| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/94 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/94
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Ц.Отгонсүрэн /цахим/-аар,
шүүгдэгч Г.Д /цахим/-аар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ц.Г.Дд холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ....-ны өдөр ... төрсөн, ... настай, ....тэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ... эрхэлдэг, ам бүл-... хамт ... дүүргийн ... хороо ... гудамжны ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц.Г.Д /РД:.../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 2-84 тоотод Ж.Д-г бусдад агсам тавьсан шалтгаанаар маргалдаж түүний нүүрэнд цохиж баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн хацрын дээд хэсгээр цус хуралт, хамар, зүүн нүдний дотор булан, баруун хацарт шарх, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Ж.Д- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 11 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Бадамцэцэг бид хоёр хамт яваад 0,33 граммын Хараа нэртэй архи аваад гэртээ очиж уусан. Тухайн архийг Бадамцэцэг бид хоёр хамт уугаад би согтоод тэрнээс хойш юу болсныг санахгүй байна.Нэг мэдэхэд хашааны гадаа үүдэнд миний толгой руу нэг махлаг хар хувцастай залуу дэвсэж байгаа харагдсан.Тэгээд нэг хэсэг юу болсон талаараа мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-34-37-р тал/
Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Архийг уугаад дуусаж байсан чинь Мөнхзулын найз залуу Дээгий гэдэг залуу орж ирэхэд нь Ж.Д- надад агсам тавиад миний гар, хөл рүү цохиж байсан. Тэгэхэд Мөнхзул намайг авч гараад тэгээд би эргээд харсан чинь Ж.Д-г Дээгий нүүрэнд нь цохиж байгаа харагдаж байсан...Ж.Д- согтуу тасарсан байсан.Тухайн үед юу болж байгаа талаараа мэдэхгүй шахуу байсан.” гэх мэдүүлэг /хх-40-41-р тал/
Гэрч О.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д- нэг айлын гадаа зогсоод би энд ороод эхнэр Мөнхзулыг аваад ирье гээд орсон. Тэгээд гарч ирэхгүй болохоор таксины жолооч яараад намайг ороод хурдлуул гэж хэлэхэд би араас орсон... Тухайн үед намайг гэрт ороход Ж.Д- нэлээд согтсон байсан. Тэгээд намайг харахад Ж.Д-гийн хамраас цус гарсан доошоо тонгойсон байдалтай хойд талын орон дээр сууж байсан. Ж.Д- нь Д-г ална гээд байсан. Харин тэгээд гарч ирээд машинд суухад Д-гийн хамраас цус гарсан байсан.Тэгээд яасан гэж би Д-гаас асуухад...энд нийлж архи уусан гэж уурласан чинь Ж.Д- намайг цохиод авдаг байна. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдсон гэж байсан. Тэгээд Д- Мөнхзул хоёр тэдний гэрт маргалдсан гэж байсан...Ямар ч байсан Ж.Д-гийн хамраас нь нэлээд гараад амаар нь орсон доошоо дагаад урссан байсан. Гараад Д-гаас чи наад хүнийхээ нүүрэнд өшиглөөгүй биз гэж хэлсэн чинь үгүй бид хоёр жаахан маргалдсан болохоос өшиглөөгүй гэж хэлэхээр эр улсууд хооронд бага зэрэг гар зөрүүлсэн юм байх гэж бодоод явсан...Д- эрүүл байсан. Ж.Д-, Мөнхзул, Бадамцэцэг эгч гурав их согтуу юу болж байгаа талаар бараг мэдэхгүй шахуу байсан.” гэх мэдүүлэг /хх-47-48-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5746 дугаартай: “...Ж.Д-гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн хацрын дээд хэсгээр цус хуралт, хамар, зүүн нүдний дотор булан, баруун хацарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт/хх-50-51х/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “...Баруун нүд хөхөрсөн хавдсан, зүүн нүд улайсан хамар болон баруун талд боолттой байсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-13х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, Иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад /хх-73, 95/, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 2-84 тоотод Ж.Д-г бусдад агсам тавьсан шалтгаанаар маргалдаж түүний нүүрэнд цохиж баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн хацрын дээд хэсгээр цус хуралт, хамар, зүүн нүдний дотор булан, баруун хацарт шарх, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ж.Д-гийн эрүүл мэндэд учирсан “...баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн хацрын дээд хэсгээр цус хуралт, хамар, зүүн нүдний дотор булан, баруун хацарт шарх, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Д түүний нүүрэн тус газар нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Д нь хохирогч Ж.Д-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Дгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Г.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэл гаргаагүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Дд оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Дд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагд даалгаж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д-д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 74/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Г.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 450 /дөрвөн зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Дд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ