Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01735

 

В.Г “А” ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00451 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1120 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч В.Г “А” ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “А И” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 134 104 550 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 74 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2011 онд В.Гнь Ё.Пүрэвдаваагаас гаргасан саналын үндсэн дээр барилгын бизнест хамтран ажиллахаар тохиролцсон. В.Г нь 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “А И” ХХК-д хөрөнгө оруулалт болон зээлийн зориулалтаар нийт 151 644 000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг буцааж өгөөгүй. Үүнээс нотлогдож буй хэмжээ болох 134 104 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2011 онд “А И” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ё.Пүрэвдаваа нь ЭМЯ-наас зарлагдсан ХУД-н нутаг дэвсгэрт баригдах Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт манай компанийг хамтран оролцвол ашигтай гэж надад итгүүлсэн. 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түншлэлийн гэрээ байгуулж, компанид нь хэрэгцээтэй байсан бүхий л мөнгө, бараа, материалыг өрөөсөө болон компаниасаа өгч байсан.

“А И” ХХК нь Геронтологийн болон Петровисийн барилга дээр хэрэглэхээр манай компаниас мод, модон материал, труба, тулаас зэргийг авсан боловч буцааж өгөөгүй.

Хамгаалалтын шат 50 000 000 төгрөг, шатны өргүүрийн мод 3 500 000 төгрөг, палк 638 ширхэг 14 036 000 төгрөг, прусс мод 6990 ширхэг 24 465 000 төгрөг, нийт 92 001 000 төгрөг болсон байдаг ч бид энэхүү үнийн дүнг нотлогдох хэмжээгээр нь тооцож үзээд 74 500 000 төгрөгийн эд зүйлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн “А И” ХХК-иас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Манай компани иргэн В.Г-т ямар ч өглөг байхгүй ба иргэн В.Г нь удаа дараа хууль, хяналтын байгууллагад хандан шалгуулж байсан ба тус бүр хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Ё.Пүрэвдаваагийн 140 000 000 төгрөгийн асуудалд Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч шийдэгдсэн тул манай компанид хамааралгүй юм. Иймд манай компани иргэн В.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрөхгүй.

Бетон зуурмагийн үйлдвэр нь В.Г-ийн өөрийнх нь “А” ХХК-ийн өмчлөлд байгаа. 2011 оны 7 дугаар сард “А И” ХХК нь В.Г Ё.Пүрэвдаваа гэсэн хоёр гишүүнтэй компани байсан бөгөөд тухайн үед геронтологийн төвийн барилга, бетон зуурмагийн үйлдвэр зэрэгт хамтран ажиллаж байсан. Тухайн үед бид хоёр хамтран ажиллахаар тохирсон байсан. Тэгээд В.Г 55 хувь, Ё.Пүрэвдаваа 35 хувь, н.Энхбаяр 10 хувийг эзэмшихээр А2 гээд бетон зуурмагийн үйлдвэр байгуулахаар хамтран ажиллах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч талын зээлсэн гээд нэхэмжилж байгаа мөнгөний зарим хэсэг нь бетон зуурмагийн үйлдвэрт зарцуулагдсан. В.Г-оос геронтологийн төвийн барилгад 65 000 000 төгрөг гаргуулснаас 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 5 484 300 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг нягтлан бодогч Э.Оюунбат тооцоолон гаргасан. 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр В.Гбид хоёр хамт сууж байгаад дээрх баримтыг үндэслэж миний бие В.Г-т 5 484 300 төгрөгийг бэлнээр өгсөн. Миний бие үлдэгдэл 5 484 300 төгрөгийг төлөөд “А И” ХХК-ийг 2012 оны 05 дугаар сард 100 хувь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан.

Мөн “А” ХХК-ийн “А И” ХХК-иас нэхэмжилж буй барилгын материалын үнэ 74 500 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2011 оны 12 дугаар сард “А” ХХК-ийн Замын-Үүдийн барилгын ажил дууссан тул уг барилгад хэрэглэж байсан мод, турба, тулаас зэргийг тавих газар байхгүй байсан учраас 3 байгууллагын хашаанд хувааж буулгасан. Ингэхдээ нэг хэсгийг манай бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд, нөгөө хэсгийг нь “Коко десерт” ХХК, Нисэхэд байрлах хашаанд тус тус буулгасан.

Тухайн үед В.Г нь манайд компанид хувьцаа эзэмшиж байсан бөгөөд В.Г-оос тухайн эд зүйлийг манайд албан ёсоор хүлээлгэж өгөөд мөнгийг нь авна гэдэг зүйл ярьж байгаагүй. Эдгээр материалуудыг түүний дүү н.Энэрэл хариуцаж байгаад буцаагаад ачаад явуулсан. Тухайн барилгын материалаас би барилгын материалдаа ашигласан зүйл байхгүй.

Иймд 74 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00451 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “А И” ХХК-иас 131 104 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч В.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “А И” ХХК-иас 74 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 950 төгрөг, нэхэмжлэгч В.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916 170 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1120 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00451 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А И” ХХК-иас 63 531 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 88 113 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “492.1” гэснийг “492.1.1” гэж, 3 дахь заалтын “56.1 дэх хэсэгт” гэснийг “56.2 дахь хэсэгт”, “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “А И” ХХК-иас 475 605 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Г-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 343 923 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Магадлалд дурдсан “Хамтын ажиллагааны гэрээ” нь хоёр хуулийн этгээдийн хооронд буюу “А И” ХХК болон “А” ХХК нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Түншлэлийн гэрээний талаар дурдсан бөгөөд уг гэрээтэй холбоотойгоор хожим уг гэрээ дуусгавар болоход бетон зуурмагийн үйлдвэрийг иргэн В.Г-т шилжүүлээгүй харин Түншлэлийн гэрээний нэг тал болох “А” ХХК-д шилжүүлсэн болох нь хариуцагч талын тайлбараар тодорхойлогддог. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Түншлэлийн гэрээний нэг талыг иргэн В.Ггэж буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэн В.Г-ийн зүгээс иргэний хувиар “А И” ХХК-д зээлүүлсэн мөнгө төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд “А И” ХХК-д зээлүүлсэн зээлийн зориулалт ямар байхаас үл хамааран иргэн В.Г болон “А И” ХХК-нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байдаг. Иргэн В.Г-оос олгосон зээлийн зориулалт, түүний зарцуулалт ямар байх нь “А И” ХХК-ийн өөрийн тодорхойлох асуудал боловч өнөөдрийг хүртэл иргэн В.Г-оос зээлсэн төлбөрөө “А И” ХХК нь төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний гол нөхцөл нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлж, зээлдүүлэгч нь эргүүлэн шилжүүлж өгсөн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээдэг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын 6-р тапд “...“Арвис инпгернэшнл” ХХК-ийг иргэн В.Г-оос зээлсэн нийт 58 373 550 төгрөгийн мөнгөн төлбөрийг барагдуулсан буюу мөнгөн төлбөрийн оронд бетон зуурмагийн үйлдвэрийг өгсөн талаар дүгнэлт хийж” Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг буруу тайлбарлан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэн В.Г-оос “А И” ХХК-д мөнгө шилжүүлсэн тул эргүүлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй, мөн магадлалд дурдсан бетон зуурмагийн үйлдвэрийг зээлийн гэрээний төлбөрт харилцан тооцож, В.Г-т шилжүүлсэн гэж байгаа боловч уг бетон зуурмагийн үйлдвэрийг “А” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Иргэн В. Гболон “А И” ХХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн 23 533 000 төгрөг, бетон зуурмагийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтанд зориулж зээлсэн 34 840 550 төгрөгийг иргэний хувиар зээлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “А” ХХК болон “А И” ХХК нарын хооронд байгуулагдсан Түншлэлийн гэрээ болон В.Г“А И” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт гэж үзэж, В.Г болон “А И” ХХК нарын хооронд үүссэн мөнгөн төлбөрийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэн В.Г болон “А И” ХХК-ийн нарын хооронд хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаагүй байхад Хамтын ажиллагааны гэрээ гэсэн байгуулагдаагүй гэрээг үндэслэн В.Г-ийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох 58 373 550 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 1120 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, “...Иргэн В.Г-ийн зээлийн төлбөрт “А И” ХХК-иас нэхэмжилж буй 121 904 550 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг” хангаж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй ба анхан шатны шүүхээс “Эрүүгийн журмаар авагдсан нотлох баримт”-ыг үнэлэхгүй гэж хуульд заагаагүй үндэслэл гаргаж “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч “А И” ХХК нь Грентологийн барилгын ажилдаа хэрэглэхээр “А” ХХК-ийн “Дорноговь аймагт хэрэглэж байсан материалаас авья” гэж 4 машин мод, приус палк, арматур зэрэг 100 гаруй сая төгрөгийн материал ачуулж авчирч өөрийн хашаандаа буулгаж ашиглаж дуусгасан. Гэтэл баримтаар хүлээлцээгүй гэсэн шалтгаанаар өгөхгүй өнөөдрийг хүрч манай “А” ХХК-ийг хохироосон. Энэ асуудал мөн эрүүгийн болон иргэний журмаар шалгагдаж байгаад тусдаа нэхэмжлэх хэрэг байна гээд шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн. Ийнхүү “А И” ХХК-д өгсөн барилгын мод модон материалыг нэхэмжилж, холбогдох гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг гаргаж өгснийг “Эрүүгийн хэргийг шалгах журмаар цугларсан баримтыг иргэний хэрэгт үнэлэхгүй” гэж иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 1120 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, В.Г-ийн нэхэмжлэлтэй, “А И” ХХК-иас 121 904 550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А И” ХХК-д холбогдох 74 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлд тус тус хуульчилсныг хэрэглээгүй гэж үзнэ. ...2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар “А И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ё.Пүрэвдаваа 50 хувь, В.Г40 хувь, Ж.Гэрэлхуяг 10 хувийг тус тус эзэмшиж байсан бөгөөд мөн өдөр хувьцаа эзэмшигч В.Г-оос “Герентологийн Т/баталгаа” гэх утгатай 60 000 000.00 төгрөгийн баримт хэрэгт авагдсан. Гэхдээ энэхүү баримтанд мөнгө тушаагч болон Ерөнхий захирлын гарын үсэг зураагүй, зээлийн зориулалттай гэх утга байхгүй байгааг анхаарах ёстой. Тухайн үед энэхүү 60 000 000.00 төгрөгийг “А И” ХХК нь “ХУД-т баригдах Геронтолгийн төвийн 6 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын ажил” БУ-24/11 тоот тендерт оролцох болсонтойгоор гаргасан “Тендерийн баталгаа”-ны мөнгө билээ. Уг мөнгийг В.Гнь манай компанид зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгө биш бөгөөд тухайн мөнгийг тендерийн баталгааны хугацаа өнгөрснөөр өөрөө буцаан авч, төлбөр тооцоо дууссан юм. Тийм учраас талууд 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар нэгэнт төлөгдөж, дууссан төлбөр тооцооны асуудлыг хөндөж, хэлэлцээгүй юм.

Хэрвээ тухайн үед зээл гэх 63 531 000 төгрөгийн асуудал шийдэгдээгүй байсан бол 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хувь нийлүүлэгч нарын хурлаар яригдах байсан төдийгүй В.Г нь өөрийн хувь нийлүүлсэн 40 хувийн хувьцааг шилжүүлэх үед ч энэ талаар ярилцаж, шийдвэрлэх байсан юм. Тухайн төлбөр тооцоо бүрэн дуусаж байж л В.Г-ийн зүгээс хөрөнгө болон хувьцааны эрхээ шилжүүлэх нь бодит байдалд илүү нийцэх тул дээрх нотлох баримтуудыг харьцуулж, үнэлэх ёстой. Гэтэл хожим хойно талуудаас гаргаж өгсөн “орлогын ордер тасалбар” гэх мөнгө тушаагчийн гарын үсэггүй баримтыг “зээл олгосон баримт” гэж үнэлж, улмаар үүнийг үндэслэн шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн 1120 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт учир дутагдалтай болсон байх тул магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч В.Г зээлийн гэрээний үүрэгт 151 644 000 төгрөг, нэхэмжлэгч “А” ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн 74 500 000 төгрөгийг хариуцагч “А И” ХХК-иас гаргуулахаар тус тус нэхэмжилжээ. Хариуцагч “А И” ХХК шаардлагуудыг эс зөвшөөрч, нэхэмжлэлүүдийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч В.Г болон хариуцагч “А И” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулж, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын тендерт хамтран оролцох, тендерт шалгарсан тохиолдолд барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэхээр хамтран ажиллах гэрээг амаар байгуулжээ.  В.Г захиралтай “А” ХХК болон “А И” ХХК нь түншлэлийн нэртэй гэрээ 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна.

Нэхэмжлэгч В.Г дээрх ажиллагаанд “хөрөнгө оруулалтын зориулалтаар 151 644 000 төгрөг зээлүүлсэн” гэж хариуцагч “А И” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 134 104 550 төгрөг болгон багасгажээ.

Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээнд оруулсан хөрөнгө оруулалтыг зээл гэж үзэх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч В.Г-ийг компанийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр бетон зуурмагийн үйлдвэрийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул үүнээс өмнөх хөрөнгө оруулалтыг буцаан авах эрхтэй, хойшхи хугацаанд шилжүүлсэн мөнгийг буцаан авах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлээс 63 531 000 төгрөгийн шаардлагыг хангасан байна. Хоёр шатны шүүх “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний зүйл нь эргэн төлөгдөх шинжтэй байх ёстой ба хөрөнгө оруулалт хэлбэрээр бусдад шилжүүлж буй мөнгийг зээлж, зээлүүлж байгааг талууд тодорхойлоогүй нөхцөлд хөрөнгө авч буй этгээдийг зээлдэгч гэж үзэх, түүнд зээлийн гэрээний үүрэг ногдуулах боломжгүй юм.

Нэхэмжлэгч В.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хугацаанд 15 удаагийн үйлдлээр зээлүүлсэн мөнгөн дүнг шаардлагын агуулгад тодорхой тусгасан байна.

Хэргийн 1 дүгээр хавтсын 29-31, 70, 160-163 дугаар талд орлогын 36 баримт авагдсан, эдгээр баримтад “В.Г-оос зээл” хэлбэрээр хөрөнгө оруулсан гэх бичилттэй 17 баримт байх ба тэдгээрийн давхардсан болон нэхэмжлэлд тусгагдаагүй баримтыг хасвал 8 661 000 төгрөгийн 6 баримт байна. Эдгээрт 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2 000 000 төгрөгийн, 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3 500 000 төгрөгийн, 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 600 000 төгрөгийн, 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1 531 000 төгрөгийн, 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 30 000 төгрөгийн, 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 000 000 төгрөгийн баримт хамаарч байна.

Нэхэмжлэгч В.Г-ийн “А И” ХХК-д хөрөнгө оруулалтын хэлбэрээр шилжүүлсэн мөнгө болгоныг зээлийн зүйл гэж үзэх үндэслэлгүйгээс гадна иргэн В.Г хуулийн этгээдийн өмчлөгч болсон үйл баримт нь зээлийн гэрээний үүргийн шаардах эрхийг тодорхойлох үндэслэл болохгүй юм. Давж заалдах шатны шүүх энэ талаар эрх зүйн хувьд үндэслэл муутай дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 8 661 000 төгрөгийн хэмжээнд  хангахаар магадлалд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч В.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс хангаагүй хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн анхны үнийн дүнгээс тооцсон нь алдаатай болжээ.

Хариуцагч “А И” ХХК-ийг 74 500 000 төгрөгийн барилгын материалыг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд В.Г-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн заалтад дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1120 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “63 531 000 төгрөг” гэснийг “8 661 000 төгрөг” гэж, “88 113 000 төгрөгт” гэснийг “125 443 550 төгрөгт” гэж, “475 605 төгрөг” гэснийг “153 526 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 971 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 475 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

              

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН