| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
2021 01 29 2021/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баянзүрх овогт Сумъяагийн Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2103 00000 0010 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо “Баянзүрх Нэг Зүрх” төвийн баруун урд талын явган хүний зохицуулдаггүй гарц дээр 63-47 УНН улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Даваахүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 02-03/,
- зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10/,
- жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, фото зураг /хх-ийн 12-13/,
- дүрс оношилгооны хариу /хх-ийн 27/,
- эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын тооцоо /хх-ийн 47-51/,
- өвчний түүхийн хуулбар, компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 73-78/
- түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 81/,
-тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 84/,
Хохирогч П.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 40 минутын орчим зам хөдлөн гарч байх үед зүүнээс баруун зүгт явж байсан автомашин ирээд намайг мөргөсөн ба би уг автомашинд мөргүүлээд шидэгдээд газарт унасан. Тухайн автомашины жолооч бууж ирээд “ах аа гайгүй юу” гэж хэлээд намайг босгосон. Жолооч залуу өөрөө цагдаа болон түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ба араас жолооч залуу ирсэн байсан. Эмч миний биеийг үзэхэд 4 ширхэг хавирга хугарсан байсан учир шууд хэвтүүлсэн. Би тухайн эмнэлэгт 5 хоног хэвтсэн ба жолооч залуу намайг байнга эргэж тойрч байсан. Одоо миний бие эдгэрсэн. Ц над руу 4 удаа мөнгө шилжүүлж, нийт 600.000 төгрөгийг өгсөн. Мөн эм тариа авч өгсөн. Одоогийн байдлаар надад нийт 800.440 төгрөгийн эм тариа авч өгсөн. Эм тарианы баримт бүгд Цд байгаа. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн
“Баянзүрх дүүргийн 8 дугаар хоро, Баянзүрх нэг зүрх төвийн урд замд үйлдэгдсэн байх бөгөөд зорчих хэсгийн өргөн 10.5 метр урттай байв. Үзлэгийн баг зам тээврийн осол, хэрэг дээр очиход Тоёота Приус 11 маркийн 63-47 УНН улсын дугаартай автомашин нь зорчих хэргийн замаас гарсан баруун хойш чиглэлтэй харсан. Явган зорчигч П.Даваахүүг түргэн тусламж автомашин ирсэн эмч үзэж байв. ...уг автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан. Явган зорчигч П.Даваахүү ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байв. Жолооч болон явган зорчигчийн согтуурлыг драгер багаж үлээлгэн шалгахад 0,00 хувь буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байв. Зам орчны байдал нь асфалт, шулуун тэгш, халтиргаатай, зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурины доторх үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тулгарах зурвасгүй, эгнээний тоо 6, явган хүний замтай, хашлагатай, хайшгүй зам байв” гэх тэмдэглэл /хх-ийн 04-05/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаартай:
“П.Даваахүүгийн биед цээжний битүү гэмтэл, баруун 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун эгэм ясны хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүдийн цээжний битүү гэмтэл, баруун 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун эгэм ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 888140 дугаартай:
“Тоёота Приус 11 маркийн 63-47 УНН улсын дугаартай автомашин нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд салхины шил зүүн хэсэгт хагарч цацарсан, урд буфер зүүн их гэрлийн доод хэсэгт хагарсан, улсын дугаарын гэрэл баруун, зүүн тал асахгүй, ойрын гэрэл баруун, зүүн тал асахгүй, урд оврын гэрэл баруун, зүүн тал асахгүй, тормозны гэрэл зүүн тал асахгүй, зүүн хойд гэрэл хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 11.4 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 8100сd, ойр дээрээ 0сd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 11.4 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан байгаа нь осол гарахад жолоодлого алдагдах байдлаар нөлөөлсөн байх боломжтой байна. Урд салхины шил зүүн хэсэгт хагарч цацарсан, урд буфер зүүн их гэрлийн доод хэсэгт хагарсан гэмтэл нь тухайн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. улсын дугаарын гэрэл баруун, зүүн тал асахгүй, ойрын гэрэл баруун, зүүн тал асахгүй, урд оврын гэрэл баруун, зүүн тал асахгүй, тормозны гэрэл зүүн тал асахгүй, зүүн хойд гэрэл хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 11.4 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дэрээ 0 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 8100 сd, ойр дээрээ 0 сd байгаа эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. уг автомашин нь шингэн дамжуулгатай, цахилгаан ABS тормозны системтэй, тормозны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. тормозны систем нь хий, хий шингэн дамжуулгатай, ABS бол тормозны системүүдтэй тээврийн хэрэгслүүд тормоз гишгэхэд тормозны мөр зам дээр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тусгал стандартын шаардлага хангахгүй байна. уг тээврийн хэрэгслийн спидометрийн ажиллагаа хэвийн байна” гэх дүгнэлт, техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 67-69/,
Шүүгдэгч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 12 дугаар сарын 14-ний өглөөний 08 цагийн үед орчим ажил руугаа Чулууны овооны цаана байрлах Сансар худалдааны төвийн хойд замаар зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байх үед явган хүний гарцаар нэг явган зорчигч урдаасаа хойшоо явж байсныг харсан. Тухайн үед зэрэгцээд явж байсан автомашин явган зорчигчийн хойгуур тойроод гарсан. Би харин тэр хүнийг хараад тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүй торомз гишгэсэн чигтээ гулгаж очоод мөргөсөн. Тэр хүн мөргүүлээд газарт унасан. Би авто машинаасаа буугаад очиж биеийн байдлыг шалгаж, өөрийн авто машиндаа суулгасан ба өөрийн 88777079 дугаараас цагдаа болон түргэн тусламж дуудсан. Эмчилгээний зардалд нийт 800.440 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,
- шүүгдэгч С.Цгийн жолооны эрхийн лавлагаа /хх-ийн 39/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 86-87, 110-126/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 91-92/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Тээврийн Прокурорын газраас С.Цг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо “Баянзүрх Нэг Зүрх” төвийн баруун урд талын явган хүний зохицуулдаггүй гарц дээр 63-47 УНН улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Даваахүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч П.Даваахүүгийн хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Цд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: С.Ц нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Даваахүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Даваахүүгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Цг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Цг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч С.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа зүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Ц нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч П.Даваахүү нь гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул С.Цд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн жолоочийн үнэмлэхийг буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сийн Цг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Цд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч С.Цгийн жолоочийн үнэмлэхийг буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ