| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/124 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/124
2021 01 22 2021/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Чинзориг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00503 0453 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Дотоод хэргийн их сургуулийн урд замд Хонда Инсайт маркийн 81-29 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарц дээр явган зорчигч Д.Цээнийцэцэгийг хүүхдээ тэврэн зам хөндлөн гарах үед нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Дотоод хэргийн их сургуулийн урд замд Хонда Инсайт маркийн 81-29 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарц дээр явган зорчигч Д.Цээнийцэцэгийг хүүхдээ тэврэн зам хөндлөн гарах үед нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Иргэний нэхэмжлэгч Д.Цээнийцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед би 2 настай хүүгийн хамт эмийн сан ороод буцаж зам гарахаар Дотоодын хэргийн их сургуулийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй хүүгээ тэврээд замын хажууд зогсож байгаад зүүн гар тал руугаа харахад 1 дүгээр эгнээгээр том оврын автомашин гэрлээрээ дохиж хурдаа сааруулсан ба 3 дугаар эгнээгээр суудлын автомашин хурдаа хасаад гэрлээрээ дохихоор нь зам хөндлөн гарах үед нэг суудлын автомашин ирээд мөргөсөн. Би хүүхдийн хамт газарт унасан. Тэгээд замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт ирж үзлэг хийсэн” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Ослын үед хоёр хөлийн өвдөгт цус хуралттай байсан. Одоогоор нэхэмжлэх баримт байхгүй. Ослын дараа би хүүхдээ 3 удаа хараагүйчүүдийн бариач дээр хүүхдийнхээ толгойг нэг удаа 5.000 төгрөгөөр бариулсан ба хувь хүн болохоор баримт өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
Иргэний хариуцагч Н.Түмэнбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“О нь нөхөр хүүхдийн хамт манайхтай нэг хашаанд амьдардаг. Тухайн үед эхнэр бид хоёр хөдөө явахдаа хүү, бэр хоёртоо автомашинаа үлдээгээд явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,
Гэрч Б.Энхболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 8 дугаар 25-ны өдрийн 21 цагийн орчим найз Оын жолоодож явсан 81-29УБА улсын дугаартай Хонда Инсайт маркийн автомашины арын суудалд суугаад Налайх дүүргийн Гордок тосгон орохоор явж байсан. Дотоодын хэргийн их сургуулийн урд замд ертөнцийн зүгээр баруун тийш чиглэлтэй явж байхад гэнэт тормоз гишгэхээр нь харахад машины зүүн урд нэг хүн мөргүүлээд унаж байгаа харагдсан. Оын хамт машинаас буугаад харсан чинь явган хүний гарц дээр нэг эмэгтэй хүн нэг хөлөөрөө газар өвдөглөөд суучихсан. Босох гээд босож чадахгүй байсан. Хажууд нь нэг жаахан хүүхэд уйлаад зогсож байсан. Тэр эмэгтэй “хөл өвдөөд байна” гэж хэлээд босож чадахгүй байсан. Удалгүй түргэн тусламжийн эмч, цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-80/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1298 дугаартай:
“Д.Цээнийцэцэгийн биед нэмэлт шинжилгээгээр зүүн өвдөгний үений дотор жиргэвч мөгөөрсний их биеийн урагдал, урд чагтан холбоосны суналт, баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний их биеийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар зрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-82-84/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн:
Зам тээврийн осол гарсан гэх газар нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө Дотоодын хэргийн их сургуулийн урд замд буюу асфальт шулуун тэгш нойтон, зохицуулдаггүй явган хүний гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зайд явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй хүүхдээ тэврээд явж байсан явган зорчигч баруунаас зүүн тийш чиглэлтэй 3 дугаар эгнээгээр явж байсан Хонда Инсайт маркийн автомашин мөргөсөн гэх ба ах мөргөсөн гэх цэгийг жолоочоор заалгаж А үсгээр, мөргүүлээд унасан гэх газрыг жолоочоор заалгаж Б үгээр тэмдэглэн үл хөдлөх цэгээр замын хөөд хойд талд байрлах 158 дугаартай гэрэлтүүлэгчийн шон авч В үсгээр тэмдэглэн үзлэг хэмжилт хийв. Автомашины гадна байдалд үзлэг хийхэд ослоос үүссэн эвдрэл гэмтэл байхгүй байлаа гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04/,
- Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 08-09/,
- Замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, явган зорчигч болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12/,
- хохирлын тооцооны баримт /хх-ийн 52, 67-72, 122-123/,
- хохирогч Д.Цээнийцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, баримтууд /хх-ийн 53-62, 63-65/,
- Медтравма эмнэлгийн томографийн шинжилгээний хуудас, эмчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 88-89, 90-92/,
Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим хадам аавын эзэмшлийн 81-29 УБА улсын дугаартай Хонда Инсайт маркийн автомашиныг жолоодож Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр Дотоод хэргийн их сургуулийн урд замд, ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Гэрлэн дохиотой уулзвар өнгөрөөд 3 дугаар эгнээгээр явж байтал явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй хүүхэд тэвэрсэн, юүдэнтэй малгайтай цамц өмссөн эмэгтэй хүн гүйгээд урдуур орсон. Би тормоз гишгэхэд зам нойтон байсан болохоор гулгаж очоод явган хүнийг мөргөөд зогссон. Явган зорчигч машинд мөргүүлээд хүүхэдтэй хамт газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/, ажлын газрын тодорхойлолт, үнэмлэхийн хуулбар /хх-ийн 106, 108/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 110/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 112/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 113/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 114/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 115/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруу үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар хандсан байдаг бөгөөд уг үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргахгүй гэж өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр найдаж, бусдад хохирол учруулахгүй байна гэж итгэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч нь осол болсны дараагаар хохирогчид тусламж үзүүлэн шинжилгээ эмчилгээний төлбөрт нийт 846.000 төгрөгийг төлсөн талаараа шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Харин хохирогч Д.Цээнийцэцэг нь 1.385.274 төгрөгийн хохирол гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг бүрдүүлэн хэрэгт хавсаргуулжээ.
Уг хохирлыг шүүгдэгч Б.О болон иргэний хариуцагч Н.Түмэнбуян нараар тэнцүү хуваан тус бүрээс нь 692.637 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “...тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчлан тогтоосны дагуу шүүгдэгч Б.Оын жолоодож явсан 8129 УБА улсын дугаартай хонда инсайт маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Түмэнбуян нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлоос төлж барагдуулахаар хариуцах учиртай.
Шүүгдэгч Б.О нь шүүх хуралдааны өмнө хохирогч Д.Цээнийцэцэгт 500.000 төгрөгийг шилжүүлсэн нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн учир түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн 692.637 төгрөгөөс уг 500.000 төгрөгийг хасаж үлдэх 192.637 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Энхбаатар нь хүүхдийн толгойг бариачаар 3 удаа барилж нийт 15.000 төгрөгийн зардал гарсан талаараа мэдүүлсэн байх тул уг хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Цээнийцэцэг, иргэний нэхэмжлэгч Б.Энхбаатар нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан болон учирч гарах бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоос төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогдож байгааг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогчдын дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэргийн талаарх дүгнэлт, гэм буруугаа ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хураагдаж ирсэн бичиг баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Бгийн Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 192.637 төгрөг, иргэний хариуцагч Н.Түмэнбуянгаас 692.637 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Цээнийцэцэг /ЦЖ77111063/-д, шүүгдэгч Б.Оаас 7.500 төгрөг, иргэний хариуцагч Н.Түмэнбуянгаас 7.500 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхбаатар /ЦЗ75100573/-д тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх бусад хууль ёсны нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд улсын шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ