Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2017/00658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ж.Б- -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  У ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

2016 оны 03 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, У ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Буд, өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд болон төлөөлөгч С.Буд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У ХХК-тай байгуулсан 2016 оны 03 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 сарын 04-ний өдрийн 15/150 дугаартай зээлийн гэрээний 1.1-т заасан ...3 хувийн хүүтэй, 2.1-т заасан энэхүү гэрээний үнийн дүнгийн 25 хувийг нэмж тооцсон төлбөрийн хамт.... гэсэн заалт нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж хийгдсэн ноцтой төөрөгдөлд оруулсан байх тул уг гэрээний дээрх заалтыг хүчин төгалдөр бусад тооцуулах, 2015 оны 5 сарын 06-ний өдрийн 15/155 дугаартай Тээврийн хэрэгсэл-худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчиж хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, Автомашины санхүүгийн түрээсийн 2015 оны 05 сарын 06-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн Иргэний хуулийн 56.1.3, 58 дугаар зүйлийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 3 сарын 31-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 3 сарын 31-ний өдрийн Фидуцын гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тус тус тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч У ХХК шүүхэд болон төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б- манай байгууллагад 2011 оны 08 дугаар сарын 16-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан такси тээврийн үйлчилгээний автомашины жолоочоор ажилд орж, такси тээврийн үйлчилгээ үзүүлэх болсон. 2015 оны 05 сарын 06-ны өдөр Ж.Бат- Эрдэнэ манай компанид хүсэлт гаргаж ** улсын дугаартай автомашиныг 7,800.000 төгрөгөөр худалдаж, автомашины түрээсийн гэрээ байгуулах санал гаргасныг хүлээн авч Тээврийн хэрэгсэл худалдан авах тухай 15/155 тоот гэрээ мөн Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ ТТ-15-044 тоот гэрээг байгуулж Ж.Бат- Эрдэнэ санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр автомашиныг эзэмших болж гэрээнд заасны дагуу бидний өмнө хүлээсэн үүргээ биелүүлвэл тодорхой хугацааны дараа автомашиныг өмчлөлд нь шилжүүлэх үүргийг бид хүлээсэн.

2016 оны 03 сарын 31-ний өдөр Ж.Б- манай компанид хандан өргөдөл гаргахдаа: *Ж.Б- би ** улсын дугаартай машиныг гэрээгээр эзэмшдэг ба санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 4.919.514 төгрөг бөгөөд 2016 оны 03 сарын 31-ний өдөр туc компаниас авсан зээлийн нийт үлдэгдэл 8.250.231 төгрөг болж байна. 2016 оны 03 сарын 31-ний өдөр улдэгдэл 4.919.514 төгоөгийг бүрэн төлж санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна. Би зээлийн гэрээний 8.250.231 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулаад санхүүгийн турээсийн гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэх ** дугаарын элентра маркийн автомашиныг УБТТС XXК-ийн гэрээнд барьцаалж зээлийн гэрээг бурэн биелүүлсэний дараа өөрийн нэр дээр шилжуулж авах хүсэлтэй байна гэсний дагуу Ж.Б-тэй 2015 оны 03 сарын 31-ний өдөр ЗГ-16-020 дугаартай зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулж 2015 оны 05 сарын 06-ны өдөр байгуулсан Автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгох тухай акт үйлдсэн байдаг Энэхүү зээлийн гэрээгээр нийт 6.794.514 төгрөгийг зээлдэгч Ж.Б-д хүлээлгэн өгсөн нь 2016 оны 03 сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна.

Ж.Б- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар автомашиныг хураан авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч У ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Б-тэй 2016 оны 03 сарын 31-ний өдрийн ЗГ-16-020 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр зээлдэгч Ж.Б-д 6.303.748 төгрөгийг, нэмэлт санхүүжилтээр 1.500.000 төгрөг нийт 8.178.748 төгрөгийн зээлийг 1 жил 2 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж зээлийг бэлнээр олгосон, зээлдэгч нь үлдэгдэл төлбөр болох 7.820.818 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 16/020 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу 2016 оны 06 сарын 20-ны өдөр автомашиныг хураан авсан. Иймд хариуцагч Ж.Б-эс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,820,818 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд болон төлөөлөгч С.Буд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б- У ХХК 2015 оны 05 сарын 04-ны өдөр мөнгөний хэрэгцээ гарч 7,000,000 төгрөг зээлэхээр санал гаргаж уг саналыг компани хүлээн зөвшөөрч, уг мөнгөө тус бүрдээ 3.500,000 төгрөгийг 2 хуваан авсан нь баримтаар нотлогдоно. Мөн 2016 оны 03 сарын 31-ний өдөр дахин 1.500,000 төгрөг зээлэх хүсэлт гаргаж, үүний 720.000 төгрөгийг орлогын өрөндөө шууд суутгуулж, бэлнээр 780.000 төгрөг авсан. Би авсан зээлээ 2015 оны 05 сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл бүгд 7.800.000 төгрөг төлсөн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Ж.Б- У ХХК-нд холбогдуулж 2016 оны 03 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 5 сарын 04-ний өдрийн 15/150 дугаартай зээлийн гэрээний 1.1-т заасан ...3 хувийн хүүтэй, 2.1-т заасан энэхүү гэрээний үнийн дүнгийн 25 хувийг нэмж тооцсон төлбөрийн хамт.... гэсэн заалт нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж хийгдсэн ноцтой төөрөгдөлд оруулсан байх тул уг гэрээний дээрх заалтыг хүчин төгалдөр бусад тооцуулах, 2015 оны 5 сарын 06-ний өдрийн 15/155 дугаартай Тээврийн хэрэгсэл-худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчиж хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, Автомашины санхүүгийн түрээсийн 2015 оны 05 сарын 06-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн Иргэний хуулийн 56.1.3, 58 дугаар зүйлийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 3 сарын 31-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 3 сарын 31-ний өдрийн Фидуцын гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулахаар өөрчилсөн байна.

 

Хариуцагч У ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ж.Б-эс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,820,818 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

1.Талуудын хооронд 2015 оны 5 сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөгийг, 2 хоногийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдаж 3.500.000 төгрөгийг хүлээгэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281.1, 282.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Уг гэрээний 2.1-т заасан энэхүү гэрээний үнийн дүнгийн 25 хувийг нэмж тооцсон төлбөрийн хамт төлөхөөр тохиролцсон тохиролцоо Иргэний хуулийн 56.1.1 заасан хууль зөрчсөн байх тул энэ заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэстэй боловч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заанаар зээлдэгч Ж.Б- нь зээлийн төлбөрт 3,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 210,000 төгрөг нийт 3,710,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

2.Талууд 2015 оны 5 сарын 06-ний өдөр Хьюндай Элентра маркийн ** улсын дугаартай машиныг 7,800,000 төгрөгөөр тохирч 15/155 дугаартай Тээврийн хэрэгсэл-худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автомашиныг У ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн /хх-ийн 6 талд/ байна.

 

Худалдан авагч У ХХК-нь Ж.Б-эс зээлийн төлбөрт 3,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 210,000 төгрөг нийт 3,710,000 төгрөгийг суутган авч үлдэх 3,500,000 төгрөгийг хүлээгэн өгсөн болох нь Бэлэн мөнгөний зарлагын баримтаар /хх-ийн 69 талд/ нотлогдож байх ба харин 590,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн тул буцаан олгох үндэстэй байна.

 

2015 оны 5 сарын 05-ны өдөр Хьюндай Элентра маркийн ** улсын дугаартай машиныг У ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 232-237 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б- 2015 оны 5 сарын 01-ний өдөр тус компанид гаргасан хүсэлтэндээ тус машин Транскапитал ХХК-ийн нэр дээр байгаа тул нэрээ шилжүүлэхийн тулд 3,500,000 төгрөгийг урьдчилан аваад үлдэгдэл мөнгийг 4,300,000 төгрөгийг тус компанийн нэр дээр нэрээ шилжүүлсэний дараа авахаар тохиролцсон байна.

 

Иймд Тээврийн хэрэгсэл-худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх зохицуулалтанд нийцсэн гэж үзнэ.

 

3.Талууд 2015 оны 5 сарын 06-ны өдөр Хьюндай Элентра маркийн ** улсын дугаартай машиныг Тээврийн хэрэгсэл-худалдах, худалдан авах гэрээний дөгуу У ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн тул Автомашины санхүүгийн түрээсийн гэрээг 2015 оны 05 сарын 06-ний өдөр байгуулж, түрээсийн гэрээгээр нэмэлт тоноглол бүхий автомашиныг 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, сарын түрээсийн төлбөрт 660,000 төгрөг төлөхөөр тохирч гэрээ байгуулжээ. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэж үзэх үндэсгүй байна.

 

4.Талууд 2016 оны 3 сарын 31-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг Ж.Б- шилжүүлэн авсан талаараа маргахгүй байна.

 

Зээлдэгч Ж.Б- шилжүүлэн авсан1,500,000 төгрөгөөс 720,000 төгрөгийг түрээсийн төлбөрт өөрөө шилжүүлсэн болох нь /хх-ийн 70 талд/ Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281.1- зааснаар 1,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Харин 2016 оны 3 сарын 31-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг Ж.Б- шилжүүлсэн атлаа түрээсийн төлөгдөөгүй төлбөрийг үлдэгдэл төлбөр 4,919,514 төгрөг, үйл ажиллагааны зардалд 375,000 төгрөг, нэмэлт санхүүжилт 1,500,000 төгрөг нийт 6,794,514 төгрөгийг шилжүүлсэн мэт Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 32 талд/ үйлдсэн болох нь зохигчдын тайлбар, Зээлийн гэрээнд шилжиж буй автомашины тооцоо/ хх-ийн 39 талд/-ны задаргаа хийсэн бичилт зэргээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй байна.

 

2015 оны 5 сарын 06-ны өдөр Хьюндай Элентра маркийн ** улсын дугаартай машиныг Тээврийн хэрэгсэл-худалдах, худалдан авах гэрээний дагуу У ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байтлаа Фидуцын гэрээ байгуулсан нь ямар нэгэн үр дагавар үүсгээгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч У ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ж.Б-эс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,820,818 төгрөгийг гаргуулах, 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 16/020 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу 2016 оны 06 сарын 20-ны өдөр автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2016 оны 3 сарын 31-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг Ж.Б- шилжүүлсэн атлаа түрээсийн төлөгдөөгүй төлбөрийг үлдэгдэл төлбөр 4,919,514 төгрөг, үйл ажиллагааны зардалд 375,000 төгрөг, нэмэлт санхүүжилт 1,500,000 төгрөг нийт 6,794,514 төгрөгийг шилжүүлсэн мэт Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 32 талд/ үйлдсэн байх тул зээлийн гэрээний харилцаа үүсэн гэж үзэх үндэсгүй.

 

Зохигчид түрээсийн төлөгдөөгүй төлбөрийг үлдэгдэл төлбөрийг жич нэхэмжлэх нв зүйтэй.

 

Зээлдэгч Ж.Б-ийн зээлийн гэрээний үүрэгт төлөх 1,500,000 төгрөгөөс У ХХК-иас дутуу шилжүүлсэн 590,000 төгрөгийг хасч тооцож, үлдэх 910,000 төгрөгийг Ж.Б-эс гаргуулж У ХХК-нд олгох үндэстэй.

 

Хариуцагч У ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Баянгол дүүрэг 13 хороо, 3 хороолол 2В-80 тоот хаягт бүртгэлтэй боловч нэхэмжлэгч Ж.Б- нэхэмжлэлээ ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд гаргасан байх ба зохигчид хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг хэлэлцэн тохиролцож хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.1, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2015 оны 5 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ байгуулагдсан гэрээний 2.1. энэхүү гэрээний үнийн дүнгийн 25 хувийг нэмж тооцсон төлбөрийн хамт төлөх гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч У ХХК-нд холбогдох 2015 оны 5 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2015 оны 5 сарын 06-ний өдрийн 15/155 дугаартай Тээврийн хэрэгсэл-худалдах, худалдан авах гэрээ, Автомашины санхүүгийн түрээсийн 2015 оны 05 сарын 06-ний өдрийн гэрээ, 2016 оны 3 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ж.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 281.1, 282.1492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан У ХХК-ийн Ж.Б-эс зээлийн гэрээний үүрэгт 6,910,818 төгрөг гаргуулах, 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 16/020 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу 2016 оны 06 сарын 20-ны өдөр автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.Б-эс 910,000 төгрөгийг гаргуулж У ХХК-нд олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,823 төгрөгийг, хариуцагч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, У ХХК-иас 139750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ