Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

 

   2021        01         07                                  2021/ШЦТ/45

 

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Олзод, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

иргэдийн төлөөлөгч О.Түвшинбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямдорж,  

шүүгдэгч П.Б-Э, түүний өмгөөлөгч Я.Батханд, Д.Ариунзориг, Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Б-Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 2559  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б-Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Шар хоолойн амны 04-20 тоотод иргэн Эрдэнэтулгатай “хашаандаа гэрэл асаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга барин “ална” гэж дайрч, цамцны энгэрийг хутгаар зүсэж алахыг завдсан,

мөн архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хоолойн 03 дугаар гудамжны 16 тоот хашаанд иргэн Д.Нямсүрэнг өөрийг нь зодсон, хүлсэн гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

 

1. Шүүгдэгч П.Б-Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Шар хоолойн амны 04-20 тоотод иргэн Д.Эрдэнэтулгатай “хашаандаа гэрэл асаалаа” гэх шалтгаанаар хутга барин “ална” гэж дайрч, цамцны энгэрийг хутгаар зүсэж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

Хохирогч Д.Эрдэнэтулгын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн амны 04-19 тоотод өөрийн эзэмшлийн зуслангийн байшиндаа гэр бүлийн хамт очсон ба хадам аав, ээжийн гэрт хоол цайгаа идэж уусан. Эхнэр маань гурван хүүхэд, хадам ээжийн хамт том байшиндаа амрахаар орсон. Тэр үед чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зурагтаар гарч байсан учир хадам аавын хамт үзээд байж байтал манай урд айлын хүн Б-Э гэгч нь архи согтууруулах ундааны зүйл уусан байдалтай орж ирээд миний хажууд суугаад надад шууд “чи намайг өдөөд байна уу” гэж хэлэхээр нь би “яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад надаас дахин “чи намайг өдөөд байна уу” гэж хэлсэн. Тэгээд би өмнөх асуултыг дахин хэлэхэд Б-Э “танай хашааны гэрэл манай хашаанд тусаад хэцүү байна” гэж хэлсэн. Тухайн үед манай хадам аав хажууд байсан ба хадам аав тал харвасан бие муутай учраас би Бат- Эрдэнийг авч гарах санаатай “хоёулаа гаръя” гэсэн чинь намайг дагаад гарсан. Тэгээд би Б-Эд “шөнө оройгоор гадаа хүүхэд, хөгшин хүн жорлон ороход гэрэл хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгтэл Б-Э гэгч нь баруун гараараа миний баруун мөр рүү нэг удаа цохих шиг болсон. Тухайн үед би хойшоо болсон ба гартаа хутга барьсан харагдсан. Би зүүн гараараа түүний баруун гарыг бариад түүнийг баруун гартаа юу барьсан талаар лавшруулж харахад хутга барьсан байсан. Би хутгыг хараад их айж сандарсан бөгөөд хутгыг нь тавиулчих санаатай хутгатай гарыг доош дарахад Б-Э миний зүүн мөрнөөс бариад “гар тавь, муу банди минь” гэж хэлээд намайг зүүн гараараа татаж толгойгоороо миний толгой руу мөргөсөн. Би мөргүүлээд “юу болж байна аа” гэж хэлтэл намайг дахин татаад мөргөсөн. Би ер нь бүтэхгүй юм байна гээд хоёр гараараа Б-Э хоёр гарыг доош нь дараад хөдөлгөхгүйгээр барихад намайг “гар тавь, ална шүү” гэж заналхийлсэн. Тэгээд би Б-Этэй 5-10 минут ноцолдож байх үед манай эхнэр цаад байшингаас ирэхээр нь “энэ хүн хутгатай байна” гэж хэлсэн чинь манай эхнэр орилж хашхираад Б-Э эхнэр рүү нь залгасан боловч утсаа авахгүй байхаар нь би эхнэртээ “битгий ойртоорой, энэ хүн хутгатай байна шүү” гэж хэлсэн. Б-Этэй ноцолдох юм бол болохгүй юм байна гэж бодоод хашаанаас гаргахаар шийдээд түүнийг түрээд явж байтал миний хоёр гар бадайрахаар нь эхнэртээ “гар утас дээрээ бичлэг хийгээд нотлох баримт бүрдүүл, дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өг” гэж хэлсэн. Тухайн үед манай том охин гарч ирээд бидний хажууд хараад зогсож байсан. Б-Э тухайн үед “чи намайг дээрээс хойш өдөөд байгаа шүү, бүгдийг чинь ална шүү” гэж хэлсэн. Би Б-Э хашаанаас гаргаж байх үед манай хадам ээж гарч ирээд Б-Эд “юу болоод байгаа юм бэ, яагаад хутга шөвөг болов оо” гэж хэлсэн. Б-Э хашаанаас гараад цаашаа явахгүй байхаар нь хашааны хаалгаа онгойлгож харахад буцаад ирсэн. Би хашааны хаалгаа хаахад Б-Э гэртээ орсон. Б-Э гэртээ орсны дараа бид нар хашааны хаалгаа хааж түгжээд гэртээ ороод байж байтал манай эхнэр “чиний цамц урагдаад цоорсон байна” гэж хэлэхээр нь би цамцаа тайлаад үзэхэд урагдсан байсан ба миний биед ямар нэгэн шарх сорви байгаагүй. Толинд нүүрээ харахад дух улайгаад хавдсан байсан. Би эхнэртээ “зураг ав” гэж хэлээд дух болон өмсөж явсан цамцныхаа зургийг авсан. Тэгээд 23 цаг өнгөрч байх үед хоёр цагдаа манайд хүрч ирээд эхнэр бид хоёроос мэдүүлэг авсан. Тухайн үед манай эхнэрийн ах, эгч хоёр ирсэн байсан учир хадам ах Энхбаатар хоёр цагдаагийн хамт Б-Э гэрт очиход хаалгаа онгойлгохгүй байхаар нь манай хадам ах хашааг нь давж ороод хаалгыг нь онгойлгож цагдаа нар Б-Э гэгчийг авч явсан. Би өмнө нь барилддаг байсан тулдаа арай гэж гарыг нь барьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-92/,

 

Гэрч Э.Наранжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би тухайн өдөр цагдаагийн дэслэгч Наранбаярын хамт 20-26 УНҮ улсын дугаартай “Гачуурт 52” автомашин дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Орой “Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Шар хоолойн аманд хажуу айлын хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манайд хутгатай орж ирээд танхайраад байна” гэх дуудлага мэдээллийг Гачуурт 10-аас хүлээн авсан. Тэгээд Гачуурт арваас “яаралтай оч” гэж хэлсний дагуу дуудлага мэдээлэл өгсөн хаягаар очсон. Яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна. Тухайн дуудлага өгсөн айл руу ороход танхайрч байсан хүн байхгүй байсан. Тэгээд тухайн айлаас нэг залуу гарч ирээд гэртээ дагуулж ороод “хутгатай хүн танхайрч байгаад гэртээ орсон” гэж хэлсэн. Манай офицерт болсон явдлын талаар ярьж, гар утсанд хийсэн бичлэг үзүүлсэн. Тэгээд тэндээсээ гараад танхайрсан гэх айлын гадаа очоод хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь дуудлага өгсөн залууг хашааг нь давуулж оруулаад дотроос нь хаалгыг онгойлгосон. Тэгээд хашаанд ороод байшингийн хаалгыг татахад онгорхой байсан. Байшинд ороход Б-Э гэх 45-50 орчим насны эрэгтэй хүн унтаж байхаар нь сэрээгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ яагаад айлд хутгатай орж танхайраад байгаа талаар нь асуусан ба “хутга чинь хаана байна” гэхэд "юун хутга, би ерөөсөө тэр айлд хутгатай ороогүй” гэж хэлсэн. Харанхуйд гар чийдэнтэй байшин болон хашаанд байх өвөлжөө, портер маркийн автомашинд уг хутгыг хамтрагч цагдаагийн дэслэгч О.Наранбаяр, хохирогч залуу, хамаатны залуу гээд бүгд хайсан боловч олдоогүй. Тэгээд Б-Э шууд автомашиндаа суулгаад авч яваад улиастай 120 гэх эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн ба Б-Э согтуурлын зэрэг нэг бүхлээс дээш гарсан. Хохирогч гэх залуугийн биед ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй. Харин өмссөн малгайтай цамцны энгэр хэсэг нь зүсэгдсэн байдалтай байсан. Тэр залуу хоёр давхар цамцтай, цамцнууд нь давхраараа зүсэгдсэн харагдсан. Манай хамтрагч бид хоёр хохирогч гэх залуугийн өмссөн цамцнуудыг тайлуулж биеийг нь харахад ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-95/,

 

Гэрч Л.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2019 оны 09 дүгээр сарын 20-ны оройн 19 цагийн үед зуслан дээрээ очсон. Аавынхаа гэрт байж байгаад ээж, хүүхдүүдийн хамт хажуу гэртээ унтахаар орсон. Манай том охин Номуун өвөөгийнхөө гэрээс үүргэвчтэй хувцсаа авах гэж явсан ба удаагүй орж ирээд “урд айлын Б-Э ах өвөөгийнд чанга чанга яриад аавтай хэрэлдээд байна” гэж хэлэхээр нь би “аав чинь согтуу хүнийг аргалаад гаргачих байх” гэж хэлээд нээх тоогоогүй. Тэгсэн манай охин ахиж гараад буцаж орж ирээд “аав нөгөө ахтай хашаанд ноцолдоод байна” гэж хэлэхээр нь би хаалгаар шагайж хартал ноцолдож байсан. Яваад очтол Б-Э гарт нэг юм гялалзах шиг болсон. Тэр үед манай нөхрийн толгой руу Б-Э баруун гараараа цохих шиг болсон. Тэр үед манай нөхөр бултсан боловч нөхрийг маань хоёр удаа мөргөсөн. Манай нөхөр Эрдэнэтулга надад хандаж “гартаа хутгатай байна, гар утсаа авчраад бичлэг хий” гэж хэлэхээр нь би том охиндоо “гар утас аваад ир" гэж хэлсэн. Том охин Номуун надад гар утас авч ирэхээр нь би эхэлж цагдаад дуудлага өгөөд дараа нь бичлэг хийсэн. Намайг ирснээс хойш Б-Э манай нөхрийг цохиогүй. Манай нөхөр түүний хоёр гарын бугуйнаас барьсан байсан. Тухайн үед манай нөхөр их сандарсан байсан учраас хутгыг нь тавиулж чадаагүй. Манай нөхөр хашаанаас арай гэж гаргаж явуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 99-101/,

 

Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Нөхөр бид хоёрыг гэртээ байх үед 20 цагийн орчим манай төрсөн охин, нөхөр хүүхдүүдийн хамт очиж байна гэж утсаар ярихаар нь би хашааны гэрэл асаасан юм. Хүргэний байшинд охин гурван хүүхдээ аваад оруулахаар гарсан. Харин манай гэрт хүргэн өвгөний хамт чөлөөт бөхийн тэмцээн үзээд үлдсэн. Би охиныхоо араас гарч гэрт нь ороод байж байх үед манай хөрш Б-Э манай хашаа, байшинд зөвшөөрөлгүй орж ир “танайх хашааныхаа гэрлээ асаалаа” гэж хэлсэн гэсэн. Манай хүргэн Б-Э хашааны хаалгаар гаргаж байх үед нь очсон. Би сүүлд утасны бичлэг үзэхэд нэг том хутга харагдаж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 102-104/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Номууны мөрдөн байцаалтад өгсөн:

“2019 оны 09 дүгээр сарын 20-ны оройн 18 цагийн үед зуслангийн байшиндаа очоод хоол цай ууж идээд эмээ, ээж, хоёр дүүгийнхээ хамтаар хажуу талын байшиндаа унтахаар орсон. Би өөрийнхөө нүүр цэвэрлэгчтэй цүнхээ өвөөгийн байшинд орхисон байсан учраас өвөөгийнд ортол манай аавын хажууд буюу 20-30 сантиметрийн зайтай нэг ах суугаад аав руу орилж байсан. Би үүргэвчээ аваад гарсан бөгөөд ээжид тухайн асуудлын талаар хэлсэн. Тэгээд аавыг харах гэж буцаад гарахад аав нөгөө ахтай гадаа гараад ирсэн байсан. Тэгсэн тэр ах их өндөр болоод тэр үү, гараа саваад аавыг цохих гээд байгаа бололтой байсан. Мөн өвөөгийн байшингийн дээр байгаа гэрэл рүү заагаад орилоод байсан. Тэгэхээр нь би ээжийг дуудахаар буцаад ороод ээжид “урд айлын ах орж ирээд аавыг зодох гээд байна” гэж хэлсэн. Тэгсэн ээж надад “согтуу байгаа юм уу” гэж асуухаар нь “тийм, согтуу байна” гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр байшингаас гараад ирэхэд нөгөө ах аав хоёр хоорондоо зууралдаж байсан. Ээж бид хоёр очсон чинь ээж намайг “гар утас аваад ир” гэж хэлэхээр нь би утсыг авч ирж өгөхөөсөө өмнө 102-т дуудлага өгсөн. Гар утсыг нь ээжид өгөхөд ээж цагдаатай ярьсан. Яг тэр үед нөгөө ах баруун гартаа хутга барьсан. Аав хоёр гарынх нь бугуйнаас атгасан байсан. Нөгөө ахыг аав хашаагаар гаргах үед аавын толгой руу мөргөж, хөлөөрөө тийрээд байсан. Хашаанаас гаргахаас өмнө тэр ах манай аавд “намайг дээрэлхээд байна уу, чи муу, ална” гээд аав руу хутгатай гараараа дайрах гээд байсан ч аав хоёр гарынх нь бугуйнаас барьсан байсан учраас гараа хөдөлгөж чадахгүй байсан. Тэр ахыг хашаанаас арай гэж гаргаад хашааны хаалгыг түгжсэн. Тэгсэн нөгөө ах “та нарыг ална шүү” гэж орилоод байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-106/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5747 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд 23 мм, улаан хүрэн болон саарал алаг цамцанд 29 мм, 10x10 мм хэмжээтэй, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тус тус шинэ зүсэгдэлтүүд, саарал цамцанд 5 мм, 3 мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн гогодох, татах хүчний үйлчлэлээр тус тус шинэ гогодолтууд гарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 119-212/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн:

“Бичлэгт эмэгтэй хүний гар утсаар бичлэг хийж байгаа дүр бичигдсэн байна. Бичлэгт цаг хугацаа болон минут байхгүй, саарал өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй, десант хар ногоон өнгийн куртиктэй хоёр хэрэгтэй хүний дүрс бичигдсэн байна. Хар ногоон өнгийн десант куртиктэй эрэгтэй баруун гартаа хутга мэт зүйл барьсан. Саарал өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй хар ногоон десант куртиктэй эрэгтэй хүний хоёр гараас барихдаа баруун гарыг зүүн гараараа бугуйн хэсгээс барьж хутгыг хар ногоон өнгийн десант куртиктэй хүний баруун гарын гадна тал руу эргүүлэн биеэс хол барьж байгаа дүрс бичлэг байна” гэх тэмдэглэл /1хх-ийн 75-80/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 459 дугаартай:

“П.Б-Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна. П.Б-Э нь мэдүүлэг өгөх чадвартай байна. П.Б-Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Б-Э нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1хх-ийн 183-184/,

 

-Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 27з1/963 дугаар албан бичиг, түүний хавсралт /1хх-ийн 168-171/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 63-69/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 81-86/,

 

Шүүгдэгч П.Б-Э мөрдөн байцаалтад өгсөн:

“Тэр өдөр манай найз Мөнхөө 16-17 цагийн үед манай тэр хавиар амьдардаг хүнтэй уулзаад манай гэрт орж ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Хараа" нэртэй архи өгсөн. Мөнхөө машинтай явж байсан болохоор тухайн архинаас уугаагүй ба удаагүй гараад явсан. Мөнхөөгийн авч ирсэн архийг би ганцаараа уусан. Архиа дуусгаад бэлчээрээс ирсэн үхрийг уяж саасан. Үхрийг сааж байхад хоёр үхэр хоорондоо мөргөлдөөд хүзүүнд байсан мяндсан уяагаа сулласан байсан. Тэгэхээр нь мяндсан уяаг нь солихоор зуны байшинд ороод хоолны шүүгээнд ил байсан хуйтай хутгыг аваад өмдний тэлээндээ хийгээд гарч уяаг сольсон. Тэгээд буцаад гэртээ орох гэтэл хойд талын гудамжинд Лувсангончиг гэх хөгшний гэрт орж “Гэрлээ унтраа, манай хашаа руу битгий тусгаад бай” гэж хэлэхээр Лувсангончигийн байшинд ороход Лувсангончиг гуай, эхнэр, мөн зээ охины хамт байсан. Тэгсэн Лувсангончигийн хүргэн Эрдэнэтулга орж ирээд намайг “гар” гэж хөөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд Эрдэнэтулгатай барьцалдсан, миний хоёр гарыг Эрдэнэтулга барьсан хажууд нь Эрдэнэтулгын эхнэр нь гар утсаараа бичлэг хийсэн зогсож байхаар нь би ухаан ороод “явъя, явъя” гэж хэлээд тэр айлаас гараад явсан. Тэгээд гэртээ ороод унтаж байх үед хаалга нүдэхээр нь онгойлгоход Эрдэнэтулга, дуудлагын хоёр цагдаагийн хамт орж ирсэн ба цагдаа нар намайг авч яваад эрүүлжүүлэх байранд оруулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 146-149/,

 

2. Шүүгдэгч П.Б-Э нь архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хоолойн 03 дугаар гудамжны 16 тоот хашаанд иргэн Д.Нямсүрэнг өөрийг нь зодсон, хүлсэн гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би талийгаачийн төрсөн ах юм. Талийгаачтай самарт явахын өмнө уулзсан. Тухайн үед би талийгаачид “аавынхаа өвөлжөөг барихаар хамт явъя” гээд уулзахад “ажилтай, завгүй байна” гэхээр нь би ганцаараа явсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 77-78/,

 

Гэрч З.Ядамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Нямсүрэн гэдэг хүнийг зүрхэн тус газарт нь зүс таних хүн хутгалсан гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авч, Гачууртын эцсээс хойшоо Шар хоолой орох замд цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин их гэрлээрээ дохихоор нь зогсож шалгахад машины арын суудал дээр 30-35 орчим настай эрэгтэй дээшээ харсан байдалтай ухаангүй байсан. Хамт явсан эхнэр нь гэх 30 гаруй насны эмэгтэй “Б-Э гэх эрэгтэй манай нөхрийг хутгалсан, одоо Шар хоолойд гэртээ байгаа” гэж мэдүүлсний дагуу эхлээд Гачуур тосгоны 7709-2020 түргэн тусламжийн дугаарт дуудлага өгч, би цагдаа жолоочийн хамт холбогдогч Б-Э Шар хоолой хаяг руу явж байх  замдаа "Төгөл” гэх газарт холбогдогч Б-Э төрсөн хүү болох Пүрэвдоржтой таарч, цааш дагуулж Шар хоолойн 03 дугаар гудамж, 16 тоотод хаягийг заалган очиход гүйдэг ногоон өнгийн төмөр хаалга түгжээтэй байсан. Уг айлын баруун талын эзэнгүй хашаанд байх өвөлжөөнд хөдөлгөөн гарах шиг болохоор нь бид хоёр очиж шалгахад Б-Э согтуу байдалтай, хоёр хацраас цус гарсан, баруун гартаа бор иштэй хутга барьсан “намайг энд үлдээчих, эсвэл чи ороод ир” гэж хэлсэн ба би хутгыг авах гэж оролдоход хутгаа хаяхгүй “чи ороод ир” гээд байсан. Тэр үед Б-Э тайвшруулж “гэрт чинь хүргэж өгнө” гэж хэлэхэд гартаа барьсан хутгаа өмдний баруун халаасандаа хийхээр нь би түүнд тамхи татуулж байгаад машин руу алхах замдаа тусгай мэх хэрэглэж газар унагаахад Б-Э баруун халаасандаа байсан хутгаа гаргаж ирэхэд хутгыг нь өшиглөж газар унагаад гарыг ард нь гавласан” гэх мэдүүлэг /2хх-ийн 79-81/,

 

Гэрч Б.Сэрчиндоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Хойд талд нь байрлах өвөлжөөн дотор хүн хөдлөх шиг болохоор нь манай офицер бид хоёр тэр өвөлжөө рүү очиж шалгахад Б-Э гэгч нь гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан, нүүр нь цус болчихсон, нэлээн согтуу бололтой ганцаараа сууж байсан. Тэгээд Б-Э гэгчийг өвөлжөөнөөс манай эргүүлийн офицер нэлээн аргадаж байж гаргаж ирсэн. Өвөлжөөнөөс гарч ирэхдээ өмднийхөө баруун дээд талын халаасанд хутгаа хийгээд өгөхгүй байхаар нь манай офицер бид хоёр алаг машиныхаа хажууд алхаж очсоны дараа Б-Э гэгчийн хоёр талаас нь дайрч, хоёр гарыг нь өчиж бариад гавлаж аваад жижүүрийн бүрэлдэхүүнд өнөөх хутгыг нь хүлээлгэж өгсөн. Б-Э гэгчийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс дээр авчирч, жижүүрийн ахлах цагдаад хүлээлгэн өгсөн. Бат- Эрдэнэ нь хэлтэс рүү явах замдаа өөрөө ярихдаа “манай хүү болох Монхоогийн найз Нямсүрэн надад томроод байхаар нь би Нямсүрэнг хутгалчихсан юм” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 82-85/,

 

Гэрч Б.Пүрэвбатын мөрдөн байцаалтад өгсөн:

“Бид нарыг самарт яваад ирсэн гэдгийг мэдэж байсан учир надаас аав Б-Э архи нэхээд байхаар нь би “самраа тушаагаад авч өгье, та цаашаа аятайхан сууж бай” гэж хэлсэн. Гэтэл аав намайг заамдаж аваад “чи надад заах болоогүй шүү” гэж хэлээд 2-3 удаа мөргөсөн. Би зөрүүлээд аавын нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэр үед амь хохирогч бид хоёрын дундуур орж ирээд аавд хандаж “та өдий насалсан мөртөө хүүтэйгээ нохой шиг харьцаж болохгүй” гэж хэлэхэд “чи зүгээр цаашаа бай, зайлаарай” гэж хэлсэн. Амь хохирогч аав бид хоёрыг салгах гэж аавыг заамдсан. Гэтэл аав “та нар бүлэглэж намайг зодлоо” гэж хэлээд амь хохирогчийн хамар руу мөргөсөн. Тэр үед амь хохирогч, аав, бид гурав зууралдаад газарт унасан ба амь хохирогч аавын нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Аав бид хоёр руу дайраад байхаар нь амь хохирогч, бид хоёр аавыг хашаатай олсоор хүлсэн. ...Амь хохирогч тамхи авч Б-Э дээр очоод тамхи асаан өгч, юм ярьж зогссон. Тэгээд нэг мэдэхэд л амь хохирогч “аа” гэж орилоод баруун гараараа цээжнийхээ зүүн хэсэгт дараад 10 орчим метр гүйгээд газар унасан. Тэгээд бид нар зайтай байсан учир гүйж очоод хартал Б-Э баруун гартаа бор иштэй хутга барьчихсан зогсож байсан ба би шууд амь хохирогчийн араас нь гүйгээд очиж хартал амь хохирогч ухаангүй байдалтай нүд нь цэхийгээд хөдөлгөөнгүй болсон, уруул нь цагаан болчихсон байсан. Тэгэхээр нь өргөөд машин руу оруулаад харахад цээжнээс нь их хэмжээний цус гарч байсан, цамцыг нь сөхөөд харахад цээжний зүүн доод хэсэгт ангайчихсан ба тэр ангархайнаас их цус гарч, нуруугаа дагаад урсаж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 86-88/,

 

Гэрч Н.Сүхболдын мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед танихгүй 6 хүн болон Монхоо ахын хамт самраас бууж ирээд шууд Гачууртад Монхоо ахын хашаанд очсон. Монхоо ахын аав нь согтуу машинтай ирсэн. Монхоо ах аавдаа “та ажил төрөл хийж байж архи дарс уугаад явж болдог юм уу” гэж хэлэхэд аав нь “чамд ямар хамаатай юм бэ, би чамд Газ 66 автомашин болон Приус 20 автомашин авч өгсөн, өөр яах юм бэ” гэж хэлээд хоорондоо муудалцаад аав нь Монхоо ахын нүүр рүү 2-3 удаа мөргөсөн. Тэр үед манай ах Нямсүрэн тэр хоёрын голоор орж салгаад аавыг нь самарт авч явсан уяагаар хүлсэн. 15 минутын дараа Нямсүрэн ах очиж юм яриад тамхи татаад байж байх үед хамт самарт явсан эгч надад “дэлгүүр ороод ус аваад ир, Монхоогийн аавын нүүрийг угаая“ гэж хэлсэн. Би дэлгүүр ороод ус аваад буцаж гэр рүү нь явж байтал манай ах Нямсүрэн хашаанаас гарч ирээд миний урд сөгдөөд уначихсан. Тэгэхээр нь би “яасан бэ, агаа” гэж асуутал Нямсүрэн ах баруун гараараа зүүн талын хөхнийхөө доод хэсэгт дарчихсан “ахыг нь дүрчихлээ шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд гадуур хүрмийн энгэрийг тайлаад хартал зүүн талын хөхний толгойны доод хэсэгт нэлээн том ангайчихсан байхаар нь би их сандарсан. Араас надтай хамт самарт явсан нэг ах гарч ирэхээр нь би “та Монхоо ахыг дууд даа” гэж хэлэхэд нөгөө ах ороод Монхоо ахыг дуудаад гарч ирсэн. Би Монхоо ахад “Нямсүрэн ахыг хутгалчихсан байна” гэж хэлтэл Монхоо ах “өө яана аа, хэр гүнзгий орсон байна” гэж асуусан” гэх мэдүүлэг /2хх-ийн 91-92/,

 

Гэрч Ө.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Самарт явсан хүмүүс Монхоогийн хашаанд дөнгөж очоод байж байх үед Монхоогийн аав Б-Э нь Приус 20 маркийн автомашин унасан согтуу ирсэн. Б-Э нь Монхоогоос мөнгө нэхэн агсам тавьж, удалгүй хоорондоо маргалдаж зууралдсан. Нямсүрэн очиж тэр хоёрыг салгасан. Б-Э ах нэлээн согтуу байсан учир үгэнд орохгүй, агсам тавиад байхаар нь Монхоо, Нямсүрэн нар Б-Э ахыг олсоор хүлсэн. Б-Э агсам тавихаа болиод Монхоо, Нямсүрэн хоёртой зүгээр ярилцаад зогсож байснаа гэр рүүгээ явж ороод 2 орчим минутын дараа буцаж гарч ирээд өөрийнхөө унаж ирсэн цагаан өнгийн Приус 20 машиныхаа дэргэд очиж зогсоод Нямсүрэнг “нааш ир” гээд хоёр гараараа дохиод дуудаад байсан. Тэгээд Нямсүрэн Б-Э дээр яваад очиход Б-Э үгийн зөрүүгүй Нямсүрэнг баруун гараараа шууд элэгдэх шиг болоход Нямсүрэн эвхрээд гэдэс элэг хавьцаа гараараа дараад хашаанаас гараад гүйсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 93-96/,

 

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

“Хуягаа, Мягмар, Хуягаагийн эхнэр бид дөрөв, өөр танихгүй таван хүний хамт самраас бууж ирсэн. Монхоо гэх залуугийн аавын хашаанд Газ 66 маркийн автомашиныг оруулж тавиад машины хажуу бид нар тамхи татаад зогсож байх үед Монхоогийн аав согтуу ирээд Монхоотой мөнгө нэхэж маргалдаад хоорондоо зодолдсон. Нямаа болон өөр нэг залуу хоёр зодооныг салгасан. Бид нарыг машины ард тамхи татаад зогсож байх үед Нямаа гэх залуу гэдсээ дараад хашаанаас гүйгээд гарсан ба Монхоогийн аав баруун гартаа хутга барьчихсан байхаар нь бид нар айгаад хашаанаас гарч зугтаасан. Монхоогийн аав хутга бариад “ална” гээд Монхоо руу дайрахад Монхоо урдаас нь хүрз бариад аавыгаа ойртуулахгүй байсан. Тэгээд удахгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн. Монхоо руу хутга барьж дайрч байгаад хэсэг хугацааны дараа хутгаа хаячихсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 103/,

 

Гэрч М.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би тэдний гэрт ирээд 16 цаг өнгөрч байх үед хамт самарт явсан Мягмар гэх эмэгтэйн хамт хүнсний дэлгүүр ороод 20 минутын дараа ирэхэд Монхоогийн хашаанд 50 орчим насны нэг эрэгтэй хүн ирсэн, Монхоод агсам тавиад, зууралдаад “ална, шулна” гээд орилоод байсан. Тэр үед Нямаа тэр хоёрыг салгахад үл таних хүн Нямаа руу дайраад “чи юу юм, чамайг бас ална” гэж хэлж байсан. Монхоо тэр үед “хүлье, хүлье” гэж хэлээд машиныхаа хойно гараас нь хүлсэн. Нөгөө ах “ахыгаа одоо тавьчих, одоо та нарыг яах ч үгүй” гэж хэлсэн. Монхоо, Нямаа хоёр нөгөө хүний хүлээсийг тайлахад хүлээстэй гартайгаа машины цаанаас гараад ирсэн. Тэр үед би дэлгүүр яваад удаагүй 10 орчим минутын ирэхэд нөгөө үл таних залуу баруун талын гартаа хутга барьчихсан хутгаа далайгаад “ойртсоныг чинь ална шүү” гэж хэлээд зогсож байхаар нь би айгаад тэндээс холдох гэж хашаанаас баруун тийшээ ганцаараа гараад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 105-106/,

 

Гэрч Ө.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Бид нар самраас тухайн өдөр бууж ирээд Монхоо Газ 66 машинаа хашаандаа тавьсан. Машинаас буугаад тамхи татаад зогсож байх үед Монхоогийн аав Бааяа согтуу ирээд Монхоотой маргалдаж, зодолдсон. Талийгаач тэр хоёрыг салгасан ба Монхоо аавынхаа хөл, гарыг утсаар хүлсэн. Аав нь “хүлээс тайл” гэж хэлээд орилоод байхаар нь талийгаач очиж хүлээсийг тайлсан. Бид хэд хажуу талд нь тамхи татаад зогсож байсан ба Бааяа талийгаачийг “нааш ир” гэж дуудсан бөгөөд талийгаач очиж уулзаж байх шиг харагдсан. Тэгсэн чинь гэнэт талийгаач гэдсээ дараад хашааны хаалгаар гадагшаа гүйсэн ба тухайн үед Бааяа гартаа хутга барьчихсан харагдсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 107/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2099 дугаартай:

“Талийгаач Д.Нямсүрэнгийн цогцост цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 5-6 дугаар хавирганы завсраар үнхэлцэг, зүрхний оройг нэвтлэн, доош өрц, элэгний 3 дугаар сегментэд төгссөн нэвтэрсэн шарх, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус хуралдалт, хоёр гуя, баруун цавинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 5-6-р хавирганы завсраар үнхэлцэг, зүрхний оройг нэвтлэн, доош өрц, элэгний 3-р сегментэд төгссөн нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хоёр гуя, баруун цавины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл ба гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 5-6-р хавирганы завсраар үнхэлцэг, зүрхний оройг нэвтлэн, доош өрц, элэгний 3-р сегментэд төгссөн нэвтэрсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх зогсож нас баржээ. Талийгаачид спиртийн болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2хх-ийн 114-123/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5487 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн “Б-Э, 52 нас, 2020.10.05” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б-Э, 52 нас, 2020.10.05” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2хх-ийн 127-129/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4044 дугаартай амь хохирогчийн хувцсанд үүссэн гэмтлийн талаарх:

“хурц иртэй зүйлийн үйлчлэлээр хүрэмд 4 мм, 30 мм хэмжээтэй 2 шинэ, 45 мм хуучин, ногоон цамцанд 12 мм, 21 мм хэмжээтэй 2 шинэ, хар цамцанд 22 мм шинэ, майканд 20 мм шинэ зүсэгдэлт гарсан байна. Шинэ зүсэгдэлтүүд хэрэг гарсан цаг хугацаанд гарсан байж болно. Ногоон цамцанд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 22х10мм, 35х15мм, 5х5мм хэмжээтэй 3 хуучин гогдолт, дулааны үйлчлэлээр гарсан 15х5мм шинэ түлэгдэлт, эдэлгээ хэрэглээний явцад баруун, зүүн тохойны зузаалгад элэгдэлт гарсан байна. Татаж чангаах хүчний үйлчлэлээр ногоон цамцанд 15мм, дотуур өмдөнд 50мм хуучин ханзралт байна. Хар өнгийн хос гутлын хоншоорт хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр гарсан хуучин зулгаралт байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2хх-ийн 150-158/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5541 дугаартай:

“Хэргийн газраас хураан авсан гэх хутганы ажлын хэсэгт цус илэрч байна. ДНХ-ийн шинжилгээний тоног төхөөрөмжид үүссэн гэмтлийн улмаас одоогоор ДНХ-ийн тогтцыг тогтоох боломжгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2хх-ийн 181-183/,

 

-Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Гуравдугаар хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эргүүлийн офицер З.Ядамсүрэнгийн илтгэх хуудас /2хх-ийн 43/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 44-55/,

-Цогцост үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 56-59/,

-П.Б-Э биед үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 60-64/,

 

Шүүгдэгч П.Б-Э мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 10 дугаар сарын 05-ны өглөө би Гацуурт төв рүү ач охиноо хүргэж өгөөд буцах замд нутгийн зүс таних хүн таараад нэг шил 0.33 литрийн Хөх морьт гэх архи авч нөгөө хүнтэйгээ хувааж уугаад салсан. 14 цагийн үед манай хүү Пүрэвбат залгаад “аав та хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь би “хашаандаа байна” гэж хариулахад “би давхиад очъё” гэж хэлсэн. Би Шар хоолойн дэлгүүрээс 0.5 литрийн 1 шил Хараа архи аваад ганцаараа ууж дуусгасан. Тэр үед манай хүү Пүрэвбат хамт самарт явсан хүмүүсийн хамт ирсэн. Хүүгээсээ “сайн явж ирсэн үү” гэхэд “сайн явж ирлээ” гэж хэлсэн ба хамт явсан хүмүүс нь хашаанд машины хажууд тамхи татаад зогсож байхад хүү “машин пажигнаад байна” гэж хэлэхээр нь би кабиныг сөхөж үзэхэд севчэний хоёр утас солигдсон байхаар нь аккумляторыг шууд салгаад хүүдээ “чи машин барьж чадахгүй юм байна” гэж хэлснээс болж маргаан болсон. Хүү бид хоёр барилцаж авахад хүүгийн найз Нямаа гэх залуу орж ирээд намайг зодоод, хашаанд хүлсэн. Хүүтэй хамт самарт явсан Батнай “хөгшин хүнийг битгий хүл, тайл аа” гэж хэлсэн боловч 30-40 минут орчим болсон. Би өөрөө гараа хөдөлгөж байгаад гарынхаа хүлээсийг тайлсан ба хөлийн хүлээсийг Батнай тайлж өгсөн. Би зуны амбаартаа ороод модон жижиг иштэй хутга авч гараад Нямсүрэнг машины хажууд тамхи татаад зогсож байхаар нь би очоод гэдэс тус газарт нь нэг удаа хатгахад Нямсүрэн цаашаа гүйгээд Приус 20 машинд суусан. Манай хүү араас нь гүйж очиж хараад надад “та тэнэг юм уу, хүн хутгалчихсан байна, бид нар шууд явлаа, та араас Газ 66 машиныг нэг хүнээр өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Би хашаанаас гараад хойшоо айлын хашаанд ороод өвөлжөө дотор нь тамхи татаад сууж байх үед хоёр цагдаа орж ирээд надаас хутга хурааж аваад намайг аваад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 200-204/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч П.Б-Э хувийн байдлын талаарх нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 151/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 152/, оршин суугаа хорооны тодорхойлолт /2хх-ийн 161/, Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт /2хх-ийн 164/, шагнал урамшууллын баримт /2хх-ийн 165-166/,

Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 2.400.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул үнэн зөвд тооцлоо.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б-Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, насанд хүрээгүй гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.

 

Хүн амьд явах эрхтэй бөгөөд хүний амь насыг бусниулахыг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хориглож хамгаалдаг. Уг эрх хүн төрснөөр эхэлж, амьсгал хурааснаар дуусгавар болдог.

 

Хүнийг алах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт этгээдийн хүний амь насыг үгүй хийсэн идэвхтэй үйлдлээр дуусгавар болдог Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл болно.

 

Шүүгдэгч П.Б-Э амь хохирогч Д.Нямсүрэнг хутгалсан үйлдлийн улмаас амь хохирогчийн цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 5-6-р хавирганы завсраар үнхэлцэг, зүрхний оройг нэвтлэн, доош өрц, элэгний 3-р сегментэд төгссөн нэвтэрсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх зогсож тэрээр нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас нэг хүн нас барсан хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Хүнийг хутгалснаар амь нас нь хохирч болох өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг шүүгдэгч ухамсарлаж байсан ч үйлдлээрээ уг хохиролд шууд хүргэсэн байх тул хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Эрдэнэтулгыг алах гэсэн шүүгдэгчийн гэмт санаа, зорилго нь хохирогч Д.Эрдэнэтулгын “...Тэгтэл Б-Э гэгч нь баруун гараараа миний баруун мөр рүү нэг удаа цохих шиг болсон. Тухайн үед би хойшоо болсон ба гартаа хутга барьсан харагдсан. Би зүүн гараараа түүний баруун гарыг бариад түүнийг баруун гартаа юу барьсан талаар лавшруулж харахад хутга барьсан байсан. Би хутгыг хараад их айж сандарсан бөгөөд хутгыг нь тавиулчих санаатай хутгатай гарыг доош дарахад Б-Э миний зүүн мөрнөөс бариад “гар тавь, муу банди минь” гэж хэлээд намайг зүүн гараараа татаж толгойгоороо миний толгой руу мөргөсөн. Би мөргүүлээд “юу болж байна аа” гэж хэлтэл намайг дахин татаад мөргөсөн. Би ер нь бүтэхгүй юм байна гээд хоёр гараараа Б-Э хоёр гарыг доош нь дараад хөдөлгөхгүйгээр барихад намайг “гар тавь, ална шүү” гэж заналхийлсэн. Тэгээд би Б-Этэй 5-10 минут ноцолдож байх үед манай эхнэр цаад байшингаас ирэхээр нь “энэ хүн хутгатай байна” гэж хэлсэн чинь манай эхнэр орилж хашхираад Б-Э эхнэр рүү нь залгасан боловч утсаа авахгүй байхаар нь би эхнэртээ “битгий ойртоорой, энэ хүн хутгатай байна шүү” гэж хэлсэн. ... Б-Э тухайн үед “чи намайг дээрээс хойш өдөөд байгаа шүү, бүгдийг чинь ална шүү” гэж хэлсэн. ...манай эхнэр “чиний цамц урагдаад цоорсон байна” гэж хэлэхээр нь би цамцаа тайлаад үзэхэд урагдсан байсан ба миний биед ямар нэгэн шарх сорви байгаагүй.” гэх мэдүүлэг,  гэрч Л.Отгонцэцэгийн “...Яваад очтол Б-Э гарт нэг юм гялалзах шиг болсон. Тэр үед манай нөхөр бултсан боловч нөхрийг маань хоёр удаа мөргөсөн. Манай нөхөр Эрдэнэтулга надад хандаж “гартаа хутгатай байна, гар утсаа авчраад бичлэг хий” гэж хэлэхээр нь би том охиндоо “гар утас аваад ир" гэж хэлсэн. Том охин Номуун надад гар утас авч ирэхээр нь би эхэлж цагдаад дуудлага өгөөд дараа нь бичлэг хийсэн. ...Манай нөхөр түүний хоёр гарын бугуйнаас барьсан байсан. Тухайн үед манай нөхөр их сандарсан байсан учраас хутгыг нь тавиулж чадаагүй.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Номууны “Яг тэр үед нөгөө ах баруун гартаа хутга барьсан. Аав хоёр гарынх нь бугуйнаас атгасан байсан. Нөгөө ахыг аав хашаагаар гаргах үед аавын толгой руу мөргөж, хөлөөрөө тийрээд байсан. Хашаанаас гаргахаас өмнө тэр ах манай аавд “намайг дээрэлхээд байна уу, чи муу, ална” гээд аав руу хутгатай гараараа дайрах гээд байсан ч аав хоёр гарынх нь бугуйнаас барьсан байсан учраас гараа хөдөлгөж чадахгүй байсан. ...Тэгсэн нөгөө ах “та нарыг ална шүү” гэж орилоод байсан” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хүрэн өнгийн иштэй хутгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хохирогчийн цамцны гэрэл зураг, криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс хэргийн бодит байдлыг тодорхой дүгнэх боломжтой юм.

 

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилжээ.

 Завдалтын шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаарддаг. Тухайлбал шүүгдэгчийг үйлдэл хийж байхад хөндлөнгөөс хэн нэгэн гуравдагч этгээд таслан зогсоох, эсвэл хохирогч зугтах, байгалийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлээс гэмт үйлдэл тасалдах зэрэг гэмт үйлдэл хийгчийн хүсэл зориг өөрөөс нь шалтгаалахгүй тасалдсан байхыг завдалт гэдэг.

 

Шүүгдэгч П.Б-Э нь  хохирогч Д.Эрдэнэтулгыг хутгалах үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгчээс өөрөөс нь шалтгаалаагүйгээр хохирогчийг хутгалж чадаагүй, харин цамцыг хавж нэвт хутгалсан нь цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь баруун гартаа хутга барьж хохирогчийн баруун мөр хэсэгт хутгалах үйлдэл хийсэн байх бөгөөд хохирогч хойш болсноор хутга хохирогчийн биед хүрээгүйгээр түүний 2 давхарлан өмссөн цамцны гадна болон дотор цамцыг нэвтэлсэн, дотуур өмссөн цамцыг эхний мөрнөөс баруун тийш 9.8 см хэмжээтэй зайд нэвтэлсэн шинэ гогдолт гэмтэл үүсгэсэн нь хохирогчийг алах гэсэн санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч Д.Эрдэнэтулгыг шүүгдэгч П.Б-Э хутгалах санаатайгаар эхний удаа үйлдэл хийхэд тэр нь хохирогчийн цамцыг хавж нэвт хутгалсан байх бөгөөд дахин үйлдэл хийхэд хохирогч шүүгдэгчийн хутгатай байгааг нь мэдэж, самбаачлан шүүгдэгчийн хутгатай гарыг барьж үйлдлийг хориглосноор шүүгдэгч  П.Б-Э гэмт санаа төгсөлгүйгээр таслан зогсоогдож шүүгдэгч П.Б-Э гэмт үйлдлээ гүйцэлдүүлж чадаагүй нь нотлогдож байх бөгөөд энэ нь хуулийн дээрх ойлголтод хамаарах юм.

 

Шүүгдэгч П.Б-Э нь хүнийг алахаар идэвхтэй үйлдэл хийсэн байх ба түүнийг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл дээрх байдлаар бүрэн тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч П.Б-Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Шар хоолойн амны 04-20 тоотод хохирогч Д.Эрдэнэтулгыг “хашаандаа гэрэл асаалаа” гэх шалтгаанаар хутга барин ална гэж дайрч, цамцны энгэрийг хутгаар зүсэж алахыг завдсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хоолойн 03 дугаар гудамжны 16 тоот хашаанд иргэн Д.Нямсүрэнг өөрийг нь зодсон, хүлсэн гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нь хутгалж, цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 5-6 дугаар хавирганы завсраар үнхэлцэг, зүрхний оройг нэвтлэн, доош өрц, элэгний 3 дугаар сегментэд төгссөн нэвтэрсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх зогсож нас барж, хүнийг алсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Б-Э мэдүүлгээс дүгнэхэд тэрээр согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан. Тухайн үйл явдалд дүгнэлт хийх, хохирогч нарын байгаа байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

 

Шүүгдэгч П.Б-Э нэг хүнийг алахыг завдсан, нэг хүнийг алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож хариуцлага оногдуулахаар хуульчилсан үйлдэл болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь насыг хохироохыг завдсан, хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг шүүгдэгч хийснээр хүрэх үр дүнг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Тэрээр өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, бусдын амь нас хохирох хор уршигт хүргэх боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

 Шүүгдэгчийн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлүүд болон хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байна.

 

Ийнхүү өөр өөр цаг хугацаанд 1 хүнийг алахыг завдсан, 1 хүнийг алсан үйлдэл нь тус бүрдээ эхлэл төгсгөлтэй, хоорондоо цаг хугацааны хувьд зайтай, өөр өөр цагт үйлдэгдсэн байх ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч П.Б-Э нь хоёр удаагийн үйлдлээр өөр өөр цаг хугацаанд үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, дээрх шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг тус тусдаа бүрэн хангажээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Б-Эд холбогдох нэг хүнийг алахыг завдсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, нэг хүнийг алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч П.Б-Э нэг хүнийг алахыг завдсан, нэг хүнийг алсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Эрдэнэтулга нь нэхэмжлэх зүйлгүй, харин гомдолтой болохоо мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямдорж нь гэм хорын хохиролд нийт 2.656.323 төгрөгийн нотлох баримтыг гаргаж хохирол нэхэмжилсэн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.500.000 төгрөгийг баримтгүйгээр өгсөн байх ба 2.400.000 төгрөг төлсөн талаарх баримтыг өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зардалд шүүгдэгч, түүний ар гэрээс нийт 3.900.000 төгрөгийг амь хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгчид төлсөн байх тул шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Эрдэнэтулгын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн амь хохирогчийн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой болон гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлын талаарх баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан бодит хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. П.Б-Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон.

 

Мөн шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн сонгогдож оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэм буруутай хэмээн дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирох ёстой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.

Шүүх шүүгдэгчийн хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс багаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч П.Б-Э үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу нэг хүний амь нас хохирсон хохирлын гэм хор арилаагүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд П.Б-Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах талаар гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцэхгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

            Улсын яллагч шүүгдэгч П.Б-Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүнийг алахыг завдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нийцэхгүй ба шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирохгүй, шударга ёсны зарчмыг алдагдуулахаар байна гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч П.Б-Э нь хэргийн учир 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 93 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалуулахаар,

амь хохирогчийн өмсөж явсан малгайтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хүрэн өнгийн малгайтай ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, хөх өнгийн оймс 2 хос, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар үдээстэй хар өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн бугуйн цаг 1 ширхэг, бор өнгийн эрих 1 ширхэг,

амь хохирогчийг хутгалж алсан бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хохирогч Д.Эрдэнэтулгыг алахыг завдсан хуйтай, хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.      

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт П Б-Э нэг хүнийг алахыг завдсан, нэг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч П.Б-Э тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-Эд оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-Э урьд цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Эрдэнэтулга, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямдорж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Б-Ээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж хадгалуулахаар,

малгайтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хүрэн өнгийн малгайтай ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хуйтай, хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, хөх өнгийн оймс 2 хос, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар үдээстэй хар өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн бугуйн цаг 1 ширхэг, борх эрих 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.БААСАНБАТ       

 

        ШҮҮГЧИД                        С.ОЛЗОД

 

      М.ТҮМЭННАСТ