Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Цогт сумын 3-р баг, Гэгээт гэх газарт оршин суух, эмэгтэй, РД-ДМ94042801, Дивангар овогт Сүхбаатарын Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар баг, Баяншанд 6 дугаар гудамж 25 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ91102919, Иөншөөбү овогт Ганбатын Тулга-Эрдэнэд холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Номин-Эрдэнэ, хариуцагч Г.Тулга-Эрдэнэ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Тулга-Эрдэнэтэй 2010 онд танилцаад үеэрхэж байгаад 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин төрж нэг жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, 2014 оноос хойш бид хоёрыг орхиод явсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. Би өөрөө оюутан одоог хүртэл ганцаараа хүүхдээ өсгөж байгаа. Эцэг эх ар гэрээс нь сураглахаар гадаад явсан гэж хэлдэг. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул охин Есөнсолонгод хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид салсан учир нь тухайн үед Номин-Эрдэнэ манайд амьдарч байсан. Нэг орой манайд цагдаа ирж Номин-Эрдэнийг ангийнхаа хүүхдийн мөнгөн аягыг авсан гэж хэлсэн. Тухайн үед энэ хүн бараг ирдэггүй хүүхдээ хаяаад явчихдаг байсан юм. Манай ээж, аав хоёр хүүхдийг маань өсгөсөн. Түүнээс хойш тусдаа амьдарч эхэлсэн гэв.  

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Номин-Эрдэнэ нь хариуцагч Г.Тулга-Эрдэнэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргажээ /хх-1/.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2010 онд танилцаж, үерхэж, хамтран амьдарч, зохигчдийн дундаас 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин Тулга-Эрдэнийн Есөнсолонго төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0000802233/316 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Цогт сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна /хх-6, 4/

Нэхэмжлэгч С.Номин-Эрдэнэ нь охин Т.Есөнсолонгын хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багт оршин суудаг болох нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын тодорхойлолт, охин Т.Есөнсолонго нь Цогт сумын цэцэрлэгт суралцдаг болох нь Цогт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна /хх-5, 3/.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар хариуцагч 2014 онд орхиод явсан гэж, хариуцагчийн тайлбарлаж буйгаар нэхэмжлэгч найзынхаа гэрээс мөнгөн аяга авсан талаар цагдаагийн газраас хүн ирж хэлсэн гэх шалтгааны улмаас тусдаа амьдарсан, Т.Есөнсолонго нь төрсөн цагаасаа хойш эхийн асрамжинд байсан, хариуцагч Г.Тулга-Эрдэнэ нь үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож, нэхэмжлэгч цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Т.Есөнсолонгыг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгаж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Г.Тулга-Эрдэнээс нь тэтгэлэг гаргуулан охин Т.Есөнсолонгыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Тулга-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 20.611 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Тулга-Эрдэнийн Есөнсолонгыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Иөншөөбү овогт Ганбатын Тулга-Эрдэнэ /ДЮ91102919/-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Тулга-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 20.611 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЯНЖИНДУЛАМ