Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогч Т.У

шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч О.Мөнгөнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, С.Л.З-т холбогдох эрүүгийн ........ дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...-ны өдөр ... төрсөн, ...гтэй, .. настай, ...д боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2... хамт ..дүүргийн ... хороо, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Л.З- /РД:....../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.З нь 2020 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 26-23 УБИ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллоос суусан Т.Уийг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны ар талын автомашины зогсоол дээр согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон байдлыг далимдуулж, 2 удаа хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

хохирогч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө би бага зэрэг согтуу байсан. Би такси бариад гэрийн хаягаа хэлээд байрынхаа гадаа хүргүүлээд байрныхаа хойд талд сэргэтэл миний дээр шүүгдэгч байсан. Би эсэргүүцээд цагдаад хандана гэхэд надад ай фонэ 10 маркийн утас өгөөд тохиръё гэж хэлж байсан ч Хан-Уул дүүрэгт ТЭЦ 3-ийн ойр хавьд ирээд намайг боогоод, газар чирээд энэ газраас босох юм бол ална гэж сүрдүүлсэн. Би тэндхийн манаач ахын утсаар цагдаа дуудсан.” гэв

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн №12618 дугаар дүгнэлт “...Т.Уийн биед дух, баруун хацар, хамарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Н.Т.Уийн үтрээ, бэлэг эрхтэнд гэмтэл илрээгүй. Бэлэг эрхтнээс эр бэлгийн эс илрээгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-56-р тал/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/, хохирогч Т.Уийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-25/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26-28/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-119/, Ял шийтгэлийн хуудас /хх-102/, хохирогчийн өвчний түүх /хх-66-71/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-114-116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.З нь 2020 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 26-23 УБИ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллоос суусан Т.Уийг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны ар талын автомашины зогсоол дээр согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон байдлыг далимдуулж, 2 удаа хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/, хохирогч Т.Уийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-25/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26-28/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Зын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Л.Зын засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Т.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.З нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Л.З-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Л.З нь тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ