Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

 

 

 

 2021        01          22                                    2021/ШЦТ/125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Ю.Батсүх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр, 

өсвөр насны шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Чийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04262 2996 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Б.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим болон 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 20-333б тоотод төрсөн эцэг Б.Батбаатарын гэрт өөрийн төрсөн дүү болох бага насны О.Аззаяагийн хамт хэвтэж байхдаа дотуур өмдийг тайлж, өөрийнхөө дотуур өмдийг тайлан бэлэг эрхтнээ О.Аззаяагийн бөгсөн хэсэгт хүргэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь бага насны охин О.Аззаяагийн дотуур өмдийг тайлж, өөрийнхөө дотуур өмдийг тайлан бэлэг эрхтнээ түүний бөгсөн хэсэгт хүргэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Ч нь миний хамтран амьдрагч Батбаатарын төрсөн хүү юм. Хааяа манайд ирж, амьдардаг байсан. Ч нь манай гэрт жилдээ 1-2 удаа ирээд 2 хоноод явдаг байсан. 2020 оны 10 дугаар сарын эхээр ирээд 7-8 хонох үедээ ийм асуудал болсон. Хэргээс хойш дахиж манай гэрт ирээгүй.

2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ хүү Бодьхүслэн, охин Аззаяа, нөхрийн дагавар хүү Ч нарыг үлдээж яваад маргааш нь гэртээ ирсэн юм. Тус оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн үед гэртээ охин, хүү хоёроо эрхлүүлээд хэвтэж байх үед охин Аззаяа надад “Ч ах надтай хоёр удаа секс хийсэн” гэж хэлэхээр нь нөхөртөө хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Охин Аззаяагийн биеийн аль нэг хэсэгт нь гэмтэл, шарх зулгаралт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-15/

 

Насанд хүрээгүй гэрч О.Бодьхүслэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сургуульдаа яваад гэртээ ирсэн. Орой нь дүү Аззаяа нь цэцэрлэгтээ яваад ирсэн. Ээж Оюунтөгс нь тухайн өдрийн 19 цагийн үед хажуу айл руу ороод, аав Батбаатар нь гэртээ орон дээр унтаж байсан. Газар зассан орны зүүн талд би, баруун талд Ч ах хэвтсэн. Харин дүү Аззаяа миний хажууд хэвтсэн. Гэтэл Ч ах “намайг утсаараа тоглоод цаашаа хараад хэвт, Аззаяаг миний хажууд хэвт” гэж хэлсэн. Би утсаараа тоглоод цаашаа хараад хэвтсэн. Аззаяа нь Ч ах бид хоёрын голд хэвтсэн. Намайг цаашаа хараад хэвтэж байх үед “түг таг” гэх чимээ гарахаар нь би эргээд харахад Ч ах урагшаа, хойшоо болж хөдөлж байснаа хөдлөхөө болиод “чи цаашаа хараад утсаа тогло” гэж хэлсэн. Тэр үед Ч ах баруун гараараа Аззаяагийн хэвлийгээр нь тэвэрсэн байснаа намайг хартал тэврэхээ болиод цаашаа хараад хэвтсэн. Хэсэг хугацааны дараа би Ч ах руу хартал зурагт үзээд хэвтэж байсан. Гаднаас ээжийн ирж байгаа чимээ гарахад Ч ах Аззаяа ээж чинь ирж байна гэж хэлтэл Аззаяа аавын хэвтэж байсан ор руу орсон. Аззаяа ээжийн чихэнд юм хэлэхэд ээж орилж босож ирээд Ч ахын хөнжлийг сөхөж харснаа “чи яаж байгаа юм бэ, би чамд итгээд явж байхад дүүгээ хайрлахгүй” гэж хэлэхэд Ч ах өөдөөс нь “би яасан юм бэ, яагаа ч үгүй” гэж хэлсэн. Аав босож ирээд хөнжлийг нь сөхөхөд Ч ах “би яагаа ч үгүй” гэж хэлээд уйлаад байсан. Ээж цагдаагийн байгууллагад дууллага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Шинжээч эмч Б.Наранбямбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Үзүүлэгч Б.Чийн бэлэг эрхтэн хөвчирч байгаа нь харьцал үйлдэх чадвартайг нотлох шинж болно. Дур ханах, ташаал авах гэдэг шүүх эмнэлгийн ойлголт биш боловч бэлгийн дур хүсэл ханах гэдэг заавал хурьцал үйлдэж, хөвчирсөн эрхтнээс эр бэлгийн эс гадагшлах сэтгэхүйн таашаал авах аль эсхүл хурьцал үйлдэхгүйгээр өөр үйлдэл хийж сэтгэлийн таашаал авахыг ойлгож дур ханасан гэж үзэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12132 дугаартай:

“О.Аззаяагийн биед баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. О.Аззаяагийн охин хальс гэмтэлгүй, эр бэлгийн эс илрээгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12133 дугаартай:

“Б.Чийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Ч нь хурьцал үйлдэх чадвартай байна. Б.Чт бэлгийн замын халдварт өвчин илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5867 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн хохирогч О.Аззаяагийн өмсөж явсан гэх ягаан өнгийн дотоож, ягаан саарал өнгийн орны даавуун дээр цус, шүлс, үс, үрийн шингэний ул мөр илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1037 дугаартай:

“Б.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Ч нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. Б.Ч нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Ч нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна. Б.Ч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ч нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Чт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ч нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/,

- хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07/,

- 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн нас тоолсон тухай тэмдэглэл, гэрчилгээний хуулбар /хх-ийн 17-18/,

- биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /хх-ийн 39-40, 44/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн эцэг Батбаатар, хойд эх Оюунтөгс нар нь байшингийн найранд яваад гэрт би, дүү Бодьхүслэн, Аззаяа нарын  хамт үлдсэн. Бид гурав хоол хийж идээд, газар ор засаад хэвтээд кино үзэж байснаа Бодьхүслэн унтаад өгсөн ба Аззаяа миний хажууд хэвтэж байсан. Тэгсэн гэнэт миний бие сонин болоод миний бэлэг эрхтэн хатуураад, босоод сонин мэдрэмж төрсөн. Аззаяа над руу нуруугаа харуулаад хэвтэж байхаар нь би өөрийнхөө өмдөө доошлуулаад бэлэг эрхтнээ гаргаад түүний өмдний гаднаас Аззаяагийн бөгсөнд нэг удаа өөрийн бэлэг эрхтнээ хүргэсэн. Дахиж хүргээгүй.

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аав согтуу унтаж байсан ба хойд эх хажуу айлд пиво ууна гээд орсон. Бодьхүслэн, Аззаяа бид гурав газар ор засаад хэвтсэн. Бодьхүслэн аавынхаа гар утсаар тоглож байсан. Аззаяа миний хажууд хүүхэлдэйн кино үзээд хэвтэж байх үед миний бие сонин болоод бэлэг эрхтэн дахин боссон. Би Аззаяагийн өмд болон өөрийнхөө өмдийг доошлуулаад бэлэг эрхтнээ гаргаад түүний бөгсөнд нэг удаа хүргэж үзсэн. Болохгүй гэдгийг мэдээд больсон. Тэр үед гаднаас хойд эх Оюунтөгс орж ирээд мэдээд цагдаа дуудсан. Би өөрийгөө ийм үйлдэл хийсэнд итгэж чадахгүй гэмшиж орон дотроо хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Чийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй гэрч, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Чт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг оногдуулж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 16 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй гэрч, шинжээчийн дүгнэлтүүд, өсвөр насны шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

             

            Өсвөр насны шүүгдэгч Б.Чийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, эрх зүйн чадамжийн байдал, 18 насанд хүрээгүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх нь энэрэнгүй ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхээр байна.

 

            Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгчид зан үйлээ засах, ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үүргийг хүлээлгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт тавихыг даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Бын Чийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чийг дөрвөн жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чт оногдуулсан 4 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн  хуулийн ерөнхий ангид заасан журмаар хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 2 жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Чт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ