| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00444/и |
| Дугаар | 133 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- **************** нэхэмжлэлтэй,
нас тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Чандмань сумын 6-р багт **************** гэдэг айлын 6-р охин болж ************** үед төрсөн. Иргэний паспорт солих үед төрсөн оныг маань 1947 гэж байсныг 1949 он гэж бичсэн байгаа юм. Би 4 хүүхэд төрүүлсэн 20 дугаар тогтоолоор 1995 онд тэтгэвэрт гарсан. Нэгэнт тэтгэвэрт гарсан тул хэрэггүй гэж бодоод байтал хүмүүс чи гахай жилтэй байж үнэн насаараа яваач 70 настай хүн байж гэсэн тул насаа үнэн зөвөөр нь тогтоолгох гэж хандсан. Би 1950 оны хүн амын тооллогыг үндэслэн 1947 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох гэж байгаа. Жинхэнэ төрсөн он, сараа тогтоолгох нь үнэн зөв насаараа явах гэж, насны хувь хишиг хүртэх гэж, эмний мөнгө, живэхнийхээ мөнгөний хөнгөлөлт авах зорилготой. Миний аавыг ***********, ээжийг ********** гэдэг, ***********, ********, ********, ********, ********* нар миний төрсөн ах, эгч нар байгаа. Би айлын бага хүүхэд нь юм. Тиймээс төрсөн он, сарыг зөвтгөн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь 1947 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 6-р багт төрсөн болохыг тогтоолгохоор шаарджээ /хх-1/.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах, шаардах эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу өөрийн насыг тогтоолгохыг хүссэн байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 478 дугаартай “...тус аймгийн Чандмань сумын 1950 оны хүн амын тооллогын бүртгэлд Чандмань сумын 6 дугаар багийн харьяат ************* нь 1947 онд төрсөн, 3 настай, эмэгтэй, халх гэж...” бүртгэгдсэн лавлагаа /хх-3/,
Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/760 дугаартай “...иргэний баримтын архивт 1953 оноос хойшхи архивын баримт байдаг учир иргэн ************** төрөлт бүртгэлийн лавлагаа олгох боломжгүй байна...” гэсэн албан бичиг /хх-13/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаартай “...архивын сан хөмрөгт алдарт эхийн одонгийн 1958 оноос өмнөх баримт, Чандмань сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын дэлгэрэнгүй бүртгэл шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй...” гэсэн албан бичиг /хх-14/,
ГА751859 дугаартай 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон улаан паспорт /хх-15-43/,
202457 дугаартай Монголын Улаан загалмай нийгэмлэг гишүүний бат илэрхийлэх дэвтэр /хх-44-52/,
хэрэгт авагдсан шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1957 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай захирамжийн дагуу Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/392, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/07 дугаартай албан бичгээр ирүүлсэн 03/02/1760 дугаартай, 03/02/53 дугаартай “...1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 7 дугаарт **********, эрэгтэй, 56 настай, эхнэр ************, 51 настай, охин ********, 18 настай, охин *********, 8 настай, ...гэж бүртгэгдсэн байна” гэсэн лавлагаа /хх-61, 70/,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/12765 дугаартай “...*********** нь 1951 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн учир төрсний гэрчилгээ олгогдож байгаагүй...” тухай албан бичиг /хх-63/,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын их хурлын тэргүүлэгчдийн 1958 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 127 дугаартай зарлигт “...олон хүүхэд төрүүлэн өсгөсөн Говь-Алтай аймгийн эхчүүдийг алдарт эхийн одонгоор шагнах тухай, 11 дүгээр хуудасны 179 дугаарт Аюурын Мантрай, 6 дугаар баг гэж /хх-71-74/,
Говь-Алтай аймгаас 1958 онд тодорхойлон ирүүлсэн олон хүүхэдтэй эхчүүдийн бүртгэлийн 66 дугаар багананд **************, 5 дугаар баг-45, малчин, ***********, 6-6, ***********-21, ***********-23, ***********-17, ***********-12, *************-10, *************-24 гэж цувуулж бичигдсэн архивын лавлагаа /хх-75-76/,
хэрэгт авагдсан шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 168 дугаартай захирамжаар томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “...иргэн *********** нь 1947-1950 онд төрсөн буюу одоо 67-70 настай байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-95-96/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг ач холбогдолтой баримт гэж үзэж түүнд бичигдсэн байдлыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар дээрх бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.а-д хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам явуулахаар заасан бөгөөд Говь-Алтай аймгийн статистикийн хэлтсээс авсан хүснэгтийн 3.1-д суурин хүн амын тоо /тооллого явагдсан оноор/ гээд улсын хэмжээнд 1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010 онуудад явагдсан байдлаас дүгнэхэд улсын хэмжээнд хүн амын тооллого 10 жил тутамд явагдаж байсан байна /хх-100/.
Түүнчлэн иргэний баримтын архивт 1953 оноос хойшхи архивын баримт байдаг учир иргэн ************** төрөлт бүртгэлийн лавлагаа олгох боломжгүй, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын сан хөмрөгт алдарт эхийн одонгийн 1958 оноос өмнөх баримт, Чандмань сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын дэлгэрэнгүй бүртгэл шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй, ********* нь 1951 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн учир төрсний гэрчилгээ олгогдож байгаагүй” гэх албан бичиг Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасаг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус ирсэн /хх-13, 14, 63/.
************* нь Говь-Алтай аймгийн Чандмань суманд ***********, ************* нарын гэр бүлд төрсөн болох нь түүнд 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон ГА751859 дугаартай улаан паспорт, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон Монгол Улсын иргэний үнэмлэх, 1956 онд явагдсан хүн амын тооллогын бүртгэл, 1958 онд алдарт эхийн одонгоор шагнагдсан эхийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна /хх-15-43, 5, 61, 70/.
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн 1950 оны хүн амын тооллогын бүртгэлд нэхэмжлэгч ************ 1947 онд төрсөн, 3 настай гэж, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас ирүүлсэн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд ...охин ************, 8 настай гэж, 1958 онд Аюурын ************* алдарт эхийн одонгоор шагнасан бүртгэлд ...**********-10 настай гэж тус тус бүртгэгдсэн байх боловч Говь-Алтай аймгийн статистикийн хэлтсээс ирүүлсэн тооллого явагдсан оны жагсаалтын хүснэгтэд “1950 он” байхгүй тул Үндэсний төв архивын газраас ирүүлсэн 1956 оны хүн амын тооллогын бүртгэл, 1958 онд нэхэмжлэгчийн ээж ********** алдарт эхийн одонгоор шагнасан бүртгэл зэргийг үндэслэн,
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж, мөн архивын газраас ирүүлсэн дээрх лавлагаануудад тооллого явагдсан сар өдрийн талаар дурдагдаагүй байх тул Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан хуанлийн жилийн эхний өдрөөр тооцож 1956 онд 8 настай, 1958 онд 10 настай байдлаас тооцож, ********** нь ************* өдөр төрсөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан ***************** ************ өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ