Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0647

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од,

Нэхэмжлэгч: “Ш ” ХХК,

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, 1204 байр, 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0053/З         

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш ” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, 1204 байр, 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Э ” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.6.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ш  ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, 1204 байр, 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “....Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27 өдрийн 0568 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаарт хүсэлт гаргагч “Э ” ХХК-иас "Ш ” ХХК-тай байгуулсан 2020 оны 04 сарын 13 өдрийн 20/09 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хавсаргаж өгөөгүйг буруутгах үндэслэлгүй” гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, 1204 байр 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг "Ш " ХХК нь “Э " ХХК-иас 2020 оны 04 сарын 13 өдрийн 20/09 дугаартай "Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-ний дагуу 120,956,000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан. Гэтэл Э " ХХК нь худалдан авагч болох "Ш " ХХК-д мэдэгдэлгүйгээр Улсын бүртгэлийн мэдүүлгийг худал мэдүүлэх замаар Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, 1204 байр 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж 2021 оны 08 сарын 09 өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаарт бүртгүүлж, 000894657 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан болохыг дурдаж, холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүхээс гуравдагч этгээд "Э " ХХК нь маргаан бүхий орон сууцны Өмчлөгчөөр бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн мэдүүлгийг худал мэдүүлэх замаар бусдад худалдан борлуулсан орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 зүйлийн 10.6.8 дахь хэсэгт гэж заасан байдаг. Уг хуульд зааснаар "Э " ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргахдаа тухайн орон сууцыг бусдад зарж борлуулах гэрээ хэлцэл байгуулсан талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөгчөөр тогтоолгох мэдүүлгийн хуудсандаа дурдаж, мөн орон сууцыг бусдад худалдан борлуулсан талаар холбогдох гэрээ хэлцлийн хуулбарыг нотлох баримтаар хавсаргах ёстой байсан. 3.2 “...“Э ” ХХК-ийн зүгээс улсын бүртгэлийн мэдүүлгийг санаатайгаар худал мэдүүлсэн бөгөөд тухайн орон сууцыг өөрсдийн өмчлөлд бүртгүүлэхэд бусдын буюу “Ш " ХХК-ийн эрх ашиг зөрчигдөх талаар нуун дарагдуулсан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх хуулийн шаардлага хангаагүй худал мэдүүлэгт үндэслэн Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, 1204 байр 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Э ” ХХК-ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн заасныг зөрчсөн, "Ш " ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироосон үйлдэл болсон юм. Гэтэл анхан шатны шүүхээс хүсэлт гаргагч “Э " ХХК-иас маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа “Ш ” ХХК-тай байгуулсан 2020 оны 04 сарын 13 өдрийн 20/09 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хавсаргаж өгөөгүйг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь “Э ” ХХК-ийн санаатайгаар хууль зөрчиж улсын бүртгэлийн мэдүүлгийг худал гаргасан хууль бус үйлдлийг зөвтгөсөн, Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчмыг алдагдуулж, нэг талд давуу байдлыг олгосон шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна. 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27 өдрийн 0568 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр хэсэгт 66 Улсын бүртгэлийн ерөнхий газар 2021 оны 08 сарын 09 өдрийн бүртгэлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна" гэжээ. "Ш " ХХК-ийн зүгээс “Э ” ХХК нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, 1204 байр 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн талаар олж мэдсэн даруйдаа тухайн 2021 оны 08 сарын 09 өдрийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаартай улсын бүртгэлийн хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Уг гомдолдоо “Э ” ХХК нь хууль зөрчин худал мэдүүлэг гарган бүртгэл хийлгэсэн талаар тодорхой дурдаж, тухайн улсын бүртгэлээс болж эрх ашиг нь зөрчигдөж буй “Ш ” ХХК-тай байгуулсан гэрээ хэлцэл болон, уг гэрээ хэлцлийн дагуу төлсөн бэлэн төлбөрийн баримт, бараа материал нийлүүлсэн акт, ажил хийж гүйцэтгэсэн акт зэрэг холбогдох бүхий л нотлох баримтыг гарган өгсөн. Хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас хянан шалгах ажиллагааг явуулсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 сарын 10 өдрийн 3/8946 тоот албан бичгээр улсын бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан хариуг өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэл нь бодит нотлох баримтад тулгуурлах ёстой байдаг. “Э ” ХХК-ийн зүгээс улсын бүртгэлийн байгуулга мэдээгүй, мэдэх боломжгүй байсан байж болох ч уг бүртгэлтэй холбогдуулан "Ш " ХХК-иас гомдол гаргаж, холбогдох нотлох баримтуудыг өгөхөд "Э " ХХК-иас улсын бүртгэлийн мэдүүлгийг худал гаргаж, бусадтай хийсэн гэрээ хэлцлийг нуун дарагдуулах замаар эрх ашгийг нь зорчиж бусдад худалдсан орон сууцыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар бүртгүүлсэн байна гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан.

Тиймээс "Э " ХХК-ийг хууль зөрчин улсын бүртгэлийн мэдүүлгийг худал мэдүүлснийг тогтоосон даруйдаа 2021 оны 08 сарын 08 өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгох бүрэн эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт байсан. Гэтэл "Э " ХХК-ийг хууль бус үйлдэл хийснийг мэдсэн байж тухайн хууль бус үйлдлийг илтэд өөгшүүлэн дэмжиж, “Ш " ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж хууль бус улсын бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж, шийдвэрлэсэн нь хуулийг дээдлэн, нийтэд эрх тэгш хандан ажиллах учиртай төрийн байгууллагаас гаргасан илт хууль бус шийдвэр болсон юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу “Ш " ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27 өдрийн 0568 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, 1204 байр 6 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр "Э ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Ш ” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, 1204 байр, 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Э ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Хан-Уул дүүргийн 4-р хороо, 1204 тоот байрны 63 тоот хаягт байршилтай 54.98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг манай компани 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/09 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу 120.956.000 төгрөгөөр худалдан авсан байтал “Э ” ХХК нь манайд мэдэгдэлгүйгээр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулсныг иргэний хэргийн шүүх дээр иргэн Н.Мэндсайхан нэхэмжлэлтэй “Ш ”, “Э ” ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн ... “Э ” ХХК тус орон сууцыг зарж борлуулах гэрээ хэлцэл байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөгчөөр тогтоолгох мэдүүлгийн хуудас бичихдээ дурдаж, холбогдох гэрээг хавсаргах байсан боловч энэ шаардлагыг хангаж мэдүүлгээ гаргаагүй ... Улсын бүртгэлийн газар хуулийн шаардлага хангаагүй мэдүүлэгт үндэслэн уг орон сууцны өмчлөгчөөр “Э ” ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн ... “ хэмээн тайлбарлажээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Ш ” ХХК нь "Э " ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/09 дугаар  “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээнд нэхэмжлэгч “Ш ” ХХК 120,956,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, бартерт гуравдагч этгээд “Э ” ХХК-аас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, 1204 байр, 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаартай, 2 өрөө орон сууцны бэлэн мөнгөөр хуваарийн дагуу төлж, үлдэгдэл орон сууцны төлбөрийг бараа материал нийлүүлэх эсхүл ажил хийж гүйцэтгэснээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч болохоор тохиролцсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас уг гэрээ “хүчин төгөлдөр бус болсон” хэмээн маргаагүй, гэрээний үүрэг бүрэн гүйцэд биелэгдсэн эсэх талаарх хэргийн оролцогчдын тайлбартай холбогдуулан захиргааны хэргийн шүүх үнэлэлт дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй, гагцхүү төрийн захиргааны байгууллага болох хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн 4-р хороо, 1204 тоот байрны 63 тоот хаягт байршилтай 54.98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаарт бүртгэж, уг орон сууцны өмчлөгчөөр “Э ХХК-ийг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, “Э ХХК-ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, Улсын бүртгэлийн байгууллагын уг үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагын маргаан бүхий бүртгэлтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгсөн хэсэг үндэслэл бүхий байна.

Хэдийгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:”, 10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагчийн мэдүүлэг гаргахдаа хавсарган өгөх баримтыг зааж журамласныг “Э ХХК” биелүүлээгүй байх боловч үүнд хариуцагчийг буруутгах буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрыг тус компанийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:”, 8.1.1-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан”, 8.1.2-т “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй”, 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”, 8.1.4-т “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй”, 8.1.5-д “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй”, 8.1.6-д “энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан” гэж улсын бүртгэлийн байгууллагын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зааж хуульчилсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 22 дугаар зүйлийн 22.1-д Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг тус тус баримтлах бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно. 31.3-т “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана”, Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-т “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно”, 185.2-т “Энэ хуулийн 185.1-д заасан тэмдэглэлийг ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болно”, 185.4-т “Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хууль журамд зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх шаардлагыг хангах хүрээнд ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болохоор байх бөгөөд урьдчилсан тэмдэглэлийг хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргахаар, ийнхүү мэдүүлэг гаргахдаа холбогдох гэрээ, хэлцэл, бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргасан байхыг шаардсанаас гадна тухайн үл хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр уг урьдчилсан тэмдэглэлийг хийж гүйцэтгэхээр байна.

4. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл гуравдагч этгээд “Э ХХК-аас 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1888/506 дугаар албан бичиг, мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хот, байгуулалт хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт, план зураг, фото зураг, “Капитрон банк” ХХК-ийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн тухай албан бичиг зэрэг баримтуудыг хавсарган Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, 1204 байр, 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081161 дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг гаргасныг хариуцагч хүлээн авч эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль бус гэж үзэх буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар байхад татгалзаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

4.1 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “... “Э ” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний талаар Улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр хандаж, улмаар урьдчилан тэмдэглүүлсэн байхад “Э ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн, ... гуравдагч этгээдийн гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах талаар өөр бусад хуульд заасан байхад татгалзаагүй ...” гэсэн үндэслэлүүдээр  маргаагүй, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул шүүх хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д заасны дагуу “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулсан, гэрээний талууд уг гэрээг урьдчилж тэмдэглүүлсэн байхад гэрээний нэг талд орон сууцны өмчлөх эрхийг олгосон нь хууль

зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй буюу “Э ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзах байсан гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

4.2 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн “10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:”, 10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж заасан зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлэгт хавсаргаж болох баримтуудын талаар заасан, мэдүүлэг гаргагчид чиглэсэн зохицуулалт байхаас гадна өмнө дурдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”, холбогдох хуулийн зохицуулатын хүрээнд нэхэмжлэгч “Ш ” ХХК-аас гуравдагч этгээд “Э ” ХХК-тай байгуулсан гэрээний талаар Улсын бүртгэлийн байгууллагад урьдчилж тэмдэглүүлэх боломжтой байсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д зааснаар “Э ” ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд орон сууцыг зарж борлуулах тухай гэрээ хэлцлийн талаар мэдүүлэгт дурдаж, холбогдох гэрээний хуулбарыг хавсаргах ёстой байсан, гэтэл санаатай худал мэдүүлсэн, энэхүү хуулийн шаардлага хангаагүй мэдүүлэгт үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх “хууль зөрчөөгүй” гэж  дүгнэсэн нь үндэслэлгүй ...“ гэх гуравдагч этгээд “Э ХХК”-ийг буруутгасан агуулга бүхий давж заалдах гомдлыг шүүх хүлээн авч хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 Цаашид нэхэмжлэгч Ш ” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/09 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, гэрээний талууд маргаангүй болсон талаарх холбогдох баримтыг бүрдүүлсэн тохиолдолд эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон тохиолдолд холбогдох баримтыг хавсарган Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, 1204 байр 63 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах зүйтэй байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй зөв байх боловч хэргийн оролцогчид “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлийг хуульд өөрөөр заасан байхад уг хуулийн зохицуулалтын дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар байхад татгалзаагүй” гэсэн үндэслэлээр  маргаагүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн атлаа  Тогтоох хэсэгт тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг баримталсан нь буруу байх тул уг зүйл заалтыг мөн хуулийн 8.1 (Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана) болгон өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2” гэснийг “8 дугаар зүйлийн 8.1” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                   ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ