх хуралдаан даргалагч мөнгө бэлнээр хүлээлгэн өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шаардахад хэзээ, хаана ямар хэлбэрээр зээлдэгчийн өмчлөлд мөнгийг ямар хэлбэрээр шилжүүлэн өгснөө нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотолж чадаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдсан байгаа.

Зээлдэгч Д.Шараа нь зээлдүүлэгч Б.Баттулгаас 20 000 000 төгрөгийг бэлнээр, биет байдлаар хүлээж аваагүйн зэрэгцээ Д.Эрдэнэбаатарт зээлийн зүйлийг хүлээн авах эрхийг олгоогүй. Д.Эрдэнэбаатар нь гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгийг хоёр хувааж авсан гэдгийг гэрч мэдүүлсэн. Гэрч нь 10 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан энэ явдлыг Д.Шараа мэдээгүй, Б.Баттулга бид хоёр Д.Шараа ахад мэдэгдээгүй гэсэн гэрчийн мэдүүлгүүд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, харин ямар хэлбэрээр авсныг шүүх тодруулаагүй бөгөөд гэрчийн мэдүүлгүүд ойлгомжгүй, хоорондоо зөрүүтэй байгаа.

Мөн шүүх Хаан банкны 5017277811 тоот дансаар Б.Баттулгаас Д.Эрдэнэбаатарт мөнгө шилжүүлэн өгсөн баримтыг шинжлэн судлаагүй. Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулахын тулд зээлдүүлэгч Б.Баттулгаас зээлдэгч Д.Шараад мөнгө бэлнээр хүлээлгэн өгсөн баримт, дансаар мөнгө шилжүүлэн өгсөн дансны хуулгыг нэхэмжлэгч талаас албадан гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байхад шийдвэрлээгүй орхигдуулсан бөгөөд уг хүсэлтийг шүүхэд гаргаж өгөхөд нэхэмжлэгч Б.Баттулга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх нар нь 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгч болно хэмээн хэлж байсан.

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 11 цаг 00 минутад болсон шүүх хуралдааныг уг шүүхийн хурлын танхимд хийхгүй шүүх хуралдаан даргалагч өөрийн туслахын өрөөнд хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 90, 96 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Анхан шатны шүүх шийдвэртээ “Д.Шараа нь зээлийн мөнгийг хувьдаа захиран зарцуулаагүй нь тогтоогдож байхаас гадна зээлдэгч Д.Шараагаас Д.Эрдэнэбаатарт мөнгө хүлээн авах эрх олгосон, түүний дагуу гуравдагч этгээд болох Д.Эрдэнэбаатар зээлдүүлэгч Б.Баттулгаас хүлээн авсан нь гэрчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь зээлийн төлбөрийг эгүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны видео бичлэгт бичигдээгүй, хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэсэн “зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй” гэж үзэж Иргэний хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, процессын ноцтой алдаа гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага алдагдаж байна. Мөн шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагч Д.Шараагийн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх нь ноцтойгоор зөрчигдөж, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Баттулга нь хариуцагч Д.Шараад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 200 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлсэн мөнгө бодитоор шилжээгүй гэж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Энэхүү хэрэгт нэхэмжлэгч Б.Баттулга нь Д.Шарааг хариуцагчаар тодорхойлж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ /хх 6/, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн “Тооцоо нийлсэн акт” /хх 7/, мөн өдрийн Д.Шараагийн бичиж өгсөн баталгаа /хх 8/ зэргийг үндэслэн түүнээс 37 200 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчээс зээлийн гэрээнд заагдсан мөнгийг бодитоор шилжүүлэн аваагүй гэх тайлбар нь гэрч Б.Эрдэнэбаатарын “20 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг бэлнээр, 10 000 000 төгрөгийг дүүгийн дансаар шилжүүлэн авсан, анх Б.Баттулгаас мөнгө зээлэхийг хүссэн боловч Д.Шараатай гэрээ байгуулах болсон, мөнгийг би авсан тул төлнө” гэх мэдүүлэг, мөн түүний зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэгтэйгээ баталж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр гаргасан Б.Эрдэнэбаатарын  гарын үсэг бүхий баталгаа /хх15/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд зээлдүүлэгч тал мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Баттулга хариуцагч Д.Шараа нарын хооронд мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд хоорондоо 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх боловч нэхэмжлэгч Б.Баттулга нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Шараад шилжүүлэн өгөх үүрээ биелүүлээгүй тул Д.Шараагийн хувьд зээлийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй, Д.Шараагаас зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

Талуудын хоорондын гэрээнд зээлийн нөхцөлөөс гадна барьцааны үүргийг баталгаажуулсан агуулга заагдсан байх бөгөөд уг хэлцлийн агуулгын хувьд гэрээний талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, мөн зүйлийн 43.2.1-т зааснаар гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагчийн гэрээг хүчин төгөлөдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх мөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлсэн эсэх  талаарх маргааны үйл баримтыг тогтооход хамааралтай хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай хуулийн дээр дурдсан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00700 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ