Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0644

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга Б.У

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Мандах сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр өгсөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгож, XV-020839 тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах” 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.У

Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 115/2022/0002/З         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр өгсөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгож, XV-020839 тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.  

2. Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: “... Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн татгалзал хууль бус болохыг тогтоож, Г ХХК-ийн XV-020839 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахыг хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад даалгаж...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Г ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг албан ёсны, хууль журмын дагуу тайлан төлөвлөгөө 2018, 2019, 2020 онуудад өгөөгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийгээгүй, орон нутгийн 20, 30 иргэнийг ажлын байраар хангасан гэх мэдээлэлтэй санал нийлэхгүй байна.

3.2 Тус компани нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/618 дугаар тушаалын 3.3 дахь заалт заасны дагуу тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянан, батлахаас татгалзах үндэслэл болно гэснийг үндэслэн буцаасан. 2019, 2020 ондуудад ковидтой байсан гэх шалтгаанаар тайлан, төлөвлөгөө өгөөгүй, цахим, шуудангаар хүргүүлэх боломж байсан.

3.3 Г ХХК нь 2018-2020 он хүртэл тайлан, төлөвлөгөө өгөөгүй 3 жил болчихоод хайгуулын тусгай зөвшөөрөл нь дууссан хойно Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн хугацааг сунгах, 22.1. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэсэн заалтыг зөрчсөн. Гүрвэлжингоо ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын А/618 дугаар тушаалын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах тухай хуулийн 4.1 дэх заалтад төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн телөвлөгөөг ханган биелүүлж түүний үр дүнг тусгасан биелэлтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор энэхүү журмын 3-р хавсралтын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн байгаль орчны газарт 3-аас доошгүй хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр хүргүүлнэ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж байна... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Г ХХК нь “... Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам-д заасны дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдээр батлуулах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээсний дагуу 2018 онд Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж байсан. ... 2021 оны 04 дүгээр сараас эхлэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г батлуулахаар удаа дараа хандсан боловч холбогдох хариуг өгөлгүй эс үйлдэхүй гаргасан ...” гэх үндэслэлээр Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 20839Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч Г ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Дорноговь аймгийн Мандах сумын засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ... Дорноговь аймгийн Мандах сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр өгсөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгож, XV-020839 тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах гэж өөрчилсөн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Г ХХК нь 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг удаа дараа журмын дагуу ирүүлж байгаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын 3.3 дахь заалтыг үндэслэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шаардлага хангаж боловсруулаагүй гэж үзэн хянан, батлахаас татгалзаж буцаасан. Тус компани нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний нүүрийг дээр дурдсан А/618 дугаар тушаалын зааврын дагуу боловсруулаагүй, мөн 2019, 2020 онуудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалын 2.1 дэх заалтад заасан ... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна гэснийг зөрчсөн ... гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 285 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Олон аарагт нэртэй 9147.42 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018575 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс тооцож, 3 жилийн хугацаатай, сонгон шалгаруулалтын журмаар анх олгож, нэхэмжлэгч нь, дээрх тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 308 тоот шийдвэрээр XV-020839 дугаартай тусгай зөвшөөрлийг нөхөн олгож, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сунгасан байна.

 

5. Улмаар Г ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03/07 дугаар албан бичгээр, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 07/18 дугаар албан бичгээр, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 08/12 дугаартай албан бичгээр, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/22 дүгээр албан бичгээр Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/12 дугаар албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргад тус тус Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулан батлуулахаар тус тус хандсан гэж тайлбарласан байх боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө  хандсан гэх 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03/07 дугаар албан бичгийг хариуцагч хүлээн авсан нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс хариуцагчид уг албан бичгийг хүргүүлсэн талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж маргаагүй байна.

 

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

 

7. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-т заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.4-т “энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх”, 38.1.5-т “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 38.1.6-т “энэ хуулийн 38.1.5-т заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар “Байгаль орчны менежментийн төлавлөгөө боловсруулах хянан батлах, тайлагнах журам”-ын хавсралтын 4-д “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах”, 4.1“Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ханган биелүүлж түүний үр дүнг тусгасан биелэлтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор энэхүү журмын 3 дугаар хавсралтын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн байгаль орчны газарт 3-аас доошгүй хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр хүргүүлнэ” гэж журамласан байна.

 

8. Хууль журмын дээрх зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байх бөгөөд түүнд шинэчлэн боловсруулж сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргасан байх шаардлагатай, ийнхүү шинэчлэн боловсруулж батлуулах байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд өмнөх цаг хугацаанд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулж буй нэмэлт, өөрчлөлттэй холбоотой саналыг тусгах, тусгасан төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө харьяа сумын Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй. Мөн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ханган биелүүлсэн, түүний үр дүнг тусгасан биелэлтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор энэхүү журмын 3-р хавсралтын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн байгаль орчны газарт 3-аас доошгүй хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байна.

 

9. Хэрэгт авагдсан Байгаль Орчин, Аялал жуулчлалын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаартай ... Тус аймгийн Мандах сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Г ХХК-ийн 2018, 2019, 2020 онуудын Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан мэдээллийн санд бүртгэгдээгүй байна ... гэх албан бичиг, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0046507 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийн материалын хуулбар, шийтгэлийн хуудас, хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г ХХК нь 2018, 2019, 2020 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч үүнтэй маргаагүй байх тул хариуцагчийн “... 2019, 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, болон тайлан өгч байгаагүй тул ... төлөвлөгөөг батлах боломжгүй” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

10. Мөн хариуцагчийн Г ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзлын “... тусгай зөвшөөрлийн сунгалт хийх хугацаа дууссан ...” гэх үндэслэлийг шүүх буруу гэж үзэх боломжгүй байна.  

 

11. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн талбай байршиж буй Мандах сумын Засаг даргад /хариуцагчид/ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн байх хуулиар хүлээсэн үүрэгтэй атал нэхэмжлэгч энэ хугацаанаас өмнө төлөвлөгөөг батлуулахаар хандсан болохоо нотлоогүй, энэ талаар холбогдох баримт нотолгоог шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна. Иймд шүүх нэхэмжлэгч Г ХХК-ийг “хуульд заасан хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, төлөвлөгөөг боловсруулж хүргүүлсэн” байхад хууль бусаар татгалзсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.  

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г ХХК-аас “хуульд заасан журмын дагуу 2021 оноос өмнөх жилүүдэд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж дараа онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд хүргүүлсэн” гэж маргаагүй энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

12. Иймээс хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан ... Г ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг албан ёсны, хууль журмын дагуу тайлан төлөвлөгөө 2018, 2019, 2020 онуудад өгөөгүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэсэн заалтыг зөрчсөн. Г ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын А/618 дугаар тушаалын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах тухай хуулийн 4.1 дэх заалтад төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн телөвлөгөөг ханган биелүүлж түүний үр дүнг тусгасан биелэлтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор энэхүү журмын 3-р хавсралтын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн байгаль орчны газарт 3-аас доошгүй хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр хүргүүлнэ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн ... гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

 

13. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан Дорноговь аймгийн Мандах сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр өгсөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгож, XV-020839 тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийнДорноговь аймгийн Мандах сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр өгсөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгож, XV-020839 тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулахтухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

 

                  ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ