Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01328

 

Г.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00434 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 985 дугаар магадлалтай

Г.Оын нэхэмжлэлтэй

Х.Цд холбогдох

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Оын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Доржжадамба, хариуцагч Х.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Интернетээс Титан гэр-400 маркийн металл хайгч багажийг зарах зарын дагуу Б.Эрдэнэбулганы хамт очиж үзэхэд бүх бичиг баримт байгаа гэж Х.Ц хэлсэн. Бид харилцан тохиролцож багажийг 23 000 000 төгрөгөөр худалдаж авч чадахгүй гэдгээ хэлэхэд багажийг Лексус-470 маркийн автомашинаа барьцаанд тавиад авч болох юм гэсэн. Ингээд автомашиныг Х.Цын нэр дээр шилжүүлж, хэн хэн нь энэ машиныг унахгүйгээр гараашид тавья гээд 1 дүгээр хорооллын тэнд байдаг ил зогсоол дээр байрлуулсан. Үүнээс хойш Х.Ц утсаа авахгүй, холбогдохгүй болсон тул би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Х.Ц надад багажаа 24 000 000 төгрөгөөр худалдаж, би өөрийн эзэмшлийн машинаа 23 000 000 төгрөгөөр үнэлсэн. Х.Ц багажаа надад 2 сарын хугацаатай зээлээр худалдаад би автомашинаа барьцаалсан. Х.Ц зөвхөн автомашины нэр шилжүүлэхийг л хүссэн. Иймд талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн эд хөрөнгө арилжих, худалдах агуулга бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, талууд дээрх хэлцэл буюу гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцааж өгөлцөж, авах үүргийг даалгуулах болон хэлцлээр хариуцагчид шилжсэн 98-98 УНЛ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би багажийг зарна гэсэн болохоос биш багажийг түрээслэнэ гэж зар тавиагүй. Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Турк Улс руу ниссэн. Титан гэр-400 маркийн металл илрүүлэгчийг 8 350 доллараар худалдаж авсан. Тухайн үед нэг доллар 2 380 төгрөг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би Монгол Улсад ирээд багажийг зарна гээд зар тавихад олон хүмүүс сонирхож байсан ч Г.О нь 98-98 УНЛ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг бартераар солилцъё гэж хэлээд машиныг 23 000 000 төгрөгөөр үнэлээд, уул нь 25 000 000 төгрөг боловч үнийг буулгаад 24 000 000 төгрөгөөр үнэлээд миний багажийг шалгаад, би машиныг үзээд солилцоо хийсэн. Г.О нь өөрийн биеэр машины нэрийг шилжүүлж, торгуулийг өөрөө төлсөн. Би Г.Оыг хууран мэхлээгүй, хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан. Би бичиг баримтыг дутуу өгөөгүй гүтгээд байна. Г.О гэдэг хүнтэй арилжаа хийхдээ нүдийг нь боож байгаад хүчээр дарамталж арилжаа хийгээгүй. Бүх зүйлийг шалгаж үзээд багажаа хайрцагтай нь өгсөн. Өөрийнхөө машиныг надад өгсөн. Тийм байж одоо ингэж байгааг нь гайхаж байна. Өвөг дээдсийнхээ юмыг хайна гэж байсан ч тэр нь олдоогүй болохоор намайг цагдаа, шүүхэд өгч байгаад нь гомдолтой байна. Би бүх дагалдах бичиг баримтыг өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: 98-98 УНЛ улсын дугаартай автомашиныг Х.Цаас 16 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Миний бие ч эрхийн зөрчилтэй гэдгийг мэдээгүй байж байгаад худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу автомашины гэрчилгээний нэрийг шилжүүлэх гэсэн боловч эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг шүүх хязгаарласан байсныг мэдсэн. Х.Цд гэрээний дагуу машины үнэ төлбөрийг бүрэн барагдуулсан. Шүүх эцэслэн шийдвэр гаргах хүртэл машин хэний өмч болох талаар тодорхойгүй байгаа. Гэхдээ гуравдагч этгээд нь Х.Цын нэрлэсэн дансанд 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Худалдах худалдан авах гэрээний дагуу гуравдагч этгээд Д.Ариунхүслэн нь машины хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Г.О нь хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдвол Х.Цаас гуравдагч этгээд нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00434 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Оын Х.Цд холбогдох 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн эд хөрөнгө арилжих, худалдах агуулга бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, талууд дээрх хэлцэл буюу гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцаан өгөлцөж, авах үүргийг даалгуулах, хэлцлээр хариуцагчид шилжсэн 98-98 УНЛ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 950 төгрөгөөс 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 62 350 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Од олгуулахаар шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 985 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00434 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...” гэснийг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00434 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 985 дугаар магадлал нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: ...шүүх хуралдааны явцад хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүгчийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн ...нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой хохироолоо. ...миний бие болон өмгөөлөгч Б.Даваажавыг нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа хэлж байхад удаа дараа таслан “гол юмаа ярь”, “юмаа тодорхой ярь”, “ярьж байгаа юм чинь давхцаад байна”, “буруу яриад байна”, “юмаа шалгаж авах боломж бололцоо бүрдээгүй гэж хэлэхэд шалгаад авахад яадгийн, тэр том өгч авалцаж байж” гэх мэтээр илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргасан атлаа хариуцагч талыг хөтөлж асуух, хариуцагчид үгийг нь засаж залруулж хэлж өгөх, хариуцагч хууль зүйн үндэслэлээ хэлж чадахгүй, түүнд нь сонгон авсан өмгөөлөгч нь туслахгүй байхад шүүх хуралдаан даргалагч “арилжааны гэрээ юм бишүү...”, “юмыг хүлээлгэж өгсөн юм байгаа биз дээ” гэх мэтээр илтэд хууль зүйн зөвлөгөө, туслалцааны шинжтэй үг зааж сануулж өгөх, татгалзлаа шүүх хуралдаанд тодорхойлж чадахгүй байхад хөтөлж чиглүүлж асуух зэргээр хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхийн үндсэн дээр чөлөөтэй мэтгэлцэх хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. ...Шүүгч Б.Баярмаа нь шүүх хуралдааныг завсарлачихаад, зөвлөлдөх тасалгаанд байж байхдаа шүүх хуралдааны танхимыг орхин гарч, эргэн орсон нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны журам, дэг, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн зэрэг нь хэрэгт хувийн сонирхол, гадны нөлөө орсон, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар итгэл үнэмшил бүхий болсон байсныг илтгэж байна.

...эдгээр хууль бус үйлдлүүд болон шийдвэр нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.7 дахь хэсэгт заасанчлан “хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн..., хэргийг дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцаах” үндэслэл мөн гэж үзэж байна.

Хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримтыг буруу үнэлэн иргэний хууль тогтоомжийг илт буруу хэрэглэж шийдвэр гаргасан тухай: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч болон зохигчийн мэдүүлэг зэргээс үзвэл зохигчдын хооронд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан Арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ” хэмээн Монгол Улсын Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь хариуцагч Х.Ц нь зээлээр худалдан авч болох тохиролцоог хийчхээд оронд нь түр хугацаагаар автомашиныг нь гэрээгээр биш шилжүүлэн авсан байдаг. Тухайн тохиролцоо, гэрээг бичгээр хийнэ, хийснийхээ дараа тухайн багаж төхөөрөмжийг шалгаж авах бололцоог бүрдүүлнэ гэсэн үйл явдал, нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс бүрэн тогтоогдож байхад илт нэг талыг барьж тухайн үйл явдлыг арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж үзсэнд харамсаж байна. Бидний зүгээс хэлцлийн агуулга, төрлөөс хамаарч тухайн үйл явдал нөхцөл байдлаас улбаалж арилжих, худалдах агуулга бүхий хэлцэл бол анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан хэмээн үзэж энэхүү үйл явдал нь Монгол Улсын Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл хэмээн үзэж энэ талаар шүүхэд өөрсдийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэл, агуулгаа тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

“Нэхэмжлэгч Г.О нь нэхэмжлэлдээ зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан гэх байдлаар зөрөөтэй мэдүүлэг тайлбар өгдөг. Хариуцагч Х.Ц нь зохигчдын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэдэг” хэмээн шүүх хуралдааны нөхцөл байдал, зохигчдын тайлбар зэрэг нь тухайн шүүхийн шийдвэртэй зөрж байна. Учир нь хариуцагч Х.Ц нь энэхүү нөхцөл байдлыг хэзээ ч арилжааны гэрээ гэж үзээгүй, хэлээгүй, мэтгэлцээгүй, нотлоогүй байхад шүүх өөрийн үзэмжээр асуудалд хандаж хэлээгүй зүйлийг хэлсэн, нотлоогүй зүйлийг нотолсон мэтээр үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн нөхцөл байдал нь хууран мэхлэхээр замаар явсан, баримт бичиг, дагалдах зүйлүүдээ өгөөгүй гэж хэлж тайлбарлаж, гэрчийн мэдүүлгээр хүртэл энэ нь нотлогдож байхад зөрүүтэй байна, тэгэж маргадаг, шүүх бол тэгж үзэж байна гэх мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхийн үндсэн дээр оролцох боломж, бололцоог хаагдуулсан.

“Нэхэмжлэгч нь зээлээр худалдах болон барьцааны гэрээ байгуулагдсан буюу хариуцагч нь арилжааны гэрээ байгуулагдсан гэж маргадаг боловч нэхэмжлэгч Г.Оын, худалдах худалдан авах, зээлээр худалдах худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан гэх тайлбар, татгалзал хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй. Талууд энэ шалаар бичгийн хэлбэртэй гэрээ хэлцэл байгуулаагүй болох нь тогтоогддог” гэх зэргээр өөр хоорондоо зөрчил бүхий дүгнэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй. ...тухайн шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас харахад бидний зүгээс зээлээр худалдах болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч нь арилжааны гэрээ байгуулагдсан гэж маргадаг боловч...” гэж огт тайлбарлаж маргаагүй ба харин Titan ger-400 маркийн багажийг худалдан авах, арилжих агуулга бүхий хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан, хууран мэхлэгдсэн үйл явдал болсон талаар маргаж шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, холбогдох нотлох баримтыг шүүх буруу дүгнэж шийдвэрлэсэнд харамсаж байна.

“Түүнчлэн Г.Оын өмчлөлийн 98-98 УНЛ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашины өмчлөгчөөр 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс Х.Цд бүртгэгдсэн Автотээврййн Үндэсний төвийн бүртгэл хэрэгт авагджээ. Эндээс үзвэл 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автомашины өмчлөгч Г.О байсан боловч мөн өдрөөс Х.Ц өмчлөгчөөр бүртгэгдэн, металл илрүүлэгч Titan ger-400 маркийн багаж мөн өдрөөс хойш Г.Оын гэрт байгаа болох нь хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогддог” хэмээн дүгнэжээ. Тухайн үйл явдал, бодит нөхцөл байдлыг талаар бидний зүгээс шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг, гэрчүүд ч мөн үнэн зөв мэдүүлэг өгсөөр байхад шүүх холбогдох нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэлгүй асуудалд хэт хайнга хандаж тохиролцоо хийсэн, гэрээ хийгдсэн мэтээр дүгнэж тухайн үед нь шалгаад авахад яадгийн гэж дайрч машинаа шилжүүлчих, дараа нь юмыг шалгаад авах, гэрээ байгуулах нөхцөлөөр хангана гэх нөхцөл байдлыг огт тоогоогүй, гэрч ч гэсэн энэ талаар мэдүүлээд байхад хариуцагчийн хэлсэн үгэнд итгэж, бусад нотлох баримтууд байгаагүй мэтээр асуудалд хууль зүйн үндэслэлгүй хандсан гэж үзэхэд хүрч байна.

“Үүнээс үзвэл зохигчид Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг үүссэн болох нь тогтоогдож байх ба 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Х.Цын өмчлөлийн металл илрүүлэгч Titan ger-400 маркийн багажийг 24,000,000 төгрөгөөр үнэлэн Г.Оын өмчлөлд шилжүүлэхээр, харин Г.Оын өмчлөлийн 98-98 УНЛ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг 23,000,000 төгрөгөөр үнэлэн X.Цацралын өмчлөлд харилцан шилжүүлэн, арилжах эд хөрөнгийн зөрүү 1,000,000 төгрөгийг 2 сарын дараа төлөхөөр харилцан тохиролцсон арилжааны гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна” гэж мөн л буруу, огт яригдаагүй, зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна. Учир нь бидний хооронд огт тийм тохиролцоо, гэрээ хэлцэл яригдаагүй, энэ нь хариуцагчийн гүжирдлэгийн шинжтэй, хууль бус тайлбар гэдгийг бидний нэхэмжлэл, нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг бүрэн нотлоно. Тодруулбал: Хөрөнгө харилцан солилцох хэлцэл огт явагдаагүй, харин тухайн төхөөрөмжийг худалдан авах, барьцаа болгож автомашин шилжүүлэх зэрэг хэлцэл явагдаж худалдан өгөхөөр ярилцсан төхөөрөмжийг холбогдох баримт бичиг зэрэг дутуу өгч, хуурч мэхэлсэн үйлдлүүд байсан бөгөөд зөрүү нэг сая байсан өгнө гэсэн гэж дүгнэсэн нь илт буруу юм.

“Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээг мөн хуульд бичгээр байгуулах гэрээний төрөлд хамааруулахгүй байх тул нэхэмжлэгч уг тохиролцоог бичгээр байгуулахаар тохиролцсон болон зээлээр худалдах худалдан авах , барьцааны гэрээний үндсэн болон бусад үүрэг үүссэн гэх Г.Оын тайлбар татгалзал үндэслэлгүй байна” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээ, арилжааны шинжтэй гэрээ, зээлээр худалдах худалдан авах гэрээний аль хэлбэр бүхий хэлцэл байгуулагдах байсан боловч энэ нь хууль зөрчиж, тухайн эд хөрөнгийн дагалдах бичиг баримтуудыг өгөөгүй, ажиллуулах боломжгүй, шалгаж авах нөхцөл байдлаар хангаагүй учир хүчин төгөлдөр бус, төгөлдөр бусад тооцуулах хэлцэл хэмээн үзэж шүүхэд маргасан. Гэтэл шүүх энэ төрлийн гэрээ байгуулагдсан мэтээр дүгнээд байгаа нь өөрөө хууль бус мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад огт ийм зүйл, тайлбарыг хэлээгүй байхад хэлсэн, тайлбарласан маргасан гэж дүгнэж байгаад харамсаж байна.

“Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 423,1, 43 дугаар зүйлийн 43,1,1, 196 дугаар зүйлийн 196,1,1, 196,1,5 дэх хэсгүүдэд зааснаар хэлцлийг амаар, бичгээр хийж болохоор заасан байх ба амаар хийх хэлцлийг хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирон, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцон, Х.Цын амаар гаргасан саналд тэр даруй Г.О хариу өгч зөвшөөрөн эд хөрөнгүүдийг харилцан өмчлөлдөө шилжүүлсэн байх тул зохигчдын хооронд амаар арилжааны гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.1 дэх хэсэгт зааснаар зохих ур дүн гарч өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд эд хөрөнгө шилжсэнээр хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шинээр зохигчдод харилцан шилжсэн байна” хэмээн шүүх дангаараа, өөрийн санаачлагаар, сайн дураараа ийм дүгнэлт хийж, авч үзсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцохоос гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлж оролцдог. Гэтэл бидний зүгээс тухайн нөхцөл байдал хууран мэхлэгдсэн хэлцэл хийх замаар явагдсан үйл явдал гэж нотлосоор байтал үнэлээгүй тэгсэн хэрнээ хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлоогүй байхад түүнчлэн арилжааны гэрээний агуулга бүхий тайлбар, үндэслэлийг огт дурдаагүй байхад дурдсан, хэлсэн, нотолсон мэтээр үнэлж дүгнэн, хэт нэг талыг барьсанд харамсаж байна.

“Нэхэмжлэгч Г.Оын хувьд хууль бус эзэмшлээс автомашинаа шаардах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь арилжааны гэрээнээс татгалзах санал гэж үзэх үндэслэлтэй ч Г.О нь арилжааны гэрээний үүрэгт шилжүүлэн авсан металл илрүүлэгч багажийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255,1,1, 255,1,2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар маргаагүй, мөн тус эд хөрөнгийг хүлээж авах үедээ шалган авах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 251, 254 дүгээр зүйлд заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна ” хэмээн өөр хоорондоо зөрүүтэй, зарим дүгнэлтээ буруу хийсэн гэж үзэж байна. Тухайлбал: хэрэв худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар, арилжааны гэрээний холбогдох хэсэгт зааснаар “...биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” үүрэг хүлээдэг. Гэтэл шүүх металл илрүүлэгч багажийн холбогдох баримт бичиг худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд бүрэн шилжээгүй гэж мэтгэлцэж тайлбарлаж, худалдагч энэ байдлаа нуун дарагдуулсан учир тэр даруй мэдэж холбогдох шаардлагаа тавьж шүүхэд хандсан, хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус, хууран мэхэлсэн хэлцэл байсан хэмээн үзсэнийг огт шийдвэртээ дурдаагүй нь дээр асуудалд хэт нэг талыг барьж дүгнэлт өгч, шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

“Нэхэмжлэгч арилжааны гэрээг хууран мэхлэх аргаар хийгдсэн гэж үзэж хучин төгөлдөр бус гэж тооцуулахаар маргасан нь үндэслэлгүй байх ба хууран мэхэлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, гаалийн бичиг, баталгааны хуудас, сертификат гэх зэрэг дагалдах бичиг баримт өгөөгүй үйлдэл нь хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм ” гэжээ. Гэтэл холбогдох нотлох баримт, тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд тухайн хэлцлийг хариуцагч Х.Ц нь хууран мэхлэх арга замаар хийж нэхэмжлэгч намайг хохироосон болохыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын зүгээс энэ нөхцөл байдал, үндэслэлийг хангалттай тайлбарлаж нэхэмжлэлээ нотолж байсан боловч шүүх шийдвэрийнхээ аль ч хэсэгт энэ талаар дурдаагүй дүгнэлт өгөөгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг огт үнэлээгүйд харамсаж байгаагийн зэрэгцээ гэрчүүдийн мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйд харамсаж байна. Өөрөөр хэлбэл шүүх холбогдох нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн үндэслэл журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон гэдгийг тодотгон хэлмээр байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийг буруу хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00434 дугаар шийдвэр, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 985 дугаар Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Г.О нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Х.Цаас түүний зарж байсан Титан жер-400 маркийн металл хайгч багажийг худалдан авахаар тохирч, өөрийн эзэмшлийн Лексус-470 автомашиныг барьцаанд тавих зорилгоор эзэмшлийг нь хариуцагчид шилжүүлж, багажийг авсан боловч хариуцагч нь гэрээгээ байгуулалгүй автомашиныг өөрийн эзэмшилд авч, ашиглаж эхэлсэн үндэслэлээр хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэн, гэрээний дагуу шилжүүлсэн автомашинаа буцаан шаардсан байна.  

Хариуцагч Х.Ц нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...24 000 000 төгрөгийн үнэтэй металл илрүүлэгч багажийг худалдан авахаар болж, төлбөрт нь 23 000 000 төгрөгийн үнэтэй өөрийн машинаа өгөхийг хүссэнд би зөвшөөрч, багажаа шилжүүлсэн. Г.О нь өөрөө автомашинаа миний эзэмшилд шилжүүлж, надад авчирч өгсөн. Түүнийг залилж мэхлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр талуудын хооронд Иргэний хуулийн   274 дүгээр зүйлд заасан Арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, гэрээний дагуу шилжүүлэн авсан эд хөрөнгөд доголдол үүссэн талаар маргаагүй, гэрээг хууран мэхэлж хийсэн нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Улмаар тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарт үндэслэгдсэн, шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шийдвэрт найруулгын болон агуулгын, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул шүүх талуудын тэгш эрхийн үндсэн дээр чөлөөтэй мэтгэлцэх хуульд заасан журмыг зөрчсөн, хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 985 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 310 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД