| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Б.Алтанцэцэг /цахим/-аар,
шүүгдэгч Д.Г /цахим/-аар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн У.Д.Г-т холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ний өдөр ....... төрсөн, 31 настай, эрэгтэй, ..боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл-.... хамт ... дүүргийн ... хороо .. тоотод оршин суух хаягтай, ......... ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, У.Д.Г- /РД:......../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра төвийн караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Н.У-тай түүний найз К- гэгчээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь гурван шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, нуруу, баруун сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Д.Г мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний орой найз Энхтуулын төрсөн өдөр болоод найз нарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра төвийн караокед үйлчлүүлж байтал урьд өмнө мөнгөний асуудалтай байсан танил К-тай тааралдсан. ...К- надаас зугтаад уулзахгүй байсан ба хамт явж байсан Н.У- уулзуулахгүй машины хойд хаалган дээр зогсож байсан. Тэгээд би хохирогч Н.У-ыг холд гээд өмсөж байсан хувцасны захнаас нь татаад холдуулсан ба бид хоёрыг зууралдаад зогсож байхад биед нь гэмтэл учирсан байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
Хохирогч Н.У- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө найз нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Астра төвийн караокед төрсөн өдрийн арга хэмжээ тэмдэглээд сууж байхад манай караокены өрөөнд үл таних залуу 2 эмэгтэйн хамт орж ирсэн. ... үл таних залуу бид нарын өрөөг гаднаас цоожилсон. Би гармаар байна гээд орилоод байсан чинь үл таних залуу хаалга онгойлгоод орилоод орж ирэхээр нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. ...тэгээд би коридорт гараад харсан чинь Төгс, К-, үл таних залуу гурав хоорондоо зууралдаад байсан. Би К-ыг татаж авах гэж байхдаа үл таних залуугийн нуруу хэсэг рүү гараараа цохисон чинь миний баруун гар өвдөөд байсан. Тэгээд би К-ыг аваад гадаа гараад таксинд суулгасан чинь жолооч нь байхгүй байсан. Тэгтэл үл таних залуу араас гарч ирээд би наад К-ыг чинь ална гэхээр нь би битгий хуцаад бай чи цаашаа ор одоо больё гэж хэлсэн чинь тэгвэл би чамайг ална гээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний эрүү хэсэг рүү цохисон. ...Ганаа гэх залуу хоёр гараараа миний эрүү хэсэгт хүчтэй түлхэж миний цээжин бие хэсэг рүү гараараа цохиж намайг машинд түлхэж байгаад миний нурууг цохиод байсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.Г намайг машинаас буулгах гээд хаалга татаж байхад Н.У- ирээд салгасан. Тэгэхэд Д.Г, Н.У-ын нүүрэн тус газар цохиж байхыг би харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/
Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай найз болох Д.Г хэлэхдээ К- гэх залуу манай байгууллагад хувцас оёж өгөх ёстой байсан боловч чанаргүй бараа нийлүүлсэн. Тэр залуутай таарсан гэсэн. ...би сууж байсан өрөөнөөс гараад дээшээ гарсан чинь Д.Г й зууралдаад зогсож байсан. ...сүүлд сонсоход хохирогч Н.У-тай хамт Д.Г гадаа байсан гэж хэлж байсан. Бид нарыг хэлтэс дээр ирэхэд Н.У- гэх эмэгтэй хамт ирсэн. Цагдаа дээр байхад миний утасны дэлгэц хагарсан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №10833 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Н.У-ын биед гурван шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, баруун гарын 2,3 дугаар хурууны 2 дугаар зэргийн түлэнхийн шарх, нуруу, баруун сарвууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон өндөр хэмийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/
Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-37-39/, Иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад /хх-62-/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, хохирол төлбөрийн баримт /хх-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра төвийн караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Н.У-тай түүний найз К- гэгчээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь гурван шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, нуруу, баруун сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Н.У-ын эрүүл мэндэд учирсан “...гурван шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, нуруу, баруун сарвууны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Г- түүний нүүрэн тус газар нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Г-ын хохирогч Н.У-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-т дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Г-т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагд даалгаж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Н.У- 635.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр барагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У.Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ