| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/118 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/118
2021 01 22 2021/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ад холбогдох эрүүгийн 2006 00000 2742 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч У.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хавана” гэх караокед тооцоо хий гэж хэлсний дагуу эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 380.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2742 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад У.А нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнжаргалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хавана караокед 3 эмэгтэй орж ирээд 12 дугаартай өрөөнд Болор архи 0.75, 3 ширхэг сода зэргийг захиалаад 3 цаг гаруй хугацаанд суусан. Нэг эмэгтэй нь өрөөнөөс гарч ирээд “би гар утсаа алдчихлаа” гэж орилоод байсан. Камер шүүгээд олоод өгье гэхэд хамт явсан жирэмсэн эмэгтэй нь гаргаад ирсэн. Өрөөндөө буцаж ороод тооцоогоо хийхээр буцаж гарч ирээд орилолдоод байхаар нь харахад тооцоогоо хийсэн гээд орилоод байсан. Тэр үед хамт явсан нэг эмэгтэй нь картаа өгөөд “тооцоогоо эндээс хийчих” гэж хэлэхээр нь 115.000 төгрөгийн тооцоог уншуулсан. Гэнэт л агсам тавьж эхэлсэн ба хар өнгийн цамцтай, намхан эмэгтэй нь текен дээр байсан шиша, толь, Финланд, Абсолют гэх архийг унагаж хагалсан. Тэр эмэгтэйг гаргахгүйгээр хаалгаа түгжсэн байх үед хаалга өшиглөсөн. Шиша 2 ширхгийг хагалсан, 1 ширхэг нь 450.000 төгрөг, аяга 2 ширхгийг хагалсан, 1 ширхэг нь 30.000 төгрөг, жижиг толь 3 ширхгийг хагалсан,1 ширхгийн үнэ 100.000 төгрөг, том толь 1 ширхэг нь 200.000 төгрөг, Абсолют, Финланд архи 3 ширхгийн үнэ 360.000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/
Гэрч Б.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хавана бааранд үл таних 3 эмэгтэй орж ирээд үйлчлүүлсэн. Нэг эмэгтэй нь ариун цэврийн өрөөнөөс гарч ирж байх үед нь би “эгч ээ цаг чинь дууссан тооцоогоо төл” гэж хэлсэн. Удалгүй 3 эмэгтэй хамт гарч ирээд “бид нар тооцоогоо төлсөн” гэж хэлсэн. Жирэмсэн эмэгтэй нь дахиж тооцоо нэхлээ гээд манай караокены хүлээн авах хэсгийн том толь 1 ширхэг, жижиг толь 3 ширхгийг хагалсан. Тэр үед манай зөөгч Тэмүүлэн, Ананд нар тухайн эмэгтэй болиулах гэхэд тэр эмэгтэй “би жирэмсэн хүн” гэж хэлэхээр нь манай хоёр зөөгч биед нь хүрээгүй. Тэр эмэгтэй уурандаа манай ажилчдыг зодох гээд хөөгөөд байсан. Манай менежер Түмэнжаргал цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр эмэгтэй цагдаад дуудлага өгсний дараа гарах гэж байхаар нь бид нар гаргаагүй. Тэр жирэмсэн эмэгтэйтэй хамт явсан намхан нуруутай, хар өнгийн үстэй эмэгтэй нь текен дээр ирээд шиша 2 ширхэг, Абсолют, Финланд архинуудыг хагалсан. Яг хэдэн ширхэг архи хагалсныг мэдэхгүй байна. Удалгүй цагдаа ирж нөгөө 3 эмэгтэйг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч Ж.Нямхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүгийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Хавана караокед найз А, Баярмаа нарын хамт үйлчлүүлэхээр орж дуулах эрх 2 цаг, 0.5 литрийн Болор архи нэг шил, 0.5 литрийн савлагаатай Сэнгүр пиво 1 ширхгийг захиалсан. Дуулаад сууж байх үед цаг нь дууссан ба зөөгч орж ирээд “цаг нь дууссан, одоо гар” гэж хэлсэн. Баярмаа “авсан юм аа яах вэ? уух юмаа ууж дуусгаад гарна” гэж хэлсэн. Намайг ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд маргаан болж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Хяналтын камерын бичлэгт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн:
“Хавана караокены текний хэсэг харагдах ба дэлгэцийн дээд зүүн хэсэгт “09-29-2020 Tue 23:00:01” гэсэн бичиглэлтэй, зүүн доод хэсэгт “Camer 01” гэсэн бичиглэл, бичлэг өнгөтөөр харагдаж байна. хяналтын камерын бичлэгийг тоглуулж эхлэхэд текэн дээр хоёр эмэгтэй хүн сууж байгаа харагдана. Цааш тоглуулахад 23 цаг 05 минут 53 секундэд Баярмаа тус караокены ажилчид руу гараараа ямар нэгэн зүйл гаргаад маргалдаж байгаа нь харагдана. 23 цаг 22 минут 22 секундэд А нь текэн дээр байх 3 ширхэг шишаг шидэж, унагаагаад, тек рүү орж ханын тавиур дээр өрсөн байсан архи согтууруулах ундааны зүйлсийг унагааж, хагалж байгаа нь харагдана” гэх тэмдэглэл /хх-ийн 04-09/,
"Дамно" хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн БЗД02-20-1403 дугаартай:
“Шиша усан тамхи нэг ширхгийн үнэ 96.000 төгрөг, хоёр ширхгийн үнэ 192.000 төгрөг, Шишаны аяга нэг ширхгийн үнэ 18.000 төгрөг, нийт 2 ширхгийн үнэ 36.000 төгрөг, Том толь нэг ширхгийн үнэ 72.000 төгрөг, нийт 2 ширхгийн үнэ 144.000 төгрөг, Жижиг толь нэг ширхгийн 30.000 төгрөг, нийт 3 ширхгийн үнэ 90.000 төгрөг, Абсолют архи нэг ширхгийн үнэ 52.900 төгрөг, Финланд архи нэг ширхгийн үнэ 49.560 төгрөг, нийт 2 ширхгийн үнэ 99.120 төгрөгөөр тус тус үнэлэв” гэх тайлан /хх-ийн 28-29/
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,
- шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 03/,
-мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10/,
- Ундецим Ундецим ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн а/695 дугаар албан бичиг /хх-ийн 12/,
Шүүгдэгч У.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1 цагийн орчим Хавана караокед найз Нямхорол, түүний найз Баярмаа нарын хамт үйлчлүүлж 0.75 литрийн Болор архи 1 ширхэг, 0.5 литрийн Сэнгүр пиво пиво 1 шил, 3 ширхэг ус захиалаад 1 цаг орчим караокед дуулсан. 1 цаг дууссаны дараа зөөгч орж ирээд “цаг чинь дууссан, гараарай” гэж хэлэхээр нь “авсан зүйлсээ ууж дуусгаад гарна” гэж хэлээд маргаан үүссэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Шүүгдэгч У.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.А нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч У.Агийн “Хавана караоке”-ны эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.А нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас нийт 614.020 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч У.Агийн устгаж, гэмтээсэн эд зүйлийн үнэлгээ нь 380.020 төгрөг болж байх ба бусад 234.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчтэй хамт явсан хүн хариуцах нь зүйтэй байна.
Хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулах гээд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдох гэхэд түүний утас холбогдохгүй байгаа, уг караоке нь ажиллахгүй байгаа учир шалтгааны улмаас төлж чадаагүй байгаа талаараа шүүгдэгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Иймд шүүгдэгч У.Агаас 380.020 төгрөгийг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнжаргаланд олгохоор шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Уын Аг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хамт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Агаас 380.020 төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнжаргалан /де98022406/-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ