| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/129 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/129
2021 01 22 2021/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2006 04427 3008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Монел 17-370 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй охин Г.Шүрэн-Эрдэнийг суран ташуураар цохиж биед нь санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 04427 3008 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж насанд хүрээгүй хохирогч Г.Шүрэн-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Насанд хүрээгүй хохирогч Г.Шүрэн-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 11 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн орчим аав үхрийн шийр хуйхалж дуусаад гэртээ орж ирээд надад “шийрийг халуун усанд хийгээд хумсаараа үрээд угаа” гэхээр нь би “угаахгүй” гэж хэлсэн. Миний гараас чирээд “угаа” гээд байхаар нь би эсэргүүцэхэд гэрт байсан суран ташуур авч миний нуруу хэсэгт зөндөө олон удаа цохиж зодсон. Аавд дахиж зодуулахгүйн тулд шийрийг угаасан. Аав “багшдаа хэлэх юм бол чамайг энэнээс илүү зодох болно” гэж хэлсэн. Өмнөх нь намайг аав зодсон талаар багш мэдээд гэрт ирж аав, ээж хоёртой уулзаж хүүхэд дахиж гар хүрч болохгүй талаар сануулж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед ээж намайг дэлгүүр яваад сонгино аваад ир гэхээр нь би тэр чигтээ гэрээсээ зугтаад ангийн найз Мягмарсүрэнгийн гэрт очиж ангийн багш руу залгаж яриад сургуулийн нийгмийн ажилтан ах ирээд намайг авч яваад цагдаа дээр авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,
Гэрч Д.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Болормаа багш надад “манай ангийн Шүрэн-Эрдэнэ эцэг, эхдээ зодуулаад биед нь хөхрөлт няцралт үүссэн байдалтай ирсэн байхаар нь би тэр үед ангийн багшаар нь дамжуулан эцэг эхийг нь дуудуулсан боловч хүүхдийн эцэг эх ирээгүй.
2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Шүрэн-Эрдэнэ охин багшдаа зодуулсан гэж хэлсэн байхаар нь Болормаа багш, бид хоёр Шүрэн-Эрдэнийн гэрт очиж эцэг Бтэй уулзаж ярилцахад “за, ойлголоо” гэж хэлсэн. Дараа нь эцэг Б дагуулаад эх Гүнсэнтэй ажил дээр нь очиж уулзахад “аав нь хүүхдээ хааяа зоддог, зодохоороо хэтрүүлээд байдаг” гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09, 32-33/,
Гэрч Л.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай ангийн охин Шүрэн-Эрдэнэ нь над руу залгаад гэрийнхэн намайг зодоод байхаар нь гэрээсээ зугтаад найз Марал-Эрдэнийн гэрт ирсэн байна” гэж хэлсэн. Би хүүхэд хамгааллын 108 дугаарт залгаж мэдэгдсэн. Тухайн үед би өөрөө Шүрэн-Эрдэнийн гэрт очиж амжаагүй бөгөөд нийгмийн ажилтан Дорждэрэм гэрт нь очиж охиныг хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн байсан. Өмнө нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Шүрэн-Эрдэнэ охин даруу залгаад “аав намайг алах гээд байна” гээд уйлсан. Би тухайн үед Дорждэрэмийн хамт гэрт нь яваад очсон ба гэр рүү нь явах замдаа аав Б рүү нь залгаж болсон асуудлын талаар ярихад “би хүүхдээ зодоогүй, ажил дээрээ ажлаа хийгээд байж байна” гэж хэлсэн. Тухайн үед Шүрэн-Эрдэнийн аав, ээж хоёртой уулзахад ярилцахад Шүрэн-Эрдэнэ охин ээжтэйгээ муудалцсан байсан. Ээж нь “чамайг ааваар чинь алуулъя” гэж хэлснийг над руу залгаж уйлж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч Д.Гүнсэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим нөхөр Б охин Шүрэн-Эрдэнийг үхрийн шийр угаасангүй гээд гэрийн хананд өлгөөтэй байсан суран ташуураар охиноо зодсон. Маргааш өдөр нь сонгино авахаар гэрээсээ гараад эргэж ирээгүй. Ангийнхаа охины гэрт очсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13170 дугаартай:
“Г.Шүрэн-Эрдэнийн биед дал, ууц нуруу, баруун гуя, зүүн сарвуунд цус хуралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн:
“2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байхдаа гадаанаас хөлдүү үхрийн шийр оруулж ирээд халуун усанд 1 цаг орчим хийж гэсгээсний дараа охин Шүрэн-Эрдэнийг хуйхалсан үхрийн шийрийг угаа гэхэд угаахгүй гэж хэлэхээр нь миний уур хүрсэн ба уураа барьж чадалгүй цонхонд өлгөөтэй байсан нарийн суран ташуурыг аваад охиныхоо нуруу болон гуя руу ташуурдсан. Охин надад зодуулсныхаа дараа шийрийг угаасан ба ном уншиж байгаад унтсан. Маргааш өглөө нь дэлгүүр явахаар гэрээсээ гараад эргэж ирээгүй, ангийнхаа хүүхдийн гэрт очсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04/,
- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 15/,
- хэсгийн байцаагч С.Батхангайгийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-19/,
- насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-45, 69/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, “Говь” хувьцаат компанийн 02/0003 дугаар тодорхойлолт /хх-ийн 78/, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 79-80/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч Г.Шүрэн-Эрдэнийн эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Б гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн охин Г.Шүрэн-Эрдэнийн бие махбодод дал, ууц нуруу, баруун гуя, зүүн сарвуунд цус хуралтууд бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Шүрэн-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Азжаргал нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх ба тэдэнд хурлын тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ