| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/98 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/98
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шинжээч эмч Ш.Ц /онлайнаар/,
хохирогч Ч.А,
гэрч Д.М,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Гөд холбогдох 2008000001550 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, ... ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Г /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар татаж газарт унаган, атгасан гараараа толгой руу нь 4-5 удаа цохиж, баруун гараараа хоолойг нь боон, нэг удаа шал мөргүүлж, зодон биед “тархи доргилт, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр манайд ... байдаг Х, М гэх найз маань ирсэн байсан. Би хоол хийж өгөөд 1 шил архи гаргаад хувааж уусан. Тэд нар танайд баймааргүй байна, гаръя гэсэн бөгөөд тухайн үед би 2 хүүхдээ харж байсан болохоор гарч чадахгүй гэсэн. Уул нь бид нар өөрсдөө очихоороо дайлуулж, цайлуулаад 14 хоног орчим хонож өнждөг юм. Тэгээд гарах боломжгүй тул дахин 1 шил архи авч уусан. Энэ үед эхнэр гаднаас орж ирэхээр нь хоол унд хийгээдэх гэж хэлээд хоол унд хийлгүүлсэн. Өдөр нь манайд хуучин БЗД-ийн салбарт хамт ажиллаж байсан Д-ын эхнэр М нь орж ирээд тусалсанд баярлалаа гээд манай хүүхдүүдэд чипс, тараг өгөөд гарсан юм. Тэгсэн манай хүүхдүүд орой ээждээ манайд нэг эгч орж ирээд гарсан гэж хэлсэн байсан. Би энэ талаар эхнэртээ тайлбарлаж хэлсэн. Манай эхнэр маш их хартай. Янз бүрийн юм сэтгэн бодож янз бүрээр намайг хэлдэг бас, эцэг, эх рүү хүртэл дайрдаг. Мөн намайг урд нь зодож байсан. Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай эхнэр хэл амаар доромжлоод дайраад байхаар нь хүзүүдсэн, ингэх явцдаа халтирч, доороо хийж унасан юм. Би өөрийгөө хамгаалах явцад манай эхнэрт гэмтэл учирсан байх. Түүнээс би түүнийг зодож цохиогүй. Би өөрийгөө аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна. Би тухайн үед цохиулаагүй, намайг цохих гээд дайрахаар нь би 2 гарыг нь барьж авсан. Урд нь дайрч байсан болохоор айсан юм. Би архи уусан байсан ч тухайн үйл явдлыг санаж байна, ухаан мэдрэлгүй болтол уугаагүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: “....2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө ажилдаа яваад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Манай хүн хоёр найзынхаа хамтаар үргэлжлүүлээд уугаад сууж байсан. Намайг хоол хий гэхээр нь хоол хийж өгсөн. Тухайн үед И гэх найз нь ирж хамт уусан. Тэгээд би хоёр хүүгээ хойд талын өрөөнд оруулаад унтуулах гэхэд унтахгүй чипс идээд байхаар нь хэн өгсөн юм гэхэд өдөр нэг эгч ирээд өгсөн гэхээр нь хэвтэж байгаад Төгсөөг дуудаад хэн ирсэн юм гэхэд хэлэхгүй байхаар нь хэд хэдэн удаа шавдуулж байгаад асуутал хэлсэн. Тэгснээ гэнэт огцом уурлаад чи хартай, сэтгэцээ шалгуул энэ тэр гээд уурлаад бид хоёр муудалцсан. Тэгээд миний толгойг салтаандаа хавчуулж байгаад толгой руу хоёр гараараа ээлжлээд цохисон. Үүнийг манай хоёр хүүхэд хэлсэн, таныг ингэж цохисон гэж хэлсэн. Бас футболкоор миний хүзүү ороогоод хана руу шахсан, энэ үед М гэх найз нь нөгөө өрөөнөөс ирээд Гийн 1 гарыг бариад болиулсан. Би боолтод тухайн үед орсон байсан тул энэ үед сулрахаар нь гар утсаа аваад тэр чигтээ гүйж гараад цагдаа дуудсан. Би мөрдөн байцаалтад анх мэдүүлэг өгөхдөө айдастай, толгой маш их өвдөж байсан тул өөрийнхөө санаж байгаа хэмжээгээрээ мэдүүлэг өгсөн байх. Одоо бол салтаандаа миний толгойг хавчуулчхаад толгой руу цохиод байсныг маш сайн санаж байна. Манай хоёр хүү энэ үйл явдлыг бас харсан байсан, шаардлагатай гэвэл хүүхдүүдээ ч гэсэн асуулгамаар байна. Би нөхрөө гүтгээгүй. Намайг зодчихоод яагаад зодоогүй гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Би тухайн өдөр Гийн эсрэг үйлдэл хийгээгүй, хийх ч боломж байгаагүй. Энэ хүн урд ч гэсэн намайг зодож, үсдэж чирч байсан. Огноог сайн санахгүй байна, цагдаад хандаж байгаагүй. Ер нь манай нөхөр намайг өөрийн ажлын газрын хүүхнүүдтэй харьцуулж, чи ийм байна, тийм байна, ингэж хувцасла гэх мэт байдлаар өөлдөг, энэ байдал надад хэцүү байдаг” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Гийн ээж юм. Би эд нарын амьдралд оролцдоггүй. Манай бэр хурц ааштай хүн. Намайг өмнө нэг удаа янхан авгай хэлж байсан удаатай. Мөн манай хүүг зодсон гэж байсан хэзээ гэдгийг санахгүй байна. Тухайн хэрэг гарах хугацаанд хамт байгаагүй тул болсон гэх асуудлын талаар мэдэхгүй.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шинжээч эмч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Тус дүгнэлтийг гаргахдаа иргэн Ч.Аийн биед үзлэг хийх болон толгойн КТГ зэргийг үзэж харан гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан дүгнэлтийг гаргасан. Ингэхэд Ч.Аийн баруун бугалганы дотор хэсэгт 12х2см хөхөлбөр ягаан, урд дунд хэсэгт нь 1х1см ягаан цус хуралттай. Баруун шууны урд дээд хэсэгт 3х0,3см арьсны өнгөц зулгаралттай, зүүн чамархайд тэмтрэхэд эмзэглэлтэй, толгойн КТГ-д тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Зүүн зулай болон чамархай хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай гэж тэмдэглэгдсэн байсан. Эдгээр гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байсан. Тархи доргилт үүссэн байх үндсэн шинж нь толгой өвдөх, дотор муухайрах, хүзүү хөших, тархинд хаван хавдар үүсэх, нүдний алимны чичирхийлэлт үүсэх гэх мэт шинжүүд илэрдэг. Гэхдээ энэ бүх шинжүүд нэгэн зэрэг илэрсэн байхыг шаардахгүй. Өмгөөлөгчийн асуусан асуулт нь тархи доргилт үүсэх шинжийг бус тархи доргилтын улмаас үүсэх үлдэц хор уршигтай андуурч асуултаа тавиад байна. Тархи доргилтын улмаас үлдэц үүссэн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг 5 хувиар тогтоодог тохиолдол байдаг. Харин Ч.Аийг үзэхэд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хавтаст хэргээс:
Хохирогч Ч.Аийн мэдүүлэг /хх-ийн 10-11х, 13-14х, 16-18х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12330 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28х/, гэрч Д.Мгийн мэдүүлэг /хх-ийн 23-24х/, Г.Гөөс холбогдогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 20-22х/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 74х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80х/, шүүгдэгч Г.Гийн мэдүүлэг /хх-ийн 56-58х/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 2 ширхэг баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ өөрийн эхнэрийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Г.Г нь эхнэрийнхээ хийсэн хууль бус үйлдлийн хариу үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалтын шинжтэйгээр үйлдсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах өгнө үү. Мөн хохирогчид учруулсан гэх гэмтлийг /халтирч унах явцдаа доор хийж дарсан үйлдэл нь гэх/ болгоомжгүйгээр учруулсан шинжтэй, Эрүүгийн хуульд болгоомжгүйгээр хөнгөн гэмтэл учруулах гэсэн зүйл анги байхгүй байгаа тул энэ үндэслэлээр ч гэсэн аваад үзэх юм бол гэмт хэрэг биш юм. Иймд түүнийг цагаатгах үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод өөрийн эхнэр Ч.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч Ч.Аийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... хорооллын ... дугаар байрны ... тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад 20 цагийн орчимд гэртээ явж очиход манай нөхөр Г, Х, Маа гэх хүмүүстэй архи уугаад сууж байсан. Маа гээд найз нь хөдөөнөөс ирсэн болохоор би хоол хийж өгсөн. Тэгээд орой 00 цагийн орчимд манай хоёр хүүхэд чипс идээд унтахгүй суугаад байхаар нь би “ямар учиртай юм бэ, хэн өгсөн юм” гэж хоёр хүүхдээсээ асуухад аавын ажлын эгч ирээд өгчхөөд явсан гэж хэлсэн. Би нөхөр Гийг өрөөндөө дуудаад “манай гэрт ямар хүн ирээд явсан юм бэ, би таних юм уу” гэж асуухад “чамд хамаагүй” гэж хэлээд байсан. Би тэгэхээр нь “энэ гэрт би байгаа юм чинь мэдэх эрхтэй юм байгаа биз дээ” гэж хэлээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Манай нөхөр Г намайг хартай, сэтгэцийн өвчтэй гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай нөхөр Г нь миний хоёр гарыг татаж аваад миний толгойг салтаандаа хавчуулаад 2 гараараа ээлжлээд цохиод байсан. Би тэр үед нөхрөөсөө холдох гээд орилж байхад Маа гэх найз нь ирээд та хоёр яагаад зодолдоод байгаа юм бэ гэж хэлээд манай нөхрийн нэг гарыг нь татаж авахад Г нөгөө гараараа миний өмсөж байсан футболкноос зуураад миний хоолойг боосон, энэ үед М гэх найз нь салгаад авсан. Тэр үед миний толгой аймаар өвдөөд байсан тул дахиад намайг зодох гээд байхаар нь гэрээсээ хөл нүцгэн гүйж гараад цагдаагийн байгууллагад хандсан. Г бид хоёр 6 жил хамт амьдарч байгаа. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байгаа. Бид хоёрын дунд 4, 5 настай хоёр хүүхэд байгаа. Манай 2 хүү энэ үйл явдлыг бас харсан байсан, шаардлагатай гэвэл хүүхдүүдээ ч гэсэн асуулгамаар байна. Би нөхрөө гүтгээгүй. Намайг зодчихоод яагаад зодоогүй гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Би тухайн өдөр Гийн эсрэг үйлдэл хийгээгүй, хийх ч боломж байгаагүй. ...Манай гэрт нөхрийн найз Х, М гэх хүмүүс байсан. Х нь юу болсон талаар огт мэдэхгүй тасраад уначихсан байсан. Харин М гэх найз нь бид хоёрыг салгасан. Би гомдолтой байна. Эмчилгээний төлбөрийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12330 дугаартай: “...Ч.А-н биед тархи доргилт, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28х/,
Шинжээч эмч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тус дүгнэлтийг гаргахдаа иргэн Ч.Аийн биед үзлэг хийх болон толгойн КТГ зэргийг үзэж харан гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан дүгнэлтийг гаргасан. Ингэхэд Ч.Аийн баруун бугалганы дотор хэсэгт 12х2см хөхөлбөр ягаан, урд дунд хэсэгт нь 1х1см ягаан цус хуралттай. Баруун шууны урд дээд хэсэгт 3х0,3см арьсны өнгөц зулгаралттай. Зүүн чамархайд тэмтрэхэд эмзэглэлтэй, толгойн КТГ-д тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Зүүн зулай болон чамархай хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай гэж тэмдэглэгдсэн байсан. Эдгээр гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байсан. Тархи доргилт үүссэн байх үндсэн шинж нь толгой өвдөх, дотор муухайрах, хүзүү хөших, тархинд хаван хавдар үүсэх, нүдний алимны чичирхийлэлт үүсэх гэх мэт шинжүүд илэрдэг. Гэхдээ энэ бүх шинжүүд нэгэн зэрэг илэрсэн байхыг шаардахгүй.Өмгөөлөгчийн асуусан асуулт нь тархи доргилт үүсэх шинжийг бус тархи доргилтын улмаас үүсэх үлдэц хор уршигтай андуурч асуултаа тавиад байна. Тархи доргилтын улмаас үлдэц үүссэн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг 5 хувиар тогтоодог тохиолдол байдаг. Харин Ч.Аийг үзэхэд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Д.Мгийн: “...Г нь миний хүү. Гийн гэр бүлийн талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан бэр Алтаннавч нь түргэн ууртай. Алтаннавч нь маш хартай болохоор гэр бүлийн маргаан бага зэрэг болдог байсан гэсэн. Би тухайн хүний амьдралд оролцож байгаагүй. Нэг удаа Алтаннавч нь Г зодоод байна гэж утсаар ярьж байсан. Хэзээ гэдэг талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Г.Гийн “...орой 22 цагийн орчимд унтахаар болсон. Тэр үед манай хүүхдүүд өдөр гэрт нэг эгч орж ирчхээд гараад явсан гэж хэлэхэд манай эхнэр аймаар уурлаж эхэлсэн. Учир нь манай найзын эхнэр болох М гэрт орж ирж тусалсанд баярлалаа гэж хэлээд хүүхдүүдэд чипс, тараг өгөөд гарч явсан. Тэрнээс болж манай эхнэр намайг тэр эмэгтэйтэй хардаж ... хэл амаар доромжлоод хэрүүл эхэлсэн. Манай эхнэр угийн хартай болохоор би тайвшруулах гэж их оролдсон, бараг 1 цаг гаруй болсон. Манай ээж аавыг доромжлоод над руу дайраад байхаар нь би хүзүүдэж автал би халтираад уначихсан. Тэр үед манай эхнэр миний доор ороод толгойгоороо газар саваад уначихсан. Намайг гараараа цохих гээд байхаар нь би гарын булгалгаснаас барьчихсан юм. Тэр үед манай найз М ирээд намайг салгаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “...өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, 3-т “...аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “...гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж хуульчилсан.
Хэргийн үйл баримтаас харвал, тухайн үйл явдал болох үед унтлагын өрөөнд хохирогч, шүүгдэгч, 4-5 насны хоёр хүүхэд, нөгөө өрөөнд шүүгдэгчийн найз М /жинхэнэ нэрийг мэдэхгүй гэх/, Х нар байсан, Х нь унтаж байсан гэх бөгөөд улмаар хохирогч Ч.А өдөр гэрт нь ирсэн гэх эмэгтэйн асуудлаас улбаатайгаар шүүгдэгч Г.Гтэй харилцан маргалдсан болох нь хохирогч Ч.А, шүүгдэгч Г.Гийн мэдүүлгээр тогтоогдсон.
Хохирогч Ч.А нь “тухайн үед шүүгдэгчтэй маргалдсанаас өөр үйлдэл хийгээгүй” гэж, /хх-ийн 10-11х, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт “...эхнэр намайг хэл амаар доромжлоод байсан, намайг цохиж зодоогүй, надад учирсан гэмтэл байхгүй, өмнө намайг зодож байсан тул над руу дайрах байх гээд айгаад хүзүүдэж авсан, ингэх явцдаа халтирч унахдаа эхнэрийг доороо хийж унасан” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, хохирогч Ч.А нь өөрийн нөхөр Г.Г рүү хууль бусаар халдаж довтолсон үйлдэл хийгээгүй, халдлага эхлэх нь тодорхой болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүгдэгч Г.Г нь өөрийн хийсвэр таамаг дээр үндэслэн хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийснийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Г.Гийн энэхүү өөрийнх мэдүүлсэнчлэн өрсөж хийсэн гэх үйлдэл нь хүч хэрэглэсэн байдлаар үйлдэгдсэн төдийгүй өөрийн үйлдлээс хохирогчид гэмтэл учирна гэдгийг сэтгэхгүйн хувьд ухамсарласан, хүсэж үйлдсэн шинжтэй байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.
Иймд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлууд гэж үзсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал дүгнэлт нь дээр байдлаар үгүйсгэгдсэн болно.
Хохирогч Ч.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг өөр хооронд нь харьцуулбал, тэрбээр “...Г.Г нь толгой руу хэд хэдэн цохисон, хоолой боосон” гэх асуудлын талаар агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, харин цохилтын тоо болон бусад асуудлын талаар мэдүүлэхдээ “...толгой руугаа цохиулж гэмтэл авсны дараагаар толгой нь маш их өвдсөн, сэтгэл санаа хямарсан байсан, мөн тухайн үед жирэмсэн байсан гэдгийг сүүлд нь мэдсэн, зулбасан, энэ бүх нөхцөл байдал нь мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй, мэдүүлэг өгөх бүртээ өөрийн санаж буй хэмжээгээр мэдүүлж ирсэн, санах, санахгүй байх тохиолдол гарч байсан” хэмээн мэдүүлсэн тул хохирогчийг худал мэдүүлсэн гэж үзэхээргүй байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Аид тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг дүгнэлтийг гаргахдаа хохирогчид биечлэн үзлэг хийх болон толгойн КТГ-д бичигдсэн онош дээр үндэслэж гаргасан талаар шинжээч Ш.Ц мэдүүлсэн тул хохирогчийн “толгойд гэмтэл учирсан гэх” мэдүүлэг давхар нотлогдсон гэж үзнэ.
Шинжээч нь дүгнэлт гаргахдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын баримталж гаргасан, уг журмын 2.4.1-т зааснаар хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан, энэ нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэдгийг, мөн тархи доргилт үүссэн үед ямар шинж тэмдэг илрэн гарахыг тодорхой тайлбарлаж дүгнэлт, мэдүүлэгтээ илэрхийлсэн байх боловч шүүгдэгчийн өмгөөлөгч нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг тодруулбал, тархи доргилтын үлдэц үүссэн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 5 хувиар тогтоох тухай асуудлыг тархи доргилт үүссэн үед илрэн гарах шинж тэмдэгтэй хольж, улмаар уг асуудалд үндэслэн хохирогчид учирсан гэмтлийг эргэлзээ бүхий байна гэж үзсэн нь учир дутагдалтай тул шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Г.Гийн “...би хохирогчийн биед халдаагүй, зодож цохиогүй” гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгааг тэмдэглэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Г, хохирогч Ч.А нар нь албан ёсны гэр бүл болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 74х/-аар тогтоогдсон, Г.Г, Ч.А нар гэр бүлийн таарамжгүй харилцаа, бие биеэ хүндэлдэггүй байдал, хохирогч Ч.Аийн нөхрөө хардах сэтгэлзүйн тогтворгүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхээргүй байх боловч энэ байдал нь зарим талаар шүүгдэгч Г.Гтэй өөрийнх үйлдэлтэй холбоотой байна. Учир нь тэрбээр, өөрийн эхнэрийг өөр бусадтай харьцуулж үнэлж дүгнэх, биеэ хэрхэн авч явах зэргийг заасан үйлдэл нь хохирогчийн өөртөө итгэх итгэл, үнэлэх үнэлэмжийг бууруулах, нөхрөө ажлынх нь газрын эмэгтэйчүүдтэй холбож ойлгох, хардахад хүргэсэн байж болзошгүй нь хохирогчийн мэдүүлгийн агуулгаас харагдах ажээ.
Шүүгдэгч Г.Г нь уг асуудлыг эвээр шийдэх, харилцан ярилцаж ойлголцохын оронд уурлах, хартай, сэтгэцийн өвчтэй гэх мэтээр хэлж хохирогчийн толгой, биеийн бусад хэсэг рүү цохих, боох зэргээр хүч хэрэглэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, сэтгэл санааны болон биеийн махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Г.Гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирлын хувьд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ, оношилгоо хийлгэсэн, хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотойгоор 650.000 төгрөгийг баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 37-39х/ уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Гөөс 650.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Аид олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...нэгэнт гэм буруу дээр маргаж оролцсон тул торгох ялын төрөл, хэмжээн дээр илэрхийлэх байр суурь байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Гөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, мөн шүүгдэгч Г.Гийн хувийн байдал буюу тэрбээр ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гөд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гөд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гөөс 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Аид олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ