Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/67

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Б.Одонтуяа /цахим/-аар

шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч К.Баатар /цахим/-аар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х.Н.Ж-эд холбогдох эрүүгийн ..........дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..........ны өдөр ... төрсөн .. настай, ...тэй, ... боловсролтой, ... эрхэлдэг, ...мэргэжилтэй, ам бүл-.. хамт ..аймаг .. баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Х.Н.Ж-ид /РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24-33 тоотод оршин суух иргэн У.Г-ын махыг ачна гэж 2.000.000 дансаар шилжүүлж авч урдын харилцааны явцад бий болсон итгэл эвдэж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч У.Г- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос адууны мах тээвэрлээд БНХАУ-н эрээн хот руу явуулахаар болсон. Ингээд тээврийн жолооч Дархан-Уул аймгийн харьяат Бат-Эрдэнэ гэх залуутай тохиролцоод мах ачихаар болоод тээврийн зардал болох 2.000.000 төгрөгийг урьдчилаад авчихсан юм. Тэгээд түүнээс хойш тэрээр огт алга болчихсон намайг залгахаар утсаа авахаа болчихсон юм...” гэжээ /хх-ийн 17-18-р тал/

 

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр миний данс руу 2.000.000 төгрөг орсон байна би дансны хуулгаа аваад харлаа он сар нь бичээтэй байна. Тухайн үед би Хятад руу мах ачдаг байсан. Ж гэж хүний эзэмшлийн 16-66 ДАР улсын дугаартай Volvo маркийн тээврийн хэрэгслийг барьж байсан. Би жолоочоор нь ажиллаж байсан юм. Ж надад хэлэхдээ тээврийн зардал байгаа юм миний данс байхгүй байна гээд миний данс руу тэр мөнгийг хийлгэсэн ямар хүнээс авсан мөнгө гэдгийг би мэдэхгүй байна. Миний дансанд 2.000.000 төгрөг орсны дараа Ж миний картыг авч явсан би нууц үгээ хэлээд явуулсан миний картаас мөнгөө авсан байсан. 3-4 хувааж авсан байсан. У.Г- гэх хүний махыг ачиж байсан, гэхдээ тэр хүнтэй уулзаж байгаагүй... ” гэжээ /хх-ийн 21-22-р тал/

 

Яллагдагч Н.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр У.Г-той утсаар холбогдоод 2.200.000 төгрөгөөр тохироод дараа Улаанбаатар хот Эмээлт захаас мах ачаад урагшаа БНХАУ-ын Эрээн ротод буулгаж өгсөн. Дараа нь У.Г- гэх хүн надтай утсаар холбогдоод дахин мах ачих уу гэхээр нь би ажилгүй байсан болохоор тэгий гээд ээлжийн жолооч хийдэг Бат-Эрдэнийн дансыг явуулаад дансаар нь 2.000.000 төгрөг мах ачихаас өмнө авсан аваад данснаас мөнгийг аваад банкны өрөө өгсөн. Мөн би банкны өртэй байсан учраас чиргүүлээ зараад чиргүүлгүй болчхоод махыг нь ачих өгөөгүй. Тэгээд У.Г- гэж хүний мөнгийг буцааж өгч чадаагүй өдий хүрсэн ....” гэжээ /хх-ийн 24-25-р тал/

 

Депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-37-р тал/, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, Иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад баримтууд /хх-40-48/, шүүхийн шатанд хохирол барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24-33 тоотод оршин суух иргэн У.Г-ын махыг ачна гэж 2.000.000 дансаар шилжүүлж авч урдын харилцааны явцад бий болсон итгэл эвдэж залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Г- “...тээврийн жолооч Дархан-Уул аймгийн харьяат Бат-Эрдэнэ гэх залуутай тохиролцоод мах ачихаар болоод тээврийн зардал болох 2.000.000 төгрөгийг урьдчилаад авчихсан юм. Тэгээд түүнээс хойш тэрээр огт алга болчихсон намайг залгахаар утсаа авахаа болчихсон юм...” гэсэн /хх-ийн 17-18-р тал/, Гэрч Н.Бат-Эрдэнэ“...2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр миний данс руу 2.000.000 төгрөг орсон. ...Миний дансанд 2.000.000 төгрөг орсны дараа Ж миний картыг авч явсан би нууц үгээ хэлээд явуулсан миний картаас мөнгөө авсан байсан. 3-4 хувааж авсан байсан. У.Г- гэх хүний махыг ачиж байсан, гэхдээ тэр хүнтэй уулзаж байгаагүй... ” гэсэн /хх-ийн 21-22-р тал/ мэдүүлгүүд Депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-37-р тал/, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, шүүхийн шатанд хохирол барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Н.Жэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Жэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Жэд оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Жэд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Хохирогч У.Г- нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Н.Ж-идийг бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жийг 500 /таваг зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Жэд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Жэд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ