Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 508

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн Татварын улсын байцаагч,

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актын хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч З.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үндэсний татварын ерөнхимй газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн Татварын Улсын байцаагч Н.Ч “Т” ХХК-ийн 2007-2008 оны албан татварын ногдуулалт, төлөвлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2,160,770,200.0 төгрөгийн зөрчилд 929,302,400.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн татварын улсын байцаагчийн 0300942 дугаар актаар тогтоосон. 

“Т” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 10 орчим тэрбум төгрөгийн татварыг улсад төлөөд байгаа найдвартай татвар төлөгч. Эдийн засгын тогтворгүй байдал, хэрэглэгчдийн худалдан авалт буурсанаас үүдэн харилцагч нар дээр байгаа, борлуулагдаагүй бараа бүтээгдэхүүний үлдэгдэл өндөр байгаа бөгөөд Татварын улсын байцаагч нь нэхэмжлэгч “Т” ХХК-д бодит орлого орж ирээгүй байхад буюу компанийн гэрээт борлуулагч нарын лангуун дээр байршсан бараанд татвар ногдуулж, торгууль алданги тооцож нийт 929.302.4 мянган төгрөг төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй болсон.

 Улсын байцаагч Н.Ч нь манай компанийг харьяалдаг ********* аймгийн Татварын хэлтэст мэдэгдэлгүйгээр, тус хэлтсээс урьд хийсэн татварын хяналт шалгалтгай давхардуулан шалгасан нь Үндэсний татварын ерөнхий газрын даргын 192 тоот тушаалаар баталсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2.3.4.В-Д заасныг зөрчсөн тул харьяалсан татварын албаны үйл ажиллагаатай зөрчилдсөн. Мөн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.5. 30.1.6-д заасан хориглосон заалтуудыг зөрчсөн байна. ҮТЕГ-ын татварын улсын байцаагч Н.Ч нь “Т” ХХК-ийн 2007-2008 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг 2009 онд дахин давхардуулан шалгасан, шалгалт хийхдээ ганцаарчилсан шалгалт хийсэн, мөн манай компанийн анхан шатны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан зэргийг үндэслээгүй. Тэрээр хакерийн хууль бус ажиллагаанаас устгагдсан, дараа нь албан бусаар хэсэгчилэн сэргээх оролдлого хийгдсэн баталгаагүй, дутуу сэргээгдсэн санхүүгийн пирамид программаас хуулбарлан тооцоо хийсэн нь хууль зөрчсөн. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр дэлгүүрийн лангуун дээр байршуулсан барааг борлогдсон гэж үзэж онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан улмаар хүү, алданги торгуулийг тооцсон. Энэ байдал нь Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 24.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана’" гэж заасныг зөрчиж хууль бус акт үйлдсэн. Акт нь эрх бүхий этгээд баталгаажуулаагүй өөр этгээд гарын үсэг зурсан. Үүний улмаас манай компаниар үндэслэлгүйгээр татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Татварын улсын байцаагчийн 2009 оны 12-р сарын 11-ний өдрийн 0300942 тоот Актын хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэрэгт авагдсан гурван Анхан шатны шүүхийн шийдвэр байдаг. Үүнд Эрүүгийн хариуцлага хүлээх шалтгаанаар ганцаараа очиж шалгалт хийсэн үндэслэлээр яллагдсан. ********* аймгийн Татварын хэлтэст харьяалагдаж байсан газрыг уг  татварын хэлтэст мэдэгдэхгүйгээр ганцаараа очиж шалгасан. Татварын ерөнхий газрын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын хавсралтад, Үндэсний татварын албаны Татварын хяналт шалгалтын ажлын дүрэм болон Татварын ерөнхий хуулийг хяналт шалгалт хийхдээ зөрчсөн. Дээд Шүүхийн хуралдааны 2011 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 88 дугаар тогтоолын хянасан хэсэгт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Аж ахуйн нэгж байгууллага Аккурэль сууриар бүртгэх хэдий ч хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан Олон улсын стандартад нийцсэн байх гэсэн зарчим хангагдах ёстой гэж  Дээд  Шүүхэд хүргүүлсэн байдаг. Татварын байцаагчийн актаар торгууль ногдуулсан гэж хавтас хэрэгт байдаг. Энэ актыг дэмжсэн зүйл хавтас хэрэгт байхгүй. Н.Ч байцаагч  анхан шатны актыг шалгаагүй нь нотлогдож байгаа. Н.Ч байцаагчийн акт  зөрчилтэй байгаа нь шинжээчийн  дүгнэлтээр нотлогдож байгаа.  ********* аймгийн Татварын хэлтэст мэдэгдээд 197 дугаар тушаалаар батлагдсан 4.2.2, 4,2.3г-д заасныг баримтлан ********* аймгийн Татварын хэлтэст мэдэгдээд мөрдөн шалгалтаар давхардуулахгүйгээр шалгах ёстой байсан боловч мэдэгдэхгүйгээр давхардуулан шалгасан. Давхардсан асуудлыг механикаар  нэмэх хасах асуудал байж болохгүй. Аль нэг нь хүчин төгөлдөр байна. Энэ хуулийг зөрчсөн актыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.5, 31.1.6-д зааснаар  хориглосон заалтыг зөрчсөн.  Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,11.6-т заасан татварын актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан  байдаг. “Т” ХХК нь архи үйлдвэрлэхээ больсон бөгөөд жимс жимсгэнэ, чацаргана зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн явуулж байна. Татварын ерөнхий хуульд татвар төлөгчийг дэмжих бодлогыг зөрчсөн байна. Нөхцөл байдлыг харгалзан үзээд татварын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ТЕГ-ын ХХХГ-ийн хуулийн мэргэжилтэн, ТУБ Б. Б болон ХШУАЗГ-ын ТУБ Ц. Ө нарын бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...«Т» ХХК-ийн 2007, 2008 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2,160,770.2 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн 398,795.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 316,858.6 мянган төгрөгийн хүү, 146,610.1 мянган төгрөгийн торгууль, 67,038.6 мянган төгрөгийн алданги, нийт 929,302.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулан төлүүлэхээр 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 0300942 тоот акт тогтоосныг ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хянан хэлэлцэж, хэвээр баталсан боловч хүчингүй болгуулахаар танай Шүүхэд нэхэмжлэл гаргасныг хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2008 онд, «Б», «У», «Ж», «М» ХХК-аас 185,721.48 тонн спирт худалдан авч, 0.35, 0.5, 0.75 литрээр савласан «**********», «**********», «**********г», «**********», «**********» нэртэй 466,531.55 литр архи үйлдвэрлэн 466,290.00 литрийг 2,764,078.5 мянган төгрөгөөр борлуулснаас 148,141.30 литрийг борлуулсны орлого 878,406.8 мянган төгрөгийг, 0.5 литрээр савласан чацарганы жүүс 278467 ширхгийг 683,910.3, 0.05-0.1 литрээр савласан чацарганы тос 3680 ширхгийг 56,006.0, хайрцаг, сироп зэрэг барааг 6,131.3, нийт 746,047.4 мянган төгрөгөөр борлуулсан орлогоос 313,906.6 мянган төгрөгийг санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон. 2008 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн М Улсын Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд: «Хуулийн үйлчлэх хугацаа 3.1.2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ» гэж заасан тул Татварын Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дүгээрт заасны дагуу ногдуулсан «хүүний төлбөр» өршөөлд хамрагдах үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн 3 дугаарт: «...2008 оны эхний хагас 75,057.2 мянган төгрөгийн онцгой албан татварыг, 38,721.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд нийтдээ 164,227.3 мянган төгрөгийн хүү ногдуулжээ. Иргэний хуульд зааснаар “...хүүгийн хэмжээ нь төлбөл зохих үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэснийг зөрчсөн...» гэжээ. 2008 оны эхний хагас жилд онцгой албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар 235,057.2, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар 17,424.7, нийт 252,481.9 мянган төгрөгийн зөрчилд М Улсын Татварын Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд:«1 Татварын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татвар төлөгчид...хариуцлага хүлээлгэнэ:...4/ татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс бодож хоног тутам 0.5 хувийн хүү ногдуулах. Энэ “хүү” гэсэн ойлголт нь М Улсын Иргэний хуулийн “анз” гэсэн ойлголтод хамаарахгүй...» гэж заасны дагуу 164,227.3 мянган төгрөгийн хүү ногдуулсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн заалтыг зөрчөөгүй болно. 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан М Улсын Татварын Ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд: «Хууль хүчин төгөлдөр болох. 76.1.Энэ хуулийг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө» гэж заасан тул 2007 он, 2008 он эхний хагас жилд онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуульд заасны дагуу хүү ногдуулсныг татвар төлөгч ойлгоогүй бололтой. Татвар ногдох орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчлийг санаатай үйлдэл гэж үзээгүй тул нөхөн татвар, торгууль, хүү ногдуулсан бөгөөд М Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дугаарт заасны дагуу торгууль ногдуулахдаа ТЕГ-ын даргын зөвлөлийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэж баталсан «Татварын ерөнхий хууль болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх аргачлал»-ын 2 дугаарт: «...2.15.НӨАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т...заалтыг хэрэглэхдээ НӨАТ-ыг тайлагнаж, төлөх хугацаанаас эхлэн хоног тутам 0,1 хувийн торгууль ногдуулахаар хэрэглэж.. гэж заасны дагуу тооцсон. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гаргасан гомдлоор Татварын улсын байцаагчийн 0300934 тоот актыг 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаараа хянан хэлэлцээд актыг хэвээр үлдээн 25 тоот тогтоол гаргаж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон. 

 

Иймд «Т» ХХК-аас танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Татварын улсын байцаагчийн 0300934 тоот актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Татварын ерөнхий газрын улсын байцаагч Н.Ч нь злэг хийхдээ ганцаараа очиж хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-г зөрчсөн гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийг хамгаалах боломжтой гэж үзэв. 

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

"Т" ХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актыг  хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч Н.Ч “Т” ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9ж/4689 тоотын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээллийн дагуу 2007, 2008 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж  татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актаар нийт 2,160,770.2 мянган төгрөгийн зөрчилд 398,795.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 316,858.6 мянган төгрөгийн хүү, 146,610.1 мянган төгрөгийн торгууль, 67,038.6 мянган төгрөгийн алданги, нийт 929,302.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

"Т" ХХК нь татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актыг бүхэлд нь эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсанаар Татварын маргаан таслах зөвлөлийн 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 0300942 тоот актыг хэвээр баталсан байна.

"Т" ХХК нь 2008 онд “Б”, “Улаанбаатар спирт”, “Ж”, “М” ХХК-иудаас 185,721.48 тонн спирт худалдан авч, 0.35, 0.5, 0.75 литрээр савласан “**********”, “**********”, “**********г”, “**********”, “**********” нэртэй 466,531.55 литр архи үйлдвэрлэж, 466,290.00 литр архийг 2.764.078.5 мянган төгрөгөөр борлуулсны орлогоос 148,141.30 литр архи борлуулсны орлого 878,406.8 мянган төгрөгийг, мөн 2008 онд 0.5 литрээр савласан чацарганы жүүс 278467 ширхэгийг 683,910.3, 0.05-0.1 литрээр савласан чацарганы тос 3680 ширхгийг 56,006.0, хайрцаг, сироп зэрэг барааг 6,131.3, нийт 746,047.4 мянган төгрөгөөр борлуулсан орлогоос 313,906.6 мянган төгрөгийг тус тус санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан  нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдож байна.

"Т" ХХК-ийн борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнд гэрээний хугацаанд дээрх компаниудад хичнээн хэмжээтэй архи, чацарганы тос,  шүүс болон бусад барааг шилжүүлэх, уг шилжүүлсэн барааны борлуулалтын талаар хэдийд тооцоо нийлж байх талаар тодорхой заагаагүйгээс хэзээ борлуулалтыг зөвшөөрч, санхүүгийн тайландаа тусган, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулж төлөх нь тодорхойгүй, түүнчлэн уг гэрээний дагуу хичнээн хэмжээний архи, чацарганы тос,  шүүс  шилжүүлсэн, түүнээс хичнээн нь буцаагдсан, хэд нь борлогдоогүй байгаа талаар тооцоо нийлсэн акт, баримтгүйгээс татварын улсын байцаагчийн актад заасан 148141.3 литр архи, 0,5 литрээр савласан чацарганы шүүс 278467 ширхэг, 0,05-0,1 литрээр савласан чацарганы тос 3680 ширхэг, 56006.0 хайрцаг, сироп зэрэг бараа дээрх компаний дэлгүүрийн лангуун дээр борлогдоогүй байсан гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан “Нотлох баримт гаргах, цуглуулах” үүргийг хэрэгжүүлсэн  боловч энэ талаарх баримт олдоогүй болно.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг ойлгох бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.” 5.3-т “Нягтлан бодох бүртгэлээ мөнгөн сууриар хөтөлдөг байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аккруэль суурьт хөрвүүлэн гаргана” гэж заасан, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар аккруель суурь гэдэг нь борлуулалтад бараагаа нийлүүлсэн бол борлуулалтын орлогод хүлээн зөвшөөрөөд тухайн байгууллагаас авлага үүссэн гэж бүртгэх тул “Трансинконсульт” ХХК-ийн актад холбогдох борлуулалтыг аккруель сууриар хийгдсэн гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, Онцгой албан татварын тухай хуулийн 4.1-д “дараах бараанд онцгой албан татвар ногдуулна”, 4.1.1-д “бүх төрлийн согтууруулах ундаа”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна” 7.1.1-д “М Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ”, 17.1.1-д “нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх”, 17.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” хэмээн тус тус зохицуулсан байх тул санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь зөв байна.

Тус компани нь 2007 онд 268.181.3 төгрөгийн, 2008 онд 593.221.7 төгрөгийн нийт 861.403.0 мянган төгрөгийн онцгой албан татварыг, 2007 онд 38.721.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчил гаргасан байх тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т зааснаар торгууль, алданги тооцсон нь үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 10 дугаар зүйлийн 1-д “татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу тус компани нь өөрөө онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлангаа гаргасан байх бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-т “татвар төлөгч татвар ногдуулалт ... -ын талаар тайлбар авах эрхтэй” гэж заасны дагуу дээрх татварын тайлангаа гаргахаас өмнө татвараа хэрхэн ногдуулж тайлан гаргах талаар татварын албанаас тайлбар аваагүй байх тул татварын улсын байцаагч нь тус компанийн татварын тайлангаар ногдуулсан татвараа хугацаанд нь төлөөгүйг зөрчил гэж үзэж, хүү, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна.  

Харин маргаан бүхий актын  тогтоох хэсгийн 1.4 дэх заалтаар 2008 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар 68.332.0 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй саатуулсан зөрчилд 37.720.5 мянган төгрөгийн хүү, 3.456.9 мянган төгрөгийн торгууль, 2.074.2 мянган төгрөгийн алданги төлүүлэхээр ногдуулсан болон  “Т” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг ********* аймгийн Татварын хэлтэс 2008 оны байдлаар шалгаж 67.053.8 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн 2.358.7 мянган төгрөгийн  торгууль төлүүлэхээр 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 150062 тоот акт тогтоосон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Татварын улсын байцаагчийн 2009 оны 0300942 дугаар актын төлбөрөөс ********* аймгийн Татварын улсын байцаагчийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 150062 дугаар актаар тогтоосон давхардсан зөрчил 2,358,7 мянган төгрөг төлүүлэхээр акт үйлдсэн  нь давхцаж байх тул уг хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг давхардуулсан дүнг тогтоосон актын төлбөрийг хасч 398,795,1 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна...” гэжээ.

Өөрөөр хэлбэл Улсын байцаагчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж акт тогтоохдоо тухай татвар ногдох орлогыг ********* аймгийн татварын улсын байцаагчийн актаар тогтоосон орлоготой давхардуулсан  тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. 

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтаар зөрчилд тооцож хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байх хэдий ч нөхөн татварыг хэвээр үлдээж, харин ногдуулсан торгууль, алданги, хүүний төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 –т зааснаар өршөөлд хамруулан хасах үндэслэлтэй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж, түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээгүй байна”, 74.4-т “Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан торгууль нь М Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу торгууль, алданги нь захиргааны шийтгэл мөн тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг ерөнхийлөн зохицуулсны дээр уг хуулийн 2 дугаар бүлгээр захиргааны зарим зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан, түүнчлэн бусад салбарын хуулиудаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан байдаг, тухайлбал татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар Татварын ерөнхий хуульд зохицуулсан байдаг тул захиргааны зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хязгаарлагдахгүй юм.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн захиргааны хариуцлага болох торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн 0300942 тоот акт нь 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар торгууль, алдангийг захиргааны шийтгэл хэмээн үзэж татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актаар  ногдуулсан хүү, торгууль, алданги зэргийг өршөөлд хамруулан хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...акт тавьсан байцаагч нь аж ахуйн нэгжүүдэд дангаар очиж хууль, дүрэм журам зөрчин акт тавьсан тул Эрүүгийн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ компанид мөн адил дангаар акт тавьсан бид хүний муу үзэхгүй гэж Эрүүгийн журмаар яваагүй...” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол ,  магадлал , Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны шүүхийн тогтоолд   нэхэмжлэгч компанитай холбоотой асуудал хэлэлцэгдээгүй. 

Мөн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх…”,  29 дүгээр зүйлийн 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” гэж тус тус зааснаас үзвэл татварын улсын байцаагч нь ганцаараа татварын хяналт шалгалт хийж, акт тогтоосон хэдий ч, дээрх үндэслэлээр уг актыг хүчингүй болгох боломжгүй. 

Иймд татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.2 дахь заалтаар ногдуулсан 398.795,1 мянган төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж, актын 1.4 дэх заалтаар ногдуулсан 2008 оны нэмэгдсэн өртгийн албан татвар 68.332 мянган төгрөгийг  хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 2,358,7 мянган төгрөгийн торгуулийг хүчингүй болгож, 1.1, 1.2, 1.3 дахь заалтаар ногдуулсан хүү, торгууль алданги болох 528.148,6 мянган төгрөг, нийтдээ 530.507,300 мянган төгрөгийн хариуцлагыг өршөөлд хамруулж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.2 дахь заалтаар ногдуулсан 398.795,1 мянган төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж, 1.4 дэх заалтаар ногдуулсан 2008 оны нэмэгдсэн өртгийн албан татвар 68.332 мянган төгрөгийг  хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 2,358,7 мянган төгрөгийн торгууль, 1.1, 1.2, 1.3 дахь заалтаар ногдуулсан 316.858.6 мянган төгрөгийн хүү, 144,251,4 мянган төгрөгийн торгууль мянга, 67,038,6 мянган төгрөгийн алданги нийт 530.507.300 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж хассугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР

                                                      ШҮҮГЧ                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                      ШҮҮГЧ                     С.ТӨМӨРБАТ