| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0025/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/114 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 10.1.2.11., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/114
2021 01 21 2020/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
иргэдийн төлөөлөгч Д.Энхболд,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал,
шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд Г.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалт заасан гэмт хэрэгт Т.А, Б.Б нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2592 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 02-36б тоотод иргэн Д.Мөнхбатыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж нүүр, хэвлий хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүнийг санаатай алсан,
шүүгдэгч Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 02-36б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх Д.Галтмаад байнга агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.А нар нь амь хохирогч Д.Мөнхбатын биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж нүүр, хэвлий хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Улаанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би түүнийг ямар хүмүүстэй нийлж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдгийг мэдэхгүй. Тэгэхээр найз нөхөд гэх хүмүүс байдаггүй байх гэж бодож байна. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах болон зүй бус ааш авир гаргадаггүй. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардлыг гаргуулмаар байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52-53/,
Гэрч Д.Галтмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би дээрх хүмүүсийн заримыг танина. Д.Мөнхбат бид хоёр 1993 онд танилцаж хамт амьдарч байсан. Х нь миний том охин. Б нь 2020 оны 7 сараас эхлэн Хтэй хамт амьдарч байгаа. Харин А, Мөнхтогтох хоёрыг 2020 оны 10 сарын 04-ний өдөр манайд ирж архи уухад харсан.
...Х, Б хоёр манай гэрт ирж хамт амьдрах болсон. Манайд ирснээр бараг өдөр болгон архи ууж, заримдаа Д.Мөнхбаттай хамт архи ууж хэд хэдэн удаа маргалдаж байсан. Манай охин Г.Х нь Д.Мөнхбатад дургүй байдаг бөгөөд дургүйцлээ илэрхийлж элдвээр харааж, доромжилдог байсан.
Тэр өдөр Г.Х, Б.Б, Ж.Мөнхтогтох, Т.А нар манай гэрт 0,5 литрийн Монгол стандарт нэртэй нэг шил архийг хувааж уугаад Т.А нь 18 цагийн орчимд хүүхдээ гэртээ хүргэж өгөхөөр Ж.Мөнхтогтохын хамт яваад манай гэрт 19 цагийн орчимд буцаж ирсэн. Тэр хоёрыг орж ирээд удаагүй байх үед манай нөхөр Мөнхбат архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би түүнийг орон дээр хэвтүүлээд дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн. Тэгтэл Х “танай Мөнхбатыг ална аа, энэ яахаараа согтуу ирж таныг дарладаг юм бэ” гэж хашхираад байхад нь Б Хийг газар дарж хэвтүүлсэн. Тэгтэл А нь Хийн орилж байгааг хараад “би бас энийг ална аа” гэж хэлээд Мөнхбатын хөнжлийг татаад цээж болон хэвлий хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохихоор нь би түүнийг болиулсан. Гэтэл Х газар хэвтэж байснаа босож ирээд “та нөхрийгөө өмөөрч байвал би ална” гэж хэлээд Мөнхбатын толгой, цээж, хэвлий хэсэг рүү цохиж, өшиглөөд байсан. Энэ үед Б босож ирээд Мөнхбатын толгой, цээж гээд биеийн бүх л хэсэгт гараараа цохиж зодсон. Би Х, Б нарыг болиулах гээд чадахгүй болохоороо “цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд Б миний гар утсыг булааж авахаар оролдож хоёр гарыг минь барьсан. Тэр үед Мөнхтогтох газар хэвтэж байгаад босож ирээд Бт хандаж “наад эмээгийнхээ гарыг тавиач, та нар хөгшин хүнийг ингэхээ болиоч, даралт нь ихэснэ шүү дээ” гэж хэлэхэд Б миний гарыг тавьсан. Х намайг ална гээд ногооны шил хагалаад дайрахаар нь би айсандаа оймстойгоо гэрээс гарч зугтаад гадаа байсан автомашины араар нуугдахад Б миний араас гарч ирж харснаа буцаж орсон. Ингээд би 102 дугаарт залгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа ирэхийг хүлээж байгаад цагдаатай хамт гэртээ ороход Мөнхбат ухаангүй байдалтай газар дээшээ хараад хэвтсэн. Х, Б, Мөнхтогтох, А нар гэрээс гарч зугтаасан байсан. Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан түргэн тусламж дуудсан ба түргэн тусламж ирж Мөнхбатын биеийг үзээд нас барсан гэдгийг хэлсэн.
А нь Мөнхбатын цээж, гэдэс хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Х нь Мөнхбатын толгой, хэвлий хэсэгт гараараа болон цүнхээрээ цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Харин Б нь Мөнхбатыг гараараа цохиж байгаа харагдсан. Х, Б нар маш олон удаа Мөнхбатыг цохисон тул хэдэн удаа цохисныг тоолох боломжгүй байсан. Ер нь Х, Б хоёр Мөнхбатыг “алчихъя” гэж хэлээд цохиод байсан. Мөнхтогтохын хувьд Мөнхбатыг огт цохиж зодоогүй. Мөнхбат архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс гадна хэдэн талаас нь цохиж зодуулах үедээ биеэ хамгаалах чадваргүй байсан. Мөнхбат архи уусан ч ямар нэгэн ааш авир гаргахгүй унтдаг байсан.
Би ер нь архи уудаггүй юм. Хэрэг болдог өдөр би эрүүл саруул байсан. Мөнхбат өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад орой 20 цагийн үед нэлээн согтуу ирсэн. Гэртээ ирэхдээ биед нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. А “таныг элэг бариад энэ яахаараа орон дээр согтуу унтаж байдаг юм бэ? ална аа” гэж хэлээд хөнжлийг нь хуу татаад баруун гараа атгаж байгаад талийгаачийн гэдэс хэвлий хэсэг рүү гурван удаа цохисон. Тэр үед талийгаач ухаангүй унтаж байсан бөгөөд түүнийг цохих үед “хэг хэг” гэж дуугарч, бие нь “овос овос” гэж хөдөлж байсан. Би Аг болиулах гэж оролдсон боловч дийлээгүй. Мөнхтогтох гэгч нь Б, Х нарын хажуугаар хэвтэж байсан юм. Намайг гэрээс зугтаагаад гарах үед Мөнхбат анх ямар байдалтай орон дээрээ хэвтсэн тэр байрлалаараа байсан. Нүдэнд харагдах шарх, сорви байгаагүй. Цагдаагийн ажилтантай сүүлд нь гэрт ороход өрөөний гэрэл унтарсан байсан. Гэрлээ асаахад талийгаач орноосоо бага зэрэг зайтай газарт үүд рүү толгой хэсэг нь чиглэсэн, дээшээ харсан байдалтай зүүн шанаа хэсгээс нь цус гарчихсан үл мэдэгдэх амьсгаатай хэвтэж байсан. Талийгаач Мөнхбат нь А, Х, Б нартай огт маргалдаж муудалцаагүй ба юу ч яриагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-66/,
Гэрч Ж.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Бтай 2017 онд барилга дээр хамт ажиллаж байснаас хойш тааралдаагүй байж байгаад 2020 оны 10 сарын 04-нд таарсан. Х нь түүний эхнэр юм билээ. Атай 2020 оны 10 сарын 02-ны өдөр Цайз захын орчимд караокед танилцсан. Х, А нар нь танилууд байсан. Галтмаа нь Хийн ээж, Мөнхбат нь Галтмаагийн нөхөр юм байна лээ.
... 2020 оны 10 сарын 05-ны өдөр Галтмаа эгчийн гэрт ороод Х, Б, А бид дөрөв архи хувааж уусан. Архи дууссаны дараагаар буюу 18 цагийн орчимд А бид хоёр Галтмаа эгчийнхээс гараад Агийн хүүхдийг гэрт нь хүргэж өгөөд 19 цагийн орчимд буцаж очсон. А бид хоёр Галтмаа эгчид хандаж “танайд хоночихъё” гэж хэлэхэд “тэг, тэг” гэж хэлээд газарт гудас дэвсэж өгөхөөр нь би хэвтсэн. Тэгтэл гаднаас Галтмаа эгчийн нөхөр Мөнхбат ах архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд бид нарыг хараад “энэ архины газар юм уу, явцгаа та нар” гэж хэлэхэд Галтмаа эгч нөхрийгөө “унт, унт” гэж хэлээд орон дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлсэн. Энэ үед Х Мөнхбат ах руу хандаж “чи миний ээжийг дээрэлхдэг хэн бэ, чамайг ална аа” гээд орилж хашхирч байгаад Мөнхбат ахыг нэг удаа алгадсан ба А мөн Мөнхбат ах руу хандаж “чи миний эмээг дээрэлхээд юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд Мөнхбат ахын хэвлий хэсэг рүү нэг удаа цохисон. Мөн Х нь Мөнхбат ах руу дайраад толгой, хэвлий, цээж хэсэг рүү гараараа цохиж, өшиглөөд байхаар нь Б очоод Хийг татаж унагаачхаад өөрөө Мөнхбат ахын хэвлий хэсэг рүү хоёр удаа, толгой руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Галтмаа эгч “цагдаа дуудлаа” гэж хэлээд гар утсаа авахад Б Галтмаа эгчийн гар утсыг булааж авахаар оролдож хоёр гарыг нь барьсан. Тэгэхээр нь би Бт хандаж “наад хөгшин хүн чинь даралт нь ихсээд уналаа шүү дээ, одоо болиоч ээ” гэж хэлэхэд Б гарыг нь тавьсан. Тэгээд би Галтмаа эгчийг гэрийн хаалгаар гаргаж өгөхөд тэрээр их айсан байсан тул гутлаа өмсөлгүй оймстойгоо гарсан. Ингээд би буцаад ороход Х, Б, А нар “удахгүй цагдаа ирэх байх, бүгдээрээ явъя” гэж хэлээд гэрээс гарсан бөгөөд Б гэрээс гарахдаа Мөнхбат ахын цамцнаас татаж орон дээрээс унагаасан. Ингээд Х, Б, А бид дөрөв Галтмаа эгчийн гэрээс гараад гудамжинд нэг шил архи уух гээд ярилцаад зогсож байх үед цагдаа нар ирсэн.
Мөнхбат ах гэртээ ирэх үед биеийн байдал нь хэвийн, биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин архи уусан согтуу байсан. Миний хувьд тухайн үед хэн нэгнийг огт цохиж зодоогүй бөгөөд Б, Х, А гурав Мөнхбат ахыг зодсон. Миний харснаар Х нь Мөнхбат ахын толгой, хэвлий хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, 5-6 удаа өшиглөсөн. Б нь нүүрэн тус газарт гараараа нэг удаа, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Харин А нь нэг удаа алгадаж, гараараа цээж, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Мөн үүнээс гадна би тухайн үед хүмүүсийг салгаж, маргааныг зохицуулж байсан тул намайг хараагүй байхад Б, Х, А нар миний харснаас илүү цохиж зодсон байхыг үгүйсгэхгүй юм. А талийгаач Мөнхбат ахын орон дээр гуталтайгаа гараад өшиглөж мөн цохиод байсан. Би хэдэн удаа цохисон тоог нь мэдэхгүй, олон удаа л өшиглөж цохисон. Талийгаач Мөнхбат ах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй согтуу ухаангүй байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-71, 74-75/,
Гэрч Э.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Миний бие нь эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Шинэзоригийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн Улиастай- 116 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 41 минутад “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-36б тоотод байрлах нийтийн байранд зодоон болоод байна” гэсэн дуудлага ирсний дагуу уг тоотод шуурхай хүрэлцэн очсон. Дуудлага өгөгч Дорж овогтой Галтмаа нь уг нийтийн байрны гадна байрлах жорлонгийн ард нуугдсан байдалтай, хөл нүцгэн гуталгүй, оймстойгоо зогсож байсан. Уулзаж тодруулж асуухад ихэд сандарсан байдалтай, гар хөл нь салгалж чичрээд байсан. Тэрээр хэлэхдээ “энэ нийтийн байрны 2 давхрын булангийн хаалга манайх, манай охин Х нь найзуудтайгаа архидан согтуурч, хамтран амьдрагч бид хоёрыг зодсон, би зугтаж гарч ирсэн, хамтран амьдрагч маань дотор байгаа, эд нар нийлж аймаар зодсон, бараг үхчихсэн байхаа” гэж хэлсэн. Ингээд гэр рүү нь орж шалгахад гэрт иргэн Галтмаагийн хамтран амьдрагч гэх 50-55 орчим насны эрэгтэй хүн шалан дээр дээш харж хэвтсэн байдалтай, орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй, хөдөлгөөнгүй байдалтай, хамраас нь бага зэргийн цус гарсан, мөн зүүн шанаа шалбарч цус гарсан байдалтай хэвтэж байсан. Түүнийг зодсон гэх хүмүүс байхгүй байсан. Ингээд Галтмаагаас ямар хүмүүс байсан талаар тодруулахад “манай охин Х, түүний найз залуу, мөн дахиад нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс байсан, зугтчихсан байна” гэж хэлсэн. Ингээд уг хүмүүсийг ойр орчмоор эрэн сурвалжлахад нийтийн байрны зүүн талд буюу засмал замын зүүн талд явж байсан нэг иргэн хэлэхдээ “наанаас чинь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гараад арын гудамж руу гүйж орсон” гэж хэлсэн. Хэлсний дагуу тухайн гудамж руу орж хайгаад нөгөө 4 хүнийг олсон. Тэдгээр хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Уг хүмүүсийг машинд суулгаж 103-т дуудлага өгч, хэргийн газрыг хамгаалалт авч, жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78/,
Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“10 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн бөгөөд дээд давхрын 16 тоотод гаднаас хүмүүс ирсэн байсан ба эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад байгаа чимээ гарсан. Би тухайн үед чимээгүй байх талаар хэлье гэж бодоод сууж байх үед Галтмаагийн охин нөхөр, танихгүй залуу, нэг эмэгтэйн хамт бууж ирээд шатан дээр тамхи татаад байхаар нь би “гадаа гарч тат” гэж хэлсэн. Тэр 4 гараад явсан. Дахиж орж ирээгүй. 10 гаруй минутын дараа гаднаас 2 цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 82-83/
Гэрч Г.Гэрэлтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Намайг таксинд явж байх үед ээж 21 цагийн үед над руу 88824377 дугаарт залгаж “танай эгч гурван хүний хамт ирээд архи уугаад агсам тавих гээд хоорондоо муудалцаад байна, би гадаа байна, чи хурдан ир” гэж хэлсэн. Би шууд ээжийн амьдардаг нийтийн байранд очиход байрны гадна машин дотор Х, танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт сууж байхаар нь би очоод “та нар яагаад ээжид агсам тавиад байгаа юм бэ” гэж хэлэхэд өөдөөс “бид нар агсам тавиагүй, нэг шил архи уусан” гэж хариулсан. Машины баруун талын захад сууж байсан надаас дүү болов уу гэмээр эмэгтэй “бид нар тэр хүнийг зодоогүй, гаднаас зодуулчихсан орж ирсэн, бид нар гэрт нь ороход танай тэр ах чинь согтуу байсан шүү” гэж хэлсэн. Тухайн үед тэд нар бүгд нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг/1 хх-ийн 99-102/,
Хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн
“Үзлэгийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 20 минутад эхлүүлж, хэрэг болсон гэх газар Монелийн гэрлэн дохиотой уулзвараас чанх хойш 500 метр яваад төв замын баруун талд харалдаа 3-н давхар улаан тоосгон нийтийн байр байв. 2 давхрын зүүн урд талд байрлах хэрэг учрал болсон гэх 16 тоотод хэсэгчлэн үзлэг хийхээр тогтов.
Өрөөний гол хэсэгт газар дээш харсан байдалтай эрэгтэй хүний цогцсыг 13 дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. Цогцсын толгойн хэсэг ертөнцийн зүгээр баруун хойд зүгт чиглэсэн, нүүрний зүүн шанаа хэсэг улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. Хамрын зүүн хэсэгт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, 2 гар биеэс салангид хөл дагуу чиглэсэн, баруун хөл хагас нугалсан, зүүн хөл шулуун ертөнцийн зүгээр зүүн урд зүгт чиглэсэн, дээгүүрээ цайвал өнгийн футболк, улаан өнгийн цамц, ягаан өнгийн хиртэж бохирлогдсон юүдэнтэй цамцтай, доогуураа хар саарал өнгийн дотоож, хар өнгийн нимгэн өмдтэй, хөл нүцгэн, хөлийн хэсэгт цайвар өнгийн хөнжил байх ба уг хөнжилд хэрэгт ач холбогдолтой ул мөр байсангүй. ...Амь хохирогчийн биеийн ил харагдах бусад хэсэгт гэмтэл шархгүй байна. Үзлэгийг 02 цаг 40 минутад дуусгав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 04-16/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1149 дугаартай:
“Т.А нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Т.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй байна. Т.А нь одоо хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 179-180/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1148 дугаартай:
“Г.Х нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Г.Х нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй байна. Г.Х нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 182-183/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1147 дугаартай:
“Б.Б нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна Б.Б нь одоо хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 185-186/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103 дугаартай:
“талийгаач Д.Мөнхбатын цогцост хэвлийн битүү гэмтэл: дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал, ходоодны ар хана, өрц, баруун бөөрний өөхөн эд, зүүн бөөрний хальс, баруун 5, зүүн 8,9-р хавирга, хавирганы нум орчмын зөөлөн эд, толгойн хуйхан доорх дагзны баруун дээд хэсэг, зүүн чамархайн урд хэсгийн цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх шинэ гэмтэл байна. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй...талийгаачид дээрхээс өөр эсэргүүцэн, тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...талийгаач нь хэвлийн битүү гэмтэл дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт, хавсралт баримтууд /1 хх-ийн 189-201/,
Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“хэвлийн битүү гэмтэл, дэлүү язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн учраас үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлдлээр үүснэ. Уг гэмтлүүдийг гар болон хөлөөр цохиход үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /1 хх-ийн 202-203/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 01-02/,
-хэрэг, учрал болсон гэх нийтийн байрны 16 тоот өрөөний схем зураг, хэргийн газрын схем зураг, гүүглэ мафиас харуулсан зураг /1 хх-ийн 13-16/,
-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 22-30/,
-цогцос үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 17-21/,
-хэргийн газарт дуудлагын дагуу очсон цагдаагийн дэслэгч Э.Ундрахбаяр, дэд ахлагч Б.Шинэзориг, Г.Ариунболд нарын нөхцөл байдлын талаар илтгэсэн илтгэх хуудас /1 хх-ийн 31-33/,
-мөрдөгчийн тэмдэглэл, согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 34-39/,
-камерын бичлэгт үзлэг хийсэн 2 020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /1 хх-ийн 43/,
Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн:
2020 оны 10 сарын 05-ны өдөр Х бид 2 архи аваад хадам ээжийнд очсон. Ээж Галтмаа ганцаараа байсан бөгөөд хоол халааж идээд авчирсан архийг гурвуулаа уугаад байж байхад гаднаас Мөнхтогтох, А хоёр нэг шил архитай орж ирэхээр нь хувааж уусан. Ингээд орой 17 цагийн үед А хүүхдээ сургуулиас нь авчирсан. Тэгээд Соёмбо, А хоёр буцаж гараад 0,75 литрийн нэг шил архи авч ирж бүгдээрээ хувааж ууж байсан. Гэгээ тасарсан харанхуй болох үед гаднаас Мөнхбат согтуу орж ирээд орон дээрээ хэвтсэн байдалтай “эхнэр Хийг хөөж туугаад, А тэр хоёрыг янхан, гичий гэж дуудсан’’ тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч янхан гичийгээр дуудахгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл эхнэр уурлаад орон дээр хэвтэж байсан Мөнхбатын толгойн тус газар нь нэг удаа алгадаж, гуя орчимд өшиглөсөн чинь Мөнхбат босож ирээд эхнэрийн хоёр хөлөөс тэврээд авахаар нь би салгаад цамцных нь ард талын захнаас угз татаж ор руу шидсэн чинь урдаас босох гэхээр нь цаашаа хана руу түлхсэн. Тэгтэл Мөнхбат дахиж өндийгөөд Атай маргалдсан чинь Соёмбо эхнэрээ өмөөрч хажууд нь сууж байгаад түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхэд хамраас нь цус гарсан. Энэ үед би Мөнхтогтохыг салгасан чинь хадам ээж Галтмаа цагдаад дуудлага өгөх гээд утсаар залгахаар нь битгий цагдаад дуудлага өг гэж хоёр гараас нь барьж байгаад тавьсан. Ингээд би асуудал болно бүгдээрээ гаръя гэж хэлээд бүгдээрээ хашааны гадаа байж байхад цагдаа ирээд бид нарыг авч явсан. Тухайн үед би эхнэрээ өмөөрч хэдэн үг хэлсэн гэхдээ Мөнхбатыг цохиж зодоогүй, ор руу угзарч шидсэн чинь өөдөөс босох гэсэн. Тэгэхээр нь цаашаа түлхсэн өөрөөр биед нь халдаагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“Хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Ерөөсөө тэр Мөнхтогтох л талийгаачийг дээрээс нь 3 удаа хамар хэсэг рүү нь цохиж байхыг би харсан.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 27/,
“Би зүйл ангийг ойлгож байна. Би бүлэглээгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /2 хх-ийн 136/,
Г.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн:
2020 оны 10 сарын 05-ны өдөр Б, Мөнхтогтох, А бид 4 Цайз зах дээр хүмүүстэй нийлж 3 шил архи уусан. 19 цагийн үед бид нарыг ээж Галтмаагийн гэрт байхад хойд эцэг Мөнхбат согтуу орж ирэхэд нь ээж түүнийг орон дээр унтуулсан. Харин бид 4 хөзөр тоглож байгаад Агийн найзынд очиж хонохоор гарч яваад хашааны үүдэнд цагдаа нарт баригдсан. Тухайн үед согтуу байсан тул зарим нэг зүйлийг санахгүй байна. Уг нь талийгаачийг гэрт орж ирэхэд биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй бөгөөд ээж түүнийг орон дээр хэвтүүлсэн. Нэг мэдсэн Д.Мөнхбатын хамраас цус гарчихсан газар шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь Б, А, Мөнхтогтох бид 4 ээжийн гэрээс гарсан. Тухайн үед Д.Мөнхбатыг хэн цохиж зодсоныг би санахгүй байна. Орон дээрээс хэн буулгасныг ч санахгүй байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 92/
Шүүгдэгч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“яллагдагчаар татсан тогтоолтой биечлэн уншиж танилцлаа. Хүн амины хэрэгт татагдсан байна. Хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 41/,
“яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би талийгаачид ойртоогүй, гар хүрээгүй учраас энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Урьд өмнө ээж Галтмааг цохиж зодсон асуудал огт байхгүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 140/,
Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн:
2020 оны 10 сарын 05-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хүүхдээс сургуулиас нь аваад явж байгаад Мөнхтогтох, Х болон түүний нөхөртэй таарсан. Тэр 3 халамцуу явж байсан. Нэг нь өвөртөө архи хийсэн байснаа харуулаад татах уу гэхээр нь тэгье гээд Х эгчийн гэр рүү явсан. Очоод бид 4 архиа хувааж уусан. Би тэр архинаас нь 2-3 удаа стаканаар дүүргээд уусан. Тэгээд би охиноо гэртээ хүргэж өгөөд буцаад гэгээ тасарч байхад очсон. Гэрт Х, түүний нөхөр, ээж нь, талийгаач, Мөнхтогтох нар байсан. Хийн ээжийнх нь нөхөр орон дээр согтуу хэвтэж байсан. Нэг мэдэхэд цагдаа ирээд бөөн юм болчихсон байсан. Тэр хооронд юу болсноо санахгүй байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 95/
Шүүгдэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“2020 оны 10 сарын 05-ны өдөр Мөнхтогтох нь талийгаачийн толгой хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд талийгаач ухаангүй болсон. Ямар учир шалтгааны улмаас өшиглөсөн талаар би сайн мэдэхгүй байна. Юутай ч өшиглөж байх явцыг би харсан. Тухайн үед талийгаач газарт хэвтэж байсан. Үүний дараа цагдаагаас хүмүүс ирж авч явсан. Би талийгаачтай огт хэрэлдэж, маргалдаж, зодолдож, өшиглөөгүй. Таньдаггүй байсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 54-55/
“Яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсантай танилцлаа. Гуравуулаа бүлэглэж, хохирогчийг согтуу биеэ хамгаалж чадахгүй байсан гэж ойлголоо. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 132/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Г.Х, Б.Б, Т.А нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мэргэжлийн боловсролын үнэмлэх зэрэг нотлох баримтууд,
хохирогч Д.Галтмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Х нь архи дарс уухаараа байнга агсам согтуу тавьдаг. 2015 оноос 2016 оны хавьцаа Х Улиастайн гол дээр согтуу байж байхаар нь би “гэртээ харь” гэж загнаад түүнийг түлхсэн. Гэтэл Х газраас архины шил аваад зүүн хөмсөг рүү цохиж толгой хагалж байсан. Тухайн үедээ гэмтлийн эмнэлэг ороод гурван оёдол тавиулж байсан. Төрсөн хүүхэд учир цагдаад мэдэгдээгүй ба эмнэлэгт үзүүлэхдээ “юм мөргөсөн” гэж хэлсэн. Саяхан гэртээ халуун савтай цайг авч шидээд, зурагтын антен таслаад, ус буцалгагчийн суурь шидэх үед жижүүр орж ирээд загнаад гаргасан. Ер нь Х хамт байх хугацаандаа гадаа архи уугаад гэртээ согтуу орж ирээд агсам согтуу тавьдаг. Би энэ талаар цагдаад огт мэдэгдэж байгаагүй. 2014 оноос хойш байнга л агсам согтуу тавих болсон. Энэ байдал нь надад маш дарамттай байдаг тул би Улиастайн 23 дугаар хороонд амьдарч байсан гэрээ буулгасан. Үүнээс хойш талийгаач нийтийн байр түрээсэлсэн ба надад гэрээ зааж өгөөгүй байсан. 2019 онд Х нь архи уугаад гудамжинд унтаад байхаар нь тус оны 12 сард гэртээ авч ирсэн. Үүнээс хойш цуг хэсэг амьдарсан. Х архи нь гарахаараа “би танд агсам согтуу тавиагүй” гэж хэлдэг байсан. Агсам согтуу тавьснаа санадаггүй юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57-58/,
Гэрч Э.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Дуудлага өгөгч Дорж овогтой Галтмаа нь уг нийтийн байрны гадна байрлах жорлонгийн ард нуугдсан байдалтай, хөл нүцгэн, гуталгүй оймстойгоо зогсож байсан. Уулзаж тодруулж асуухад ихэд сандарсан байдалтай, гар хөл нь салгалж чичрээд байсан. Тэрээр хэлэхдээ энэ нийтийн байрны 2 давхрын булангийн хаалга манайх, манай охин Х нь найзуудтайгаа архидан согтуурч манай хамтран амьдрагч бид хоёрыг зодсон, би зугтаж гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77/,
Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Өнөөдөр Галтмаагийн гэрт ирсэн охин нь эднийд ирэхээрээ дандаа хэрүүл маргаан гаргадаг бөгөөд 9 дүгээр сард тэдний гэрт шуугиан гараад байхаар нь очиж шалгахад Галтмаа гуай гарч ирээд “охин намайг зодоод байна эгчдээ цагдаа дуудаад өгөөч” гэж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83/,
Гэрч Г.Одонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Х айхтар авиртай хүн биш, манай ээжийг зодож байгаагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 110-111/,
Гэрч Г.Гэрэлтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Х нь хэрэг болохоос хоёр жилийн өмнө гол дээр ээжид гар хүрсэн гэж сонссон. Яг цохиж зодож байхыг бол хараагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112-113/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож үнэлэв.
Шүүгдэгч нарыг гэрч, сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцлоо.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарын амь хохирогч Д.Мөнхбатыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж бүлэглэн нүүр, хэвлий хэсэг рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж “хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал, ходоодны ар хана, өрц, баруун бөөрний өөхөн эд, зүүн бөөрний хальс, баруун 5, зүүн 8,9-р хавирга, хавирганы нум орчмын зөөлөн эд, толгойн хуйхан доорх дагзны баруун дээд хэсэг, зүүн чамархайн урд хэсгийн цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохойнд зулгаралт” бүхий гэмтэл учруулан талийгаач нь хэвлийн битүү гэмтэл болох дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барж, хүнийг алсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм. Шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж согтуурсны улмаас гэмт этгээдүүдийн үйлдлийн хариуд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй болсон байгаа хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэж үзнэ.
Гэмт хэргийг хоёроос дээш тооны хүн санаатай нэгдэж үйлдэхийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ёстой. Гэмт этгээдүүд нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцсон байх шаардлагагүй бөгөөд тухайн нөхцөл байдалд үйлдлээрээ хамтарч оролцсон байдаг.
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлэхийг хүсэж байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байдаг.
Иймд хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.
Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарын мэдүүлгээс дүгнэхэд тэдгээр нь согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан. Тухайн үйл явдалд дүгнэлт хийх, амь хохирогчийн байгаа байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Х, Т.А, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Улаанаа нь оршуулгын зардлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гарган өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх тогтоож, шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй байх тул түүний хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд гэрч Д.Галтмаа, Ж.Мөнхтогтох, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар тухайн газар хамт байсан байх бөгөөд гэрч нарын мэдүүлэг нэг ижил утгыг илэрхийлдэг. Мөн тэдний амь хохирогчийн биед шүүгдэгч нарын цохисон тухай мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлтэй учир зүйн хувьд холбогдолтой гэж үзэхээр байна.
Гэрч Д.Галтмаа нь амь хохирогчийг гаднаас орж ирэхдээ биедээ гэмтэл, шархгүй байсан талаар мэдүүлсэн ба шинжээчийн мэдүүлгээр амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд ойролцоо үүссэн, үүссэн дарааллыг тогтоох боломжгүй болох нь тогтоогдсон.
Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс энэ гэмтлийг нь шүүгдэгч нарын энэ нь учруулсан байна гэж тогтоох шаардлагагүй бөгөөд шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар нь ээлжлэн амь хохирогчийг зодож хэвлийн битүү гэмтэл учруулж, амь хохирогч нь гэмтлийн шокийн улмаас нас барсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөн амь хохирогчийг орноос татаж газарт унагаасан эсэх, эсхүл орноос унасан эсэхийг шалгах шаардлага байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Быг гарахдаа орноос татаж унагасан талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбөр хүрэн өнгөөр тод үүссэн нь тогтоогдсон байх бөгөөд энэ нь шүүгдэгч нарын учруулсан гэмтэл биш юм.
Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар нь амь хохирогчийн урд талаас түүний цээж, хэвлийн хэсэгт олон удаа цохиж, өшиглөж зодсоны улмаас хэвлийн битүү гэмтэл үүссэн байх ба хэвлийн битүү гэмтэл үүсэхэд биеийн гадна хэсэгт ямар нэгэн ул мөр үүссэн байхыг шаардахгүй.
Гэрч Ж.Мөнхтогтох хэрэг болоход байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тэрээр амь хохирогчийг зодсон үйлдэлд оролцоогүй болох нь нотлогдон тогтоогджээ. Ийм учир түүнийг гэрчээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй болжээ.
Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр уг камер нь хэрэг болсон нийтийн байрны гадна кридор хэсгийг харуулдаг болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн гэмт хэрэг тус нийтийн байрны нэг өрөөнд болж камерын бичлэг нь гэмт хэргийн талаар ямар нэгэн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй байх учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтүүд нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байх тул шүүх хүлээж авах боломжгүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирч шударга ёсны зарчмыг хангана гэж шүүх үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 02-36б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх Д.Галтмаад байнга агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл болох нь тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Д.Галтмааг зодсон нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн гэж Г.Хэд шүүхийн шийтгэврээр зөрчлийн шийтгэл оногдуулж байсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх гэх шинж нь нэг үйлдлийг олон удаа ойр ойрхон хийхийг ойлгох ба энэ үйлдэл нь 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байна гэж ойлгоно.
Шүүгдэгч Г.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Д.Галтмааг урьд нь зодсон, байнга агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүйн дээр 1-2 удаагийн үйлдлийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар мэдүүлэх бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан боловч давтамжийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” хэмээх шинжийг хангахгүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэг төгссөнд тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.
Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч Г.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Т.А нь 6 настай хүүхэдтэй болох нь түүний болон гэрч Ч.Мөнхсайханы мэдүүлгээр тогтоогдож байх хэдий ч хүүхдийн бичиг баримт хэрэгт авагдаагүй байна. Гэр бүлийн тухай хуульд “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоохоор хуульчилсан. Хүүхдийн бичиг баримт хэрэгт авагдаагүй байх ба хуулийн дээрх шаардлагыг хэрэгжүүлж шүүх шийдвэр гаргах боломжгүй байх тул шүүгдэгч Т.Агийн хүүхдийн тэжээн тэтгэх, асран халамжлах асуудлыг оршин суух дүүргийн засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар нь хэргийн учир 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас ямар нэг санал гаргаагүй тул хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хэргийн газраас хураагдан ирсэн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Х овогт Б ын Б, Б овогт Г Х, Д овогт Т ийн А нарыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж нэг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарыг тус бүр арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарын цагдан хоригдсон 107 /нэг зуун долоо/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Фүз тий ундааны сав 1 ширхэг, Гоё ундааны сав 1 ширхэг, Айс тий ундааны сав 1 ширхэг, Монгол Стандарт архины шил 1 ширхэг, Өргөө гэх нэртэй архины хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн судалтай ногоон футболк 1 ширхэг, ягаан өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, шоотой өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай гурвалжин товчтой цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Улаанаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧИД С.ПҮРЭВСҮРЭН
М.ТҮМЭННАСТ