| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0184/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/190 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/190
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0036 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч овгийн Б.О, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа засвар үйлчилгээ эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, Зүүнбаян уулын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд: - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, ** дүгээр цэргийн ангийн *** тоот хашаан дотор иргэн Т.Ц-той угаалгын машин янзлуулсны хөлсөн дээрээс болж маргалдан эрүүл мэндэд баруун хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хөмсөгний дээрх шарх, зовхинд цус хуралт, амны баруун дээд хэсэг, өвчүүний дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ч овгийн Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, *** дүгээр цэргийн ангийн *** тоот хашаан дотор хохирогч Т.Ц-той угаалгын машин зассан хөлсөн дээрээс болж маргалдан түүнийг гар утсаараа цохиж, бие махбодод нь “...баруун хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хөмсөгний дээрх шарх, зовхинд цус хуралт, амны баруун дээд хэсэг, өвчүүний дээд хэсэгт зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй. Хохирогчид 128,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд надаас өөр хохирол нэхэмжлээгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр Б “угаалгын машин эвдэрчихлээ” гэж ярьж байсан. Би тухайн өдөр 12 цаг 10 минутын үед гэрээсээ гараад урд гудамжинд байдаг Ану дэлгүүр лүү хүнсний зүйл авахаар орох гэж явж байгаад найз Г, Н нартай таарсан. Бид гурав дэлгүүр орчхоод буцаад хашаагаар ортол гэрээс нэг залуу гарч ирсэн. Тэгэхээр нь “та юун хүн бэ” гэж асуухад нөгөө залуу “танайхаас угаалгын машин янзлуулна гэж дуудлага өгсний дагуу ирсэн засварчин байна” гэж хэлсэн. Би түүнээс “та хэдэн төгрөгөөр юуг нь янзалсан юм бэ” гэж асуухад олигтой засвар хийгээгүй байж үйлчилгээний хөлс гэж 60,000 төгрөг нэхсэн. Би түүнд “ийм үнээр засуулахгүй, та зүгээр яв” гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Засварчин залуу “мөнгөө төлж чадахгүй байж яах гэж дуудлага өгдөг пизда вэ” гэж хэлсэн. Тэгээд намайг заамдаад, миний хүзүүнд байсан мөнгөн гинжнээс бооход манай найз дундуур орж салгасан ба нөгөө залуу хашаанаас гарч машинаасаа цүнхтэй багаж аван буцаад орж ирсэн. Тэр цүнх дотроосоо алх, хайч гаргаж ирээд “одоо чамайг ална” гэж далайсан. Маргалдаж байхад тэр залуу бид хоёрын голд найз Г байсан ба нөгөө залуу зүүн гараа саваад миний баруун хөмсөгний дээд хэсэгт цохисон. Нэг мохоо ирмэгтэй зүйл байсан. Би яг юугаар цохисныг нь хараагүй. Тэгж цохисныхоо дараа ахиж алхаа авснаа “одоо би та нарыг ална” гээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13,16 дугаар хуудас);
3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222 дугаартай: ”...Т.Ц-ийн биед баруун хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хөмсөгний дээрх шарх, зовхинд цус хуралт, амны баруун дээд хэсэг, өвчүүний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусдад зодуулсан эсэхийг шинжээч эмч тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 37-38 дугаар хуудас);
4. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр угаалгын машин ажиллахгүй байсан болохоор засдаг хүнийг дуудсан. Манай нөхөр “дэлгүүр ороод хоёр найзтайгаа уулзчихаад ирье” гээд гарсан хойгуур засварчин ирээд угаалгын машины эвдрэлийг үзээд “засварын хөлс 60,000 төгрөг болно” гээд тохирсон байсан. Тэгээд засварчин машинаасаа солих эд анги авчрахаар гарсан чинь хашаан дотор манай нөхөр хоёр найзтайгаа пиво уугаад зогсож байсан. Манай нөхөр засварчнаас “хэдээр засах гэж байгаа юм” гэж асуухад “60,000 төгрөгөөр засна” гэж хариулсан. Нөхөр маань “жоохон ярьчхаач” гэж хэлсэн чинь засварчин “үгүй ээ авах ёстой мөнгөө авах гэж байна” гэж хэлээд тэдний хооронд маргаан үүссэн. Тэгтэл манай нөхөр “танаар засуулахгүй, та юмаа аваад яваа” гэж хэлсэн чинь засварчин “чи ер нь хэн юм бэ хоёулаа үзчих үү” гээд байсан. Тэгэхээр нь би гэр лүү гүйж ороод гэрт тараасан байсан багажуудыг нь цуглуулаад гаргаж ирсэн. Намайг гарч ирэхэд манай нөхөр засварчныг зуурчихсан байсан. Тэгсэн нөгөө ах надаас багажаа шүүрч аваад дотроос нь хайч, дорцов, алх гаргаж ирээд “чамайг алчихъя” гээд байсан. Нөхрийн хоёрын найз нөгөө ахыг бариад болиулсан. Засварчин хүүхдэдээ “машинаас утас аваад ир” гэж хэлсэн. Хүүхэд нь утас авчраад өгсөн чинь засварчин цагдаа дуудах гэж байснаа нөгөө утсаараа манай нөхрийн баруун талын хөмсөгний дээд талд нь цохиод сэтэлсэн. Тэгээд манай нөхөр, засварчин хоёр цагдаа дуудсан. Засварчин цагдаад дуудлага өгөхдөө “миний утсыг эвдчихлээ, намайг бүлэглэж зодлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас);
5. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...нэг залуу гэрээс нь гарч ирэхэд Ц “юун хүн бэ” гэсэн чинь “дуудлагаар ирсэн хүн байна” гэж хариулсан. Ц нөгөө залуутай юм яриад зогсож байсан, би ч нэлээд зайтай найз Н-тэй юм яриад зогсож байсан юм. Гэнэт Ц нөгөө залуутай маргалдаад “боль энэ тэр” гээд байсан бөгөөд тэд тооцоон дээрээсээ болоод маргалдсан. Тэгээд Ц засварчин ахтай зууралцаж байгаад хувцсыг нь урсан. Тэгсэн нөгөө ах хүүхдээрээ утсаа авчруулаад “цагдаа дуудна” гээд байсан ба би тайвшруулаад байж байтал юм шидсэн үү, нэг юмаар л Ц-ийг цохих шиг болсон бөгөөд намайг эргэж харахад Ц-ийн хөмсөг нь язарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);
6. Насанд хүрээгүй гэрч О.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...аав өөрийг нь заамдсан байсан залууг гартаа байсан утсаараа цохиод авсан. Харин нөгөө ахын баруун хөмсөгний дээд хэсгээс цус гараад байсан. Аав, нөгөө ах хоёр хоёулаа цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...бид хоёр маргалдаад, барилцаж аваад тэр залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, ноцолдож байхдаа өмсөж явсан футболк, цамцыг маань урсан юм. Би хашааны гадаа тавьсан байсан машин дотроосоо гар утсаа авч цагдаа дуудах гэтэл нөгөө залуу гүйгээд ирэхээр нь гартаа барьж байсан утсаараа нүүр лүү нь нэг удаа цохиход тэр залуугийн баруун нүдний орчмоос цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 108 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 45 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 47-48 дугаар хуудас), орлогын хэмжээг харуулсан ХААН банкны дансны хуулга (хх-ийн 54-82 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 83-95 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Ц-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.Ц-ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Ц нь баримтаар нэхэмжилсэн хохиролд 128,000.0 төгрөг хүлээн авсан боловч цаашид сорви арилгуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар шүүх хуралдааны тов мэдэгдэх үед илэрхийлсэн тул шүүгдэгч Б.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.О өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.О-ын ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Харин улсын яллагч торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” хэмээн хуулиар тогтоосон үндсэн хугацааг зөрчиж байх тул хүлээн авах боломжгүй юм.
Түүнчлэн, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлэн гурван жил хүртэл хугацаа тогтоож, хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлээгүй тохиолдолд торгох ялыг биелүүлэх хугацааны талаар тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй болохыг дурдах нь зүйн хэрэг.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Т.Ц-д 128,000.0 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч овгийн Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.О-т торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тусгасугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Т.Ц-д 128,000.0 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА