Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******************** нэхэмжлэлтэй,

хариуцагч- ***************** холбогдох

гэм хорын хохиролд 2.388.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****************, хариуцагч *********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мотоциклтэй явж байгаад ***************** 51-55 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дайрагдаж гол тулгуур эрхтэн болох хөлөндөө хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан. Тухайн үед уг хэрэг нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн боловч гэм хорын хохиролыг нотлох баримтгүй тул хохирогч миний нэхэмжилсэн мөнгөний асуудлыг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн тул уг асуудлаар иргэний шүүхэд хандаж байна. Би уг осолд орохоос өмнө Говь-Алтай аймгийн төвд байх “*************” ХХК-нд тасралтгүй 24 жил ажилласан бөгөөд машинист хийж сард 450.000 төгрөгний цалинтай ажил эрхэлдэг байсан. Гэтэл дээрх ослоос болж хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж группт орсон бөгөөд одоо сард группийн мөнгө гэж 251.000 төгрөг авч байна. Хэрвээ би ************* буруутай үйлдлийн улмаас болж уг осолд ороогүй бол одоо ажлаа хийгээд цалингаа бүтэн аваад бас дээр нь ур чадвар илүү цагийн мөнгө гээд бусад нэмэгдлүүдээ авч ажиллах боломжтой байсан. Цаашид хөлнийхөө хадаасыг авахуулах хагалгаа хийлгэх, мөн эмчилгээсувилгааны зардалд мөнгө хэрэгтэй байгаа бөгөөд одоо болтол хөл маань сайн эдгэрэлийг олохгүй гэм хор арилахгүй суга таягтай явж суухад хүндрэл бэрхшээлтэй байна. Түүнээс гадна би өөрийн өндөр настай бие муутай ээжийн хамт амьдардаг бөгөөд ээжийгээ өргөж асарч тэжээн тэтгэдэг байсан. Энэ ослоос болж ээжийгээ асрамжилж чадахгүй байдалд хүрч байна. Эрүүгийн шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч ************** нь надад тухайн үеийн эмчлүүлж байсан эмчилгээний зардал ор хоногийн мөнгө зэрэгт нийт 1.360.487 төгрөгийг өгч байсан боловч энэ мөнгө нь тухайн үедээ эмчилгээ сувилгаандаа зарцуулаад дууссан, цаашид гарах эмчилгээ сувилгааны зардал өгөөгүй. Иймд би цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Би 2016 оны 08 дугаар сараас хойш ажил хийгээгүй бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хооронд хөдөлмөрийн чадвар алдалтын группт орсон тул миний сарын хөдөлмөрийн хөлсний зөрүү болох 199.000 төгрөгийг 12 сараар үржүүлэн 2.388.000 төгрөгийг холбогдох баримтыг үндэслэн ************ гаргуулж өгнө үү. Мөн би мотоциклоо янзлуулж авмаар байна. Би “**************” ХХК-иас таван толгой явах гээд гарсан байсан, осолд орох үедээ хот явах гээд ажилгүй байсан. Саяхан нэг хадаасаа авахуулсан. Эрүүгийн шүүх хуралдаанаас хойш эмчилгээ хийлгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Би мотоциклоо янзлуулмаар байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруугаас болж иргэн ************* хөлийг гэмтээсэн. Гэтэл *************** нь ослоос болж гарсан хохиролд 2.388.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би энэ хүний эмчилгээний болон ахуйн хэрэгцээнд 1.360.487 төгрөгийг бэлнээр олгосон. *********** нь “***************” ХХК-ний ажлаасаа гарч ажилгүй болсон байж 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хөдөлмөрийн хөлсний зөрүү нэхсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. *************** хөлний хадаас авах зардлыг шүүхийн шийдвэрээр би хариуцна. Энэ хүн мотоцикл жолоодох эрхгүй замын хөдөлгөөнд оролцож байсан. Ер нь бол таяггүй явж байгаа. Би хоёр удаа цусны даралт харвасан эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Хоёр тэтгэврийн хөгшин 7 ам бүл тэжээдэг. Мөн өвчтэй суугаа нэг хүүхэд асардаг. Би хэр хэмжээ боломжоороо зохицоод надаас мөнгө төгрөг нэхэж байсан бол шал өөр би шүүх хурал болохоос өмнө гэрт нь очиж эр улсууд байна боломжоороо, яаж зүгээр байхав хохирлыг чинь барагдуулах талаас нь ярьж хөөрий гэж хэлж байсан. Тэгэхэд надтай юм яриагүй. Өмнө нь би шүүх хурлаар ороод нэг жилийн ял эдлээд одоо ч гэсэн би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, аймгийн цагдаагийн газарт сард хоёр удаа очиж бүртгүүлдэг. Ерөнхийдөө гэрийн хорионд ялаа эдлээд явж байгаа. Тиймээс энэ төлбөрийг төлөх чадваргүй. Өөр ярих юм алга гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгч ********** нь хариуцагч ************ холбогдуулан “************” ХХК-нд ажиллаж байхдаа сард 450.000 төгрөгний цалин авдаг байсан бөгөөд ослын улмаас группт орж сард 251.000 төгрөг авч байгаа, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 199.000 төгрөгийг 12 сараар үржүүлэн нийт 2.388.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *************** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж согтуугаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...********** нь ************* хохиролд 1.360.487 төгрөгийг төлсөн, хохирогч ************* ажилгүй байсан хугацааны цалин болон хойшид гарах эмчилгээний заррдлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг... дурдаж шийдвэрлэжээ /хх-4-8/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “...зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан тул дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай юм.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн эрх зүйн агуулга тодорхой бус бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Нэхэмжлэгч ********** нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа одоогийн авч байгаа группийн мөнгө нь ажил хийгээд авч байсан цалингаас бага байгаа тул хөдөлмөрийн хөлсний зөрүү 2.388.000 төгрөгийг нэхэмжилсэн талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдаж, шүүх хуралдаан дээр тайлбарлаж, өөрийн мотоциклоо янзлуулах тухай тайлбар гаргаж шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа талаараа мэдүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, шаардлагаа өөрчлөөгүй болно /шүүх хуралдааны тэмдэглэл/.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч ************** нь “У*************” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “машинист”-ын ажлаасаа халагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 0569922 дугаартай нотариатаар батлуулсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “*********” ХХК-ний “...************* нь 24 жил тасралтгүй ахлах слесарь, машинистаар ажиллаж байсан нь үнэн гэсэн” тодорхойлолт зэргээр тогтоогдож байна /хх-11-13, 3/.

Мөн нэхэмжлэгч ***************** нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байна /хх-9/.

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч ************* нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр осол болоход ажил хөдөлмөр эрхлээгүй, ажилгүй байсан болох нь түүний тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д зааснаар эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан ...бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд ...гэм хорыг арилгах үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч зөвхөн цалин хөлсний зөрүүнд 2.388.000 төгрөгийг шаардсан бөгөөд уг шаардлагын талаар тодорхой тайлбар, нотолгоог гаргаагүйгээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон ************* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан гэм хорын хохиролд 2.388.000 төгрөгийг хариуцагч ************** гаргуулахыг хүссэн **************** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЯНЖИНДУЛАМ

                                                    ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН

                                                     ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ