Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116 

 

 

 

 

   2021        01         21                                   2021/ШЦТ/116  

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-д холбогдох эрүүгийн 2006 00877 2947 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос ард улсын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Ч.Халиунаатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгой, нүүр, мөрөн тус газар нь гараараа цохих зэргээр зодсоны улмаар биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00877 2947 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Т.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.Халиунаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би Солонгос улсад очоод байж байх үедээ 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хамтран амьдрагч Дтэй уулзаж хүүхдээ хувцас худалдан авахаар дэлгүүрээр явсан. Орой болж бүх хөД зогссон учир Дий хамт зочид буудлын өрөө авсан ба буудлаас гарч хоол идсэн. Д жаахан пиво уусан. Д бид хоёр зочид буудалд орж ирээд байж байх үед Д надаас салчихсан мөртлөө намайг хардаж, хэрүүл хийсэн ба намайг хүчирхийлэх гэж оролдохоор нь эсэргүүцэхэд миний нүүрэн тус газарт гараараа 5-6 удаа цохихоор нь би нүүрээ хамгаалахад толгой болон мөр хэсэгт цохиод байхаар нь буудлын ресейпшнд “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн юм. Д Солонгос улсад хууль бусаар амьдарч байгаа учир буудлаас гараад явсан. Би буудлын өрөөнд буцаж ороод эд зүйлсээ аваад гадаа сууж 05 цаг болж байх үед амьдарч байсан газар руугаа очсон ба тухайн өдөртөө Солонгос улсын эмнэлэгт үзүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсад ирээд цагдаагийн байгууллагад хандсан. Д өмнө нь надад гар хүрч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 26-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1971 дугаартай:

“Ч.Халиунаагийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус харалт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,

 

Шүүгдэгч Т.Дий мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хамтран амьдрагч Халиунаагийн хамт Солонгос улсын дэлгүүрээр явсан ба орой нь зочид буудалд ороод архи хувааж ууж байгаад хардалтаас болж хоорондоо маргалдсан. Тухайн үед би согтуу байсан учраас биеэ барьж чадалгүй Халиунаагийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Түүний нүүр рүү цохисноос болж нүд нь хөхөрсөн байсан. Халиунаа уурсандаа буудлаас гарч явахаар нь би араас нь гарч гэртээ харьж унтаж амарсан. Маргааш өдөр нь Халиунаа над руу залгаад Монгол улс руугаа буцлаа, нүд хөхөрсөн гэдгээ хэлсэн. Би Халиунаагийн эмчилгээний зардлыг бүгдийг гаргаж, бэлнээр 2.300.000 төгрөгийг хохиролд төлсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед согтуу байсан учраас биеэ хянаж чадаагүй, дахин эмэгтэй хүнд гар хүрэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

- зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/,

- аюулын  зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Дий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, нийгмийн даатгалын ерөнхий газар архивын мэдээлэл /хх-ийн 69/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай хүсэлт /хх-ийн 93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос ард улсын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Халиунаатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгой, нүүр, мөрөн тус газар нь гараараа цохих зэргээр зодсоны улмаар биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 

Иймд шүүгдэгч Т.Дий иргэн Ч.Халиунаагийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ч.Халиунаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.300.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан байх бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Тын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ