| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0810/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/06 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/06
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Х.Б-ид холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ..........-ны өдөр ........... төрсөн, ....настай, .......... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл ........ хамт, ... дүүргийн ...... хороо ........ тоотод оршин суух,ял шийтгэлгүй, Б.Х.Б- /РД:......../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Бөхөгийн түргэний гол гудамжны 61 тоотод эхнэр “ажилд орох “ гэлээ гэх шалтгаанаар маргалдан зодож тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, 2 бугалгад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн далны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө хөрш Батбаярын монгол гэрийн хаалгыг нь засаж өгч байсан юм. Тэгтэл Батбаяр архи хундагалж өгсөн бөгөөд би ууссан. Би барагцаагаар 4-5 удаа аягаар архи уусан бөгөөд нэг мэдсэн чинь эхнэр Н.А-г би гэртээ нүүр рүү нь 2 удаа цохиж байсан. Мөн намайг Батбаярын эхнэр Баярмаа салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/
Хохирогч Н.А- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр Б нь согтуу 14 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд орж ирчхээд намайг “ажил хийх гэлээ, чи ажил хийж яадаг юм бэ” гээд миний 2 нүд, зүүн хөмсөг болон баруун шанаа руу мөн зүүн дал руу гараараа хэд хэдэн удаа цохиж, мөн 2 гарын бугуйнаас базаад байсан. Тэгтэл хажуу айлын Баярмаа болон түүний нөхөр Батбаяр нар орж ирээд намайг салгаж авсан.” гэх мэдүүлэг /хх-20-21-р тал/
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед манайх урд талын хөрш Бийг гуйж монгол гэрийнхээ хаалгыг янзлуулсан юм. Тухайн үед гадаа их хүйтэн байсан бөгөөд Б надаас архи байна уу гэж асуухаар нь би байгаа шүү дээ гээд гэрт байсан задалсан 0,75 литрийн Хараа нэртэй архинаас цайны аягаар 3 удаа хийж өгсөн...Бийн гэр лүү ороход тэрээр эхнэр Н.А-тай хэрэлдээд авгайгаа цохиж байсан. Би тэгэхээр нь дундуур нь орж Бийг салгасан. ...Нүүрэн тус газарт 2 удаа цохисон бөгөөд нэг нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10673 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Н.А-гийн биед тархи доргилт 2 нүдний дээд, доод зовхи, 2 бугалгад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн далны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-10-12/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-14-18/, Иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад /хх-3541/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, шүүхийн хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Бөхөгийн түргэний гол гудамжны 61 тоотод эхнэр Н.А-г “ажилд орох “ гэлээ гэх шалтгаанаар маргалдан зодож тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, 2 бугалгад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн далны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Н.А-гийн эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, 2 бугалгад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн далны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.Бийн түүний нүүрэн тус газар нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Бийн, гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Н.А-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Бийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Бид оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Х.Бид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагд даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 45/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Х.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Бид оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ