Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0573/З |
Дугаар | 664 |
Огноо | 2018-10-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 664
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Г
Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142, Б/143 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Гг урьд эрхэлж байсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч иргэн С.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 тоот тушаалаар байгуууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоо шинэчлэн батлагдсан гэх үндэслэлээр намайг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн үүрэгт ажлаас С.Г намайг чөлөөлж, мөн өдрийн Б/143 тоот тушаалаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилжээ.
Төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримталсан байдаг. Уг заалтад “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ны орон тоо цөөрсөн бол ...ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна,” гэж заасан болно.
Гэтэл ажил олгогч хуульд заасан шалгаруулалт явуулахгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон нэмэлт баталгааг зөрчсөн гэж үзэж, гомдолтой байна...” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...С.Гг төрийн албанаас чөлөөлөөгүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан. Улсын ахлах байцаагч С.Гг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 тоот тушаалаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон.
2018 оны 02 дугаар сарын 14, 21-ний өдөр улсын ахлах байцаагч С.Гтай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаас уулзаж, тохиролцсоны үндсэн дээр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон. Тэрээр тушаал танилцуулсан өдрөөс хойш ажилдаа ирээгүй, албан үүргээ гүйцэтгээгүй, "... би Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст л ажиллана, би шүүхдэнэ...” хэмээж өнөөдрийг хүртэл ажлаа хийлгүй, төрийн албаны ажлыг цалгардуулж байна.
Түүний албан үүргийг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид гүйцэтгэж байна.
“...уг шийдвэрийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдсэн, сонсох ажиллагаа хийгдээгүй...” гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын даргаас 2018 оны 02 дугаар сарын 14, 21-ний өдөр 2 удаа Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст 8-10 жил ажиллаж байгаа улсын ахлах байцаагч Б.А, Н.Н, О.Э, С.Г нарын 4 улсын ахлах байцаагчидтай уулзаж, олон жил ажилласан дадлага туршлагад нь тулгуурлан дотоодын хяналт шалгалтын чиглэлээр улсын ахлах байцаагчаар ажиллуулах тухай ярилцаж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийсэн.
2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08.30 цагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд тус газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Э нь Мэргэжпийн хяналтын Ерөнхий газрын даргын “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Б/23 дугаар тушаалыг уншиж танилцуулсан. Улсын ахлах байцаагч Б.А, О.Э нар нь томилогдсон чиглэл, дүүрэг дэх Мэргэжпийн хяналтын хэлтэст албан үүргээ гүйцэтгэж байна. Улсын ахлах байцаагч Н.Н нь хөгжлийн бэрхшээлтэй тул Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст үргэлжпүүлэн ажиллаж байна.
"... хуульд заасан шалгаруулалт явуулалгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон нэмэлт баталгааг зөрчсөн...” гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг баримталж, улсын /ахлах/ байцаагчдыг дотооддоо мэргэжлийн чиглэлээр нь хэлтэс, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд сэлгэн ажиллуулдаг бөгөөд энэ нь улсын /ахлах/ байцаагчийг тухай мэргэжлийн хяналтын чиглэлээр дадлага туршлагатай, хамт олноо манлайлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай, онол практикийн бүтээл туурвих, судалгаа шинжилгээний ажил хийх талаар мэргэжил, мэргэшлийн хувьд бэлтгэгдэх ач холбогдолтой байдаг.
Тус газраас дотооддоо сэлгэн ажиллуулахдаа улсын байцаагчдын саналыг сонсдог бөгөөд улсын ахлах байцаагч С.Гд дотоодын хяналтын чиглэлээр улсын ахлах байцаагчаар ажиллуулах тухай 2 удаа уулзаж ярилцаж тохиролцсон. Мөн С.Ггийн улсын “ахлах” байцаагчийн албан тушаал болон цалин хэвээр байгаа бөгөөд Төрийн албан хаагчийн хуулиар олгосон баталгааг зөрчөөгүй болно.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас 2018 оны 02 дугаар сарын 14, 21-ний өдөр Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст 10 жил ажиллаж байгаа улсын ахлах байцаагч С.Гтай 2 удаа уулзаж, сэлгэн ажиллуулах тухай ярилцан тохиролцсон. Тухайн үед амаар болон бичгээр санал гомдол гаргаагүй. Улсын ахлах байцаагч С.Гг төрийн албанаас чөлөөлөөгүй, албан тушаал болон цалин хөлсийг дордуулаагүй, харилцан тохиролцож Баянгол дүүрэг дэх Мэргэжпийн хяналтын хэлтэст ажиллуулсан. Байгууллага, хамт олноос удаа дараа утсаар холбогдоход “...би шүүхдэнэ, дотоодын улсын ахлах байцаагчаар ажиллахгүй” хэмээж төрийн албаны ажлыг цалгардуулж, төрийн албан хаагчид байж боломжгүй ёс зүйгүй, хариуцлагагүй байдал гаргасан.
С.Г 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажлаа тасалсан тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийх хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг шүүх харгалзаж үзэхийг хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хууль зөрчсөн үйлдэл гараагүй нэхэмжлэгч С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл харагдахгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлүүд болох сонсох ажиллагаа хийгдсэн гэдгийг гэрчийн мэдүүлгээр баталсан, биечлэн уулзаж тайлбараа сонссон болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь тус шүүхэд “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Гг урьд эрхэлж байсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгах” -ыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142, Б/143 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Гг урьд эрхэлж байсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгах”-аар нэмэгдүүлэн өөрчилсөн болно.
1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч С.Гг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/143 дугаар тушаалаар түүнийг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажил албан тушаалд томилжээ.
Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тушаалыг “...намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримталсан атлаа хуульд заасан шалгаруулалт явуулахгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийгдээгүй, сэлгэн болон шилжүүлэн ажиллах талаар өөрөөс нь зөвшөөрөл аваагүй...”гэж маргажээ.
Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэдсэн төлөөлөгчөөс “...бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийсэн. Авилгатай тэмцэх газраас 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа албан хаагчдыг авилга ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болох эрсдэлтэй гэж дүгнэн албан бичиг ирүүлсэн. С.Г олон жил ажилласан учраас түүнийг сэлгэн ажиллуулсан...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлан үгүйсгэжээ.
Нэхэмжлэгч С.Г нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 737 дугаар тушаалаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэст, Стандартын чанарын хяналтын улсын байцаагчаар томилогджээ.
Тэрээр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаал гартал эрхэлсэн ажилдаа тогтвор суурьшилтай албан тушаалаар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байжээ .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлийг хянахаар байна.
2.Хариуцагчаас уг маргаан бүхий Б/142 дугаар тушаалыг гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны А/32 дугаар тушаал...”зэргийг үндэслэлээ болгосон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны А/32 дугаар ”Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагын бүрэлдэхүүнийг 1, дэд дарга 2, нийт орон тооны дээд хязгаарыг 516 байхаар баталсны дотор Экспорт, импортын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн орон тоог 10 байхаар тогтоосон байна .
Энэхүү тушаалыг үндэслэн гарсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалын нэг дэх заалтаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсантай холбогдуулан Тамгын газар, чиглэл, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн болон Төв лабораторит ажиллаж байгаа албан хаагчдыг болон нэхэмжлэгч С.Гг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ .
Уг Б/142 дугаар тушаалын энэхүү хэсэг нь захиргааны актын “гадагш чиглэсэн” шинжгүй, төрийн захиргааны байгууллагын дотогшоо чиглэсэн шийдвэр байх тул энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
3.Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын 1 дэх заалтаар “...Тамгын газрын албан хаагчдыг, Чиглэлийн хэлтсүүдийн албан хаагчдыг, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Төв лабораторит ажиллаж байгаа албан хаагчдыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөө эхлэн тус тус томилжээ.
Гэтэл Б/143 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар нэхэмжлэгч С.Гг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст, Хүнсний чанар , стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон нь нэхэмжлэгчийн “төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үед ажиллаж байсан албан тушаалынх нь чиг үүрэг хэвээр хадгалагдсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллах” төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг хөндсөн, гадагшаа чиглэсэн шинжтэй акт байна.
Маргаан бүхий Б/143 дугаар акт гарахаас өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог батлах тухай” тушаалаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч 13 орон тоотой, нэхэмжлэгч С.Г тэдгээрийн нэг болон ажиллаж байжээ.
Уг Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт , нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Б/143 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” заасан нэхэмжлэгчийн төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна.
Түүнчлэн хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалаа гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 28 дугаар зүйлийн 28.2.2...”зэргийг үндэслэлээ болгосон атлаа нэхэмжлэгч С.Гг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу түүний зөвшөөрлийн үндсэн дээр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “.. зөвшөөрсөн ...” гэдгийг албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байна.
Мөн хэсэгт заасан “...сэлгэн ажиллуулж...” гэдгийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох гэж ойлгоно” гэж хэрэгт нотлох баримтаар авагдсан “CD”, маргаан бүхий актуудыг уншиж танилцуулсан тухай тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоо илэрхийлсэн талаар баримт байхгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа холбогдуулан шүүхээс Авилгатай тэмцэх газрын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/5593, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05/207 дугаар албан бичгүүдийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан авсан боловч эдгээр албан бичигт нэхэмжлэгч С.Гтай холбоотой асуудлаар болон Нийслэлд 10 жил болчихсон, дүүрэгтээ 10 жил болчихсон хүмүүсийг албан ёсоор сэлгэн ажиллуулах тухай ямар нэг шийдвэрийн талаар дурьдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сэлгэн ажиллуулах тухай” тайлбар үндэслэлгүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан.
Харин нэхэмжлэгч С.Г нь төрийн жинхэнэ албан хаагч болсоноос хойш хөдөлмөрийн албаны даргын албан тушаалын хүрээнд эрхлэх ажилтай холбогдсон чиг үүргээ маш сайн хэрэгжүүлэх, туршлага, ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчин гэдэг нь түүний нигмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн тэмдэглэлээс харагдаж байна.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” Төрийн албаны зарчмыг энэ тохиолдолд баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул уг хууль бус актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хууль бус нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...” гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Гг урьд эрхэлж байсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Гд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 6 сар 23 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.881.380 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга, гурван зуун наян мянга/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас гаргуулж, нэхэмжлэгч С.Гд олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР