| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
2021 01 22 2021/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
хохирогч Н.Дэлгэрцэцэг,
шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мт холбогдох эрүүгийн 2006 03938 2760 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан шонхор ломбардад Самсунг Нөт 5 маркийн гар утсаа 100.000 төгрөгийн барьцаанд тавьж, тус газарт ажиллаж байсан иргэн Н.Дэлгэрцэцэг нь үйлчлүүлэгчид Хаан банкны 5759005216 тоот данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэхдээ андуурч 1.000.000 төгрөг шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж хувьдаа завшиж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад Э.М нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдыг өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байх үед үйлчлүүлэгч М орж ирээд Самсунг Нөт 5 загварын гар утсыг 100.000 төгрөгийн барьцаанд тавиад 100.000 төгрөгийг Батболд гэх хүний дансаар шилжүүлэн авсан. Би хэсэг хугацааны дараа андуураад 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгээ мэдээд М рүү залгаж андуурч мөнгө шилжүүлсэн гэдгээ хэлсэн. М маргааш өдөр нь манай ажил дээр ирээд надад “2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөнгийг барагдуулж өгөх” тухай хүсэлт бичиж өгөөд явсан. Үүнээс хойш намайг залгахад дуудлага авахгүй байсан ба гэрийнх нь хаягаар очиход тухайн хаягтаа амьдардаггүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч М.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр миний Хаан банкны дансанд 1.000.000 төгрөг орсон байсан. Тухайн үед би нэг компаниас 2.000.000 төгрөг авах байсан юм. Манай эхнэр над руу залгаж “чиний дансанд 1.000.000 төгрөг орсон байна” гэж яриад удалгүй манай ажил дээр хүрээд ирсэн. Миний виза карт эхнэр Мт байдаг ба би эхнэрээ гар утсаа ломбардад тавьсан, тухайн мөнгийг ломбардын мөнгө гэдгийг мэдээгүй. Хэрвээ ломбардын мөнгө гэдгийг мэдсэн бол буцааж өгөх байсан. Тухайн мөнгөнөөс надад 160.000 төгрөгөөр гутал авч өгсөн. Үлдэгдэл мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Шүүгдэгч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байх үед Төрийн банк, Хаан банкнаас залгаж зээлээ төлөхийг шаардсан. Би хоёр хүүхдээ дагуулж гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороонд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт очиж өөрийн гар утсыг 100.000 төгрөгөөр барьцаанд тавихаар болсон. Тухайн үед дансаар мөнгө гаргана гэсэн учир нөхрийнхөө Хаан банкны 5759005216 тоот дансаар мөнгөө авсан. Гэртээ очоод 40 минутын дараа манай нөхөр над руу залгаад “ажил хийсэн хөлс маань орчихлоо” гэж хэлээд 420.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Би тухайн мөнгийг хүний картыг гуйж байгаад Ундрам плаза дотор байрлах АТМ-ээс авч банкны зээлээ дарсан. Тухайн барьцаалан зээлдүүлэх газарт очоод “манай нөхрийн цалин орсон байна” гэж хэлээд гар утсаа буцааж авсан. Тухайн өдрийн орой 20 цаг 30 минутын үед барьцаалан зээлдүүлэх газрын эмэгтэй над руу залгаад “би таны дансанд 100.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуураад 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна, яг одоо авч ирээд өгчих” гэж хэлэхээр “одоо надад карт алга байна, эргээд хариу хэлье” гээд утсаа тасалсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаж асуухад “1.000.000 төгрөг дансанд орж ирээгүй, цалин л орсон, цалингаа чам руу шилжүүлсэн шүү дээ” гэж хэлсэн. Нөхөр тухайн өдрөөс 3 хоногийн дараа надад “миний дансанд 1.000.000 төгрөг орсон байна, чи тэр газраа очоод банкныхаа зээлийг төлчихсөн, өөрөө дараа нь төлнө гэсэн утгатай зүйл бичээд өгчих гэж хэлсэн. Би тухайн барьцаат зээлийн газартаа очоод хүсэлт бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04-05/,
- Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-ийн 07-08/,
- Баялаг Өгөөж ХХК-ийн Алтан Шонхор ломбардын барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 09/,
- Шүүгдэгч Э.Мийн “Алтан шонхор” ломбардад гаргасан хүсэлт /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын тухай: Э.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, М.Батболдын 5759005216 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Э.М нь өөрийн хэрэгцээг хангахын тулд ломбардаас гар утсаа барьцаалан зээл авсан байх бөгөөд зээлийн мөнгийг М.Батболдын дансаар шилжүүлж авсан байна. Илүү мөнгө шилжүүлсэн талаараа хохирогч орой нь утсаар холбогдож хэлэхэд төлнө гэдгээ илэрхийлж шүүгдэгч өөрөө бичгээр тайлбар гаргасан байна.
Шүүгдэгч хууль ёсны дагуу захиран зарцуулах эрх өөрт нь үүсээгүй гэдгийг мэдсээр байж төлбөр тооцооны алдаатай гүйлгээг өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан нь бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжийг хангадаг.
Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу 100.000 төгрөг биш 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг шүүгдэгч нь лавтай сайн мэдсэн байх ба нөхөр М.Батболдын дансны картыг Э.М эзэмшиж байсан болох нь гэрч М.Батболдын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Мийн “ломбардаас илүү шилжүүлсэн мөнгийг би ашиглаагүй, манай нөхөр М.Батболд ашигласан учир намайг яллагдагч болгосон нь буруу” гэх агуулгатай тайлбар нь няцаагдаж байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тэрээр уг үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр ханджээ.
Хохирогч Н.Дэлгэрцэцэг нь өөрт учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.М нь хохирогчид учирсан хохирлыг 2020 оны 02 дугаар сарын 6-ны өдөр болон 22-ны өдөр хоёр хувааж төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч Э.Мийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдэл болох ажилдаа хариуцлагагүй хандсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Э.М нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Мийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мээс 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Дэлгэрцэцэг /ше78103068/-д олгосугай.
6. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ