Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/169

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Б.Энхбат (томилолтоор), шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00520 0008 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн Б.Б, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “***” ХХК-д оператор ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш овогт Б.Б /РД:***/ нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** гудамжны ** тоотод байрлах байшин болон модон амбаарт нийт 1737 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ш овгийн Б.Б өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** дүгээр гудамжны ** тоотод байх байшин болон модон амбаартаа нийт 1,737 грамм жинтэй НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын Хоёрдугаар жагсаалтад хамаарах “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий “өвс” гэдэг нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан нь Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр явуулсан үзлэгээр илэрч, таслан зогсоогдсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай ээжийн дүү, талийгаач Г ах маань манай гэрээс олдсон бодисыг хэрэглэж байсан юм. Би тэр зүйлсийг гэртээ байгааг сүүлд нь мэдсэн боловч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, улмаар хадгалж байсан нь миний буруу. Биеэс дээж авч, тестээр шалгахад мансууруулах бодис илэрсэн тухайд бол 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найзуудтайгаа Модны 2-т байрладаг шөнийн клубээс гарч явахдаа нэгэн залуугаас тамхи гуйхад тэрээр “орчин үеийн залуус ийм тамхи хэрэглэдэг болсон” гээд надад тамхи өгсөн. Түүнийг нь татахад гашуу оргиод байхаар нь хаясан. Тэгээд ахынхаа хуванцар саванд хийсэн байсан өвсийг “татдаг тамхи” гэдгийг ойлгоод хаях гэж байсан боловч хаялгүй байж байгаад цагдаад баригдсан юм. Манай байшингаас эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс минийх биш...” гэсэн мэдүүлэг;

2. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** дүгээр гудамжны ** тоотод 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэгээр: “...Хэрэг гарсан газар нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны *** тоот хар тамхи мансууруулах бодис хадгалж байна гэх хэргийн газар ирэхэд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоосгоны ** дүгээр гудамжны ** тоот ертөнцийн зүгээр урагш харсан саарал өнгийн төмөр хаалгатай 4 тал модон банзан хашаа байна...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн ягаан эрээн өнгийн хаалгатай хэсэгт явуулахаар тогтов. Хаалгаар дотогш ороход ... шүүгээний баруун хэсэгт цагаан өнгийн хуванцар банн байх ба банн дотор ногоон өнгийн хатсан өвс мэт зүйл байсныг цэнхэр өнгийн гялгар уутанд хийж цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 851,7 грамм байсныг 1 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг цааш явуулахад...паарны урд хэсэгт шар өнгийн хуванцар сав, хажуу хэсэгт цоолж хуйлсан тавьтын дэвсгэрт, дээд хэсэгт нь тугалган цаас, тогоо хэлбэрт оруулсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч шаргал өнгийн хуванцар савыг 2 гэж, хуйлсан тавьтын дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаасыг 3 гэж дугаарлан, уг савны хажуу хэсэгт буюу цонхны тавцан дээр байсан тавьтын дэвсгэртийг 4, тогоо хэлбэртэй тугалган цаасыг 5 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...Уг хашааны нүүрсний амбаар хэсэгт үзлэгийг явуулахаар тогтов. Уг амбаар нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан онгорхой хаалгатай байх ба хаалгаар дотогш орж үзлэгийг явуулахад амбаарын баганын доод хэсэгт шалан дээр шар өнгийн тагтай хуванцар сав, дотроо бор ногоон өнгийн өвс мэт зүйлтэй байсныг 6, уг амбаарын баруун хойд хэсэгт дөрвөлжин модон хайрцаг байх ба дотор хэсэгт “Экос” гэсэн бичигтэй 1000 мл-ийн сав, дотроо бор өнгийн өвс мэт зүйлтэй байсныг 9, “Voyage” гэсэн бичигтэй 5 литрийн усны сав, дотроо ногоон өнгийн өвс мэт зүйлтэй байсныг 7 гэж, “Lipton” гэсэн бичигтэй хуванцар сав дотор бор ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг 8 гэж, уг хайрцгийн урд хэсэгт шалан дээр мяндсан шуудай байх ба уг шуудай дотор үзлэгийг явуулахад ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг цэнхэр өнгийн гялгар уутанд савлаж цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 103,7 грамм байсныг 10 гэж, мөн шалан дээр “Витсамо” гэсэн бичигтэй хажуу хэсэгт цоолсон тавьтын дэвсгэртийг хуйлж бонго болгосон байсныг 11 гэж, жижиг хуванцар савыг хажуу хэсэгт 2 цоолсон хоосон хуванцар савыг 12 гэж дугаарлан тус тус шинжилгээнд хүргүүлэхээр эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-15 дугаар хуудас);

3. Хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шалгасан тухай: “...тест ашиглах ажиллагааг эхлэн Б.Б-ыг...10 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестийн битүүмжлэлийг өөрөөр нь шалгуулж задлуулж, Б.Б-ыг тест ашиглаж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв....тестээр үзсэнээс хойш 2 минутын дараа тестийн үр дүн нь...10 төрлийн бодисоос тетрагидроканнабинолын агууламжтай бодис хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-19 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5621 дугаартай: “...1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэсэн хаягтай хуванцар, 3 гэсэн хаягтай АХ2175046 гэсэн сери дугаартай тавьтын мөнгөн дэвсгэрт, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АХ9158548 сери дугаартай тавьтын мөнгөн дэвсгэр, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, 6 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 7 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 8 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 9 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 10 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 11 гэсэн хаягтай хуванцар сав, 12 гэсэн хаягтай хуванцар сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 55-60 дугаар хуудас);

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5645 дугаартай: “Б.Б 2020.10.9” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 66-68 хуудас);

6. Шүүх сэтгэц, эмгэг судлалын төвийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1062 дугаартай шинжээчийн: “...Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй болохыг тогтоосон дүгнэлт (хх-ийн 71-72 дугаар хуудас);

7. Б.Б /РД:***/ нь E-Drug программд бүртгэлтэй болохыг тогтоосон Хар тамхитай тэмцэх газрын тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай лавлагаа (хх-ийн 86 хуудас);

8. Д.Г /РД:***/ нь E-Drug программд бүртгэлгүй болохыг тогтоосон Хар тамхитай тэмцэх газрын тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай лавлагаа (хх-ийн 87 дугаар хуудас), Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан тухай Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2-5а/10241 дугаартай албан бичиг, Д.Г /РД:***/ нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын эмнэлэгт нас барсан тухай нас барсны бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 117 хуудас);

9. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 109 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79 дүгээр хуудас);

10. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай гэрээс хураагдсан эд зүйлийг би гэртээ хадгалаагүй, дээрх эд зүйлс минийх биш. Тухайн байшинд манай ээжийн төрсөн дүү талийгаач Д.Г амьдарч байсан. Талийгаач ах маш их архи уудаг, болох бүтэхгүй хүмүүстэй нийлдэг, олон хоногоор гэрээсээ явдаг байсан. Талийгаач ахын амьдарч байсан, манай залгаа байшинд байсан болохоор түүнийх байх...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 81-82 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-ын гэртээ хадгалж байсан “өвс” гэсэн нэршилтэй бодис нь “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай болох нь химийн ахлах шинжээчийн 5621 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд “дельта-9 тетрагидроканнабинол” бодис нь 1994 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын Хоёрдугаар хавсралтад DRONABINOL гэсэн албан ёсны нэрээр бүртгэгдсэн байх тул хориглосон сэтгэцэд нөлөөт бодист хамаарна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэрээс хураагдсан бодис, эд зүйлсийг урьд хамт амьдарч байсан нагац ах Д.Г-х гэж мэдүүлдэг боловч Д.Г нь 3 жилийн өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол Улсын хилээр гарсан, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотод нас барсан, мөн тэрээр Хар тамхитай тэмцэх газрын E-Drug программд бүртгэлгүй, Цагдаагийн байгууллагын АСАП санд 2012 онд нэг удаа эрүүлжүүлэгдсэнээс өөрөөр бүртгэгдээгүй нэгэн байх бөгөөд харин эсрэгээрээ шүүгдэгч Б.Б нь урьд өмнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан, мөн Хар тамхитай тэмцэх газрын E-Drug программд бүртгэлтэй байх тул түүний мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн, химийн шинжээчийн дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураагдсан тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, гуурс хэлбэртэй болгосон мөнгөн дэвсгэртээс тус тус “дельта-9 тетрагидроканнабинол” бодис илэрсэн байгаа нь тэдгээр хэрэгслийг ойрын хугацаанд ашигласныг нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.   

Хуулиар хориглосон зүйлийг хадгалах гэмт явдал нь эрүүгийн эрх зүйн онолоор удааширсан гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ын сэтгэцэд нөлөөт бодис үйлдэл таслан зогсоогдсон үе болох 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд хамааруулж, хэзээнээс хадгалж эхэлснээс үл хамааран гэмт хэрэг төгсөх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцох болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлно.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хориглосон ... сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ... хадгалсаншинжийг бүрэн хангаж байх тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн гэр болон амбаарт хадгалагдаж байсан 1 кг 737 грамм хэмжээтэй өвс гэх нэршилтэй бодисыг өөрийнх нь биш, харин нас барсан ах Г-х, би хэрэглээгүй гэж үгүйсгэж байгаа боловч хэргийн газрын үзлэгээр тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэргийг хураан авсан байдаг. Тэдгээрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцод дурдагдсан бодисын агууламж илэрсэн. Энэ бодис нь мөнгө болон тугалган цаасан дээр 3 жилийн хугацаанд хадгалагдах боломжгүй. Иймд шүүгдэгч нь дээрх өвс гэх бодисыг хэрэглэсэн болох нь харагдаж байна. Тэрээр уг өвсийг гэр болон амбаартаа тарааж байршуулсан, мөн хэрэглэсэн болох нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн биеэс авсан биологийн дээж,  хавтаст хэрэгт авагдсан Хар тамхитай тэмцэх газрын тандалт судалгаа, дүн шинжилгээний бүртгэлд бүртгэлтэй байдаг гэсэн лавлагаа, шүүгдэгч нь урьд тухайн бодисыг хэрэглэж үзсэн, ямар зүйл болохыг нь мэдэж байсан зэргээр давхар батлагдаж байна. Иймд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банканд шилжүүлэх, камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Сэтгэцэд нөлөөт бодис гарсан гэх газарт 2 тусдаа байшин байсан. Б-ын амьдардаг байшингаас гараагүй, талийгаач Г гэх хүний гэрээс гарсан. Миний үйлчлүүлэгч юм хайж байгаад савтай сэтгэцэд нөлөөт бодис олоод манай ах хэрэглэдэг байсан юм байна гэдгийг мэдсэн гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хадгалсан гэм буруутай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Учир нь миний үйлчлүүлэгч энэ өвсийг олж мэдээд холбогдох байгууллагад хүлээлгэж өгөөгүй, болохгүй юм байна гээд хаясан бол хадгалсан гэсэн гэм буруутайд тооцогдохгүй байх боломжтой байсан. Яллах дүгнэлтэд хадгалсан гэж буруутгаж байгааг бидний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Хогийн олс гэх энэ ургамал Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хаа сайгүй ургаж байна. Мэддэг хүмүүс нь түүж аваад хатааж хэрэглэдэг. Хэрэв миний үйлчлүүлэгч олж ирээд хадгалсан гэж үзэж байвал түүж бэлтгэсэн, хууль бусаар олж авсан, хадгалсан гэсэн асуудал яригдах ёстой. Миний үйлчлүүлэгчийн эцэг, эх нь Г гэж хүн олон жил ээжийнхээ хамт амьдарч байгаад нас барсан гэж  мэдүүлсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд тухайн хүний оролцоо, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах ёстой. Миний үйлчлүүлэгч өөртөө дүгнэлт хийгээд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өвс гэх бодисоос хол байна, дахин холбогдохгүй байж чадна гэдгээ илэрхийлж байна. 2016 онд анх энэ төрлийн асуудалд холбогдож, Хар тамхитай тэмцэх газрын тандалт судалгаа, дүн шинжилгээний бүртгэлд бүртгэлтэй болсон байна. Энэ нь миний үйлчлүүлэгч түүсэн, бэлтгэсэн байх ёстой гэж дүгнэх үндэслэлгүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай болсон, дандаа хэрэглэдэг хүн биш гэдэг нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтээр нотлогдож байна. Хорооны Засаг даргын тодорхойлолтоор ч гэмт хэрэгт холбогдож, бусадтай нийлээд яваад байдаггүй нь харагддаг. Гэрч нарын мэдүүлгээр сургууль төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл оператор мэргэжлээр ажиллаж байгаа, ар гэрээ авч явж байгаа ганц хүн юм. Одоо охин нь 6 настай, аав нь сургуульд нь хүргэж өгч, хичээлийг нь хийлгэдэг. Сентитик аргаар гаргасан героин, кокайн зэрэг химийн бодис биш, байгальд ургадаг, хортой чанар хамаагүй бага гэдгийг шүүх харгалзан үзнэ үү. Иймд миний үйлчлүүлэгчид нэг удаа боломж олгоод нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тодорхой хугацаанд үргэлжилсэн буюу удааширсан гэмт хэрэг үйлдсэн учир түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт явдал нь улс орны хүн амын эрүүл мэнд, удмын санд хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй, үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг, түүнчлэн үндэстэн дамнасан буюу зохион байгуулалтай шинжийг агуулдаг онцлогтой учир шүүх энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан өмгөөлөгчийн “хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 6 настай Б.Б гэдэг бага насны охинтой, ганц бие эцэг байх тул түүний энэхүү хувийн байдлыг нь харгалзан шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хадгалж байсан бодисын төрөл, хэмжээ, хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон, түүнийг цээрлүүлэх хийгээд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь Хар тамхитай тэмцэх газрын E-Drug программд 12064 дугаарт бүртгэгдсэн, цагдаагийн байгууллагын хяналтад байсан боловч Шүүх сэтгэц эмгэг судлалын 1062 дугаартай дүгнэлтээр мансуурах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байх тул түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэсэн хаягтай хуванцар, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, 6 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 7 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 8 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 9 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 10 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 11 гэсэн хаягтай хуванцар сав, 12 гэсэн хаягтай хуванцар савыг журмын дагуу устгахыг хадгалж буй байгууллагад даалгаж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар 3 гэсэн хаягтай АХ2175046 гэсэн сери дугаартай тавьтын мөнгөн дэвсгэрт, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АХ9158548 сери дугаартай тавьтын мөнгөн дэвсгэрт, 13 гэсэн хаягтай NJ8077868 серийн дугаартай хуйлсан зуутын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар нэг ширхэг компакт дискийг энэ хэрэгт хавсарган хадгалуулахаар эрүүгийн хэргийн төв архивд шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй нэр бүхий эд зүйлсийг журмын дагуу устгахыг хадгалж буй байгууллагад нь даалгаж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар мөнгөн дэвсгэртүүдийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган хадгалуулахаар Эрүүгийн хэргийн төв архивд шилжүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА