Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

2021        3           04                                 2021/ШЦТ/151                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2020/0953/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч С.Эрдэнэтуяа,

хохирогч Ш.Хандмаа,

шүүгдэгч Г.Д /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн “2009 01495 1263” дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, хүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян Уул 29 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 624 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдээд уг ялын тал хугацаа буюу 312 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн Г.Д /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзай амралтад хохирогч Ш.Хандмаатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаас маргалдаж нүүрэн тус газар нь маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тэр өдөр амралтад явахад хохирогчийн нүүр зүгээр байсан. Би хэрэг гарсан өдөр нэлээд согтолттой байсан. Би тухайн үед Хандмааг хаалгаа хаачих гэхэд Хандмаа хаахгүй гээд зогссон. Тэгээд би уурлаад ор луу мангасдаж унагаасан. Би хэрэг гарсан өдрөөс хойш Хандмаатай уулзаагүй, надад хохирол төлбөр гэж төлсөн зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч Ш.Хандмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай найз тухайн хэрэг гарсан өдөр залгаад амралт явах уу гэж асуусан. Би зөвшөөрөөд Хишигсүрэн, Г.Д хоёртой яриад гэрээс нь очиж аваад хамтдаа Санзай руу амралтад явсан. Тэнд очоод бид нар архи уусан. Г.Д нэлээн согтсон байсан. Бид нар бас нэлээн муудсан байсан. Г.Д удалгүй согтоод унтчихсан. Тэгээд би тэнд байсан залуутай маргасан болохоор Г.Д-г сэрээгээд явья гэж хэлтэл Г.Д намайг гэрт хүргэж өг гэж хэлсэн. Би тэгэхээр нь хүргэж өгнө өө, хүн дуудчихсан гэж хэлсэн. Гэтэл Г.Д намайг хараагаад бас зодсон. Намайг түлхэж унагаагаад үснээс татаад орон дээр түлхсэн. Тэгээд миний нүүр хорсоод байхаар нь толинд хартал нүүрийг минь маажсан байсан. Одоо санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ш.Хандмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би найз Ганхуяг, Ганхуягийн 2 найз намайг Баянхошууны эцсээс 14 цагийн үед амралтад явах гэж ирж авсан юм. Тэгээд бид хэд Зүүн салаа орж Хишигсүрэн гэрээс нь аваад Шархад руу явах замд байдаг Эрдэнэ толгойн автобусны буудлын орчмоос Г.Д-г 16 цагийн үед очиж авсан. Тэгэхэд Г.Д халамцуу ирсэн. Тэгээд Санзай руу амралтад амрахаар явж 20 цаг болж байхад очсон. Тэгээд амралтад очоод 1 шил 0.75 литрийн архи, 2,5 литрийн савлагаатай шар айргийг Хишигсүрэн, Ганхуяг, Ганхуягийн 2 найз, Г.Д бид хэд хувааж уусан. Ууж байтал Г.Д согтоод тасраад унтчихсан юм. Анхнаасаа Хишигсүрэн бид 2 харьж хононо гэж бодож байсан. Тэгээд Ганхуягийн найз гэх нэрийг нь санахгүй байна тэр залуутай хоолноос болж маргалдаад би Хишигсүрэнг явья гэхэд Г.Д-г сэрээчих гэсэн юм. Тэгээд Г.Д-г сэрээх гэтэл Г.Д уурлаж босож ирээд авч ирсэн юм бол хүргэж өг гээд миний өөдөөс уурлаад чи муу пизда гэж уурлаад үстэж дараад миний нүүрийг маажсан. Тэгээд Хишигсүрэн салгаж аваад бид хоёр гарч яваад Анхбаяр гэх найзыгаа дуудаад замдаа цагдаагийн байгууллагад орж өргөдөл өгчхөөд гэртээ харьсан. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, 

Гэрч Ө.Хишигсүрэнгийн өгсөн: “...Хандмаа Г.Д-г сэрээх гээд дуудахад Г.Д уурлаад үстээд орон дээр унагах шиг болсон. Тэгээд Хандмаа босоод ирэхэд нүүр нь маажсан юм шиг зулгарсан байсан. Тэгээд би Хандмаа, Г.Д хоёрыг салгаад Хандмааг аваад гарсан юм. Хандмаа, Г.Д, Батук болон түүний 2 найз нэрийг нь санахгүй байна бид зургуулаа 1 литрийн 1 шил архи бас 2 том 2.5 литрийн савлагаатай шар айргийг хувааж уусан. Хандмаа Г.Д-г цохиж зодоогүй, Г.Д өмнө нь Өмнөговь аймагт байхдаа хүнд зодуулсан гээд тархиндаа цус харвасан, хавирга хугарсан гэж хэлж байсан. Тэрийг нь Хандмаа мэдэж байсан болохоор Г.Дийг яагаа ч үгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5802 дугаартай “Ш.Хандмаагийн биед баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,

Яллагдагч Г.Д-н өгсөн: “...Ш.Хандмаа хаалга онгойлгочхоод зогсоод байхаар нь би даараад сэрсэн. Тэгээд хаалга хаах гэтэл Хандмаа хөндөлсөж зогсоод байхаар нь миний дургүй хүрээд мангасдаж унагаасан. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Г.Д нь 2020.05.13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзай нэртэй амралтын газарт архидан согтуурч байх үедээ хохирогч Шинэхүүгийн Хандмаатай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг үсдэн нүүрэн тус газар нь маажин зодож эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусадтай зүй бус харьцаж хэрүүл маргаан үүсгэж асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид зан байдал нь нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Д-н хохирогч Ш.Хандмаагийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие мах бодид нь хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Хандмаа нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгч Г.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Д нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №89 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 624 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 312 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Д-н биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Дашрамд шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжин ирж 2020.11.11-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг зарласнаас хойш шүүгдэгч нь шүүхэд хүрэлцэн ирэлгүй оргон зайлсан учир хэргийг түдгэлзүүлж түүнийг эрэн сурвалжлах, олж тогтоох  ажиллагааг Цагдаагийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх захирамж гарган эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд түүнийг 2021.02.04-ний өдөр олж тогтоон баривчилж цагдан хорьсон бөгөөд түүний  энэ өдрөөс эхлэн урьдчилан цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 408 /дөрвөн зуун найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 408 /дөрвөн зуун найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр түүний  урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн №89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 624 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 312 /гурван зуун арван хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Д-н биечлэн эдлэх ялыг нийт 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт шилжүүлэн тооцож, түүнд оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж Г.Д-н биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 496 /дөрвөн зуун ерэн зургаа/ цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч  Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР