Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0676

 

 

 

 

 

 

 

 

 

        

Т х ф ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай “Гомдлыг хянасан тухай” шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр”-ийг хүчингүй болгосныг хүчингүй болгож, Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 601 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Т.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0571/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т х ф ХХК-иас Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгож, Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 601 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэг, 55.3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах шүүгчийн захирамж биелэгдээгүй, тухайн захирамж биелэлдэгдэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад шүүх хуралдааныг явуулж, процессын зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагчаас гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааны талаар холбогдох баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчийн зүгээс шаардсан, шүүгч захирамжаар хүсэлт хангаж шийдвэрлэсэн.

3.2. Хариуцагч тайлбартаа "нотлох баримтын шаардлага хангаж, ирүүлэхийг захирамжаар даалгасан, манайх бусдын баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй" гэж тайлбарладаг. Хариуцагч шүүхийн даалгаврыг биелүүлээгүйн зэрэгцээ шаардсан баримтыг гаргаж өгөх үүрэгтэй, харин тухайн гаргаж өгсөн баримтыг үнэлэх эсэх нь шүүхийн эрх бөгөөд хариуцагчаас гаргаж өгөх баримттай танилцах, туунд холбогдуулан шаардлагатай нэмэлт баримтыг хариуцагч болон бусад этгээдээс гаргуулах бүрэн эрх нэхэмжлэгчид бий. Нөгөө талаар шуух хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд зааснаар хараат бусаар нотлох баримт цуглуулах, бусдаас гаргуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

3.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйлүүдийг зөрчсөн: Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 2 дах хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсгийг тус тус зөрчсөн. Хариуцагч тендерийн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж ажиллагаа явуулсан, гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааны хувийн хэрэг, түүнд хамаарах нотлох баримт хавтаст хэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч гомдлыг хянан шийдвэрлэхдээ эрх бүхий албан тушаалтны баталсан заавар, журмыг баримтлах хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэг, 29 дүгээр зүйлийг зөрчиж болохгүй. Хариуцагч захиргааны акт үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн хэм хэмжээг баримталдаггүй, удирдлага болгодоггүй, ач холбогдлыг үгүйсгэж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

3.4. Шүүх процессын зөрчил гаргасан, хариуцагч өөрийгөө зөвтгөх нотлох баримт гаргаагүй, хавтаст хэрэгт тийм нотлох баримт байхгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох бүрэн үндэслэл байна. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэг/

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17 ны өдрийн 128/ШШ2022/0601 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсхүл шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаахыг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, уг зөрчил шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Т х ф ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарласан ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-12/1370 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай”[1] мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах эрхтэй болсон байна.

2.2. Улмаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай” ДҮ-1314-12/1481  дугаар албан бичгээр “... тендерт оролцсон “ДБМБ” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасныг Сангийн яам хүлээж аваад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2138 дугаар албан бичгийн дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн”[2] талаар мэдэгджээ.

2.3. Үүний дараа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга “ДБМБ” ХХК-ийн гомдлыг хянан үзээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 мэдэгдлээр  “...тендерт оролцогч “ДБМБ” ХХК болон Т х ф ХХК-уудын аль алиных нь тендерийг хянан үзсэн талаар дурдаж, захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/563 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байгааг, мөн тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг, захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болсныг тус тус Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын мэдэгдсэн байна.

2.4. Нэхэмжлэгч Т х ф ХХК-аас Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг хариуцагчаар тодорхойлж, дээрх “Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай “Гомдлыг хянасан тухай” шийдвэрийн ЭҮТӨҮГ/20211081000 дугаартай тендерийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр”-ийг хүчингүй болгосныг хүчингүй болгох, Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан, шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг үүсгэсэн байна.[3]

2.5. Анхан шатны шүүх “... Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай “Гомдлыг хянасан тухай” мэдэгдэл нь хэрэгжиж дуусгавар болсон байх тул шүүхээс дуусгавар болсон захиргааны актыг хүчингүй болгох талаар шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй ” гэсэн үндэслэлээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр”-ийг хүчингүй болгосныг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасантай нийцээгүй, түүнчлэн “Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх” нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, уг шаардлагатай холбоотой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.  Тухайлбал,

2.6. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай[4] мэдэгдлийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийж, мөн өдрийн ДҮ-134-12/1990 дугаартай албан тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг тендерт шалгаруулаагүй болохыг мэдэгджээ. … нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай “Гомдлыг хянасан тухай” мэдэгдэл нь хэрэгжиж дууссан байна. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны ... 03/2521 дугаар “гомдол хянасан тухай” мэдэгдлийг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэнэ гэж тайлбарлаж байх хэдий ч хууль зүйн утгаараа дээрх мэдэгдлээр өмнөх тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон тул түүний дараа хийгдсэн ажиллагаануудыг үргэлжилсэн шинжтэй /шаталсан/ захиргааны акт гэж дүгнэх боломжгүй ... мэдэгдэл нь хэрэгжиж дуусгавар болсон байх тул шүүхээс дуусгавар болгосон актыг хүчингүй болгох талаар шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй ... “ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн “Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай “Гомдлыг хянасан тухай” шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасантай нийцээгүй байна.

2.7. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд уг захиргааны акт хууль бус байхаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх уг маргаан бүхий актыг шүүх хүчингүй болгох боломжтой. Өөрөөр хэлбэл, “захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд шүүх маргаж буй захиргааны акт хууль бус эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус бүрт нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

2.8. Гэтэл анхан шатны шүүх “маргаж буй акт хэрэгжиж дуусгавар болсон, дуусгавар болсон захиргааны актыг хүчингүй болгох талаар шүүх шийдвэр гаргах боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

2.9. Зүй нь, шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн эхний шаардлагыг “Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай “Гомдлыг хянасан тухай” шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгох” гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт уг албан бичгийн 3-6 дахь хэсгийг эс зөвшөөрсөн талаар тайлбарласан, улмаар “захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/563 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлээ тодорхойлсон байх тул Сангийн яамны 03/2521 дугаар албан бичгийн нэхэмжлэгчид хамаарах хэсэг, захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/563 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хэсгүүдэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоож шийдвэрлэх байжээ.

2.10. Анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5252 дугаар шүүгчийн захирамжаас үзвэл шүүх нэхэмжлэгч Т х ф ХХК-ийн “Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг үүсгэсэн байна.

2.11. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-1-ээс 106.3.14 хүртэл Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийг нэг бүрчлэн нэрлэн заасан бөгөөд эдгээр нь тус бүртээ өөр өөр эрх зүйн үр дагавартай тул нэхэмжлэл гаргагчаас нэхэмжлэлийн шаардлагаа дээрх хуулийн аль зүйл заалтад холбогдуулж гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхээс шийдвэр гаргах боломжтой эсэхийг тодруулах хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх мөрдөх үүрэгтэй.

2.12. Гэтэл шүүх нэхэмжлэлийн энэхүү Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн аль заалтад хамааруулан гаргаж байгааг болон уг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, шүүхээс “гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх” шийдвэр гаргах боломжтой эсэх, уг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй асуудал нь захиргааны акт мөн эсэхийг огт тодруулалгүйгээр уг нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг үүсгэсэн нь, улмаар нэхэмжлэлийн тус шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:”, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн … 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”,  107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул мөн хуулийн 121.3.7-д “шүүх ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

2.13. Дээрх дурдсанаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэлийн зарим шаардлагыг тодруулах,  нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөх үүргээ биелүүлээгүй, алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг нөхөн засаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

2.14. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “Үйлдвэрт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох  тендер шалгаруулалтын нэрийг “Үйлдвэрт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил ...” гэж нийт 6 удаа буруу бичсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасан байхад  хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй алдааг тус тус гаргасан байгааг жич тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хавтаст хэргийн 9

[2] Хавтаст хэргийн 10

[3] Хавтаст хэргийн 69-72

[4] Хавтаст хэргийн 11-15