Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- ************** нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******************** холбогдох,

худалдсан автомашины үнэ 10.000.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч **********, гэрч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ************ өөрийн өмчлөлийн 59-87 ГАҮ улсын дугаартай, цагаан өнгөтэй суудлын зориулалттай Истана маркийн автомашиныг худалдсан юм. Хоёр тал харилцан тохиролцож автомашины үнийг 10.000.000 төгрөгөөр тохирч, төлбөр төлөх хугацааг 2016 оны 07 дугаар сарын 15-нд төлөхөөр болж, үнийг төлөөгүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор болсон. Гэтэл ************* нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй өдийг хүрч байна. Энэ машиныг Хятад компанид явуулах гэж байгаа, тэр хятад хүн гарын үсэг зурж чадахгүй тул би нэр дээрээ гэрээ хийнэ, төлбөрийг 7 сарын 15-ны өдөр гэхэд мөнгө нь ороод ирнэ ямар ч асуудал байхгүй гэсэн. Нотариатч ************** чи хүний өмнөөс гэрээ хийж байна, 07 сарын 15-ны өдрөөс хэтрэх юм бол хариуцлагыг нь хүлээх юм байна нэг өдрийн алдангийг 0.5 хувиар тооцож байна гэж хэлсэн. Ингээд 07 сарын 15-ны өдөр болсон мөнгөө авья гэхэд байж бай гэж явсаар 09, 10 сар болж би шүүхэд өгнө гэхэд удахгүй мөнгө ороод ирнэ гэсэн. Тэгээд би эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч 2017 оны 05 сард мөнгийг чинь өгнө гээд байсан тул би зөвшөөрөхгүй шүүхэд өгсөн. ********** надтай гэрээ хийсэн тул би *********** асуудал ярьсан. Тухайн үед ************* талаар ярьсан зүйл байхгүй. Энэ машины өмчлөл миний нэр дээр байгаа. Машин аймаг дээр байгаа, гэхдээ *********** байгаа юм шиг байна лээ. Би өөрөө харсан. Эвлэрүүлэн зуучлал дээр ирэх үед ************ авсан түүнээс мөнгөө ав гэхэд нь тийм зүйл байхгүй би өөртэй чинь гэрээ хийсэн тул өөрөөс чинь авна гэж хэлсэн. ********** захаар мал зардаг хүн байсан, дотно танил харилцаа холбоо байхгүй. Гэрээ хийж байхад асуудалгүй найдвартай мөнгө нь ороод ирнэ гээд байхаар нь өгсөн. ************ ************** авсан машиныг унаад яваад байгаа, тэр хоёрын хооронд юу болсон талаар би мэдэхгүй. Иймд Истана маркийн ГАҮ 59-87 дугаартай машины үнэ 10.000.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг, нийт 15.000.0000 төгрөгийг ************* гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: *********** машины үнэ гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би *****************-тэй наймаа хийгээгүй. Тухайн үед ************* машин зарна гэж, ************ машин авна гэж байсан тул энэ хоёр хүнийг уулзуулж өгсөн. *********** миний иргэний үнэмлэх байхгүй байна, та үнэмлэхээрээ худалдах худалдан авах гэрээ хийчих гэхээр нь би энэ хүний өмнөөс гэрээ хийсэн. Тиймээс энэ хоёр хүний наймааны дундаас намайг чөлөөлж өгнө үү. Би хариуцагч биш тул ************ нэхэмжлэлтэй надад холбогдох машины үнэ гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өвчтэй аавыгаа харж байгаа учраас оролцож чадахгүй тул харж үзнэ үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч *************** 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.000.000 төгрөг, биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг нэхэмжлэгч, хариуцагч нарт тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно /хх-14, 19/.

Хариуцагч ************ 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “...Жаргалан суманд байна, очиж амжихгүй байх гэж”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 26 минутад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...өвчтэй аавыгаа харж байгаа учраас оролцож чадахгүй...” гэсэн тайлбарыг тус тус ирүүлсэн байна /хх-24, 29/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ******* хариуцагч ************ оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-32/.

Нэхэмжлэгч ************* болон хариуцагч ********* нарын хооронд 59-87 ГАҮ улсын дугаартай, цагаан өнгөтэй, суудлын зориулалттай, Истана маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр, төлбөр төлөх хугацаа 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байх, уг хугацаанд автомашины үнийг төлөөгүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн огноотой гэрээний эх хувиар тогтоогдож байна /хх-4/.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зохицуулсан тул нэхэмжлэгч **************йн автомашинаа 10.000.000 төгрөгөөр үнэлсэн, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон тохиролцоог хариуцагч ********** хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй. Харин хариуцагч “...би машин аваагүй, машин зарах гэж байсан Загдсүрэн, авах гэж байсан Алтанхүү нарыг уулзуулсан, хариуцагч биш...” гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй болно /хх-20, 27/.  

Учир нь талуудын харилцан тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээнд энэ талаар зохицуулалт оруулаагүй, хүний өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан болон уг автомашиныг хэний өмнөөс ямар зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан болох нь хариуцагчийн гуравдагч этгээдтэй тохиролцсон гэх байдал нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Уг гэрээний 1.1.-д “...талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ” гэж, 3.4-т “гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн” гэж, 3.6-д “худалдан авагч тал тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг төлбөр тооцоо дууссаны дараа холбогдох байгууллагад бүртгүүлэх” зэрэг үүрэг хүлээхээр харилцан тохиролцож байгуулсан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талууд зөвшөөрч гарын үсгээ зурсан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Гэрээний дагуу машиныг хүлээн авсан талаар маргаагүй болно.   

Хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 06 минутад шүүхэд гаргасан хүсэлтдээ ************** гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч өөрөө шүүх хуралдаанд оролцоогүй, түүний хүсэлтээр гэрчээр оролцохоор ирсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзат 13 дугаар гудамж 31 тоотод оршин суух, ************* нь согтуу ирсэн бөгөөд драгер үлээлгэсэн тэмдэглэлд 2,23 хувьтай гарсан байх тул гэрч ************** шүүх хуралдаанд оролцуулаагүй болно /хх-27, 31/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрчлүүлэхээр **********, ***************н нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд гэрчээр оролцох ********* ирээгүй, нэхэмжлэгч түүнийг гэрчээр оролцуулахаас татгалзсан, гэрч ************** нь нэхэмжлэгчийн гэр бүл хүн, “...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нотариатын газар гэрээ хийгдэх үед би *************, **************, түүний хүү байсан. Гэхдээ гэрээ хийх үед хүү нь ороогүй гадаа байсан. *************** энэ машиныг авч хятад компанид өгч байгаа юм. Хятад компанийн захирал гарын үсэг зурж чадахгүй тул би гэрээ хийж байна гэхэд ************ нотариатч чи хятадын өмнөөс гарын үсэг зурлаа ямар нэгэн зүйл болох юм бол хариуцлагыг нь хүлээнэ шүү гэхэд ************** би мэдэж байгаа, 07 сарын 15-ны өдөр мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлсэн...” талаар мэдүүлсэн болно.

Дээрх худалдах худалдан авах гэрээ бодит байдалд хэрэгжиж худалдагч буюу *********** 59-87 ГАҮ улсын дугаартай автомашиныг худалдан авагчийн буюу ************* эзэмшилд шилжүүлсэн боловч худалдан авагч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр нотолсон байх бөгөөд хариуцагч өөрийн татгалзлалын үндэс болж байгаа байдлын талаарх баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагчийн “...автомашиныг авсан *********** бичиг баримтгүй байсан тул би төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан, би хариуцагч биш, намайг энэ хоёрын маргаанаас чөлөөлж өгнө үү...” гэх татгалзал үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *********** нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.000.000 төгрөгийг хариуцагч ************ шаардах эрхтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.4-т “...дурдсан хугацаанд автомашины үнийг төлөөгүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тус тус заасан.

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, нэхэмжлэгч уг өдрөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны алданги тооцсон гэж тайлбарлаж байх тул уг хугацаа нь 123 хоног байх бөгөөд гэрээнд заасан 0,5 хувиар тооцоход 10.000.000 төгрөгний 0,5 хувь нь 50.000 төгрөг бөгөөд 123 хоногоор тооцоход 6.150.000 төгрөг гарч байгаа боловч Иргэний хуулийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул нэхэмжлэгч ********** нь алдангид 5.000.000 төгрөгийг хариуцагч ************* шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********** 232.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******************-аас тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******************-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****************-аас 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЯНЖИНДУЛАМ