Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 24

 

 Х.*******, Ж.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлоор Х.*******, Ж.******* нарт холбогдох 1728000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Х.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төв, ******* хүчний ******* дугаар цэргийн ангийн захирагчийн өрөөнд иргэн Ж.*******н биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          Ж.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төв, ******* хүчний ******* дугаар цэргийн ангийн захирагчийн өрөөнд иргэн Х.*******ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.*******, Ж.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******, Х.******* нарыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******, Х.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус тус төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.*******, Х.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар Ж.*******, Х.******* нар нь одоогоор төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Х.*******, Ж.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар Ж.*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо:  “...Анхан           шатны шүүх Ж.*******гийн бусдын эрх чөлөөнд халдсан гэх үйлдэлийг тухайн үед бий болсон гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл нь           Ж.*******н гар утсыг авах зорилгоор түүнийг буйдан дээр дарж ноцолдож байх үед хохирогч Х.*******ын шүдэнд цохиж буй үйлдэлд хохирогчийн зүгээс шүүгдэгч Ж.*******н амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус халдлага хийгдээгүй байсан тул Ж.*******г аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийсэн.

          Шүүхийн хийсэн энэхүү дүгнэлт нь хэт нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бодит байдал дээр Ж.*******гийн эрх чөлөөнд халдсан идэвхитэй үйлдлийг ангийн захирагч гэрч Н.******* хийсэн ба уг хууль бус үйлдэл хийж байх үед нэмж хохирогч, шүүгдэгч Х.******* хамтран миний үйлчлүүлэгчийн эсрэг довтолгоон хийсэн байгааг шүүх анхаарч үзсэнгүй. 2 хүний эсрэг хийж буй довтолгооны эсрэг утсаа өгөхгүй байх санаа зорилготойгоор зууралдсан, зууралдаж байх үед Ж.*******гийн хоолойг Х.******* боосон, хоолой боосон боолтоос гарахын тулд гараараа цохьсон үйлдэл байдаг. Энэ гараар цохьсон үйлдэл бол хохирогч Х.*******ын шүд рүү цохьж гэмтэл учруулья гэсэн санаатай үйлдэл байгаагүй тул эрхэм шүүгч та бүхэн хэргийн нөхцөл байдлыг илүүтэй анхааран үзэж Ж.*******д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хувийн шалтгаантай байсан учраас ийм хэрэг гарах болсон. Гар утас өгөх, өгөхгүйгээс болоод хувийн таарамжгүй харьцаанаас болоод энэ хэрэг гарсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр ч тэр, өөрсдийнх нь хохирогчоор болон, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр ч нотлогддог. Өмгөөлөгчийн зүгээс бол сая гэрчүүдийн мэдүүлгүүдийг дурдаж байна. Ямар нэгэн хувийн шалтгаан, сэдэл байгаа учраас Ж.*******н биед халдах үйлдэл хийж шүдийг нь хугалж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэж прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүх хурал дээр тодорхой байр суурийг илэрхийлж оролцсон. Анхан шатны шүүх бодитой шийдвэр гаргасан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зөв үнэлсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ямар нэгэн байдлаар аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл харагддаггүйг анхаарч үзнэ үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-т гэм буруугийн хэлбэрийг заасан. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь санаатай юу, үгүй гэдэг дээр шүүгч та бүхэн илүү анхаараад үзээрэй гэж хүсч байна. Хавтаст хэргийн 12-р хуудсанд байгаа гэрч Ж.Амарсанаагийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нар мөн гэрчээр мэдүүлэг өгсөн мэдүүлгүүдээс харахад миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс болж энэ хэрэг гараагүй, Н.******* хурандаа болон Х.******* нарын зүгээс идэвхитэй үйлдэл хийсэн нь харагддаг. Ж.******* гар утсаа өгөхгүй гээд буйдан дээр дараад уначихсан байхад дээр доороо ороод ноцолдоод байсан гэдгийг дээрх гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээс харж болно. Энэ бүгдээс харахад гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдохгүй байна. Өөрт учирсан хууль бус үйлдлээс бусдыг цааш түлхсэн үйлдэл юмаа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                    Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

          Х.*******, Ж.******* нар нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төв, ******* хүчний ******* дугаар цэргийн ангийн захирагчийн өрөөнд маргалдах явцдаа харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, 2017 оны 445, 446 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Х.*******, Ж.******* нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдол гаргасан “Ж.*******н хоолойг Х.******* боосон, хоолой боосон боолтоос гарахын тулд гараараа цохьсон” гэх үндэслэл хавтас хэрэгт авагдсан хохирогч Х.*******ын ...Ж.******* гарч явахдаа ангийн захирагчийн өөдөөс таны ярьсан яриаг утсандаа бичиж авсан. Жанжин штабын удирдлагуудад сонсгоно гэж хэлснээс болоод ангийн захирагч намайг утсыг нь аваадах гэж хэлсэн. Би Ж.*******гийн утсыг авах гээд ноцолдож байтал миний өөдөөс гараараа үүдэн шүд рүү нэг удаа цохиод үүдэн нэг шүдийг хугалсан /хх-8/, хохирогч Ж.*******гийн ...Х.******* миний хоёр гарыг ард бариад дээрээс дараад байхаар нь би гараа мулталж аваад нүүр лүү нь нэг удаа баруун гараараа цохисон /хх-10/, гэрч Н.*******ын ...Ж.******* нь Х.Энболд, Б.Баттүвшин нартай маргалдаад маршинд оролцоогүй, Б.Баттүвшинг цохиж авсан үйлдэл зэргээс болж Ж.*******г би өрөөндөө дуудсан. Ж.******* би тантай ярьсан яриагаа утсан дээрээ бичиж авсан, жанжин штабт мэдэгдэнэ гэхээр нь Ж.*******н гар утсыг халааснаас нь сугалаад авсан. Ж.*******гийн утсыг авах үед Ж.******* Х.*******ын үүдэн шүд рүү нэг удаа цохисон. Х.*******ын үүдэн нэг шүд унасан /хх-11/, гэрч Ж.Амарсанаагийн ...Х.******* Ж.*******г үүрэг даалгавар биелүүлэхгүй эсэргүүцээд байсан гэж Н.*******т хэлсэн.

Ж.*******г дуудаж ирүүлээд Н.******* загнасан. Ж.******* Х.*******ыг ажлаа хийж чаддаггүй гэхэд Х.******* босч ирээд Ж.*******г чи яахаараа дарга нарынхаа өөдөөс ингэж байдаг юм бэ гээд заамдаж авсан. Буцаад зүгээр болсон. Маршийнхаа талаар дахиж маргалдаад буйдан дээр нэг нэгийгээ заамдаж аваад дээр дороо гараад байсан. Ж.******* болсон асуудлын талаар бичлэг хийсэн гэж хэлсэн чинь Н.******* утсаа өг гэж хэлээд утсыг нь авсан. Х.******* миний үүдэн шүд уначихсан байна. Яадаг муу новш вэ гэж хэлж байсан. Х.*******ын амнаас нь цус гарчихсан, үүдэн нэг шүд нь байхгүй болчихсон байсан /хх-12-13/, шинжээч эмч Б.Ганшагайгийн ...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмчийн үзлэгээр болон миний өөрийн үзсэн үзлэгээр Ж.*******гийн хоолойд боолгосон гэхээр ямар нэгэн ул мөр, гэмтэл үүсээгүй байсан /хх-62/ гэсэн мэдүүлгүүдээр няцаагдан үгүйсгэгдэж байх тул давж заалдах гомдолд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

              Ж.******* нь Х.*******ын эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “Ж.*******д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА