Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 107

 

Зохигчийн эвлэрсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзат 13 дугаар гудамж, 11 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Есөнбулаг сумын Индэрт багийн 13 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ДЮ88102881, Жалайр овогт Чулуунбаатарын Батбаярын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох

ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/25 тоот, эрх зүйн байдлыг дордуулж өөр ажилд үндэслэлгүй шилжүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулж, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие 2010 онд Хүүхдийн төлөө хэлтэст гар урлалын багшаар ажилд орж 2014 онд амьдрах ухаан сургалтын багшаар суралцан гэрчилгээ авч амьдрах ухаан гар урлалын сургалтын багшаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байгаад гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Б/26 тоот тушаалаар үйлчлэгчийн ажилд томилогдсон. Бүтэц орон тооны өөрчлөлт нэрээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул дээрх тушаалуудыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа, сахилга хариуцлагын алдаа, ажлын хариуцлага алдаа гаргаж байгаагүй. Намайг энэ ажлаас шахаж эхэлсэн үе бол жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох үеэс эхэлсэн. Хүүхэд асрах чөлөөгөө хүсэхэд даргын түр орлон гүйцэтгэгч Д.Сономцэвээн чам шиг юм ажил ярьдаггүй юм дуугүй хоёр жилийнхээ дараа ир тэртээ тэргүй чиний оронд дэл сул хүмүүс зөндөө авсан цалингийн сан хүрэлцэхгүй байна, чиний сургалт явуулдаг өрөөг буцаагаад өгсөн учраас сургалт явуулах өрөө байхгүй гэсэн зүйлүүдийг надад хэлсэн. Ингээд хүсэлтийнхээ хариуг авья болохгүй бол ханддаг газар нь хандья гэж байгаад ажилдаа орсон боловч ажиллах боломж нөхцлөөр хангаж өгөөгүй, сургалт явуулах өрөө гаргаж өгөөгүй. 11 дүгээр сарын 3-ны өдөр шинэ дарга ажлаа хүлээж авсан. Ажлаа хүлээж авсан дороо бид нартай богино хэмжээний ярилцлага хийсэн. Түүнээс өөр бид нартай хувьчилж уулзаагүй. Байгууллагын маань үйл ажиллагаа өргөжиж томорч газар болсонтой холбогдуулаад нэр, хаяг өөрчлөх, бүтцийн өөрчлөл хийх зэрэг ажлууд их байж байгаад 11 дүгээр сарын 17-ний өдөр албан ёсоор ахлах мэргэжилтэн Д.Сономцэвээн албан ёсоор хүлээж авч уулзаад ажлын байр чинь хасагдаж байна цомохтголд орж байна гэсэн. Тэгээд намайг дуудаж чи ой хүрээгүй нялх хүүхэдтэй учраас хуулин дээр чамайг халах үндэслэл алга ажлын байр санал болгоно тэгээд чи сонголтоо хий, чи үйлчлэгчээр ажилла манай дээр байгаа сул орон тоо бол үйлчлэгчийн орон тоо гэж хэлсэн.

Миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа ажлын байрыг хүлээн зөвшөөрөхгүй, үйлчлэгчийн ажлын байр бол нэгдүгээрт миний эрх зүйн байдлыг дордуулж байна, хоёрдугаарт үйлчлэгчийн ажлын байр угаалгын болон цэвэрлэгээний бодистой шууд харьцдаг хөдөлмөрийн нөхцлийн хувьд хүнд нөхцөлд шууд орно, яагаад хөхүүл хүүхэдтэй хүний эрх зүйн байдлыг дордуулж байгааг хэлсэн. Шинээр батлагдсан бүтэц орон тоо дээр нь миний явуулж байсан сургалтын ажил зохион байгуулж явуулж байсан чиг үүрэг бүхий ажлын байр батлуулчихаад үүн дээр намайг шилжүүлээд ажлуулахгүй яагаад эрх зүйн байдлыг дордуулан, ажлын нөхцөл байдал хүндрүүлж эрх мэдлийнхээ хүрээнд хүний амьдралыг шийдээд байгаа юм  гэдэг дээр гомдолтой байна. Тиймээс ажлаас халсан болон өөр ажилд шилжүүлсэн тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх ажилд эгүүлэн авна уу гэсэн шаардлага гаргаж байна. Миний бие нь хариуцагч аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Болормаагийн шүүх хуралдаанд тавьсан санал болох Залуучуудын хөгжил хамгаалалын албаны ажилтны орон тоонд цалингийн шатлал бууруулахгүйгээр буюу өмнө авч байсан ТҮ-6-2-оор цалинжуулж тушаал гаргаж ажиллая гэсэн саналыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг шаардлагын хүрээнд эвлэрч байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын А/394 дугаартай захирмжаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг газар болгон өөрчлөгдсөн бөгөөд үүн дээр Ч.Батбаярт ногдсон ч гэдэг юм уу Ч.Батбаярт зориулж гаргасан ажлын байр байхгүй. Дээрээс ирж байгаа чиглэл бол нийгмийн ухаанаар мэргэшсэн мэргэжлийн бодлого барьж ажиллах чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлж ажиллах ёстой. Төрийн захиргааны албан хаагч 16 байх ёстой гэдэг зарчмын чиглэл ирж байгаа учраас бүтэц болон бодлогоо барьж ажиллаж байна. Нэхэмжлэгч Ч.Батбаярын өөрийнх нь мэргэжил оёдлын технологч бөгөөд энэ мэргэжлээр таарсан ажлын байр одоогоор манайд байхгүй.

Хөдөлмөр нийгэм хамгаалалын сайдын тушаал болон аймгийн Засаг даргын захирамж гарсан учраас эдгээрийг үндэслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Ч.Батбаяр бага насны хүүхэдтэй учраас заавал энэ хүнийг байнгын ажлын байраар хангах ёстой дээрээс нь одоо авч байгаа цалинг нь буулгаж болохгүй шаардлага байгаа учраас одоо байгаа цалинг нь хэвээр нь үлдээгээд үйлчлэгчийн ажлын байран дээр томилсон. Шинэ бүтцээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн батлагдсан бүтцээр 26 ажилтаны орон тоо батлагдсан боловч 5 хүний ажлын байрыг Хүүхдийн ордонтой болсон нөхцөлд хэрэглэгдэнэ гэж үзээд 2018 оны санхүүгийн тодотголоор оруулж эдгээр ажлын байраа батлуулна гэсэн байр суурьтай байгаа. Ч.Батбаярын хэлээд байгаа залуучуудын сургалт суртчилгаа хариуцсан орон тоо байгаа боловч ажлын байрны тодорхойлолт болон цалингийн сан шийдэгдсэн асуудал байхгүй. Энэ хүнийг би надтай ирж уулзаад өөрийнхөө учир шалтгаанаа хэлээд намайг хүндэтгээд ярилцаад боломжтой хувилбар руу шилжих боломжийг яагаад хайж үзэхгүй байсан юм гэдэг дээр гайхаж байна. Манай дээр одоогоор амьдрах ухааны багшийн ажлын байр байхгүй. Гэхдээ залуучуудын хөгжил хамгааллын албаны залуучуудын сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан гэсэн орон тооны цалинг тодотголоор батлуулж уг ажлын байранд томилж, хуучин авч байсан цалингийн зэрэглэл болох ТҮ-6-2 шатлалаар цалинжуулж ажиллуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Батбаяр нь Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/25 тоот, эрх зүйн байдлыг дордуулж өөр ажилд үндэслэлгүй шилжүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулж, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцон эвлэрч, нэхэмжлэгч Ч.Батбаярын өмнө нь эрхэлж байсан амьдрах ухаан, гар урлалын сургалтын багшийн орон тоо хасагдсан учир шинээр батлагдсан бүтэцээр Залуучуудын хөгжил хамгаалалын албаны залуучуудын сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтны ажлын байранд томилж, хуучин авч байсан цалингийн зэрэглэл болох ТҮ-6-2-оор цалинжуулж ажилуулахаар хариуцагч Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Болормаа хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд тэдгээрийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/25 тоот, эрх зүйн байдлыг дордуулж өөр ажилд үндэслэлгүй шилжүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулж, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Ч.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчид эвлэрч, хариуцагч Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь шинээр батлагдсан бүтэц болох Залуучуудын хөгжил хамгаалалын албаны залуучуудын сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтны ажлын байранд нэхэмжлэгч Жалайр овогт Чулуунбаатарын Батбаяр /РД-ДЮ88102881/-ыг томилж, түүний өмнө нь авч байсан цалингийн зэрэглэл болох ТҮ-6-2 шатлалаар цалинжуулж ажилуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

      

ДАРГАЛАГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ