Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ,

хохирогч А.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х.Э.Ө-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....-ний өдөр .... төрсөн, 36 настай, ...тэй, ... боловсролтой, ...мэргэжилтэй, ам бүл .... хамт ... дүүргийн ... хороо ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Э.Ө- /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн 07 цаг 10 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.67 % согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 41 дүгээр сургуулийн урд замд “Автопрайм” ХХК-ийн эзэмшлийн "Тоёота” маркийн “Харрер” загварын 77-62 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 14-т заасан ‘Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ч Ч.Чын жолоодож явсан Тоёота" маркийн “Приус” загварын 02-85 УЧТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж. уг тээврийн хэрэгсэл нь мөргөлтийн улмаас зам дагуу байрлуулсан 2 ширхэг, 2 метр хайс, хашлагыг мөргөж. ослын улмаас жолооч Ч Ч.Ч, зорчигч А.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота” маркийн “Приус” “загварын 02-85 УН7 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.Чад нийт 4.785.000 /дөрвөн сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд нийт 361.760 /гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун жар/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Яллагдагч Э.Өын мэдүүлэг: ... автомашин дотор байсан 0.75 литрийн Вискиг ганцаараа 00 цагаас 03 цагийн хооронд уучхаад ...би эхнэрээ аваад өөрийнхөө Тоёота Харрер маркийн 77-62 УБЯ улсын дугаартай авто машиныг жолоодоод Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн урд замд 3 дугаар эгнээнд явж байхад машинууд буцаж эргэх гээд байхаар нь 2-р эгнээнд шилжээд ойролцоогоос 65 км цагийн хурдтай явж байтал миний урд явсан Тоёота Приус 20 маркийн автомашины жолооч хурдаа бага зэрэг сааруулж байхад нь би араас шууд очиж мөргөөд чигээрээ явсаар байгаад тусгаарлах зурвас дээр миний машин гараад зогссон. Мөргүүлсэн машин замын хойд талын боржур дээр гараад зогссон. Би хохирогч нарт эмчилгээний төлбөр мөнгө одоогоор өгөөгүй байгаа. Машины хохиролд 8.000.000 төгрөг өгч барагдуулсан. Би гаргасан буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 181-183-р тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр эхнэртэйгээ ажилдаа явж байхад 1 дүгээр эгнээнээс буцаж эргэх гэж байхад хойноос мөргөсөн. Удалгүй түргэний машин ирээд гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт 7 хоног эмчлүүлсэн, “Мөнгөн гүүр” эмнэлэгт 10 хоног эмчлүүлсэн. Тэрнээс хойш дандаа эмчилгээтэй байсан. Толгой, сууж байгаад, хэвтэж байгаад босоход, мөн гэдийхэд толгой эргэдэг. Зүүн талын чих сонсохгүй, тархины гэмтлээ сайн эдгэсний дараа хагалгаанд ор гэсэн. Чихний бүрхүүл яс хагарсан. Тэрнээс болж чих сонсголгүй болсон. Энэ талаарх баримтаа байцаагчид өгсөн. Шүүгдэгч Э.Өаас эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, ажлаас тавьж өгсөн утас эвдэрсэн тул утасны мөнгө ажлын гутал хавчуулагдсан байсан тул тухайн гутлын мөнгө, мөн осол аваараас болж ажилгүй олон хоног болсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэргийг нэхэмжилж нийт 7.475.168 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.” гэв

 

Хохирогч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 10-нд нөхөртэйгөө ажилдаа явж байгаад 1 дүгээр эгнээнээс 3 дугаар эгнээ рүү шилжих хооронд хойноос машин мөргөсөн. Одоогоор хэвтрийн дэглэмтэй байгаа. Одоогоор ажлаасаа 90 хоногийн акттай байгаа. Эмч нарын зөвлөгөөнөөр ороод группт орох талаар ярьсан. 1.870.800 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Миний хувьд 12 сар хүртэл ажилгүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3.150.000 төгрөг, мөн эмчилгээний мөнгө 5.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хувьд энэ ослоос үүдэн тухайн үед хүзүү хугарсан, 1 дүгээр хавирга хугарсан байснаа тухайн үед мэдээгүй сүүлд нь мэдсэн.” гэв

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр 2 шил 0,5 литрийн архийг 10-лаа уусан. 2020 оны 09 дүгээр 14-ний өдөр эхнэр А.Дгийн хамт ажилдаа явахаар миний нэр дээр байдаг Тоёота Приус маркийн 02-85 УНТ тээврийн хэрэгслийг жолоодоод Яармагийн 3 дугаар буудлын туслах замаас төв зам руу дохио өгч ороод 1-р эгнээнээс 3-р эгнээ орох гээд гэрлэн дохиогоо зүүн гар талдаа өгөөд 1-р эгнээнд зогсож байтал араас машин хурдтай орж ирээд машины ард хэсэг рүү мөргөсөн. ... би мөргөсөн жолоочоос автомашины зардлаа гаргуулж авсан. Машины хувьд санал хүсэлт байхгүй. Харин эмчилгээний зардал мөнгө одоогоор нэгтгэж гаргаагүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10645 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ч.Чын биед зүүн чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн чих, зулай. дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар ам насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-ийн 56-57-р тал/

 

“Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт: эзэмшигчийн нэр: Ч.Ч, Тоуота Рпиус-20 02-85 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн: 4.785.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-50-р тал/

 

Жолооч Чимэднамжил овогтой Ч.Чыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /драйгер багаж ашиглан шалгахад 0.58%/ /хх-ийн 13-р тал/

 

Хохирогч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...зогсож байтал ард тас хийх чимээ гараад манай машин нисэж байгаа шиг далбилзаад явж байгаад зогссон Би нөхөр рүүгээ хартал чих толгой, ам хамраас нь цус гараад байсан. Нөхөр бид хоёр 1-р эгнээнд дохиогоо өгөөд зүүн тал руугаа явах гэж байтал араас машин ирж мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10646 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...А.Дгийн биед хүзүүний 2-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4 Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-ийн 78-79-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10781 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Бгийн биед тархины доргилт, духны зүүн төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, шуу, баруун өвдөг, шилбэ, шагай тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 98-99-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай байгууллагын зүгээс үнэлгээгээр гарсан 361.760 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 214-215-р тал/

 

“Виннер вэй” ХХК-ийн гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, үйлчилгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, Өмчлөгч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хөрөнгийн нэр: хайс, хашлага. Үнэлгээний дүн-361.746 төгрөг /хх-ийн 170-172-р тал/

 

 Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тоёота Приус маркийн автомашин аваарын гэрлээ асаачихсан байхад нь 1-р эгнээнд зогсож байсан Тоёота Приус маркийн автомашиныг хар өнгийн Тоёота Харрер маркийн автомашин хурдтай араас ирээд хүчтэй мөргөөд, замын гол дунд байрлах тусгаарлах зурвастай ногоон зүлгэн дээр гараад зогссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто тээврийн лабораторийн шинжээчийн 3957 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн Тоуоtа Нагrег маркийн тээврийн хэрэгсэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Автомашины тоормос шингэн дамжуулгатай, АВ5 системтэй, урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байна. Автомашины хөдөлгүүр асахгүй автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизм, тоормосны механизмын бүрэн ажиллагааг шалгах боломжгүй байна. Автомашин явах боломжгүй тул тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.  Автомашины хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул спидометрийн ажиллагааг шалгах боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 110-р тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-11-р тал/,  хохирогч нарын өвчний түүх болон шинжээчийн дүгнэлтүүд /хх-58-94/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-187-188, 190-195/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-189/, Ял шийтгэлийн хуудас /хх-198/, хохирогч А.Дгийн хохирлын баримтууд /хх-200-205/, хохирогч Ч.Чын хохирлын баримтууд /хх-207-212/, хохирол төлбөр барагдуулсан гэх баримт /хх-224/, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.Чаас гаргасан 19 хуудас баримт, хохирогч А.Дгаас гаргасан 12 хуудас баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр барагдуулсан 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн 07 цаг 10 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа. ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.67 % согтолттой уедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт. 41 дүгээр сургуулийн урд замд “Автопрайм” ХХК-ийн эзэмшлийн "Тоёота” маркийн “Харрер” загварын 77-62 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 14-т заасан ‘Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ч Ч.Чын жолоодож явсан Тоёота" маркийн “Приус” загварын 02-85 УЧТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж. уг тээврийн хэрэгсэл нь мөргөлтийн улмаас зам дагуу байрлуулсан 2 ширхэг. 2 метр хайс, хашлагыг мөргөж. ослын улмаас жолооч Ч Ч.Ч. зорчигч А.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота” маркийн “Приус” “загварын 02-85 УН7 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.Чад нийт 4.785.000 /дөрвөн сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд нийт 361.760 /гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун жар/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 10645, 10646, 10781 тоот дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто тээврийн лабораторийн шинжээчийн 3957 дугаартай шинжээчийн дүгнэлт,  “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, “Виннер вэй” ХХК-ийн гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, үйлчилгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа. ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.67 % согтолттой үедээ тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ч Ч.Чын жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгсэл нь мөргөлтийн улмаас зам дагуу байрлуулсан 2 ширхэг, 2 метр хайс, хашлагыг мөргөж, ослын улмаас жолооч Ч Ч.Ч, зорчигч А.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота” маркийн “Приус” “загварын 02-85 УН7 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.Чад нийт 4.785.000 /дөрвөн сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд нийт 361.760 /гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун жар/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Э.Өд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд хохирогч Ч.Ч нь хохирлын 1.923.060 төгрөг, А.Д нь 551.560 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол 4.785.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Чад 8.000.000 сая төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2.600.000 төгрөг төлснийг дурдаж, нийт гэм хорын хохирол төлбөрт 10.600.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байх тул хохирол төлбөр барагдуулсан гэж үзэв.

 

Хохирогч Б.Б, Иргэний нэхэмжлэгч Т.О  нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ч нь шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, ажлаас тавьж өгсөн утас эвдэрсэн тул утасны мөнгө ажлын гутал хавчуулагдсан байсан тул тухайн гутлын мөнгө, мөн осол аваараас болж ажилгүй олон хоног болсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэргийг нэхэмжилж нийт 7.475.168 төгрөгийг,

Мөн хохирогч А.Д нь эмчилгээний зардал 1.871.800 төгрөг, ажилгүй байсан хугацааны 3.150.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг давхар нэхэмжилж байна. Нийт 6.020.800 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэсэн бөгөөд шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хангах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан бөгөөд энэ нь бодит хохирлыг шаардана. Иймд дээрх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзлээ.

 

Хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлсний хувьд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.6.6 дахь хэсэгт “...насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр... гэж зохицуулсан бөгөөд хохирогч нарын биеийн байцаалт, мэдүүлэгт авагдсан хувийн мэдээллээр насанд хүрсэн болох нь тогтоогдож байна.

Иймд өмгөөлөгчийн хөлс болох нийт 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн Э.Өын №257833 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Э.Ө-д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Э.Ө-ыг хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Өд тэнсэж, хянан харгалзсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Э.Өын №257833 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

 

6. Шүүгдэгч Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогч нарын өмгөөллийн хөлсөнд төлсөн нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ