Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/78

 

    Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч: Б.Алтанцэцэг

Хохирогч: А.Э, Н.О

Шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.Б.Т-нд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, Хөшөөтийн уурхай Алтайн зам ХХК-д экскаваторын оператор ажилтай, ам бүл 2, аавын хамт Булган аймгийн Сайхан сум 6 дугаар баг Сайхан-Овоо гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б.Т- /РД:ГЮ88102170/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө Э.Г байна гэж итгүүлэн “Эхнэрийн бие тааруу эмнэлгээр явах ажилтай байгаа тул мөнгө зээлээч ажлын хөлсөндөө суутгуулъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд уурхайд очиж машины цахилгаан засахаар явахдаа өөрийнхөө машинтай явна түлшний мөнгө хэрэгтэй гэж хуурч мэхлэн 150.000 төгрөгийг иргэн А.Эын гэр болох ........ тоотоос шилжүүлэн авч залилсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Дийг хуурч, “Гуртын тавилан” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан Марк X загварын тээврийн хэрэгслийг “Drift” гэсэн хаягаас зарна гэсэн зарыг фейсбүүкт байршуулан цахим хаяг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ........ тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

 

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Эрчим хотхоны 10/1 дүгээр байрны 80 тоотод байхдаа иргэн Н.Оы куртикний халааснаас Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрчний гудамж Дэлгэр хотхоны Дэлгэр супермаркет 67а байрны Хаан банкны АТМ-ээс 1.500.000 төгрөг гарган авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би цэцэрлэгээс хүүхдээ авах гээд машинд хүүхдээ суулгаж байхад утсаар Гүрээ байна би ийм дугаартай болсон хэрэг болбол гэж яриад утас тасарсан. Цэцэрлэгээс хүүхдээ аваад гэр рүүгээ ороод байж байхад Сэргэлэнбаяр /манай хадам ах/ над руу залгаад Гүрээгийн эхнэр хүндрэлтэй төрж байна гэж над руу залгалаа. Би хөдөө уурхай дээр байна. Чи цадахдаа 1.000.000 төгрөгийг нь шийдээд өгөөдөх гэж хэлсэн. Би тэгье гээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дахиад манай хадам ах Сэргэлэнбаяр руу залгасан байсан. Тэрнээс хойш надтай яриагүй. Сэргэлэнбаяр руу яриад та нараас гуйхгүй бол хэнээс гуйх вэ гээд дахиад 1.000.000 төгрөг асуусан. Сэргэлэнбаяр дүү рүүгээ буюу манай эхнэр рүү залгаад цуг ажилладаг. Дараа нь болох байлгүй дээ. Хэцүү байхад нь нэг удаа тусалчихгүй юу даа гээд дахин 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа мөн Сэргэлэнбаяр над руу залгаад хотоос машин гарах гэж байна. Гүрээд мөнгө явуулаадхаач, ажил болохоо байчихлаа гэхээр нь Э.Г руу залгахад би одоо явчихъя гэсэн. Унаа явах гээд байдаг, утсаа авахгүй, хүлээгээд байдаг, байж байгаад дахиад залгахад бикапаа асаагаад явчихъя. Надад түлшний мөнгө хийчих гэхээр нь 100.000 төгрөг болно биз дээ төв аймаг юм чинь ойрхон гэхэд арай л багадах юм шиг байна 50.000 төгрөг нэмчих гэхээр нь машинаа гаргуулах гээд ажил хийлгэх гээд 150.000 төгрөг шилжүүлсэн. Э.Г гэж яриад байдаг.”  гэв.

 

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед экскаваторын оператор ажилд авна гэсэн зар байнгын сардаа 2 зар явуулдаг байсан. Би 2018 оны 08 дугаар сард Э.Г руу яриад компанийнхаа автомашины цахилгааныг үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь зав зай муутай байгаа эхнэр төрөх дөхсөн хотоос гарч чадахгүй байгаа зав гарахаараа холбогдъё гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын дундуур нэг дугаараас миний гар утас руу залгаад “Наагуур чинь ажил төрөл юу болж байна. Ажил төрөл сайн уу” гэхээр нь Гүрээг юм болов уу гэж бодоод “Гүрээ юу” гэсэн чинь “тийм байна” гэсэн. Тэгэхээр нь экскаваторын цахилгаан үзүүлье, цахилгааны масс гараад болдоггүй, зав зай чинь юу болж байна эхнэр чинь төрсөн үү гэж асууж байсан юм шиг санагдаж байна. Тэгээд ойр зуурын юм яриад утсаа салгасан. Тэр өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр над руу 99676796 дугаараас нэлээн хэдэн удаа залгасан байсан. Тэгээд утсаа харахад тус дугаараас “Гүрээ байна энэ рүү залга яаралтай, 99676796 миний утас болохгүй байгаа шүү” гэж мессеж явуулсан байхаар нь тус дугаарыг Гүрээ цахилгаанчин гэж хадгалсан. Тэгээд тус дугаар руу залгасан чинь эхнэр төрсөн цус алдаад байна. Яаралтай эм тариа авахгүй бол болохгүй нь надад яаралтай 1 сая төгрөг хэрэг болоод гэхээр нь итгээд өмнөх харилцаагаа бодоод татгалзаж чадахгүй, хадам дүү А.Э руу залгаад Гүрээ рүү 1 сая төгрөг шилжүүлээд өгчихгүй юу автомашины цахилгаан янзлах юм чинь найдвартай байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу дахиад яриад эхнэрийн бие улам хүндрээд байна өөрөө явж чадахгүй юм чинь аавыг ч болтугай явуулъя гэж хэлээд 1 сая төгрөг асуухаар нь зөвшөөрсөн. Тэгсэн чинь 5039604435 тоот данс явуулахаар нь төрсөн дүү Б.Мөнхтуяа руу хэлээд 1 сая төгрөг шилжүүлж өгсөн. Би тухайн үед Төв аймгийн Сэргэлэн суманд уул уурхай дээр ажилтай байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 01-нд хотоос уурхай руу унаа явах гэж байхаар нь би хадам дүү А.Э руу залгаад наанаасаа Гүрээ рүү яриад аавыг нь аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгсэн чинь дүү А.Э Гүрээ рүү залгаад асуусан чинь би өөрөө явахаар болчихлоо, өөрийнхөө унаатай явъя гэж хэлээд түлшний мөнгө 150.000 төгрөг авсан гэж надад хэлсэн. Манай гэр бүлийн бизнес учраас А.Э энэ асуудал дээр явж байгаа, учирсан хохирлоо А.Э авна. Надад хохирсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 155-р тал/

 

Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Сэргэлэнбаяр над руу залгаад чи манайд ирнэ гэсэн яасан бэ гэхээр нь би “Би эмнэлгийн ажилтай яваад байна” гэхэд Б.Сэргэлэнбаяр “Чи өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манайд ирнэ гээд мөнгө авсан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б.Сэргэлэнбаярт “Би таниас мөнгө аваагүй, та юу яриад байгаа юм бэ” гэж хариулсан. Тэгсэн чинь Б.Сэргэлэнбаяр “Энэ чинь юу болоод байна” гээд дүү болох А.Этай яриадахъя гэсэн. Тэгээд А.Э надтай ярьсан. Тэгсэн А.Э надад “2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр чи над руу 99676796 дугаараас залгаад эхнэр эмнэлэгт хэвтсэн чинь мөнгө их хэрэг болдог юм байна надад 1 сая төгрөг өгөөч гэж залгасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь явуулсан данс руу чинь хийсэн гэсэн. Дараа нь дахиад 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нөгөө явуулсан 1 сая төгрөг чинь хүрдэггүй ээ дахиад 1 сая төгрөг өгөөч гэж залгаж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь өмнө нь явуулсан данс руу нь дахин явуулсан гэж надад хэлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 10 дугаар сарын 01 -ний өдөр түлшний мөнгө өгчих гээд 150.000 төгрөг 5035326787 тоот данс руу явуулчих гэхээр нь бас явуулсан гэж А.Э надад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149/,

 

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би Б.Ттай гэр бүлийн баталгаа байхгүй, 2018 онд танилцаж байсан. Хааяа нэг уулздаг байсан. Уулзаж байхдаа 99676796 дугаарын утсаар байнга ярьдаг байсан. ...Б.Т над руу холбогдоод дансанд чинь цалингаа хийгээд авъя гэж хэлээд миний дансны дугаарыг авсан. Тэгээд төд удалгүй 1 сая төгрөг шилжин орж ирсэн. Б.Т ажил дээр ирж карт авч яваад маргааш нь надад картыг маань өгсөн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 157/

 

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.Т данс руу чинь мөнгө хийгээд авъя гэж байсан. Ямар ч байсан дансны мэдээллээ харахад 5069232131 гэх данснаас 1 сая төгрөг шилжин ороод тухайн үедээ 30 минутын дараа АТМ-ээс бэлнээр гарсан мэдээлэл харагдаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 160-р тал/

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчим би фейсбүүкээр Марк X авна гэсэн зарын групп рүү ороод зар хараад байж байхад Drift гэсэн хаягаас 11-80 УБС улсын дугаартай хар өнгийн Тоёота марк X загварын тээврийн хэрэгслийг зарна гээд зураг оруулсан байхаар нь би коммент хэсэгт нь үнэ гээд орхисон. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад миний чат руу “дугаараа үлдээнэ үү” гэсэн чат ирэхээр нь дугаараа үлдээсэн. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед миний 88145090 дугаар руу 99676796 дугаараас залгаж машин үзүүлэх гэсэн юм гэж ярьсан. Машиныг нь үзэж байгаад 4.500.000 төгрөгөөр авахаар болоод 21 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Асайт худалдааны төвийн хойно гэр хороололд зогсож байгаад хадам ах Л.Чинзоригийн 5107001532 дугаарын данснаас Батцолмон овогтой Т- гэгчийн Хаан банкны данс руу утган дээр нь 11 -80 УБС марк х урьдчилгаа гэж бичээд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-р тал/,

 

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 08 дугаар сарын орчимд би уг тээврийн хэрэгслийг зарж бензин бага иддэг тээврийн хэрэгсэл авахаар болсон. Тэгээд 25-30 орчим насны залууд бартераар зарахаар болсон. Надад приус-11 билүү 10 өгнө гэж хэлж байсан. Би 11-80 убс улсын дугаартай тээврийн хэрэгслийг Гуртын тавилан ББСБ-д барьцаанд унаж явахаар 2018 оны яг хэдэн сард гэдгийг санахгүй байна тавьж байсан юм. Тэгээд би тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөөд 1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байхад тухайн залуу би машины үлдэгдэл мөнгийг төлөөд авъя гэж ярилцаж тохиролцсон. ...надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 50-р тал/

 

Гэрч Х.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.Т гэх хүнтэй уулзаж 11-80 УБС улсын дугаартай марк Х маркийн хар өнгийн машиныг үзэж 4 сая төгрөгөөр авахаар болсон. Б.Т уг машинаа ББСБ-д барьцаанд байгаа нөхөр бид хоёроос авсан мөнгөөрөө ББСБ-ын зээлийг хаагаад нэр шилжүүлж өгнө гээд 1.500.000 төгрөгийг урьдчилгаа болгож аваад машинаа үлдээсэн. Тэгээд маргааш нь үлдэгдэл мөнгөө өгч зээлийг хаалгаж нэр дээрээ шилжүүлэн авах гэтэл Б.Т утсаа унтраагаад алга болсон. Нөхөр бид хоёр дансаар 1.500.000 төгрөг өгсөн бөгөөд уг машинд 460.000 төгрөгийн засвар хийсэн тул Б.Таас 1.960.000 төгрөг нэхэмжилж байна. Машиныг Банк бус санхүүгийн байгууллага хураагаад авсан байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52-р тал/

 

Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид 2 урд нь нэг уурхайд ажилладаг байсан. Би инженер хийдэг. Одоо бол ажлаас гарсан. Өөрөө хувиараа уурхай ажиллуулж байгаа. Ажлаасаа буугаад явж байсан чинь корона гээд буцаж явсан. Буцаж явах замдаа нэг найзындаа очиж гурвуулаа архи уусан. Тэгэхэд манай хүн миний картаас мөнгө авсан байсан гэв.

 

Хохирогч Н.Оы Хаан банкны 5992074851 дугаартай дансны хуулга /1хх-14-16/

 

Хохирогч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Эрчим хотхоны 10/1 дүгээр байрны 80 тоотод байдаг Ариунболд гэх найзындаа Б.Ты хамт дэлгүүрээс хоёр шил архи худалдан аваад орсон. Бид гурав өмнө нь хамт ажилладаг байсан тул нэг нэгнийгээ сайн танина. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад 2 шил архиа хувааж ууж байгаад би нойр дутуу байсан учраас ядраад хэсэг зуур унтсан. Тэгээд унтаж байхад миний гар утсанд мессеж ирэхээр нь утсаа шалгахад миний Хаан банкны 5992074851 дугаартай данснаас 1 сая төгрөгөөр 1 удаа, 500.000 төгрөгөөр 1 удаа нийт 1.500.000 төгрөг гарсан талаар гар утсанд мессеж ирсэн байхаар нь босоод харахад С.Ариунболд ганцаараа буйдан дээр сууж байсан. Б.Т дэлгүүрээс тамхи авахаар гарсан гэхээр нь би үүдний өрөөнд өлгөсөн байсан куртикнийхээ халааснаас түрийвчээ аваад үзэхэд Хаан банкны карт байхгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-23-р тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрчний гудамж Дэлгэр хотхоны Дэлгэр супермаркет 67а байрны Хаан банкны АТМ 010-ын хяналтын бичлэгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 18:36:41 секундээс 18:38:46 секундийн бичлэг дээр 18:36:57 секундэд улаан өмд, хар гутал, урт хөх өнгийн куртик, дотуураа хар цамцтай иргэн дэлгүүрт орж ирж байгаа харагдав. 18:37:02 секундэд халааснаасаа ногоон өнгийн виза карт гаргаж АТМ рүү хийж байгаа харагдана. 18:38:39 секундэд бэлэн мөнгө АТМ-ээс аван дэлгүүрээс гарч байгаа харагдана...” гэх тэмдэглэл /1хх-ийн 88-90-р тал/

 

Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд: “...Б.Т дэлгүүр орж тамхи аваад ирье гээд гараад орж ирэхгүй байсан. Тухайн үед Н.О эхнэрээ дуудсан байсан. Эхнэр нь ирээд Н.Оы гар утсыг үзэж байгаад данснаас 1.500.000 төгрөгийн зарлага гарсан байна юунд үрсэн бэ гэж асуусан. Тэгэхээр нь гайхаад Н.О виза картаа хайгаад байхгүй болохоор нь Б.Т руу залгахад утсаа авахгүй байсан. Н.О биеэсээ юм салгадаггүй, тухайн үед виза картаа куртикнийхээ халаасанд түрүүвчин дотор байсан гээд хайгаад байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-17/, ял шалгах хуудас /1хх 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-168/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-9-р тал/, хохирогч Г.Дд хохирол барагдуулсан тухай баримт /2хх-81-82/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Эт хохирол төлбөр төлсөн баримт 1 ширхэг, хохирогч Н.Од хохирол төлбөр барагдуулсан, гомдол саналгүй гэх баримт 1 ширхэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, шүүгдэгчээр, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

а/ Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө Э.Г байна гэж итгүүлэн “Эхнэрийн бие тааруу эмнэлгээр явах ажилтай байгаа тул мөнгө зээлээч ажлын хөлсөндөө суутгуулъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд уурхайд очиж машины цахилгаан засахаар явахдаа өөрийнхөө машинтай явна түлшний мөнгө хэрэгтэй гэж хуурч мэхлэн 150.000 төгрөгийг иргэн А.Эын гэр болох ........ тоотоос шилжүүлэн авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч А.Э нарын мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Сэргэлэнбаярын “...Тэр өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр над руу 99676796 дугаараас нэлээн хэдэн удаа залгасан байсан. Тэгээд утсаа харахад тус дугаараас “Гүрээ байна энэ рүү залга яаралтай, 99676796 миний утас болохгүй байгаа шүү” гэж мессеж явуулсан байхаар нь тус дугаарыг Гүрээ цахилгаанчин гэж хадгалсан. Тэгээд тус дугаар руу залгасан чинь эхнэр төрсөн цус алдаад байна. Яаралтай эм тариа авахгүй бол болохгүй нь надад яаралтай 1 сая төгрөг хэрэг болоод гэхээр нь итгээд өмнөх харилцаагаа бодоод татгалзаж чадахгүй, хадам дүү А.Э руу залгаад Гүрээ рүү 1 сая төгрөг шилжүүлээд өгчихгүй юу автомашины цахилгаан янзлах юм чинь найдвартай байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу дахиад яриад эхнэрийн бие улам хүндрээд байна өөрөө явж чадахгүй юм чинь аавыг ч болтугай явуулъя гэж хэлээд 1 сая төгрөг асуухаар нь зөвшөөрсөн. Тэгсэн чинь 5039604435 тоот данс явуулахаар нь төрсөн дүү Б.Мөнхтуяа руу хэлээд 1 сая төгрөг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /1хх-155/, гэрч Б.Түвшинжаргалын мэдүүлэг /1хх-157/, гэрч Б.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг /1хх-160/ зэргээр,

 

б/ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Дийг хуурч, “Гуртын тавилан” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан Марк X загварын тээврийн хэрэгслийг “Drift” гэсэн хаягаас зарна гэсэн зарыг фейсбүүкт байршуулан цахим хаяг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ........ тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Г.Дий “...хадам ах Л.Чинзоригийн 5107001532 дугаарын данснаас Батцолмон овогтой Т- гэгчийн Хаан банкны данс руу утган дээр нь 11 -80 УБС марк х урьдчилгаа гэж бичээд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-р тал/, гэрч Х.Энхжин “...Нөхөр бид хоёр дансаар 1.500.000 төгрөг өгсөн бөгөөд уг машинд 460.000 төгрөгийн засвар хийсэн тул Б.Таас 1.960.000 төгрөг нэхэмжилж байна. Машиныг Банк бус санхүүгийн байгууллага хураагаад авсан байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ты дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

в/ 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Эрчим хотхоны 10/1 дүгээр байрны 80 тоотод байхдаа иргэн Н.Оы куртикний халааснаас Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрчний гудамж Дэлгэр хотхоны Дэлгэр супермаркет 67а байрны Хаан банкны АТМ-ээс 1.500.000 төгрөг гарган авч хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч Н.О нарын мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Ариунболдын мэдүүлэг /1хх-244/,  Хохирогч Н.Оы Хаан банкны 5992074851 дугаартай дансны хуулга /1хх-14-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-88-91/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Б.Ты хохирогч А.Э, Г.Д нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг , мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргүүдийн шинжийг тус тусдаа хангасан байна. 

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх саналыг гаргасан.

 

Түүнчлэн, шүүгдэгч Б.Тд т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хохирол төлбөр төлөөхөө илэрхийлж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Иймд Б.Тд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Ты биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/, жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж шүүгдэгч Б.Тд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.  

 

Хохирол төлбөрийн хувьд:

Гэмт хэргийн улмаас бусдад буюу хохирогч А.Эт 2.150.000 төгрөг, хохирогч Г.Дд 1.960.000 төгрөг, хохирогч Н.Од 1.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Дд хохирол барагдуулсан тухай баримт /2хх-81-82/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Эт хохирол төлбөрт 500.000 төлсөн баримт, хохирогч Н.Од хохирол төлбөр барагдуулсан, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

 “Бусдын эрх, эд хөрөнгөд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлөх талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Иймд шүүгдэгч Б.Таас 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/төгрөгийг гаргуулж хохирогч А.Эт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 112 /нэг зуун арван хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий  сиди нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б.Т-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаан/ сарын хорих ялаар,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ты цагдан хоригдсон 112 / нэг зуун арван хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий  сидийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Таас 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/төгрөгийг гаргуулж хохирогч А.Эт олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ